2021
Жулиа Мавимбэла
2021 оны 5, 6-р сар


Газар бүрийн анхдагчид

Жулиа Мавимбэла

Өмнөд АФРИКИЙН олон нийтийн удирдагч

“Бусдыг уучилсан үед л хайр ирнэ.”

Зураг
woman standing in garden

Жулиа духаа арчив. Дараа нь тэр хүрзээ аваад, газраа ухаж эхэллээ. Яг одоо түүний эргэн тойронд дан шороо байгаа ч удахгүй гайхалтай цэцэрлэг бий болно.

Энэ үед Өмнөд Африкийн хар арьстнуудын хувьд хүнд үе байсан. Хууль хар, цагаан арьстнуудыг тусгаарлаж байлаа. Хар арьстан хүмүүсийн ихэнх нь гэр орноо орхиж, цагаан арьстнуудаас хол тодорхой газар нутагт амьдрахаас өөр аргагүй байдалд хүрсэн ба саналаа өгөх ч боломжгүй байв. Жулиагийн амьдардаг байсан хотод хүчирхийлэл гаарч, үүнээс болж сургуулиуд хаагдахад хүрчээ. Заримдаа гадаа гарахад хүртэл аюултай байв.

Гэхдээ Жулиа зүгээр суугаагүй юм. Тэр нийгэмд сайн сайхныг авчрахын тулд ямар нэгэн зүйл хийхийг хүссэн. Ийм учраас л тэр цэцэрлэгжүүлэлтийн ажил эхлүүлсэн.

Хэдэн хүүхэд Жулиагийн ажиллаж байгааг харав. “Бид тусалж болох уу” гэж тэднийг асуухад,

“Мэдээж” гэж Жулиа хариулав. Тэр тэдний хүн тус бүрд хүрз өглөө. Бас тэдэнд хөрсийг хэрхэн суллаж, хогийн ургамлыг ухаж гаргахыг үзүүлэв.

“Гашуун хөрсийг ухаж, хайрын үр цацаж, энэ нь бидэнд ямар үр жимс өгч болохыг үзье” гэж тэр хэллээ. “Бусдыг уучилсан үед л хайр ирнэ.”

Хэдэн долоо хоног өнгөрч, улам олон ургамал ургаж эхлэв. Өөр хүмүүс ч бас ажиллахаар цэцэрлэгт ирж байв. Тэд өндөр ургасан зэрлэгүүдийг сугалан авч, илүү олон үр суулгалаа. Тэд ургамлуудыг усалжээ. Ийм олон хүн тусалж байгааг харахад Жулиад үнэхээр сайхан байлаа.

Нэг өдөр Жулиа хоёр залуутай танилцав. Цагаан арьстан хүмүүс тэдний хорооллоор бараг ирдэггүй байсан тул Жулиа гайхаж байлаа. Тэд өөрсдийгөө номлогчид гэж хэлэв. Тэр тэднийг гэртээ ирж, захиасаа хуваалцахад урьсан юм.

Жулиагийн хүү тэдний ирэх гэж байгааг сонсоод гайхав. “Та яагаад тэднийг урьсан юм бэ? Тэд чинь цагаан арьстнууд шүү дээ. Энэ чинь аюултай” гэж хүү нь хэлэв.

Гэвч Жулиа номлогчдод итгэж байлаа. “Энэ хүмүүс өөр” гэж Жулиа хэлэв. “Тэд амар тайвныг номлож байгаа юм.”

Номлогчдыг ирэхэд Жулиа тэднийг гэртээ урьж оруулав. Тэдний нэг нь ил зуухны тавиур дээрх зургийг ажиглан харж байлаа. Энэ Жулиагийн хуримын зураг байв.

Нэг номлогч зураг руу заан “Энэ хэн бэ?” гэж асуув.

“Миний нөхөр Жонн.” Жулиа доош харан, “Тэр автомашины ослоор нас барсан юм” гэлээ.

Номлогч толгой дохин, “Гэр бүлүүд нас барсныхаа дараа ч мөнхөд хамт байж чадна гэдэгт бид итгэдэг” гэв.

Амар амгалангийн мэдрэмж Жулиаг нөмрөн авлаа. Тэр Бурханы төлөвлөгөөний тухай мэдэж авахдаа баяртай байсан ба номлогчидтой уулзсаар байв. Сайн мэдээг хайрлах хайр Жулиагийн цэцэрлэгийн ургамал шиг түүний зүрх сэтгэлд улам бүр өсөн нэмэгдэв. Тэр удалгүй баптисм хүртэхээр шийджээ.

Жулиа Сүм дээр олон хүнтэй танилцав. Зарим нь хар арьстан байлаа. Зарим нь цагаан арьстан хүмүүс байсан. Гэвч тэд бүгд үйлчлэл хийж, хамтдаа суралцаж байв.

Жулиа сүмийн хүүхдүүдэд цэцэрлэгийнх нь ажилд хэрхэн тусалж болохыг үзүүлэв. “Бидний зүрх сэтгэл энэ хөрс шиг зөөлөн байх ёстой” гэж тэр хэлэв. “Бид өөрсдийнхөө дотор сайн мэдээнд зай гаргах ёстой. Бид хайрлах зай гаргах ёстой.”

Жулиаг баптисм хүртсэнээс хойш арван гурван жилийн дараа Өмнөд Африк дахь хар, цагаан арьстнуудыг тусгаарлаж байсан хуулиуд үйлчлэхээ больсон юм.

Өмнөд Африкт Сүмийн 70000 орчим гишүүн бий.

Өмнөд Африк албан ёсны 11 хэлтэй.

Жулиа Өмнөд Африкт эв нэгдэл, энх тайвныг дэмжих зорилготой Амар тайвны төлөөх эмэгтэйчүүд хэмээх бүлгийг үүсгэн байгуулахад тусалсан.

Тэрээр Өмнөд Африкийн Йоханнесбург ариун сүмийн анхны ажилтнуудын нэг байв.

Жулиа багш байсан. Тэр хүүхдүүдийг цэцэрлэгт нь ажиллаж байх зуур тэдэнд уншихыг зааж өгдөг байв.

Зураг
May 2021 Friend
Зураг
May 2021 Friend

Хэвлэх