Нэг ба олон гадасны үйл ажиллагаа
Аароны санваартнуудын аялал
Зорилго
Харилцаа нөхөрлөлийг бий болгож, гэрчлэлээ хүчирхэгжүүлэн, хээр гадаа хөгжилдөх.
Тодорхойлолт
Тойрог бүрийн залуу эрэгтэйчүүдэд зориулан гадасны аялал төлөвлө (энэ нь заримдаа Хиламаны, Алмагийн мөн Сионы аялал гэх мэтчилэн нэрлэгддэг). Энэ нь нэг өдрийн эсвэл хэд хэдэн өдрийн аялал байж болно. Гадасны Аароны санваартнуудын аялал нь гадасны ерөнхийлөгчийн удирдлаган дор төлөвлөгдөж, гадасны залуу эрэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлд эсвэл туслахаар дуудагдсан бусад хүмүүсээр хэрэгжин явагддаг. Гадсууд бас хамтарч ийм үйл ажиллагаанд нэгдэж болно. Эдгээр аялалууд нь зугаатай, сүнслэг болон үйлчлэлд тулгуурласан үйл ажиллагаануудыг тэнцүүхэн багтаасан байх ёстой. Жишээ нь:
-
Зугаатай үйл ажиллагаа нь усанд сэлэх, спортын төрлүүд, ууланд авирах, нум сум харвах эсвэл залуу эрэгтэйчүүдийн хийх дуртай бусад зүйлсийг багтааж болно. Эдгээр үйл ажиллагаануудыг төлөвлөхдөө тойргийнхоо гишүүдийн авьяас, ур чадварын давуу талыг ашиглахад тойргуудыг урамшуулаарай.
-
Сүнслэг үйл ажиллагаанд хувиараа судраас судлах, судар цээжлэх, залуу эрэгтэйчүүдийн удирдлагаар жижиг хэсэг бүлгээрээ хийх ярилцлага, галын дэргэдэх цуглаан, гэрчлэлийн цуглаан, залуу эрэгтэйчүүдийн заах боломжууд зэрэг үйл ажиллагаанууд багтаж болно.
-
Үйлчлэлд тулгуурласан үйл ажиллагаа нь аялалын газрын эргэн тойрныг эсвэл байр баазыг засаж цэвэрлэх, хүмүүнлэгийн тусламжийн хайрцаг цуглуулах, бусдад үйлчлэх ур чадваруудаас суралцах зэргийг багтааж болно.
Тойрог бүр тодорхой тооны үйл ажиллагааг төлөвлөж, хяналт тавихад томилогдож болно. Хийхийг хүсч буй үйл ажиллагааны төрлөөс хамааран аяллын газар эсвэл байр баазыг сонгоорой.
Авьяасаа үзүүлэх тоглолт
Зорилго
Өсвөр үеийнхний авьяасыг магтан алдаршуул.
Тодорхойлолт
Гадасны өсвөр үеийнхний авьяасаа үзүүлэх тоглолотыг төлөвлө. Үйл ажиллагааг төлөвлөж, зохион байгуулахад өсвөр үеийнхнийг оролцуул. Хэд хэдэн төрлийн авьяасыг багтаан, хүмүүсийг ганцаарчлан болон багаараа оролцоход урь. Гадасны Авьяасаа үзүүлэх тоглолтын өмнө тойрог бүр үүнтэй төстэй үйл ажиллагаа хийж, үзүүлбэрүүдээ бэлтгэж болно.
Биеийн тамирын өрсөлдөөнгүй үйл ажиллагаанууд
Зорилго
Өрсөлдөөнгүй орчинд дасгал хийж, нөхөрлөлийг үүсгэ.
