Тохинуулал
Бид бусдыг Сүмд татан оролцуулах соёлыг хэрхэн бий болгож болох вэ?
Зарчмууд


Тохинууллын зарчмууд

Бид бусдыг Сүмд татан оролцуулах соёлыг хэрхэн бий болгож болох вэ?

Лиахона, 2019 оны долоодугаар сар

colorful geometrical people

© Getty Images-ийн гэрэл зураг

Бид тойрог, салбарынхнаа тойруулан харах юм бол бусадтай хэл амаа амархан ололцдог хүмүүсийг илүү сайн олж хардаг юм шиг санагддаг. Харин хэл амаа амархан ололцдог олон хүний дунд хүний нүдэнд өртөлгүй өнгөрдөг хүмүүс байдаг гэдгийг бид ухааран ойлголгүй өнгөрдөг. Жишээлбэл, саяхны нэгэн судалгаагаар Нэгдсэн Улсын насанд хүрэгчдийн бараг тэн хагас нь ганцаардсан, орхигдсон эсвэл бусдаас тусгаарлагдсан байдаг1 гэдгийг олж тогтоожээ.

Хамт олны нэгэн хэсэг гэдгээ мэдрэх нь чухал байдаг. Энэ бол хүний үндсэн хэрэгцээ бөгөөд гадуурхагдаж байгаагаа мэдрэх хэцүү. Орхигдох нь уйтгар гуниг эсвэл уур уцаарыг төрүүлдэг.2 Хамт олны нэгэн хэсэг биш юм шиг санагдах үед бид арай ая тухтай газрыг хайж эхэлдэг. Бид хүн бүрд сүмийн нэгэн хэсэг гэдгийг нь ойлгуулан туслах хэрэгтэй.

Аврагчтай адил татан оролцуулах нь

Аврагч бусдыг үнэлэх, тэднийг татаж оролцуулахын төгс жишээ байсан. Тэр төлөөлөгчдөө сонгохдоо тэдний нийгэмд эзлэх байр суурь, эд хөрөнгийг эсвэл нэр төртэй ажил мэргэжлийг нь чухалчилж үзээгүй. Тэр худаг дээрх самари эмэгтэйг хүндэтгэж, иудейчүүд самаричуудыг хэрхэн басамжилдгийг үл харгалзан Өөрийн бурханлаг байдлын талаар түүнд гэрчилсэн юм (Иохан 4-ийг үзнэ үү). Тэр зүрх сэтгэлийг хардаг бөгөөд хүмүүст нүүр тал хардаггүй (1 Самуел 16:7; Сургаал ба Гэрээ 38:16, 26-г үзнэ үү).

Аврагч “Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна.

Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь нар мөн гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно” (Иoхан 13:34–35) гэж хэлсэн.

Бид юу хийж чадах вэ?

Заримдаа хэн өөрийгөө гадуурхагдаж байна гэж бодож байгааг олж хэлэхэд хэцүү. Ихэнх хүн үүний талаар, өчүүхэн ч болов тодорхой ярьдаггүй. Гэвч бид зүрх сэтгэлдээ хайрыг тээн, Ариун Сүнсний удирдамжийг дагаж, ажигч гярхай байхыг хичээвэл Сүмийн цуглаанд болон үйл ажиллагаануудад оролцохгүй байгаа хүмүүсийг ялган таньж чадна.

Гадуурхагдаж байгаа гэж бодож байгаа хүмүүсийн зарим шинж тэмдэг:

  • Цээжин дээрээ гараа зөрүүлж тавих, доошоо харах зэргээр хаагдмал байдал үзүүлэх

  • Өрөөний ар талд эсвэл ганцаараа суух

  • Сүмд огт ирэхгүй байх эсвэл хааяа нэг ирэх

  • Цуглаанаас эсвэл үйл ажиллагаанаас эрт гарч явах

  • Ярианд эсвэл хичээлд оролцохгүй байх зэрэг юм.

Эдгээр нь бас ичимхий байх, сэтгэл санааны хувьд тавгүй эсвэл тухгүй байх зэрэг өөр сэтгэлийн хөдлөлийн илрэл байж болно. Сүмийн шинэ гишүүн байх, өөр улс орноос эсвэл өөр соёл бүхий газраас шилжиж ирэх, гэр бүл салах, гэр бүлийн гишүүнээ алдах юм уу хугацаанаасаа өмнө номлолоос буух зэрэг амьдралын хүнд өөрчлөлттэй тулгарсан бол гишүүдэд бусдаас “өөр” гэсэн мэдрэмж төрөх үе бий.

