Тохинууллын зарчмууд, 2019 оны 9-р сар
Сүнс тохинуулалд тань хэрхэн тусалж чадах (туслах) вэ?
Эрэгтэй, эмэгтэй хүмүүст өгөгдсөн тохинуулах санваарын үүрэг нь илчлэлт хүлээн авах эрхийг багтаасан байдаг.
Лиахона, 2019 оны Есдүгээр сар
Тохинуулах дуудлага, үйлчлэх, тэр тусмаа Аврагчийн адил хайрлах нь ялангуяа сайн таньж мэдэхгүй нэгэнд хүрч үйлчлэх болсон үед заримдаа хэцүү санагддаг. Тохинуулах олон янзын арга байгаа ч бид томилогдсон хүмүүстээ хэрхэн хамгийн сайнаар ямар арга замаар үйлчлэх билээ гэж гайхан боддог.
Ариун Сүнс бидний чин сэтгэлийн хүчин чармайлтыг удирдаж чадах учраас бид тэгтлээ удаан гайхширан бодох шаардлагагүй юм.
“Таны тохинууллын ариун дуудлага танд сүнслэг өдөөлт хүлээн авах тэнгэрлэг эрхийг өгдөг” хэмээн Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Х.Кордон эгч хэлсэн. “Та энэхүү сүнслэг нөлөөг бат итгэлтэйгээр эрэлхийлж чадна.”1
Бид Аврагчийн адил үйлчлэхийг хичээвэл Түүнийг удирдсан тэрхүү Сүнсээр бид ч мөн удирдуулагдаж чадна. Энэ нь ялангуяа бишопын санваарын түлхүүрүүдийн эрх мэдлийн доор тохинууллын үйлчлэлийг хийж байх үед үнэн байдаг. Энд Сүнсээр дамжуулан тохинуулах 6 зүйлийг санал болгоё.
Би тохинуулж байхдаа Сүнсийг хэрхэн өөртэйгөө хамт байлгаж чадах вэ?
-
Удирдамж хүсэн залбир. Тэнгэрлэг Эцэг биднийг залбирлаар дамжуулан Өөртэй нь харилцдаг байгаасай хэмээн хүсдэг. Залбирал бидэнд Түүнд улам ойртох боломжийг олгоод зогсохгүй, “биднийг асуусан тохиолдолд Бурханы өгөхийг хүсдэг адислалуудаар хангадаг.”2 Залбирч, тэдний зүрх сэтгэлийг ойлгохыг хичээх үед “Тэнгэрлэг Эцэг биднийг удирдан чиглүүлж, Түүний Сүнс бидэнтэй хамт явах болно гэдгийг би гэрчилж байна.”3 хэмээн Кордон эгч хэлсэн.
-
Өдөөлтийг бүү хүлээ. Идэвх санаачилгатай бай. “Санаа сэтгэлээ бүрэн зориул” (Сургаал ба Гэрээ 58:27) мөн та хүчин чармайлт тань удирдагдахыг мөн биеллээ олохыг олж харна. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Үйлчлэл болон ажил үйлсээрээ урагшлах нь илчлэлтийг хүлээн авах чухал арга зам юм.” “Би судраас судалж байхдаа ихэнх илчлэлт Бурханы хүүхдүүдэд ирэхдээ, Их Эзэн өөрсдөд нь анхны алхам заахыг хүлээн хаашаа ч хөдлөлгүй суухад биш, харин биднийг үйлдэл хийх үед ирдгийг мэдэж авсан”4 гэж хэлсэн байдаг.
Би тохинуулах өдөөлтийг хэрхэн таних вэ?
-
Мормоны зөвлөгөөг аваарай. Бодол маань сүнслэг өдөөлт мөн эсэхэд гайхан суух шаардлагагүй. Учир нь бидэнд Мормоны өгсөн таних хялбар түлхүүр бий. Тухайлбал: таныг сайныг хийхэд, итгэлтэй байхад, эсвэл бусдыг Христэд итгэхэд туслах ямар нэг бодол орж ирвэл энэ нь Бурханаас гэдгийг та мэдэж болно (Моронай 7:16-г үзнэ үү).
