2021
Гэрийнхээ гадна түгжигдчихлээ!
2021 оны 5, 6-р сар


Гэрийнхээгадна түгжигдчихлээ!

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Энэ үйл явдал Унгарын Төв Унгарт болсон юм. Зохиогч

Эмма тусалж чадна!

“Сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тавигтун” (Сургаал ба Гэрээ 11:12).

Зураг
girl sitting on steps outside apartment

Эмма явган хүний чулуун замын цуурсан хэсэг дээгүүр харайн гарав. Нарлаг сайхан өдөр байлаа. Эмма ээжтэйгээ хүнсний дэлгүүр явж байлаа.

Ээж ээ, нар хэр хол вэ? гэж тэр асуув.

“Би сайн мэдэхгүй байна” гэж ээж нь хариулав.

Эмма тэнгэр өөд онийж харлаа. “Та пуужин хэзээ нэгэн цагт нар луу хөөрнө гэж бодож байна уу? Нарыг аянганаас илүү халуун гэж та бодож байна уу? Та … гэж бодож байна уу?”

Ээж нь инээмсэглэв. “Чиний асуултууд улам л хэцүү болоод байх юм аа.”

Эмма бас инээлээ. Түүнд маш олон асуулт бий. Ээж нь асуултуудад хариулахаар үргэлж чадах ядахаараа хичээнэ. Тийм ч учраас Эмма ээжтэйгээ хамт алхах дуртай.

Эмма эргэн тойрноо харав. Таксинууд чулуун гудамжаар уруудна. Хүмүүс дугуй унан явцгаана. Олон хүн бас гадаа алхаж байлаа.

Дараа нь Эмма гудамжны цаад талыг харав. Орон сууцны байрны гадна шатан дээр нэг бяцхан охин сууж байв. Тэр уйлж байх шиг.

Эмма аажуухан алхаж эхлэв. Тэр туслахаар очих ёстой юм болов уу? Тэр охин ганцаараа байхыг хүсэж байж магадгүй шүү дээ. Заримдаа Эмма гунигтай байхдаа ганцаараа байхыг хүсдэг.

Эмма зогсов. Эмма өөрт нь тусламж хэрэгтэй үед хэн нэгнийг өөртэйгөө ярилцаасай гэж хүсдэг. Магадгүй тэр тус болж ч мэднэ.

Тэр ээжийнхээ гараас атгалаа. “Ээж ээ, хар даа. Тэр охинд тусламж хэрэгтэй юм шиг байна.

Ээж нь гудамжны нөгөө тал руу харлаа. “Би ч бас тэгж бодож байна.”

Эмма зам хөндлөн гарахдаа ээжийнхээ гараас хөтөлсөн байв. Тэр шатаар өгсөж, охины сууж байсан газар луу очив. “Сайн уу? Чамд тусламж хэрэгтэй юү?”

Бяцхан охин нусаа татан, тэдэн рүү харав. Тэр өвдгөө тэврэн сууж, нүд нь улайж, бүлцийсэн байлаа.

“Би гэрийнхээ гадна түгжигдчихлээ.” Тэр уртаар санаа алдав. Хоолой нь чичирхийлж, аяархан дуугарч байлаа. Түүнийг илүү сайн сонсохын тулд Эмма хажууд нь өвдөглөн суув.

“Би уншиж чадахгүй. Гэртээ буцаж орохын тулд аль товчин дээр дарахыг ч мэдэхгүй” гэж охин хэлэв.

Эмма орон сууцны гадна ханыг харав. Тэнд маш олон жижиг товч байлаа. Товч бүр дээр нэр байв. Товчнуудын дэргэд чанга яригч байв.

“Чиний овог хэн бэ?” гэж Эммаг асуухад

“Шнэйдэр” гэж бяцхан охин хариулав.

Ээж нь “Шнэйдэр” гэсэн бичигтэй товчийг олох хүртэл бүх товчин дээрхийг уншиж үзэж байлаа. Тэр товчийг олж дарлаа.

Базз!

Товч чанга дуугарлаа. Дараа нь чанга яригчаас нэг чимээ гарав.

“Шнэйдэрийнх байна. Би танд яаж туслах вэ?

Ээж нь чанга яригч руу дөхөж ярив. “Сайн уу? Охин бид хоёр гадаа түгжигдчихлээ гэсэн бяцхан охинтой хамт зогсож байна.”

Охин хурдан өндийж, чанга яригч руу гүйн очив. “Ээж ээ, би буцаж орох товчийг олж уншиж чадаагүй, харин энэ хүмүүс надад тусалсан” гэв.

Чанга яригч дээрх хоолой гайхсан шинжтэй “Лэни Би чамайг өрөөндөө байгаа гэж бодсон шүү дээ. Битгий санаа зов. Би яг одоо доошоо буулаа” гэв.

Хэдхэн секундын дараа нэг эмэгтэй гүйн гарч ирлээ. Охин гүйж очин, түүнийг тэврэн авав.

Эмэгтэй Эмма руу эргэн хараад, “Бяцхан Лэнид минь тусалсанд баярлалаа” гэв.

“Туслахад амархан байсан” гээд Эмма инээмсэглэв.

Тэд баяртай гэж гараараа даллаад, буцаад шатаар уруудсан юм. Эммагийн бүх бие халуу дүүгэж байв. Тэр ээжээсээ асуух дахин нэг асуулттай боллоо.

“Тэр охинд туслахад амархан байсан. Тэгсэн мөртлөө яагаад би ийм их баяртай байгаа юм бол?”

Ээж нь Эммагийн гарыг чанга атгалаа. Тэгээд “Ариун Сүнс чамд сайн сонголт хийсэн гэж хэлж байгаа юм” гэв.

Эмма инээмсэглэв. Тэр туслахаар зогссондоо сэтгэл хангалуун байлаа.

Зураг
May 2021 Friend

Хэвлэх