Тохинууллын зарчмууд
Христийн мэндэлсний баярын түүх тохинууллын талаар бидэнд юу заадаг вэ?
“Христийн мэндэлсний баяр боллоо. Жилийн хамгийн сайхан цаг энэ юм аа. Балчирхан хүү болж дэлхийд Тэр ирсэн. Есүсийн мэндэлсэн түүхийг ярья” (“Есүс Христийн төрөлтийн дуу,” Хүүхдийн дууны ном, 32).
Лиахона, 2019 оны Арванхоёрдугаар сар
Христийн мэндэлсний баярын өдрүүдэд хоньд, малын хашаа, одод тэс өөр утга агуулгатай болдог гайхамшигтай цаг үе юм. Тэдгээр нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох Есүс Христийн төрөлтийн түүхийн салшгүй хэсэг болсон. Олон гэр бүл Христийн төрж буй үйл явцыг үзүүлсэн баримлыг гэртээ тавьдаг. Харин зарим нь Түүний төрсөн түүхийг унших юм уу жүжигт оролцдог. Христийн төрсөн түүх нь Түүний талаар өгүүлсэн бүх түүхтэй адил тохинууллын талаар болон Түүний гэрлийг дэлхийнхэнтэй хуваалцах тухай сургамжуудаар дүүрэн байдаг. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлснээр “Христийн төрөлтийн түүхүүд нь хайрын түүх юм.
… Христийн төрөлтийн түүхээс Тэр хэн байсныг мөн хэн болохыг харж болно. Мөн энэ нь замын туршид бидний ачааг хөнгөлдөг ба биднийг өөрсдийгөө мартаж, бусдын ачааг хөнгөлөхөд хөтөлнө.”1
“Буудалд тэднийг хоноглуулах өрөө байсангүй” (Лук 2:7)
Буудлын эзэн Аврагчид өрөө гаргаж өгөөгүй ч бид түүнтэй адил алдаа гаргах хэрэггүй. Бид өөрсдийн ах, эгч нарт ширээндээ болон гэр орон, ёс заншилдаа орон зай гаргаснаар өөрийн зүрх сэтгэлд Аврагчийн орших орон зайг гаргаж чадна. Бусдыг оролцуулах нь гэр бүлийн олон уламжлалыг илүү сайхан, сэтгэлд хоногшихоор болгодог. Дайана болон түүний гэр бүл Христийн мэндэлсний баяраар хэн нэгнийг урьж авчран өнгөрүүлдэг уламжлалтай. Жил бүрийн 12-р сард тэд хэнийг урихаа ярилцаж, шийддэг байна.2 Танай гэр бүл ч гэсэн үүнтэй адил уламжлалтай болж болох юм. Таны тохинуулдаг хэн нэгэн танай гэр бүлтэй хамт Христийн мэндэлсний баярын дуртай дуугаа дуулахыг хүсэж байж болно. Та мөн Христийн мэндэлсний баярын оройн зоогийн ширээнийхээ ард гэр бүлээсээ хол байгаа хэн нэгэнд зай гаргаж болох юм.
Аврагчийн бусдыг татан оролцуулдаг үлгэр жишээг дагаж, энэ баярыг тэмдэглэхээс өөр сайхан арга зам үгүй. Тэрээр “тэднийг бүгд өөрт нь ирж мөн өөрийнх нь сайн сайхныг хүртэхийг урьдаг; мөн тэрээр хар ба цагаан, боол ба чөлөөт, эр болон эм, түүнд ирэх хэнээс боловч үл татгалздаг; … мөн Бурханд бүгд адил, Иудей болон Харь аль аль нь буюу” (2 Нифай 26:33) гэдгийг бүү март. Орон зай гаргаж, татан оролцуул.
