Эрэгтэйчүүд
Ерөнхий заавар


“Ерөнхий заавар,” Санваарын ёслолууд ба адислалууд (2018).

“Ерөнхий заавар,” Санваарын ёслолууд ба адислалууд.

Ерөнхий заавар

Гарын авлага 2-ын 20-р бүлгийг үзнэ үү.

Зураг
Эрэгтэйчүүд нэгэн эрэгтэйг адисалж байгаа нь

Уг нийтлэлд санваарын ёслол, адислалуудыг хэрхэн гүйцэтгэх тухай зааврууд орсон. Мөн гадасны ерөнхийлөгч, бишоп, нарийн бичгүүд Гарын авлага 1-ийн 16-р бүлэг; Гарын авлага 2-ын 20-р бүлэгт заасан журам, заавруудыг дагах ёстой.

Ёслол нь баптисм зэрэг санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ариун нандин зан үйл юм. Баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарын томилгоо (эрэгтэйчүүдийн хувьд), ариун сүмийн хишиг болон лацдан холбох ёслолууд нь хариуцлага хүлээх чадвартай бүх хүний өргөмжлөлд шаардлагатай зүйлс юм. Эдгээрийг аврах ёслолууд гэдэг. Аврах ёслолуудын хүрээнд хүлээн авагч нь Бурхантай гэрээ байгуулдаг.

Аврах ёслолуудыг гүйцэтгэхэд зохих түлхүүрүүдийг эзэмшдэг санваарын удирдагч эсвэл тэдгээр түлхүүрийг эзэмшдэг хүний удирдлаган доор үйлчилж байгаа санваарын удирдагчийн зөвшөөрөл шаардлагатай. Хүүхдэд нэр өгч адислах, нутаглуулах газрыг онцгойлон адислах, патриархын адислал өгөх, ариун ёслолыг бэлтгэх, адислах, түгээхэд ч мөн энэхүү эрх мэдлийн зөвшөөрөл шаардлагатай. Мелкизедек санваартнууд санваарын удирдагчаас зөвшөөрөл авалгүйгээр тосыг ариулан адисалж, өвчтэй хүмүүсийг адислан, эцгийн адислал ба тайтгаруулах бусад адислал, зөвлөгөөг өгч болно.

Ёслол ба адислалуудыг гүйцэтгэх ах нар зохистой амьдарч, Ариун Сүнсээр удирдуулахыг хичээж, өөрсдийгөө бэлдсэн байх шаардлагатай. Тэд ёслол, адислал бүр нь дараах шаардлагыг хангасан байхад анхааран, хүндэтгэлтэйгээр гүйцэтгэвэл зохино.

  1. Үүнийг Есүс Христийн нэрээр гүйцэтгэх ёстой.

  2. Үүнийг санваарын эрх мэдлээр гүйцэтгэх ёстой.

  3. Тусгайлан заасан үг хэллэг, ариулан адисалсан тос зэргийг хэрэглэн, зохих дүрэм зааврын дагуу гүйцэтгэвэл зохино.

  4. Энэ бүлгийн заавруудын дагуу шаардлагатай бол зохих түлхүүрүүдийг эзэмшдэг тэргүүлэх эрх мэдэлтэн (ихэвчлэн бишоп эсвэл гадасны ерөнхийлөгч) ёслол болон адислалд зөвшөөрөл олгосон байх ёстой.

Ёслол, адислалуудыг хянан удирдаж буй санваарын удирдагч түүнийг гүйцэтгэж байгаа хүн нь санваарын шаардагдах эрх мэдэлтэй, зохистой бөгөөд холбогдох дүрэм журмыг мэдэж, баримталж байгаа байдлыг нь анхаарна. Удирдагчид ёслол, адислалуудыг хүндэтгэлтэй бөгөөд сүнслэгээр гүйцэтгэхийг эрэлхийлнэ.

Ёслол, адислалуудыг ариун ёслолын цуглаан дээр гүйцэтгэж байгаа тохиолдолд тэдгээрийг зохих ёс журмын дагуу гүйцэтгэж байгаад бишоп анхаарна. Санваартныг эвгүй байдалд оруулахаас зайлсхийхийн тулд бишоп ёслол, адислалуудын ямар нэгэн чухал хэсэг буруу хийгдэж байгаа бол тухайн алдааг чимээгүй залруулна.

Санваарын адислал өгч байгаа хүмүүс “Би [эсвэл бид] таныг … адисалж байна” гэхчилэн адислалын үгсийг хэлэхээс биш “Тэнгэрлэг Эцэг минь ээ, энэ хүнийг …адислаач” хэмээн хэлж залбирахгүй.

Ёслол, адислалуудад оролцох нь

Зөвхөн зохих санваартай бөгөөд зохистой ах нар тойрогт зогсон, ёслол ба адислалуудыг гүйцэтгэж болно. Оролцогчид нь ихэвчлэн санваарын удирдагчид, гэр бүлийн ойр дотнын гишүүд, тохинуулагч ах нар зэрэг ойр дотно холбоотой цөөхөн хүн байна. Гэр бүл, найз нөхөд, удирдагчид гээд олон тооны хүнийг ёслол, адислалуудад оролцуулахаар урихыг урамшуулах ёсгүй. Хэт олон хүн оролцох нь төвөгтэй ба ёслолын сүнсийг сарниулж болно. Ёслол гүйцэтгэж байгаа болон тэргүүлж байгаа хүмүүс байхад л хангалттай байдаг. Бусад нь ёслол гүйцэтгэж байгаа хүнийг дэмждэг.