Ямар ч шалтгаантай бай, хайраар тусламжийн гараа сунгахаас бүү эмээ. Бидний хэлж, хийж буй бүхэн хүмүүсийг дотно угтан авч, тэдний оролцоо хэрэгтэй гэдгийг нь мэдрүүлэхэд болно.

geometrial people holding hands

Хүмүүсийг татан оролцуулж, урих аргууд

  • Сүм дээр үргэлж нэг хүний дэргэд бүү суу.

  • Доторх жинхэнэ хүнийг нь олж харахын тулд гаднах байдалд нь анхаарлаа бүү хандуул. (Энэ сэдвийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Тохинуулал нь бусдыг Аврагчийнхтай адил арга замаар харахыг хэлнэ,” Лиахона, 2019 оны 6-р сар, х. 8–11-ээс олж авч үзнэ үү.)

  • Бусдыг яриандаа оролцуул.

  • Бусдыг амьдралынхаа нэг хэсэг болоход урь. Та төлөвлөж байгаа үйл ажиллагаандаа тэднийг оролцуулж болно.

  • Нийтлэг сонирхлоо олж, хөгжүүл.

  • Таны шаардлагад нийцэхгүй байна гэх шалтгаанаас болж найзалж нөхөрлөхөө больж болохгүй.

  • Та тухайн хүнээс ямар нэг онцгой зан чанарыг олж харвал үүнийг нь үл тоомсорлож эсвэл зайлсхийхийн оронд сонирх.

  • Хайраа илэрхийлж, чин сэтгэлээсээ магтан сайшаа.

  • Сүм нь хүн тус бүрийн ялгаатай байдлаас үл хамааран хүн бүрд зориулагдсан гэж хэлэхдээ, энэ нь үнэндээ юу гэсэн утгатай үг болохыг бодож үзээрэй. Бид үүнийг хэрхэн бодит байдал дээр хэрэгжүүлж болох вэ?

Өөрсдөөсөө өөр хүмүүсийн эргэн тойронд биеэ чөлөөтэй авч явах тийм ч амар хялбар зүйл биш юм. Гэхдээ дасгал сургуулилт хийснээр хүн бүрийн ялгаатай байдлаас сайн талыг нь олж хардаг болж, хүн бүрийн оруулж буй онцлог хувь нэмэрт талархдаг болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бидний өөр хоорондоо адилгүй тал биднийг илүү сайн, аз жаргалтай хүмүүс болгож чадна хэмээн заасан. Тэр “Ирээд, Бурханы бүх хүүхдэд эдгэрч, сайхан сэтгэл, өршөөлийн соёлыг төлөвшүүлж, бэхжүүлэхэд бидэнд туслаач”3 хэмээн хэлсэн.

Бусдыг татан оролцуулснаар адислагдсан нь

Кристл Фэчэр төрсөн нутгаа дайнд нэрвэгдсэний дараа өөр улс руу нүүжээ. Тэр хэл сайн мэдэхгүй мөн хөршүүдээ таньдаггүй байсан тул эхэндээ бусдаас таслагдсан, ганцаардсан байдлыг мэдэрдэг байв.

Тэр Сүмийн гишүүн байсан тул зориг гарган, шинэ тойрогтоо явж эхэлсэн байна. Хатуу хэл аялга нь хүмүүст өөртэй нь ярихад саад болох вий гэхээс эсвэл ганц бие эмэгтэй гэж түүнийг шүүмжлэх вий гэхээс тэр эмээж байлаа.

Гэвч тэр түүний ялгааг үл тоон, найз нөхдийнхөө хүрээлэлдээ урьж оруулсан хүмүүстэй таарсан юм. Тэд түүнийг хайрлан, тусламжийн гараа сунгасан ба тэр удалгүй Хүүхдийн хэсгийн ангид заахад туслан завгүй байх болов. Хүүхдүүд бусдыг хэрхэн хүлээн авахын гайхалтай үлгэр жишээг үзүүлсэн ба бусдын хайрыг мэдэрч, тэдэнд хэрэгтэй гэдгээ мэдсэн явдал түүний бүхий л амьдралынхаа туршид үнэнч байсан Их Эзэнд итгэх итгэлийг нь дахин бадраасан юм.

Эшлэлүүд

  1. Alexa Lardieri, “Study: Many Americans Report Feeling Lonely, Younger Generations More So,” U.S. News, May 1, 2018, usnews.com-ийг үзнэ үү.

  2. Carly K. Peterson, Laura C. Gravens, and Eddie Harmon-Jones, “Asymmetric Frontal Cortical Activity and Negative Affective Responses to Ostracism,” Social Cognitive and Affective Neuroscience, vol. 6, no. 3 (June 2011), 277–285-ыг үзнэ үү.

  3. Дийтр Ф.Угдорф, “Итгэ, хайрла, үйлд,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган.