Тохинууллын зарчмууд
Тохинууллаар дамжуулан Израилыг цуглуулах нь
Тохинуулал бол Израилыг цуглуулах бошиглогчийн зөвлөгөөг дагах боломж юм.
Лиахона, 2020 оны Нэгдүгээр сар
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “өнөөдөр дэлхий дээр болох хамгийн чухал зүйл”1 буюу Израилыг цуглуулахад туслахыг уриалсан.
Энэхүү Израилыг цуглуулах ажилд оролцохыг хүсэж байгаа хүмүүст тохинуулал нь гайхалтай боломж юм. Их Эзэний авралын ажил том ажил тул тохинуулал нь хүмүүсийн амьдралыг өөрчлөх сүнсээр өдөөгдсөн арга зам юм. Бид идэвх султай гишүүдэд тохинуулах юм уу өөрсдөөсөө өөр итгэлтэй хүмүүст үйлчлэхдээ, биднээс тусламж хүсэх эсэхээс нь үл хамааран тохинуулснаар Израилыг цуглуулах боломжийг олгодог.
Нэг нэгнийхээ ачааг үүрэлцэх нь
“Бидний хоньд шаналж, төөрөлдөн, бүр зориуд замаасаа хазайдаг ч байж магадгүй. Бид хоньчид нь учраас тэдний хэрэгцээг хамгийн түрүүнд олж харах хүмүүсийн нэг байж болно. Бид шүүхгүйгээр сонсож, хайрлаж мөн итгэж найдахыг санал болгож, Ариун Сүнсний ялган таних удирдамжаар тусалж чадна.” —Бонни Х.Кордон2
“Өглөөний 7 цагийн нислэгээр хажууд сууж байсан эмэгтэйг би чимээгүйхэн ажиглалаа. Тэр онгоц нисэхээс өмнө согтууруулах ундаа захиалсан байсан бөгөөд надаас гэрлэсэн эсэхийг минь асуухад түүний талаарх сөрөг шүүмж бүхий бодол надад ар араасаа орж ирэх болов.
“‘Тийм ээ, би дөрвөн хүүхэд, дөрвөн ач зээтэй’ гэж би бахархан хариуллаа.
Үүний дараа түүний хэлсэн зүйл бүхнийг өөрчилсөн юм. Түүний нөхөр тав хоног ухаангүй байж байгаад өчигдөрхөн нас барсан байлаа. Тэр өөрөө түргэн тусламжийн эмч байсан ч амралтын газарт байхдаа ухаан алдаж унасан нөхрийнхөө амийг аврах боломжгүй байсан аж.
Түүнийг шууд шүүмжилсэндээ би ичиж байлаа. Би түүнд юу гэж хэлэх вэ? Өөрийгөө тайвшруулсныхаа дараа би сайн мэдээний зарим нандин үнэнийг тэр эмэгтэйтэй хуваалцан тохинуулж болохын төлөө Тэнгэрлэг Эцэг Өөрийн Сүнсийг юүлж байгааг мэдэрсэн юм.
“Тэр эмэгтэй урьд нь ямар ч сүмд явж байгаагүй ч Есүс Христ болон Библид итгэдгийг нь би олж мэдэв. Би түүнээс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэх эсэхийг асуухад тэрээр тийм ч сайн мэдэхгүй гэж хэлсэн. Би түүнтэй ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) Ерөнхий чуулган дээр хэлсэн ‘Гэрлэлтийн мөнхийн адислалууд’ нэртэй захиасыг хуваалцаад, дараа нь мөнхийн гэр бүлийн талаар мөн Тэнгэрлэг Эцэг хэрхэн бидний хүн нэг бүрийг мэддэг мөн хайрладаг талаар гэрчилсэн юм. Тэрээр өсөж торнисон АНУ-ын Хавай руугаа явж байгааг нь би мэдээд, Хавай дахь Лайе ариун сүм рүү очиж үзэхэд түүнийг урив.
“Бид Ютагийн Солт Лэйк хотын онгоцны буудалд салсан юм. Их Эзэн миний сул талыг үл анзааран, тэр эгчийг хайрлаж, тайтгаруулахаар намайг ашигласанд би маш их талархдаг.
Жон Типпэтс, АНУ, Юта
Анхаарч үзэх зарчмууд
“Сөрөг үзэл бодол”
Бусдыг шүүхдээ шуурхай байх нь тэнгэрлэг чадавхыг олж харахад бидэнд саад болдог (Матай 7:1-ийг үзнэ үү).
“Түүний Сүнсийг юүлж асга”
Юу хэлэх ёстой нь яг тухайн цагт бидэнд өгөгдөнө гэсэн Бурханы амлалтад итгэ (Сургаал ба Гэрээ 100:5–6-г үзнэ үү).
“Олж мэдсэн”
Бусдын юунд итгэдгийг асууж, үнэн сэтгэлээсээ сонсож, тэдний шүтлэг бишрэлд хүндэтгэлтэй ханд.
“Гэрчилсэн”
Их Эзэн таны амьдралд хэрхэн тусалсан талаар гэрчлэлээ хуваалцах боломжийг эрэлхийл (Мозая 24:14-ийг үзнэ үү).
“Урьсан”
Ариун Сүнс тэдэнд гэрчилж болохын тулд үнэнээр үйлдэхэд тэднийг урь (Иохан 7:17; Моронай 10:5-ыг үзнэ үү).