-
Энэ талаар санаа зовох хэрэггүй. “Шууд л усан сан руу үсрээд, сэл.” “Тусламж хэрэгтэй байгаа хүмүүс рүү чиглэ. Араараа сэлэх үү эсвэл нохой самардах уу гэж бодон, битгий хөдлөхгүй зогсоод бай. Хэрвээ бид заасан үндсэн зарчмуудыг даган, санваарын түлхүүрүүдээр тааруулан тохируулж, биднийг удирддаг Ариун Сүнсийг эрэлхийлэх аваас бид бүтэлгүйтэхгүй”5 хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд хэлсэн.
Өдөөлтийг дагах хамгийн шилдэг арга юу вэ?
-
Даруй үйлд. Сьюзан Бэднар эгч (Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын эхнэр) өдөөлтийг дагах агуу жишээг бидэнд үзүүлдэг. “Тусламж хэрэгтэй байгаа тэднийг сүнслэг нүдээрээ харах”-ын төлөө залбирчихаад тэрээр цуглаанд сууж байгаа хүмүүсийг тойруулан харж, “айлчлан очих эсвэл тодорхой нэгэн хүн рүү утсаар ярь гэсэн сүнслэг нудралтыг мэдэрдэг.” “Мөн Бэднар эгч ийм мэдрэмжийг хүлээн авахдаа цаг алдалгүй хариулж, дагадаг. [Ихэнхдээ] хаалтын залбирлыг хэлж, ‘амен’ хэмээн хэлж дуусангуут тэр өсвөр насны хэн нэгэнтэй ярих юм уу хэн нэг эгчийг тэвэрч, гэртээ ирэнгүүтээ шууд … утсаар ярьдаг” гэж ахлагч Бэднар хуваалцжээ. 6
-
Зоригтой бай. Татгалзахаас айх, ичиж зовох мөн шаардлагад нийцэхгүй эсвэл хүндрэл учруулах байх гэх мэдрэмжүүд нь тохинуулах өдөөлтийг дагахад бидэнд саад болж байдаг. “Бид бүгд өөр өөр цаг үе, нөхцөл байдалд шаардлагад нийцэхгүй, эргэлзэж байгаагаа, магадгүй зохисгүй байгаагаа мэдэрдэг.” “Гэсэн ч бид Бурханаа хайрлан, хөршдөө тохинуулахаар итгэлийнхээ дагуу хичээж чармайхдаа Түүний хайрыг мэдэрч, тэдний болон өөрсдийн амьдралд хэрэгтэй сүнсний өдөөлтийг шинэлэг бөгөөд илүү ариун арга замаар хүлээн авах боломжтой”7 хэмээн Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Гэррит В.Гонг хэлсэн билээ.
Нэгэн ах амиа хорлох оролдлого хийсэн эмэгтэйн нөхөртэй хэрхэн харьцах билээ гэж эргэлзэж байгаа талаараа хуваалцсан юм. Гэвч эцэст нь тэр нөхрийг нь үдийн хоолонд урив. “Гэхдээ намайг ‘Таны эхнэр амиа хорлохыг завдсан. Танд маш хүнд байгаа байх. Та энэ талаар яримаар байна уу?’ гэж хэлэхэд тэр шууд уйлж гарсан. Бид намуухан, сэтгэл хөдөлгөм дотно яриа өрнүүлэн, хэдхэн хоромд дотносож, бидний хооронд итгэлцэл төрсөн юм.”8 гэж тэр хуваалцжээ.
© 2019 Intellectual Reserve, Inc. All rights reserved. АНУ-д хэвлэв. Англи хэлний зөвшөөрөл: 6/18. Орчуулгын зөвшөөрөл: 6/18. Ministering Principles, September 2019 - ийн орчуулга. Mongolian. 15770 363