Тодорхойлолт
Өрсөлдөөнгүй, энгийн биеийн тамирын үйл ажиллагааг төлөвлө. Өөрсдийн сонирхол дээр үндэслэн үйл ажиллагаа санал болгоход өсвөр үеийнхнийг урамшуул эсвэл дараах саналуудаас ашиглаарай. Энэхүү үйл ажиллагааг ямар нэг том үйлчлэлийн төсөлтэй хэрхэн холбож болох талаар бодож үзээрэй. Жишээлбэл, өсвөр үеийнхэн ууланд авирахын өмнө, авирах газрынхаа орчин тойрны газрыг цэвэрлэж болох юм. Энэ үйл ажиллагааны төгсгөлд үүнд оролцсоноор сурсан сүнслэг хичээлээсээ хуваалцахад өсвөр үеийнхнийг урь (жишээлбэл, та нар ууланд авирах юм бол тэд Бурханы үзэсгэлэнт бүтээлүүдийн талаар мөн тэдгээрийг арчлах үүрэг хариуцлагынхаа талаарх сэтгэгдлээсээ хуваалцаж болох юм).
-
5 км-ийн хөгжилтэй гүйлтийг зохион байгуул.
-
Усанд сэл.
-
Дугуй уна.
-
Ууланд авир.
-
Дугуйт тэшүүрээр эсвэл скэйтбордоор гулга.
Гадаснаас зохион байгуулах бүжиг
Зорилго
Хүмүүстэй харьцсанаар мөн бүжиглэснээр харилцаа нөхөрлөлийг үүсгэ.
Тодорхойлолт
Гадастайгаа юм уу эсвэл бүсийнхээ өөр гадсуудтай хамтран, өсвөр үеийнхэнд зориулсан бүжгийг төлөвлөж, зохион байгуул. Гарын авлага 2 номоос бүжгийн талаар тодорхой удирдамжуудыг үзэж болно; 13.6.6. Бүжгийн нэг хэсэг болгож, өсвөр үеийнхэнд төрөл бүрийн бүжгийг (уламжлалт, соёлын болон түүхэн бүжгүүд гэх мэт) заах хүмүүсийг урих талаар бодож үзээрэй. Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь “Хөгжим ба бүжиг” хэсгийг хуваалцан, ярилцаарай.
Гэрэл зургийн тэмцээн
Зорилго
Гэрэл зургийн урлагтай илүү сайн танилц.
Тодорхойлолт
Тойрог эсвэл салбар бүрд хэн нэгнийг бүтэц байгууламж, гэрэлтүүлэг гэх мэт гэрэл зургийн үндсэн зарчмуудын талаар өсвөр үеийнхэнд заахад урь. Тойрог бүрд сэдэв (эсвэл сэдвүүд) оноож өг. Гадасны үйл ажиллагаанд үзүүлэн болгон тавихад бэлтгэн, тэрхүү сэдэвтээ тохирсон гэрэл зургуудыг авахуул.
Хэд хэдэн ангиллаар шагнал гардуулж болно. Уг үйл ажиллагаа нь сайн мэдээний урианд төвлөрсөн байж болно. Жишээ нь: Тухайн жилийн өсвөр үеийнхний уриа, Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол дахь нэг сэдэв, судрын нэг уриа гэх зэрэг байж болно.
Жүжиг
Зорилго
Авьяасаа хөгжүүлэн, нэгдмэл байдалд хамтдаа өсч хөгж.
Тодорхойлолт
Гадасны гишүүдэд зориулан жүжигт үдшээр үзүүлэх богино хэмжээний жүжгийн үзүүлбэр эсвэл тоглолт бэлтгэхэд өсвөр үеийнхнийг урь. Өсвөр үеийнхэн тойргийнхоо бүлгүүдэд эсвэл бусад бүлгүүдэд хуваагдаж болно. Тэд өөрсдийн бичсэн зохиолоо эсвэл судрын түүхүүдээс үзүүлж болно. Бүлэг дотроо жижиг багуудад хуваагдан төлөвлөх, давтах болон үзүүлэхдээ хамтран ажиллана. Тоглолтод үзүүлэн, хувцас, тайз зэргийг ашиглаж болно. Үйл ажиллагааны дараа Тэнгэрлэг Эцэг яагаад бидэнд авьяас өгдөг талаар мөн Тэрээр биднээс авьяасаа ашиглаж юу хийгээсэй хэмээн хүсдэг талаар ярилц.
Жүжиглэх урлагийн үдэш
Зорилго
Үеийнхнийхээ болон үзэгчдийн өмнө тоглолт хийхэд өөртөө итгэлтэй болох.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгон хуваарилан, бүлэг бүрд уут дүүрэн санамсаргүй сонгосон зүйлсийг өг. Өөрсдөдөө байгаа зүйлүүдийг ашиглан, жүжгийн үзүүлбэр бэлтгэх тодорхой хугацааг тэдэнд өгөөрэй. Тэднийг жүжгийн үзүүлбэрээ бусдын өмнө үзүүлэх эсвэл түүнийхээ бичлэгийг хийн, найз нартайгаа юм уу тойрог, салбарынхантайгаа үзэхэд урь. Хамгийн хөгжилтэй жүжиг үзүүлсэн болон үзүүлэнг хамгийн сайн ашигласан мөн хамгийн бүтээлч гэх мэтээр бүлэг бүрд шагнал өгч болох юм.
Залуу эмэгтэйчүүдийн аялал
Зорилго
Гэрчлэлээ хүчирхэгжүүлэх, Сүнсийг мэдрэх, найзтай болох, үйлчлэх, удирдах болон бусад чадвараа хөгжүүлэх.
Тодорхойлолт
Тойрог бүрийн залуу эмэгтэйчүүдэд зориулан гадасны залуу эмэгтэйчүүдийн аялалыг төлөвлө. Санваарын удирдагчдын зөвлөлд залуу эмэгтэйчүүдийн удирдагчид аялалын туршлагыг утга учиртай болон дурсамжтай байхаар төлөвлөхийн тулд Залуу эмэгтэйчүүдийн аялалын гарын авлага болон Залуу эмэгтэйчүүдийн аялал: Санваарын болон залуу эмэгтэйчүүдийн удирдагчдад зориулсан удирдамж-ийг ашиглана. Санваарын удирдагчид гадас болон тойргийн залуу эмэгтэйчүүдийн туслахуудыг аялалын удирдагчдаар дуудаж болно. Аялалын удирдагчид нь гадасны Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор аялалын хөтөлбөрийг зохиож, хөтлөн явуулна. Тоног төхөөрөмж, тээвэр болон бусад туслалцааг зохицуулахын тулд тэд тойргийн удирдагчидтай болон гадасны үйл ажиллагааны хороотой хамтран ажиллаж болно.
Аялалыг санхүүжүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 10.8.9-ийг үзнэ үү. Аялалын аюулгүй байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Гарын авлага 2,13.6.20 болон Залуу эмэгтэйчүүдийн аялалын гарын авлага-ыг үзнэ үү.
Кино наадам
Зорилго
Түүхийг өгүүлэх талаар сурч мөн видео бүтээлээр сайн мэдээг хуваалцаж сур.
Тодорхойлолт
Сайн мэдээний нэгэн сэдвийг сонгож аваад тойрог юм уу салбар болгоны өсвөр үеийнхнээс энэ сэдвийг сүнслэг байдлаар заах 3–5 минутын видео бичлэг хийхэд урь. Сэдвээ Залуучуудын бат бөх байдлын төлөө товхимол, судраас эсвэл өөрсдийн амьдралаас сонгож болно. Өсвөр үеийнхнийг хамтдаа хийсэн богино хэмжээний видео бичлэгүүдээ үзэхэд урь. Энэ туршлагаас юу сурснаа ярилцахыг тэднээс хүс. Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр видео бичлэгүүдээ найз нөхөдтэйгээ болон бусадтай хуваалцах талаар тэдэнтэй ярилцаарай.
Өсвөр үеийнхний найрал дуу
Зорилго
Сүнсийг мэдэрч мөн ариун дууллуудаар дамжуулан хамтран нэгд.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний найрал дууг бий болгож, хэд хэдэн сүмийн дууллыг эсвэл бусад тохиромжтой дуунуудыг сурах цаг гарга. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажиллаж, өсвөр үеийнхнээр сүмийн цуглаан эсвэл онцгой цугларалт дээр бусдын өмнө дуулах цагийг тохир. Та нар ариун нандин хөгжмийн талаар хуваалцаж болох нийтийн арга хэмжээ зэрэг өөр бусад газруудын талаар бодож үзээрэй.
Өсвөр үеийнхний чуулган
Зорилго
Есүс Христэд итгэх итгэлийг бий болгон, гэрчлэлүүдийг хүчирхэгжүүлэх мөн авьяас чадварыг сайжруулан, шинэ найзуудтай болж, адил итгэл болон жишгүүд бүхий өсвөр үеийнхэнтэй хөгжилдөх.
Тодорхойлолт
14-18 насны залуу эмэгтэйчүүд болон залуу эрэгтэйчүүд нь өсвөр үеийнхний чуулган гэж нэрлэгдэх үйл ажиллагаанд эсвэл цуврал үйл ажиллагаанд хамтдаа оролцохоор уригддаг. Өсвөр үеийнхний чуулган нь гадас эсвэл тойргийн түвшинд жилд нэг удаа явагддаг. Энэ нь түүнчлэн олон гадасны эсвэл бүсийн түвшинд зохиогдож болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн удирдлаган дор гадасны Аароны санваарын– Залуу эмэгтэйчүүдийн хороо нь гадасны өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөж, удирдан явуулна. Гадасны өсвөр үеийнхний чуулганыг төлөвлөхөд өсвөр үеийнхэн уг хороонд аль болох сайн туслах ёстой. Шаардлагатай бол хорооны хуралд өсвөр үеийнхнийг оролцуулахаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөл урьж болно.
Чуулганд зориулан сайн мэдээний уриаг сонго. Энэ уриа нь судар, тухайн жилийн мючелийн уриа эсвэл амьд бошиглогчийн хэлсэн үгээс байж болно. Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл уг уриаг хүлээн зөвшөөрөх ёстой. Уриатай холбогдуулан онцгой болон бүлгийн цуглаан, туршлага суралцах болон үйлчлэлийн зэрэг үйл ажиллагаанууд төлөвлө.
Бишопын эсвэл гадасны ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүдийг чуулгануудад аль болох их оролцуулахаар урих хэрэгтэй. Залуу эрэгтэйчүүд болон Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлийг чуулганд бүхэлд нь оролцуулахаар урамшуулах ёстой.
Өсвөр үеийнхний чуулгантай холбоотой журмуудыг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 13.4-өөс үзнэ үү.
Спортын уралдаан тэмцээн
Зорилго
Спортын үйл явдлуудаар дамжуулан холбоо харилцаа үүсгэ.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхнийг жижиг багаар эсвэл ганцаарчлан оролцох тэмцээн зохион байгуул. Спортын төрлүүдэд хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дожбол эсвэл өөр спорт байж болно. Тойрог бүр нэг баг болоод тэмцээнд ирж болно эсвэл өсвөр үеийнхэн тэмцээн болох өдөр багуудад хуваагдаж болно. Орон нутгийн хүмүүсээр баг бүрдүүлэн, тэмцээнд оролцуулахыг бодож үзээрэй. Спортын үйл ажиллагаандаа мэргэжлийн туршлагатай хүмүүсийг оролцуулснаар оролцсон бүх хүн сайхан туршлагатай болж чадна.
Сүмийн байрыг цэвэрлэ
Зорилго
Онцгойлон адислагдсан байруудад хүндэтгэл, бишрэлтэй ханд.