“Тэр газар хэдэн хоньчид сүргээ манаад шөнө хээр хоноглож бай[лаа]” (Лук 2:8)
Нялх Аврагчийг угтан авсан анхны хүмүүсийн дунд хоньчид байсанд гайхах хэрэггүй биз. Эртний бошиглогчид Есүс Христийг “Израилын хоньчин” (Дуулал 80:1), “бүх дэлхийн … Хоньчин” (1 Нифай 13:41) хэмээн нэрлэдэг байсан. Христ Өөрөө “Сайн хоньчин нь Би байгаа юм. Би Өөрийнхийгөө мэднэ” (Иохан 10:14) хэмээн хэлсэн. Хоньдоо мэддэг, харж ханддаг байх нь Аврагчийн адил хоньчин байж, тохинуулахын чухал хэсэг юм.
Гялтганах гэрэл, гоёл чимэглэл гээд Христийн мэндэлсний баярын өдрүүдээр харах зүйл олон. Гэсэн ч бид баярын өдрүүдэд тохинуулдаг хүмүүстээ буюу өөрсдийн сүргийг харж хандахад анхаарлаа төвлөрүүлснээр агуу сайхныг олж болно. Харж хандах гэдэг нь хэн нэгний дуртай хоол юу болохыг олж мэдэх эсвэл баяраар юу хийхээр төлөвлөж байгааг нь асуух байж болно. Бид бусдын ил, далд хэрэгцээг олж харж, хангах замаар тэднийг харж ханддаг.
Нөхөр Микийгээ гэнэт нас барахад Шэрил маш хүндээр хүлээн авчээ. Нөхөргүйгээр өнгөрүүлэх эхний Христийн мэндэлсний баяр болох дөхөж, тэр улам бүр ганцаардаж байв. Аз болоход Шоона гэх тохинуулагч эгч нь түүний дэргэд байлаа. Шоона, түүний нөхөр Жим хоёр Шэрилийг баярын олон үйл ажиллагаанд урив. Тэд Шэрилийн элэгдэж муудсан хүрмийг хараад, ямар нэг зүйл хийхээр шийджээ. Христийн мэндэлсний баяр болохоос хэдхэн хоногийн өмнө Шоона, Жим хоёр Шэрилд баярын бэлэг болгож сайхан шинэ хүрэм авчирч өгөв. Тэд дулаан хүрэм хэрэгтэй байгаа Шэрилийн материаллаг хэрэгцээг мөн тайтгарах, хүмүүстэй харилцах шаардлагатай сэтгэл санааны хэрэгцээг нь мэдэж байлаа. Тэд түүний эдгээр хэрэгцээг чадлынхаа хэрээр хангасан ба бид ч гэсэн өөрсдийн сүргийг хэрхэн харж хандаж болохын сайхан үлгэр жишээг үзүүлж чадсан юм.3
“Хоньчид бие биендээ—Одоо шууд Бетлехемд очъё гэлээ.” (Лук 2:15)
“Одоо шууд очъё” гэдэг нь ямар оргилуун урилга вэ! Хоньчид найзуудаа аян замыг туулж чадахгүй ядарна даа гэж бодоогүй. Тэд хэнд ч хэлэлгүй чимээгүйхэн өөрсдөө Бетлехем рүү яваагүй. Тэд бие бие рүүгээ баярлан харж, “Одоо шууд очъё” гэж хэлсэн.
Хэдийгээр бид найз нөхдөө нялх Аврагчийг ирж хар гэж урьж чадахгүй ч тэднийг өөрсөдтэйгөө хамт үйлчилж, Христийн мэндэлсний баярын (эсвэл Христийн) сүнсийг мэдрэхэд урьж болно. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчөөр үйлчилж байсан Бонни Л.Оскарсон эгч “Христийн мэндэлсний баярын сүнсийг нэмэгдүүлэх арга зам бол эргэн тойрныхоо хүмүүст тусламжийн гараа харамгүй сунган, өөрсдийгөө зориулах явдал юм”4 хэмээн хэлсэн. Та лаа барьж байна гэж төсөөлөн бод. Бусад хүн таны лааны гэрлийг харж, ач тусыг нь хүртэх нь гарцаагүй ч лаагаараа тэдний лааг асааж өгөн, өөрсдөө барьж үзэх боломжийг тэдэнд олговол ямар халуун дулаан мэдрэмж мэдрэхийг нь төсөөлнө үү.
