Эрүүл мэнд
Анхны тусламж
Зорилго
Анхны тусламж үзүүлж сур.
Тодорхойлолт
Шарх цэвэрлэх, хиймэл амьсгал хийх, хахаж байгаа хэн нэгэнд туслах, яс хугарч бэртсэн үед харьцах зэрэг анхны тусламж үзүүлэх чадварыг зааж, харуулах хэн нэгнийг урь. Өсвөр үеийнхэнд сурсан зүйлээрээ дадлага хийх болон анхны тусламжийн хайрцагтай болох боломжийг олго. Аюул гамшиг тохиолдсон мэт орчинг зохиомлоор бий болгон, орон нутгийн гишүүдийг оролцуулж, янз бүрийн гэмтэл бэртэл авсан мэт жүжиглүүлэн, өсвөр үеийнхнийг анхны тусламж үзүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх талаар бодолц.
Биеэ хамгаалах нь
Зорилго
Аюултай нөхцөл байдлуудаас зайлсхийх болон өөрийгөө хамгаалах ур чадваруудыг мөн итгэлийг олж ав.
Тодорхойлолт
Бие хамгаалах урлагаар мэргэшсэн эсвэл хууль сахиулах байгууллагын нэг ажилтанг урьж, өөрсдийгөө гэмт халдлагаас эсвэл бусад аюултай нөхцөл байдлаас хэрхэн хамгаалах талаар өсвөр үеийнхэнд заалга. Өсвөр үеийнхэн ийм нөхцөл байдлуудаас зайлсхийхэд өөрсдөд нь туслах урьдчилан сэргийлэх аргуудыг болон бие хамгаалах үндсэн аргуудыг сурч болно. Өсвөр үеийнхэнд сурч буй зүйлээрээ дадлага хийх хангалттай хугацаа өгөхийн тулд та энэ сэдэв дээр хэдэн долоо хоногийн турш анхаарлаа төвлөрүүлж болно.
©iStockphoto.com –оос авсан зураг.
Гэнэтийн аюул осолд бэлтгэгдсэн байдал
Зорилго
Учирч болох гэнэтийн аюул осолд бэлтгэж эхлэхэд мөн түүнчлэн бэлтгэхэд нь бусдад туслах.
Тодорхойлолт
Янз бүрийн гэнэтийн аюултай байдалд хэрхэн бэлтгэх талаар өсвөр үеийнхэнд заалгахын тулд гэнэтийн аюул осолд ямар бэлтгэлтэй байх талаар сайн мэддэг хэн нэгнийг урь. Өсвөр үеийнхэнд гэнэтийн осолд бэлтгэх анхны тусламж үзүүлэхэд ашиглах зүйлс, гар чийдэн, усны сав зэргийг багтаасан жижиг хайрцаг хийхэд тусал. “Хэрэв та нар бэлтгэгдэх аваас, та нар эмээх нь үгүй” (С ба Г 38:30) гэсэн судрыг ярилц. Өсвөр үеийнхэн гэр бүлдээ болон орон нутгийн гишүүдэд гэнэтийн аюул осолд бэлтгэгдсэн байх талаар суралцсан зүйлсээ заах үйл ажиллагаа зохион байгуул.
Дасгал хийх үдэш
Зорилго
Биеийн эрүүл чийрэг байдлаа сайжруул.