Тодорхойлолт
Орон нутагтаа байгаа өөр өөр сүмийн барилгуудын хэрэгцээг болон нөхцөл байдлыг ярилц. Тэдгээрийг сайжруулж эсвэл цэвэрлэхийн тулд өсвөр үеийнхэн юу хийж болох талаар төлөвлө. Хэрэв та нар ариун сүмийн ойролцоо амьдардаг бол ариун сүмийн гаднах талбайг хариуцдаг хүмүүстэй уулзаж, ямар нэгэн үйлчлэл хэрэгтэй эсэхийг асуу.Үйлчлэлийн дараа өсвөр үеийнхнээр тоглоом тоглуулж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлэх талаар бодож үзээрэй.
Ур чадваруудаас суралц, дараа нь үйлчил
Зорилго
Үр ашигтай ур чадвараас суралцаж мөн үүнийгээ тусламж хэрэгтэй нэгэнд үйлчлэхдээ ашигла.
Тодорхойлолт
Гадсандаа эсвэл орон нутагтаа өсвөр үеийнхний тусалж болох хэд хэдэн төслийг ол. Эдгээр төслүүдээс олныг хийж дуусгахын тулд тодорхой нэг ур чадварыг сурах шаардлага өсвөр үеийнхэнд гарч болох юм. Өсвөр үеийнхэн орон нутагтаа үйлчлэхээс гадна шинэ ур чадваруудаас суралцаж амьдралынхаа туршид илүү сайнаар үйлчлэх чадвартай болох болно.
Уг төслүүдийг зохион байгуулсны дараа өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгож хуваарилан, бүлэг бүрд уг төслийг дуусгахын тулд хэрэгтэй ур чадварыг заах хэн нэгнийг авчир. Жишээлбэл, сэргээн засварлах төсөл байвал өсвөр үеийнхний зарим нь будахыг, зарим нь хашаа засахыг эсвэл тоосгон хана хэрхэн барихыг сурч болох юм. Түүнчлэн цэцэрлэгт хүрээлэн юм уу олон нийтийн газруудыг засч сайжруулах, сургуулийн хүүхдүүдэд уншиж өгөх, эмнэлэгт өвчтөн эргэх, цус өгөх эсвэл хоол хүнс цуглуулах гэх мэтчилэн өөр бусад төслүүд байж болно.
Хэрвээ гадасны удирдагчид танай хэсэгт хэд хэдэн төсөл байгааг олох юм бол өсвөр үеийнхнийг хэдэн бүлэг болгон хувааж, өөр өөр үйлчлэлийн төслүүдийг гүйцэтгүүлэхээр өөр газрууд руу явуулж болно. Өсвөр үеийнхэнд зориулсан бүжиг хийх эсвэл тоглоом тоглож үйл ажиллагаагаа дуусгаж болно.
Үйлчлэл хийх боломжийг эрж хайх
Зорилго
Бусдад үйлчилж, цагийг хөгжилтэй өнгөрүүл.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхний бүлгүүдэийг хийж болох үйлчлэлийн төслүүдийн жагсаалтаар хангаж, хэр хэцүү байхаас нь шалтгаалан үйлчлэл болгонд оноо тогтоо. Бүлэг бүрд (насанд хүрсэн удирдагчийг дагалдуулан) ойролцоох гэр орон, гудамж эсвэл хөршийн хэсэгт очиж, уг хэсэгт тодорхой хугацааны туршид аль болох олон үйлчлэлийн төслийг гүйцэтгэх даалгавар өг. Жишээлбэл, тэд гудамжны хогийг цэвэрлэж эсвэл хэн нэгний хашааны зэрлэг ургамлыг нь зулгааж болно. Бүх бүлгүүдийг буцаж ирэхэд нь тэдний оноог нь нэмж үзэн, сэтгэгдлээс нь хуваалцуулаарай. Мөн жагсаалт дээр байхгүй үйлчлэлийг үзүүлсэн өсвөр үеийнхэнд илүү нэмэлт оноо өгч болно.
