Тохинууллын зарчмууд
Тохинууллыг баяр баясгалант болгох нь
Хайраар үйлчлэх нь үйлчлэл үзүүлэгч, хүлээн авагч хоёрт хоёуланд баяр баясгаланг авчирдаг.
Лиахона, 2019 оны Дөрөвдүгээр сар
Заримдаа энэ амьдралд аз жаргалыг эрэлхийлэх нь гүйлтийн зам дээр гүйхтэй адилхан мэт байдаг. Бид гүйж байгаа мөртлөө байрнаасаа хөдлөхгүй байгаа юм шиг санагддаг. Харин зарим хүний хувьд бусдад тохинуулах тал дээр ажил дээр нь дахиад ажил нэмж өгч байна даа гэж бодогддог.
Гэхдээ Тэнгэрлэг Эцэг маань биднийг баяр баясгаланг амсаасай хэмээн хүсдэг бөгөөд “баясгалантай байж болохын тул хүмүүн байх бөлгөө” (2 Нифай 2:25) хэмээн хэлсэн. Бусдад тохинуулах нь өөрсдийн болон бусдын амьдралд баяр баясгаланг авчрахын нэн чухал хэсэг болохыг Аврагч заасан.
Баяр баясгалан гэж юу вэ?
Баяр баясгалан гэдэг нь “асар их баяр хөөр, аз жаргалыг мэдрэхийг”1 хэлнэ. Хожмын үеийн бошиглогчид баяр баясгалан хаанаас ирдэг мөн хэрхэн олж авдгийг тодотгосон. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Бидний баяр баясгалан амьдралын маань нөхцөл байдлаас биш, харин амьдралдаа юунд ач холбогдол өгч байгаатай холбоотой” бөгөөд “…Баяр баясгалан [Есүс Христийн] ачаар, [Есүс Христээс] ирдэг. Тэр бол бүхий л баяр баясгалангийн эх үүсвэр юм”2 гэж заасан.
Тохинуулал баяр баясгаланг авчирдаг
Лихай амьдралын модны жимснээс хүртэж, бодгаль нь “агуу баяраар” (1 Нифай 8:12) дүүргэгдсэн. Түүний эхний хүсэл бол энэ жимсийг хайртай хүмүүстэйгээ хуваалцах явдал байсан.
Бусдад тохинуулах хүсэл маань ийм баяр баясгаланг бидэнд болон тэдэнд авчирч болно. Хэрэв бид Түүнтэй холбогдсон байвал бидний авчирдаг үр жимс бидэнд бүрэн дүүрэн баяр баясгаланг мэдрэхэд тусалдаг болохыг Аврагч Өөрийн шавь нарт заасан (Иохан 15:1–11-ийг үзнэ үү). Үйлчилж, бусдыг Түүнд авчрахыг эрэлхийлэх замаар Түүний ажлыг хийх нь баяр баясгаланг авчирдаг (Лук 15:7; Алма 29:9; Сургаал ба Гэрээ 18:16; 50:22-ыг үзнэ үү). Бид эсэргүүцэлтэй тулгарч, зовлон бэрхшээл амссан ч энэ баяр баясгаланг амсах боломжтой (2 Коринт 7:4; Колоссай 1:11-ийг үзнэ үү).
Мөнх амьдрал дахь жинхэнэ баяр баясгалангийн хамгийн агуу эх сурвалжийг үйлчлэлээр дамжуулан олох боломжтой гэдгийн төгс үлгэр жишээг Аврагч бидэнд үзүүлсэн. Бид ах, эгч нартаа Аврагчийн адил зүрх сэтгэлээсээ энэрэл, хайраар үйлчлэх юм бол ердийн аз жаргалаас илүү их баяр баясгаланг мэдрэх болно.
“[Тохинууллыг] дуулгавартай зүрх сэтгэлээр хүлээн авснаар … Бид Сионы хүмүүс болоход илүү ойртох болно. Бид шавь байхаар аялахдаа үйлчлэл үзүүлсэн хүмүүстэй хамт гайхамшигтай баяр баяслыг мэдрэх болно” хэмээн Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам эгч заасан.3
Бид тохинууллыг хэрхэн илүү баяр баясгалантай болгож болох вэ?
Тохинуулалдаа илүү их баяр баясгаланг авчирч болох олон арга зам бий. Энд хэдэн жишээ авч үзье.
-
Тохинууллынхаа зорилгыг ойлго. Тохинуулах олон шалтгаан байгаа. Эцсийн эцэст бидний гаргах хүчин чармайлт “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсе 1:39) гэсэн Бурханы зорилготой нийцсэн байх ёстой. Бусдад гэрээний зам дээрээ үлдэхэд нь туслах ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгыг хүлээн авснаар бид Бурханы ажилд оролцон, баяр баясгаланг олж авч чадна.4 (Тохинууллын зорилгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ministering Principles: The Purpose That Will Change Our Ministering,” in the January 2019 Liahona-аас үзнэ үү.)
-
Тохинууллыг ажил талаас нь биш, харин хүн талаас харж сур. Ерөнхийлөгч Томас С.Монсон бидэнд “Шийдвэрлэх ёстой асуудлыг хайрлах ёстой хүнээсээ хэзээ ч илүүд бүү тавь”5 хэмээн байнга сануулсан. Тохинуулал бол ажил хийх тухай биш, харин хүнийг хайрлах тухай юм гэдгийг сана. Бид Аврагчийн адил хайрлаж сурснаар үйлчлэлээс ирдэг баяр баясгаланг хүлээн авахад илүү нээлттэй болдог.