Тодорхойлолт
Янз бүрийн биеийн тамирын дасгалуудыг хийж сур (гүйлт, гэдэсний таталт, гар дээр суниалт, аэробик, хүчний дасгал, иог, дугуй унах, тулааны урлаг эсвэл өсвөр үеийнхний сонирхож байгаа өөр бусад дасгалууд гэх мэтчилэн). Шаардлагатай бол өөртөө дасгал заалгах туршлагатай нэгнийг олж болно. Өсвөр үеийнхнээр уг дасгалыг хэр сайн хийж байгаагаа дүгнэж, дараагийн хэдэн долоо хоногийн туршид сайжрах төлөвлөгөөг гаргуул. Тэдэнтэй дахин уулзаж өсөлт дээшлэлтийн талаарх тайланг ав. Та энэ үйл ажиллагааг өөр өөр дасгал хийлгэн, дахин давтан хийж болно. Их Эзэн яагаад биднийг бие махбодоо арчлан халамжлаасай гэж хүсдэг талаар ярилц. Та нар мөн “Бие махбод ба сэтгэл санааны эрүүл мэнд” хэсгийг Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлоос өөрсдийн үйл ажиллагааны хэсэг болгон судалж болно.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал
Зорилго
Замын хөдөлгөөний аюулгүй байдал болон аюулгүй жолоодлогын талаар суралц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд замын аюулгүй байдлын талаар заалгахаар мэргэжилтэнг урь. Энэ ярилцлагад автомашин аюулгүйгээр жолоодох түүнчлэн явган зорчигч болон унадаг дугуйн аюулгүй байдлыг багтааж болно. Жолоо барьж байх үед анхаарал сарниулдаг нийтлэг зүйлсийг олж тогтоон, энэ талаар ярилцахыг өсвөр үеийнхнээс хүс. Замын аюулгүй байдлыг хангахын тулд хэрэглэж дадах тодорхой амлалтуудыг (жолоо барьж байхдаа гар утас ашиглахгүй байх гэх мэт) өөртөө өгөхөд нь өсвөр үеийнхнийг урамшуулан дэмж. Тэд сурсан зүйлсээрээ нэг нэгнээсээ асуулт асууж болно.
Зөв зохиогдсон спортын үдэш
Зорилго
Спортын хөгжилтэй үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндээ сайжруулах.
Тодорхойлолт
Бүлэгтээ шинэ спортын талаар эсвэл мэддэг спортоороо ур чадвараа сайжруулах тал дээр бусдадаа заахаар өсвөр үеийнхнийг урь (идэвх султай өсвөр үеийнхэн эсвэл өөр шашинтай найзуудаа урих талаар анхаар). Бүлэг болж спортоор хичээллэ. Өрсөлдөөнтэй нөхцөл байдалд нөхөрлөлийн сүнсээ хэрхэн хадгалах талаар ярилцаарай. Биеийн хүч шаардсан үйл ажиллагаанаас ирэх эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх ашиг тус дээр анхаар.
Илчлэгээ тооцоолох нь
Зорилго
Эрүүл байхын ач холбогдлын талаар суралцаж, эрүүл бус дадлаа өөрчлөх төлөвлөгөө гарга.
Тодорхойлолт
Эрүүл хооллолтын дадал заншлын талаар ярилцахаар хоолны илчлэг, шим тэжээлийн талаар мэдлэгтэй хэн нэгнийг урь. Өсвөр үеийнхэн сурсан зүйлээ хэрэгжүүлэхийн тулд сүүлийн хэдэн өдөр идсэн бүх хоолоо жагсаан, тэр хоол нь эрүүл мэндэд хэр тустай болохыг дүгнэж болно мөн та өсвөр үеийнхний бүлгүүдэд янз бүрийн хоолны шим тэжээлийн талаар судлах даалгавар өгч болно эсвэл өсвөр үеийнхэн өөрсдийн сурсан зүйл дээр үндэслэн шим тэжээлтэй хоол бэлтгэж, идэж болно. Тэднийг С ба Г 89-ийг судалж мөн мэргэн ухааны үгийн дагуу амьдрах амлалт авахад урь (Бурханы өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь номын “Эрүүл мэнд” эсвэл Хувийн хөгжил дэвшил номын Мэдлэг эрхэмлэх чанарын төслүүдийг жагсаа).
Интернэтийн аюулгүй байдал
Зорилго
Интернэтийн аюулуудаас хол бай.
Тодорхойлолт
Интернэтийн аюулгүй байдлын талаар мэддэг хэн нэгнийг урьж, зохисгүй сайтаас зайлсхийх болон интернэтийн дарамт шахалтад үзүүлэх хариу үйлдэл мөн луйварчдыг таних, интернэт хулгайгаас зайлсхийх зэрэг интернэтийн аюулгүй байдлын зарчмуудыг заалга. Хувь хүмүүст болон гэр бүлүүдэд интернэтийг аюулгүй мөн ухаалгаар хэрэглэхэд нь туслах эх сурвалжуудыг олохын тулд LDS.org сайтыг судалж үзнэ үү. Энэ үйл ажиллагааг дэмжихийн тулд Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын “Үзвэр үйлчилгээ ба мэдээллийн хэрэгсэл” хэсгийг ашиглах талаар бодож үзээрэй.