Энэхүү үйл ажиллагааны дараа чуулгын болон ангиудын удирдагчид өсвөр үеийнхнээр удирдуулсан богино ярилцлагыг явуулах талаар бодож үзээрэй. Дараах асуултуудын тухай ярилцах талаар бодож үзээрэй: Үйлчлэл хийж байхад та нарт ямар санагдсан бэ? Та нарын үйлчлэл бусдад хэрхэн нөлөөлсөн бэ? Орон нутагтаа байгаа бусад хүмүүсийн төлөө бид ямар үүрэг хүлээдэг вэ? Бид яагаад үйлчилдэг вэ? (Мозая 2:17-г үзнэ үү.)
Хоол хүнс хүргэх
Зорилго
Өлсгөлөнд нэрвэгдэгсдийг хоол хүнсээр хангах.
Тодорхойлолт
Мууддаггүй хоол хүнс цуглуулан, хүнсний агуулахуудад эсвэл өлсгөлөнд нэрвэгдэгсдэд туслах байгууллагуудад хүргэх ажлыг зохион байгуул. Тэдгээр байгууллагуудтай холбогдон, яг ямар төрлийн хүнс хэрэгцээтэй байгааг нь олж мэд. Матай 25:31–45 дахь шүлгүүдийг авч үзэн хэлэлц. Бид яагаад үйлчилдэг талаар юу зааж байна вэ? Бусдад үйлчлэхэд ямар санагддаг тухай болон үйлчлэл хийснээр яагаад ийм мэдрэмж өгч байгаа талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь.
Христийн мэндэлсний баяраар өгөх нь
Зорилго
Христийн мэндэлсний баярын үеэр гачигдалтай гэр бүлүүдэд туслах нь
Тодорхойлолт
Гачигдалтай гэр бүлүүдэд эсвэл нэг гэр бүлд Христийн мэндэлсний баярын бэлэг болон хоол хүнс өгөөрэй (үүнийг нууцаар үйлдэж болно). Гадас дотроо бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчидтэй хамтран ажиллаж, гачигдалтай байгаа айлуудыг олж, тойргийн сан эсвэл тойргийн гишүүдийн бэлэг авахад зориулан өгсөн хандивын мөнгөнөөс ашиглаарай. Энэ үйл ажиллагааны дараа өсвөр үеийнхнийг энэ үйлчлэлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад урь. Бусдад үйлчлэн, бусдын амьдралыг адисалснаар Христийн мэндэлсний баярын энэхүү мэдрэмжийг жилийн туршид хадгалж болох арга замуудын талаар ярилцаарай.
Хуучны хөгжим ба бүжиг
Зорилго
Өсвөр үеийнхний төрөхөөс өмнөх үеийн бүжиг, хөгжмийг суралцаж, өвөг дээдсийнхээ талаар сурч аваарай.
Тодорхойлолт
Өсвөр үеийнхэнд тэдний сонирхсон нэгэн түүхэн үеийг (жишээлбэл, 1920-иод, 1940-өөд юм уу 1970-аад он гэх мэт) сонгоход нь туслаарай. Чуулга, анги, бүлэг бүрийг тухайн үеийн нэртэй дуу эсвэл бүжгийг сурч, үүнийгээ тойрог, салбарын гишүүд эсвэл орон нутгийнхаа настай хүмүүст үзүүлэхэд урь. Тэр үеийн энгийн хувцас, чимэглэл, үзүүлэнг хэрэглэхийг та хүсч болох юм. Дэлхийн загвар болон сонирхол өөрчлөгдөж болох хэдий ч Их Эзэний жишгүүд үргэлжид байдаг талаар ярилцаарай. Өнөөгийн дэлхийд Их Эзэний жишгүүдийг дагах явцад хөгжилтэй бүжгэнд хэрхэн явж болох талаар хуваалцахад өсвөр үеийнхнийг урь (Залуучуудын бат бөх байдлын төлөө, товхимол дахь “Хөгжим ба бүжиг” хэсгийг үзнэ үү).
Хүмүүнлэгийн үйлчлэл
Зорилго
Гачигдалтай хүмүүст үйлчил.
