Тохинуулал
Тохинуулах гэдэг нь Аврагчийн адилаар бусдыг харахыг хэлнэ
Зарчмууд


Тохинууллын зарчмууд

Тохинуулах гэдэг нь Аврагчийн адилаар бусдыг харахыг хэлнэ

Есүс ихэнх цагаа бусдаас өөр хүмүүстэй өнгөрөөдөг байсан бөгөөд тэдний бурханлаг чадавхыг олж хардаг байв.

Лиахона, 2019 оны Зургадугаар сар

Christ and the Rich Young Ruler

Гэнрих Хоффман, Христ ба баян залуу удирдагч зургийн хэсгээс

Аврагчийн адил тохинуулахаар хичээж чармайх үедээ бид өөрсдөөсөө өөр хэн нэгэнд тохинуулах дуудлагыг хүлээн авч болно. Энэ нь бидэнд сурч, өсөж хөгжих боломжийг олгодог.

Соёл, боловсрол, арьс өнгө, санхүү, нас, өмнөх эсвэл одоогийн зан авир болон өөр бас бус ялгаа нь хэн гэдгийг нь мэдэхгүй мөртлөө хүмүүсийг шүүмжлэхэд амар хялбар болгодог. Ийнхүү урьдчилж шүүх нь Аврагчийн бидэнд сэрэмжлүүлсэн ялгаварлан гадуурхахын үндэс суурь болдог (1 Самуел 16:7; Иохан 7:24-ийг үзнэ үү).

Бид бусдын ялгааг харалгүйгээр Аврагчтай адил харж чадах уу? Бид бусдыг байгаагаар нь хүлээн авч, хэн болж чадахаар нь хайрлаж сурах болов уу?

Ширтэн харж, хайрлах

Библид мөнх амьдралыг хэрхэн олж авах талаар асуусан баян залуу эрийн тухай хүн бүрийн мэддэг нэгэн түүхийг өгүүлдэг. “Есүс түүнийг ширтэн харж, хайрлан—Чамд нэг л юм дутаж байна. Явж, өөрийн гэсэн бүхнээ зарж ядууст өг. Тэгвэл чи тэнгэрт эрдэнэстэй болно. Тэгээд ирж, Намайг дага гэлээ” (Марк 10:21).

Далын ахлагч С.Марк Палмэрыг энэ судрын хэсгийг хэдэн жилийн өмнө судалж байхад энэ түүхийн өөр нэгэн хэсэг анхаарлыг нь татжээ.

‘Есүс түүнийг ширтэн харж, хайрла[в].’

Эдгээр үгийг сонсох үед надад Их Эзэн яриагаа азнаад, энэ залуу эрийг ширтэн харж байгаа тод томруун дүр зураг харагдсан юм. Ширтэн харах гэдэг нь түүний бодгалийн гүн рүү нэвт харан, түүний сайн сайхан чадвар, чадавхыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ хамгийн агуу хэрэгцээг нь олж харсан гэсэн утгатай.

Дараа нь Есүс түүнийг хайрласан гэсэн энгийн үгс энд бий. Би Есүс энэ сайн залууг ихэд хайрлаж, энэрсэн бөгөөд ийнхүү хайрласан учраас мөн энэхүү хайраа тээн түүнээс илүү ихийг хийхийг шаардсан гэдгийг мэдэрсэн юм. Хэдийгээр энэ залуу байгаа бүхнээ зараад, ядууст өг гэсэн санаанд багтамгүй бэрх хүсэлтийг хүлээн авсан ч ийм хайрыг мэдрэхэд ямархуу байх бол гэж би төсөөлөн бодож билээ.

[Би өөрөөсөө] ‘Би номлогчдод Бурханы хайрыг болон өөрчлөгдөх хүслийг өөрийн биеэр мэдрүүлэхийн тулд Христийнхтэй адил хайраар хэрхэн дүүргэгдэж болох вэ?’ гэж асуусан юм. Би хэрхэн [эргэн тойрныхныгоо] Их Эзэн энэ залуу эрийг ширтэн харсны адил ширтэн харж, юу хийж эсвэл юу хийхгүй байгаагаар нь биш, харин үнэхээр хэн болох мөн хэн болж чадах талаас нь харж чадах вэ? Би хэрхэн Аврагчтай илүү адилхан болж болох вэ?”1

Бусдыг харж сурах нь

Бусдыг Аврагчтай адил харж сурах нь үнэт шагналуудыг авчирдаг. Энэхүү зорилго дээр ажиллах үед бидэнд тусалж болох хэдэн санааг өгье.

  • Тэднийг илүү сайн мэдэж ав
    Хүмүүсийг өнгөцхөн биш, илүү сайн таньж мэд. Ойр дотно харилцаатай болоход цаг зав, чин сэтгэлийн хүчин чармайлт гаргах шаардлагатай гэдгийг бүү март. (Тусламж авах бол 2018 оны 8-р сарын Тохинууллын зарчмуудын “Дотно харилцаа тогтоох нь” өгүүллийг үзнэ үү.)