Онцгой цугларалт руу явган алхах
Зорилго
Сүнсний болон бие махбодын хувьд эрүүл чийрэг байхын чухал болохыг заах.
Тодорхойлолт
Богино явган аялал хийгээд төгсгөлд нь сүнслэг болон бие махбодын хувьд эрүүл чийрэг байх нь хэр чухал болох талаар товчхон онцгой цугларалт хийж төгсгөөрэй. Мөнхийн өсөлт хөгжилд энэ хоёр нь хэрхэн чухал болох тухайд төвлөр. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Бие махбод ба сэтгэл санаааны эрүүл мэнд” хэсэг эсвэл Сургаал ба Гэрээн дэх Мэргэн ухааны үг нь адил төстэй ярилцах сэдвүүд болж өгдөг. Эцэг, эхчүүдийг энэхүү үйл ажиллагаанд оролцоход урь.
Өөрсдийн гэсэн хоолны жорын ном гарга
Зорилго
Эрүүл хоолны жоруудаа хуваалц.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнээс хамгийн дуртай хэдэн хоолны жороо авчрахад урьж, эдгээр жоруудыг нэгтгэж энгийн хоолны ном гарга. Хоол төлөвлөх, бэлтгэх ба хоол хийх үндсэн арга болон сайн шим тэжээлийн талаар ярилц. Боломжтой бол өсвөр үеийнхэн бүр өөрийн жороор хийсэн хоолыг амсуулахаар авчирч болно. Үүнийг өсвөр үеийнхний багуудын дунд тэмцээн болгон явуулж бас болно.
Сэтгэл санааны эрүүл мэндийн талаарх ХҮГ-ийн үзэл баримтлал
Зорилго
Сэтгэл санааны эрүүл мэнддээ санаа тавих Их Эзэний жишгүүд болон энэ нь яагаад чухал болох талаар суралц.
Тодорхойлолт
Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимлын 25-р хуудсан дээрх сэтгэл санааны эрүүл мэндийн талаар унш. Сэтгэл санааны эрүүл мэнддээ санаа тавихын тулд өсвөр үеийнхний өдөр бүр юу хийж байгааг нь мөн энэ нь Их Эзэнд яагаад чухал болох талаар ярилцана уу. Сэтгэл санааны асуудалтай хүмүүст зөвлөгөө өгч байсан туршлагатай хэн нэгнийг ирж өсвөр үеийнхэнд хандан ярихад урь (ХҮГ Гэр бүлийн үйлчлэлийн эсвэл тэдний санал болгосон хүн байж болно). Мөн Цагаатгал болон Их Эзэний Сүнс бидэнд амьдралдаа аз жаргалыг олоход хэрхэн тусалдаг талаар ярилцахад бишопоо уриарай.
Эрүүл хоол хайх
Зорилго
Хоол хүнсний талаар ухаалаг, эрүүл саруул шийдвэрүүдийг гаргаж сур.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэн худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнийхээ шим тэжээлийг хэрхэн олж мэдэж болох талаар ярилц. Орон нутгийн хүнсний дэлгүүр юм уу хүнсний зах руу явж, эрүүл мэндэд хамгийн сайн зүйлсийг худалдаж авах дадлага хийгээрэй. Өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгон хуваарилан, бүлэг бүрээр хамгийн эрүүл хүнсний жагсаалтыг бичүүл. Жагсаалт дээрх хүнсээ олж, тус бүрд нь эрүүл мэндэд хамгийн сайнаас нь сонгохыг тэднээс хүс. Энэ үйл ажиллагааны төгсгөлд зууш болгон идэж болох цөөн хэдэн эрүүл хоол олохыг өсвөр үеийнхнээс хүс. Эрүүл амьдралын хэв маягийг сонгосноор ирэх адислалуудын талаар ярилц.