Тодорхойлолт
Гачигдалтай байгаа хүмүүст тусалдаг бүлгийг олж мэд. Энэ нь ядуус болон гачигдагсан хүмүүст тусламж, халамж үзүүлдэг орон нутгийн сүм эсвэл олон нийтийн байгууллага (бишопын агуулах, орон гэргүй хүмүүсийн хоргодох байр эсвэл өнчин хүүхдийн асрамжийн газар гэх мэт) байж болно, эсвэл дэлхий даяар тусламж үзүүлдэг байгууллага байж болно. Хэрэв энэ нь орон нутгийн бүлэг бол удирддаг хүмүүсээс нь өөрт чинь танилцуулж бас гачигдалтай хүмүүст туслахын тулд тэд юу хийдэг талаар тайлбарлаж өгөхийг хүс. Ямар төслүүдэд өсвөр үеийнхэн тусалж болохыг олж мэдээд хийх үйлчлэлийн төслийг зохион байгуул. Тойрог эсвэл нэгж бүрийг тодорхой нэг арга замаар туслахад нь хэрхэн урьж болохыг бодож үз. Төслийн дараа өсвөр үеийнхэнд зориулан туршлагынх нь тухай бас бид үйлчлэлдээ хэрхэн Христтэй илүү адил болж чадах тухай сэтгэгдлийг нь хуваалцуулахаар гэрчлэлийн цуглааныг зохион явуул.
Шинэ спортод суралцах
Зорилго
Нөхөрсөг тэмцээнд оролцох явцдаа дасгал хийж, харилцаа холбоогоо хүчирхэгжүүлэх,
Тодорхойлолт
Гадасны өсвөр үеийнхэнд шинэ спортын талаар бусдадаа зааж, мэддэг спортоороо ур чадвар сайжруулах талаар заахад өсвөр үеийнхнийг урь. Өөр шашны болон идэвх султай өсвөр үеийнхнийг оролцоход урих талаар анхаар. Доорх санаануудаас заримыг нь ашигла эсвэл өөрсдөө шинэ санаа гарга. Шаардлагатай бол тоглоомыг өөрчилж тохируул, тэгснээрээ бүх түвшний ур чадвар бүхий өсвөр үеийнхэн оролцож чадна. Багаараа хичээллэх болон хөгжилтэй байх хоёрыг хослуулж, энэ хоёрыг амьдрал дээр хэрхэн тэнцвэржүүлж болох тал дээр анхаар (Лук 2:52-ыг үзнэ үү). Өрсөлдөөнтэй нөхцөлд байсан ч нөхөрлөлийн сүнстэй байх арга замуудыг бодож үз.
-
Өсвөр үеийнхнийг 3 багт хуваарилж, баг болгоныг төрөл бүрд нь оролцуулах гурван төрөлт уралдаан (усанд сэлэх, дугуй унах, гүйх) зохио.
-
Дөрвөн хөллөж, хөл бөмбөг тоглох (цээжээ дээш харуулна).
-
Устай бөмбөлгөөр гар бөмбөг тоглох. Өсвөр үеийнхнийг хоёр хоёроор нь хуваарилаад хос бүр том алчуурыг хоёр талаас нь барин, устай бөмбөлгөө торон дээгүүр шидэхэд нөгөө хос нь алчуураараа устай бөмбөлгөө тосож авна.
-
Буухиа уралдаан зохиож, уралдааныг илүү сонирхолтой болгох арга замууд бодож ол. Жишээ нь, Өсвөр үеийнхэн хөлөндөө бөмбөлөг хавчуулж эсвэл амандаа халбагатай өндөг тогтоож мөн ар талаараа мөлхөх гэх мэтээр уралдаж болно.
-
Олс татаж тогло. Хоёр багт хуваагд. Баг бүр олсны хоёр үзүүрээс хоёр тийш, нөгөө багаа тодорхой шугамыг давтал татахыг хичээнэ.