Эргэн ирж байгаа гишүүдийг аврах
“Хайр байснаар л гайхамшгууд тохиолдож, бид “сүмдээ ирэхээ больсон” эгч, дүү нараа буцаан авчрах арга замуудыг олоход үүний учир шалтгаан оршино.”3 —Жийн Б.Бингам
“Нөхөр бид хоёрыг шинэ хот руу нүүж очих үед би дор хаяж 6 жил идэвхгүй болсон байсан юм. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч маань манайд айлчлаад, над руу нэг эгч явуулж болох уу гэж асуусан. Би бага зэрэг догдолсоор зөвшөөрлөө. Тэр эгч нохойны харшилтай байсан ч гэсэн сар болгон манайд ирдэг байв. Харин би нохойнуудаа эрхлүүлэх ямар дуртай гээч! Тэр хоёр жил тохинуулсан бөгөөд надад маш их нөлөөлсөн.
“Хэдийгээр тэр ихэнхдээ зүгээр нэг ярьж хөөрөлдөхөөр ирдэг байсан ч заримдаа сүнслэг сэдвээр яриа өрнүүлэх асуултууд тавьдаг байв. Ийн асуухад нь надад жаахан эвгүй байдаг байсан ч сайн мэдээний замаар цааш явах уу эсвэл энэ хэвээрээ байгаад байх уу гэдгээ шийдэхэд надад тусалсан юм. Энэ шийдвэрийг гаргахад надад хэцүү байсан ч би номлогч эгч нартай уулзахаар шийдсэн.
“Зургаан жилийн дараа анх удаа ариун ёслолд суухаар очихдоо би дотогш орохоосоо айж байлаа. Намайг сүмд явж ороход тохинуулагч эгч маань намайг хүлээж байсан бөгөөд цуглааны танхим руу надтай хамт явж орсон юм. Дараа нь тэр намайг машинд маань хүргэж өгөөд, Аврагчид илүү ойртоход хэрхэн надад тусалж болохыг асуулаа.
Тохинуулагч эгчийн маань надад зориулсан цаг зав, үзүүлсэн хайр намайг үйл ажиллагаануудад буцаж идэвхтэй оролцдог болоход тусалсан ба түүний хичээл зүтгэл надад өгсөн хамгийн агуу бэлгүүдийн нэг байсан гэж би үздэг. Аврагчийн Сүмд эргэж ирэх замд маань миний хажууд байсанд би тэр эгчид талархдаг.”
Нэрийг нууцлав, Канад, Британийн Колумбиа
Анхаарч үзэх зарчмууд
“Тэр эгч нохойны харшилтай ч гэсэн сар болгон манайд ирдэг байв”
Та бусад зүйлд тавьдгаас илүү анхаарал халамжийг тохинуулж байгаа хүмүүстээ тавьдгаа хэрхэн харуулж болох вэ? (Сургаал ба Гэрээ 121:44-ийг үзнэ үү).
“Асуултууд”
Зөв асуулт тавих нь өөрөө өөртөө дүгнэлт хийхэд тэдэнд тусална. Бидний тохинуулал найзалж нөхөрлөхөөс илүү чухал зорилготой гэдгийг сана.4
“Намайг хүлээж байгаа”
Хүн бүрийг халуун дотно угтах ёстой (3 Нифай 18:32-ыг үзнэ үү).
“Эргэж ирэх замд миний хажууд байсан”
Аврагчид эргэн ирж, эдгэрэх замдаа бүдэрч унасан хүмүүст бидний дэмжлэг туслалцаа чухал хувь нэмэр болж болно (Еврей 12:12–13-ыг үзнэ үү).
Тохинуулах мөн цуглуулах
“Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн байдлаар Есүс Христ болон Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц. …
… Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.”5 —Ахлагч Дийтр Ф.Угдорф
Тохинуулах, сайн мэдээг хуваалцах хоёр нь хоорондоо холбоотой. Тохинуулж байхдаа найз нөхөд болон хөршийндөө цугларах эсвэл найз нөхөд, хөршөө цуглуулахдаа тохинуулж болох зарим арга замыг өгье.
-
Хамтдаа үйлчил. Тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэн рүү хамт явж тохинуулахад Сүмийн гишүүн биш найзаа эсвэл хөршөө урих боломжийг хай. Дөнгөж төрсөн эхэд хоол хийж өгч, ахимаг насны хөршийнхөө хашааг цэвэрлэхэд эсвэл өвчтэй хүний гэрийг нь цэвэрлэхэд туслахыг тэднээс хүс.
-
Хамтдаа заа. Та номлогчтой уулзаж байгаа хүнийг хичээлээ гэртээ заалгуулахад мөн гэрт тань заах гэж байгаа номлогчийн хичээлд туслуулахад мөн өөр хүний гэрт заах гэж байгаа хичээлд хамт явах зэрэгт найз эсвэл хөршөө урьж болно.
-
Холбоо барь. Та томилогдсон хүмүүстээ тохинуулахын зэрэгцээ тусламж хэрэгтэй байгаа бусад хүнд туслах хэрэгтэй. Тэднийг Сүмийн цуглаанд машинаараа хүргэж өгөхийг санал болго. Хүүхдүүдийг нь өсвөр үеийнхний эсвэл Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаанд урь. Та өөр ямар арга замаар тохинуулж мөн тэднийг цуглуулж болох вэ?
-
Сүмийн эх сурвалжуудыг ашигла. Гишүүд сайн мэдээг хуваалцахад туслах Сүмийн олон эх сурвалж бий. Та Gospel Library аппликэйшны “Missionary” хэсэг рүү ороод, “Come and See” видео бичлэгүүдийг үзнэ үү (ChurchofJesusChrist.org/go/12011), мөн ComeUntoChrist.org руу орж, орон нутагтаа Израилыг хэрхэн цуглуулж болох талаар санаа ав.