Христ Өөрийг нь дагадаг хүмүүс амийн гэрэлтэй болно хэмээн заасан (Иохан 8:12-ыг үзнэ үү). Түүний үйлчилж байснаар үйлчлэх нь Түүнийг дагаж, амлагдсан гэрлээс хүртэх нэг арга зам юм. Бусдыг хамтдаа үйлчлэхэд урих замаар гэрлээ хуваалц! Та болон таны тохинуулдаг хүмүүс хэрхэн хамтдаа үйлчилж болох вэ? Та нар хамтдаа дуртай хоол хүнсээ бэлдэж эсвэл хэн нэгэнд жижигхэн бэлэг юм уу тэмдэглэлийн дэвтэр өгч болно. Та хоёр хоёулаа Христийн үйлчлэлийн үлгэр жишээг дагаснаар ирэх гэрлийг мэдэрнэ.
“Тэд үүнийг хараад мөнөөх хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ” (Лук 2:17)
Хоньчид Христийн төрсний гайхалтай сайхан мэдээг аль болох олон хүнтэй хуваалцсанаар ямар их баяр баясгаланг мэдэрснийг төсөөлөн бодоход амархан. Тэнгэр элчүүдийн тунхагласнаар, бошиглогдсон Мессиа ирлээ! Тэр энд ирчихлээ! Үнэндээ Аврагчийн сайн мэдээг хуваалцах нь Христийн төрөлтийн түүхийн чухал хэсэг юм. Тэнгэр элчүүд дуулан, од замыг зааж, хоньчид энэ мэдээг хаа сайгүй хүргэсэн.
Бид сайн мэдээг хуваалцаж, Аврагчийг гэрчилснээр өөрсдийн дуу хоолойг Христийн мэндэлсний баярын түүх дээр нэмж болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч “Та Аврагчийг төлөөлөн тохинуулах үедээ өөрөөсөө ‘Би сайн мэдээний гэрлийг энэ хүнтэй эсвэл энэ гэр бүлтэй хэрхэн хуваалцах вэ? Сүнс намайг юу хийхэд урьж байна вэ?’ гэж асуугаарай”5 хэмээн заасан.
Танд Аврагчийн болон Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ хуваалцах арга замыг эрэлхийлэхдээ бодож үзэх хэдэн санааг өгье.
-
Аврагчийн талаарх таны мэдрэмжийг харуулсан эсвэл яагаад Түүнд талархаж байгааг тань илэрхийлсэн судрыг ол. Уг судраа тохинуулдаг хүмүүстэйгээ хуваалц.
-
Христийн мэндэлсний баярын видео бичлэгтэй бичвэр эсвэл олон нийтийн медиа зурвас илгээ. Гайхалтай сайхан видео бичлэгүүд ChurchofJesusChrist.org дээр байгаа!
-
Христийг танд сануулдаг онцгой дурсамж, уламжлалаа найздаа ярь.
Ариун Сүнс нь Симеон, Анна хоёрт бяцхан хүү Есүс Аврагч байсныг гэрчилсний адил таны гэрчлэл үнэн болохыг гэрчилнэ гэдэгт итгэ (Лук 2:26, 38-ыг үзнэ үү).
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бид [Есүс Христийн] дэлхийд ирсэн явдлыг үнэхээр хүндлэхийн тулд Түүний хийснийг хийж, найз нөхдөдөө энэрэл хайр, нинжин сэтгэлээр туслах ёстой. Бид үүнийг өдөр бүр, үг хэл, үйлдлээрээ хийж болно. Бүгдээрээ Христийн мэндэлсний баярыг хаана байгаагаасаа үл хамааран арай илүү эелдэг, илүү өршөөнгүй мөн шүүлгүй, талархалтайгаар, элбэг дэлбэг байгаа зүйлээсээ хэрэгтэй хүмүүст нь өгөөмрөөр өгөхийг уламжлал болгоцгооё”6 гэж хэлсэн.