-
Тохинууллыг хялбарчил. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын хэлсэнчлэн, “Өчүүхэн мөн энгийн зүйлсээр агуу их зүйлс улиран авчрагддаг. … Бидний сайхан сэтгэлийн угаас хийдэг өчүүхэн жижиг үйлдэл, үйлчлэл хуримтлагдсаар Тэнгэрлэг Эцэгийг хайрлах хайр, Их Эзэн Есүс Христийн үйл хэрэгт зориулсан чин сэтгэл мөн нэг нэгэндээ тусламжийн гараа сунгах бүрд мэдрэгдэх амар амгалан, баяр баясгалангаар дүүрэн амьдрал болж хувирна.”6
-
Тохинууллыг шахалт дарамтгүй хий. Хэн нэгнийг авралд авчрах нь таны үүрэг биш. Энэ нь тухайн хувь хүн, Их Эзэн хоёрын хоорондын асуудал юм. Бидний үүрэг хариуцлага бол тэднийг хайрлан, Аврагч Есүс Христэд хандуулах явдал билээ.
Үйлчлэлээс ирэх баяр баясгалангаа бүү хойш тавь
Заримдаа хүмүүс тусламж хүсэхээсээ халгадаг. Тиймээс өөрсдийн үйлчлэлийг санал болгох нь тэдэнд яг хэрэгтэй байгаа зүйл нь байж болох юм. Гэхдээ өөрсдийгөө хүмүүст тулгах нь бас л үүний хариулт биш. Тохинуулахынхаа өмнө зөвшөөрөл хүсэх нь оновчтой санаа юм.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф эхлээд өөрөө, дараа нь хүүхдүүд нь салхин цэцэг туссан өрх толгойлсон эхийн талаар ярьсан. Ердийн цагт толбо ч үгүй цэвэрхэн байдаг байсан гэр орон нь эмх замбараагүй, бохир заваан болсон байв. Аяга таваг, хувцас хунар нь овоорчээ.
Сэтгэлээр бүрэн унах яг тэр мөчид Халамжийн нийгэмлэгийн эгч нар хаалгыг нь тогшлоо. Тэд “Тусламж хэрэгтэй бол бидэнд хэлээрэй” гэсэнгүй. Тэд нөхцөл байдлыг хараад, ханцуй шамлан шууд ажилдаа оржээ.
“Тэд эмх замбараагүй болсон зүйлсийг цэгцэлж, гэр оронг нь гэрэл гэгээтэй, цэвэр цэмцгэр болгон, шаардлагатай зарим хүнсний зүйлийг авчирч өгөхийг найзаасаа хүссэн байна. Тэднийг ажлаа дуусгаад, баяртай гэж хэлэх үед залуу ээж баярлаж талархан, хайрын нулимстай хоцорсон юм.”7
Авч, өгч байгаа хүмүүс хоёулаа баяр баясгалангийн халуун дулаан мэдрэмжийг мэдэрсэн.
Амьдралдаа баяр баясгаланг авчир
Бид өөрсдийн амьдралд хэдий чинээ их баяр баясгалан, амар амгалан, сэтгэл хангалуун байдлыг авчирна, төдий чинээ тохинуулалдаа тэдгээрийг бусадтай хуваалцаж чадна. Баяр баясгалан нь Ариун Сүнсээр дамжиж ирдэг (Галат 5:22 болон Сургаал ба Гэрээ 11:13-ыг үзнэ үү). Бид энэ тухай залбирч (Сургаал ба Гэрээ 136:29-ийг үзнэ үү), үүнийг өөрсдийн амьдралд урин авчрах боломжтой. Баяр баясгаланг өөрсдийн амьдралд авчрах хэд хэдэн санааг доор дурдав.
-
Адислалуудаа тоол. Амьдралдаа дүн шинжилгээ хийж, Бурханы өөрийг тань адисалсан зүйлсийг тэмдэглэл дээрээ бич.8 Эргэн тойронд тань байгаа сайн сайхан бүхнийг олж хар.9 Баяр баясгаланг мэдрэхэд саад болж байж болзошгүй зүйлсэд анхаарч, тэдгээрийг шийдвэрлэхэд буюу илүү сайн ойлгоход туслах арга замыг бичиж тэмдэглэ. Христийн амилсны баярын өдрүүдээр Аврагчтай илүү ойртон холбогдож болох арга замыг эрэлхийл (Сургаал ба Гэрээ 101:36-г үзнэ үү).
-
Анхааралтай байх дадлага хий. Чимээгүй орчинд бясалгал хийхэд баяр баясгаланг хамгийн амархан олдог.10 Танд юу баяр баясгаланг авчирдаг болохыг мэдэхийн тулд анхааралтай сонс (1 Шастир 16:15-ыг үзнэ үү). Заримдаа анхааралтай байх дадлага хийхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс хэсэг хугацаанд хол байх хэрэгтэй байдаг.11
-
Өөрийгөө бусадтай харьцуулахаас зайлсхий. Харьцуулах нь баяр баясгалангийн хулгайч гэж хэлэх нь бий. Паул “өөрсдийгөө өөрсдөөрөө хэмжиж, өөрсдийгөө өөрсөдтэйгөө харьцуулдаг нь ухаангүй” (2 Коринт 10:12) хүмүүс хэмээн сэрэмжлүүлсэн.
-
Хувийн илчлэлт эрэлхийл. Аврагч “Хэрэв чи асуух аваас, чи баяр хөөрийг авчирдаг, амьдралыг авчирдаг тэрхүү нууцууд хийгээд амар амгалангийн зүйлүүдийг мэдэж болохын тулд илчлэлт дээр илчлэлт мэдлэг дээр мэдлэг хүлээн авах болно” (Сургаал ба Гэрээ 42:61) хэмээн заасан.
Үйлдэхэд урих
Та тохинууллаар дамжуулан амьдралдаа олж авах баяр баясгаланг хэрхэн өсгөн нэмэгдүүлж болох вэ?