Тохинууллын зарчмууд
Сайн сонсогчдын хийдэг таван зүйл
Чин сэтгэлээсээ сонсох нь таныг бусдын сүнслэг болон материаллаг хэрэгцээг хэрхэн Аврагчийн адил хангахаа мэдэж авахад тусална.
Лиахона, 2018 оны Зургадугаар сар
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд “Магадгүй сонсох нь ярихаас илүү чухал байж болох юм. … Хэрвээ бид хайраар сонсох юм бол юу гэж хэлэх вэ гэж санаа зовохгүй байх болно. Энэ нь бидэнд Сүнсээр өгөгдөх болно”1 гэж хэлсэн байдаг.
Сонсох бол бидний сурч болох чадвар юм. Сонсох нь бусдад бидний хайрыг харуулж, бат бөх харилцаа тогтооход тусалдаг бөгөөд хүмүүсийн хэрэгцээг ойлгоход тусалдаг ялган таних бэлгээр адислах Сүнсийг урин ирүүлдэг.2 Бид дараах таван арга замаар сонсох чадвараа сайжруулж чадна.
1. Тэдэнд хугацаа өг
Ихэнх хүнд үг хэлэхийн өмнө бодлоо цэгнэх хугацаа хэрэгтэй байдаг. Ямар нэг юм хэлэхийнх нь өмнө болон дараа тэдэнд бодох хугацаа өг (Иаков 1:19-ийг үзнэ үү). Тэдний яриад дууссан гэдэг нь шаардлагатай бүх зүйлээ хэлчихлээ гэсэн үг биш юм. Дуугүй байхаас бүү ай. (Иов 2:11–3:1 ба Алма 18:14–16-г үзнэ үү).
2. Анхаарлаа хандуул
Бид бусдыг үг хэлж амжихаас хурдан боддог. Хүмүүсийг ярьж дуусаагүй байхад шууд дүгнэх юм уу юу гэж хэлэхээ түрүүлж бодохоос татгалз (Сургаалт үгс 18:13-ыг үзнэ үү). Харин үүний оронд ойлгох зорилгоор сонс. Сонссоноор бүр сайн ойлгох тул хариулт тань илүү сайн байх болно.
3. Тодруул
Ойлгоогүй зүйлээ тодруулахын тулд асуулт тавихаас бүү ай. (Марк 9:32-ыг үзнэ үү). Тодруулах нь үл ойлголцлыг багасгаж, тухайн хэлж байгаа зүйлд анхаарал хандуулж байгааг тань харуулна.
4. Тунгаан бод
Юу сонссоноо мөн бусдыг хэрхэн ойлгож мэдэрснээ өөрийн үгээр илэрхийл. Энэ нь бусдад ойлгомжтой байсан эсэхийг мэдэж, тодруулах боломжийг тэдэнд өгч тусална.
5. Итгэж үнэмшдэг нийтлэг зүйлээ ол
Та хэлсэн болгонтой санаа нийлэхгүй байж болох ч өөрийн мэдрэмжийг буруугаар илэрхийлэхгүйгээр зарим зүйлтэй санаа нийлж болох юм. Нийцтэй байснаар сэтгэл зовнил болон хэт мэдрэмтгий байдлыг бууруулж чадна (Матай 5:25-ыг үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Нэг нэгнээсээ сонсохын тулд суралц, суралцахын тулд сонс” гэж заасан.3 Та бусдаас суралцах зорилгоор сонсвол тэдний хэрэгцээг илүү сайн мэдэж авч, эргэн тойрны хүмүүсээ Аврагчтай адил хэрхэн халамжлах тухай санаануудыг олж сонсох болно.
Сонсох нь хайрлаж байна гэсэн үг
Сонсохын хүчний талаар ахлагч Холландын өгүүлсэн түүх:
“Трой Рассэлл гэдэг найз маань бага оврын ачааны машинаа гараашнаасаа аажуухан гаргаж байтал … машиных нь хойд дугуй нэгэн овгор зүйл дээгүүр гарахыг мэдэрсэн аж. … Машинаасаа буугаад хартал, өөрийнх нь хайртай, есөн настай Остэн хүү зам дээр доошоо харан хэвтэж байв … Остэн нас баржээ.
Трой унтаж ч, тайвширч ч мөн тайтгарч ч чадахгүй байв. … Гэвч тэрхүү зовлон шаналлын үед … Жон Мэннинг ирсэн юм.
Би Жон залуу хамтрагчтайгаа хамт Рассэллын гэрт ямар хуваариар айлчлан очсоныг мэдэхгүй. … Би өнгөрсөн хавар Мэннинг ах Трой Рассэллыг тэрхүү зам дээрээс яг бяцхан Остэныг өргөж буй мэтээр өргөн авсан гэдгийг л мэднэ. Жон … сайн мэдээн дэх ахын хувьд Трой санваарын халамж, хамгаалалтандаа авсан юм. Тэр эхлээд ‘Трой, Остэн чамайг буцаад хөл дээрээ, мөн сагсан бөмбөгийн талбай дээрээ зогсоосой гэж хүсэж байгаа. Би энд өглөө бүр 5 цаг 15 минутад хүлээж байх болно. Бэлэн байгаарай. …’ гэж хэлжээ.
‘Би явахыг хүсээгүй’ гэж Трой надад хожим нь хэлээд, ‘яагаад гэвэл би өглөө бүр Остэныг авч гардаг байсан юм. … Гэвч Жоныг гуйсан болохоор би явсан. Эхний өдрөөс авахуулаад бид буцах замдаа ярилцаж, яг үнэндээ миний ярихыг Жон сонсох болсон. … Эхэндээ ингэх нь хэцүү байсан боловч цаг хугацаа өнгөрөх тусам би амьдралд маань нар дахин мандтал намайг хайрлаж бас сонсдог байсан Жон Маннингийн ачаар хүч чадлаа эргэн олж авсныг ойлгосон’ гэж ярьсан билээ.”4