  • Өөрийгөө цэгнэ
    Өөрийнхөө санаатай болон санаандгүй шүүмжлэлд анхаар. Бусдын талаар гаргаж байгаа таамаглалаа тэмдэглэж, яагаад тэдний талаар ийнхүү бодож байгаагаа ойлгохыг хичээ.

  • Шүүмжлэхээс зайлсхий
    Нөхцөл байдал хувь хүний үнэ цэнийг тодорхойлдоггүй гэдгийг сана. Тэдний оронд өөрийгөө тавьж, тэдэнтэй адил нөхцөлд байсан бол хүмүүс таны талаар юу гэж бодоосой гэж хүсэх байснаа бодож үз. Хүний сонголт, зан авирыг дотоод үнэ цэн, бурханлаг чадавхаас нь салган авч үзэх нь тэднийг Аврагчтай адил харахад бидэнд тусална.

  • Тэднийг хайрлахын төлөө залбир
    Тэднийг нэрээр нь дуудаж мөн тэдэнтэй жинхэнээсээ нөхөрлөж, тэвчээртэй байхын төлөө байнга залбир. Үйлчлэлийнхээ талаар залбирч, бод. Таны хийж байгаа зүйл, тэдний жинхэнэ хэрэгцээ шаардлагатай нийцэж байна уу?

Jesus with the woman with the issue of blood

Ж.Kөрк Ричардс, Эмэгтэйг анагаасан нь зургийн хэсгээс

Есүс баян, ядуу, захирагч. энгийн ард гээд амьдралын янз бүрийн хүрээний хүмүүстэй цагаа хамт өнгөрүүлдэг байсан. Тэрээр хүмүүс Өөрийг нь болон ядуу, дорд байдлыг нь гаднаас нь өнгөц харж дүгнэсэн буруу дүгнэлтийн хохирогч үргэлж болдог байсан. “Биднийг татахуйц дүр төрх түүнд алга байв. … Тэр хүмүүст жигшигдэж, орхигдсон … хүн ажээ” (Исаиа 53:2–3).

Христтэй адил харах нь

Нэг эгч хөршөө Христийн мэлмийгээр харж сурсан талаараа доорх түүхийг хуваалцсан юм.

“Жулиа (нэрийг нь өөрчлөв) манай хажууд амьдардаг байсан ба ямар ч найзгүй юм шиг надад санагддаг байв. Тэр үргэлж бухимдаж, уурласан харагддаг байлаа. Тэгсэн ч гэсэн би түүнтэй найзлахаар шийдэв. Би зүгээр нэг энгийн найз биш, жинхэнэ найз болохоор шийдлээ. Түүнтэй таарах болгондоо үг солилцож, хийж байгаа бүх зүйлийг нь сонирхож байгаагаа харуулдаг байв. Аажмаар би түүнтэй найзын харилцаа холбоотой болж, дотроо маш их баярлаж байлаа.

Би нэг өдөр Жулиа дээр очиж, сүмдээ очихгүй байгаа учрыг нь асуухаар шийдэв.

Ойр хавьд түүний ямар ч гэр бүл, хамаатан садан байхгүй болохыг би олж мэдлээ. Ганц ах нь хол амьдардаг байсан ба жилд ганцхан удаа түүнтэй утсаар ярьдаг байв. Гэр бүлийнхээ талаар мөн Сүмийн талаар ямар их хорсон, уурлаж, бухимдаж байгаагаа урсган ярихыг сонсож байх үедээ энэ эгчийг өрөвдөн, хайрлах сэтгэл надад хүчтэй мэдрэгдсэн юм. Би түүний шаналал, цөхрөлийг мэдэрч, амьдрал нь ямар ганцаардмал байсныг ойлгосон. Миний араас хэн нэгэн ‘Би ч бас түүнд хайртай. Түүнийг хайрлаж, хүндэл’ гэсэн дуу намуухан шивнэх шиг болов.

Би чимээгүй сууж, ярьж дуустал нь сонссон ба түүнийг хайрлах, өрөвдөх сэтгэл төрж байлаа. Энэ эгч хайр гэж юу болохыг хэзээ ч мэдэрч байгаагүй байв. Гэнэт би түүнийг илүү гүн гүнзгий ойлгосон юм. Би түүнийг гэрт нь айлчлах боломж олгосонд талархаж мөн тэврэн, хайрлаж бас хүндэтгэж байгаагаа илэрхийлээд явж билээ. Энэ айлчлалаар тэр надад ямар их нөлөөлснөө хэзээ ч мэдэхгүй биз ээ. Тэнгэрлэг Эцэг миний нүдийг нээж, бусдыг илүү өрөвч нимгэн сэтгэлээр хайрлаж чадна гэдгийг надад заасан юм. Би түүний найз байхын зэрэгцээ гэр бүл нь болох шийдвэр гаргасан.

women hugging

Хэн нэгний амьдралд уригдан орох нь ариун нандин зүйл билээ. Бид залбирал, тэвчээр, Сүнсний тусламжаар дамжуулан үүнийг Христтэй илүү адилаар хийж сурах болно.

Эшлэл

  1. С.Марк Палмэр, “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105.