Ёслол, адислалуудад хэд хэдэн ах оролцож байгаа тохиолдолд хүн бүр баруун гараа тухайн хүний толгой дээр зөөлөн тавьж (эсвэл адислал авч байгаа нялх хүүхдийг доороос нь барьж), зүүн гараа зүүн талдаа байгаа ахын мөрөн дээр тавина.

Хүн ёслол болон адислал хүлээн авч байгаа үед тойрогт цөөхөн ах зогсдог боловч ихэнх тохиолдолд гэр бүлийн гишүүдийг нь байлцуулахаар урьдаг.

Зохих санваартай, зохистой ах нарыг гэр бүлийнхээ гишүүдийн ёслол, адислалуудыг гүйцэтгэх, эдгээрт оролцохыг нь удирдагчид дэмждэг.

Ёслол, адислалуудад оролцохын тулд зохистой байх нь

Зөвхөн ариун сүмийн эрхийн бичигтэй, зохистой Мелкизедек санваартан л хэн нэгнийг Сүмийн гишүүнээр баталж, Мелкизедек санваар хүртээж, санваарын албанд томилон, Сүмийн дуудлагын адислал өгч болно.

Бишоп, гадасны ерөнхийлөгчид Сүнсээр болон дараах заавраар удирдуулан, ариун сүмд орохуйц зохистой биш санваартан ах нарт ёслол ба адислалуудыг гүйцэтгэх эсвэл оролцох зөвшөөрлийг өгч болдог. Гэвч шийдвэрлэгдээгүй ноцтой нүгэл үйлдсэн санваартнуудыг тэргүүлэх албан тушаалтнууд ёслол, адислалуудад оролцуулах ёсгүй.

Бишоп Мелкизедек санваартай эцэг хүнд, түүнийг ариун сүмд орохуйц бүрэн дүүрэн зохистой биш байлаа ч гэсэн хүүхдэдээ нэр өгч адислах зөвшөөрлийг өгч болно. Үүнтэй адилаар Мелкизедек санваартан эсвэл прист эцэгт хүүхдүүддээ баптисм хүртээх, хөвгүүдээ Аароны санваарын албанд томилох зөвшөөрлийг бишоп олгож болно. Дээрхтэй төстэй нөхцөлд Мелкизедек санваартан нь хүүхдийг нь гишүүнээр батлах, хөвгүүдэд нь Мелкизедек санваар хүртээх, эхнэр хүүхдүүдийг нь адислах үед тойрогт зогсож болно. Гэвч тэрээр үг хэлж, ёслолыг гүйцэтгэж болохгүй.

Ёслол эсвэл адислалыг өөр тойрогт гүйцэтгэх нь

Харьяалагддаг тойргоосоо өөр газар амьдарч байгаа санваартан нь хүүхдэд нэр өгч, адислах, баптисм хүртээх, гишүүнээр батлах эсвэл оршуулгын адислалд оролцохын тулд ариун сүмийн хүчинтэй эрхийн бичиг, бишопын зөвлөлийн гарын үсэг бүхий Recommend to Perform an Ordinance form (Ёслол гүйцэтгэх зөвшөөрлийн маягт)-ыг тэргүүлэх албан тушаалтанд үзүүлэх ёстой.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ёслолуудыг гүйцэтгэх ба тэднээр ёслол гүйцэтгүүлэх нь

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ёслолуудыг гүйцэтгэх, тэднээр ёслол гүйцэтгүүлэх тухай удирдамжийг Гарын авлага 1-ийн 16.1.8; 16.1.9-д оруулсан байдаг.

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст ёслолыг хөрвүүлж өгөх талаарх удирдамжийн талаар Гарын авлага 1-ийн 21.1.26-г үзнэ үү.

Ёслол, адислалуудыг орчуулах нь

Ёслол, адислалуудыг орчуулах тухай удирдамж Гарын авлага 1-ийн 16.1.2-т бий.

Ёслол, адислалуудыг гүйцэтгэх заавар

Дараах гарын авлага, товхимлууд ёслол, адислалуудыг гүйцэтгэх заавруудыг агуулдаг. Үүнд:

  1. Гарын авлага 2, 20-р бүлэг

  2. Гэр бүлийн удирдамж, хуудас 18–25

  3. Санваарын үүргүүд ба адислалууд, Б хэсэг, хуудас 42–47

Санваарын удирдагчид эдгээр ном, товхимлыг ашиглан ёслол, адислалуудыг хэрхэн гүйцэтгэхийг ах нарт заадаг. Санваартан бүр Гэр бүлийн удирдамж, Санваарын үүргүүд ба адислалууд, Б хэсэг номтой байх ба эдгээр заавар бүхий номтой байхад удирдагчид анхаарна.

Санваарын удирдагчид Тэргүүн Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр ёслол, адислал, залбирлын зааврууд бүхий өөр ном товхимлуудыг хэвлэн гаргаж, ашиглаж болохгүй.

Хэвлэх