2021
Мали дахь Христийн мэндэлсний баяр
2021 оны 11, 12-р сар


Мали дахь Христийн мэндэлсний баяр

Зохиогч нь АНУ-ын Техас мужид амьдардаг.

Жүдит Есүсийн мэндэлснийг салбарынхантайгаа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байв.

“Тэнгэр элч нарын дуу тэнгэрээс талд сонсогдоно” (Hymns, no. 203).

Church members in Mali singing together

Христийн мэндэлсний баярын өдөр байлаа. Жүдит сүмийн байр руу алхангаа амандаа дуу аялж байв. Тэр ах, эгч хоёртойгоо салбарынхаа Христийн мэндэлсний баярын үдэшлэг рүү явж байв.

Түүний эгч Эстэр инээмсэглээд, “Энэ ‘Тэнгэр элч нарын дуу’ гэдэг дуу мөн үү?” гэж асуув.

“Аанхан! Миний дуртай дуу. Бид өнөөдөр үүнийг дуулна гэж найдаж байна” гээд Жүдит мишээв.

“Би энэ дуунд их дуртай!” гэж түүний ах Дэзирэ нэмж хэллээ. Тэр чангаар “Гл-о-о-о-рия!” гэж дууллаа.

Тэд бүгд инээлдэв. Жүдит салбарынхантайгаа тэмдэглэхийг тэсэн ядан хүлээж байв. Малид Христийн мэндэлсний баярыг маш цөөн хүн тэмдэглэдэг. Африкийн энэ бүсэд ихэнх хүн Есүсийн талаар сайн мэддэггүй. Тэдний хувьд Христийн мэндэлсний баярын өдөр энгийн нэг өдөр шиг өнгөрдөг байсан юм.

Гудамжинд хүмүүс дүүрэн байв. Гудамжны худалдаачид цайвар ногоон тарвас зарж байлаа. Хөгшин, залуугүй хүмүүс толгой дээрээ ваартай ус тавин явна. Нэгэн жаахан хүү тэрэг хөллөсөн илжиг хөтлөн явж байна. Жүдит Исламын шашны өндөр нарийн цамхаг өөд харлаа. Энэ үзэсгэлэнтэй барилга бол исламын шашинтай олон хөршийнх нь шүтэн биширдэг газар байсан.

two sisters and brother walking through street in Mali

Жүдит, Эстэр, Дэзирэ гурав аавынхаа сүмд явдаг байсан юм. Гэвч өнгөрсөн зун тэд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд орсон. Одоо тэд гурвуулаа хамтдаа долоо хоног бүр сүм рүү явдаг. Жүдит Хүүхдийн хэсэгт Есүсийн талаар суралцах дуртай байлаа.

Эцэст нь тэд үдэшлэг дээр очлоо. Салбарын ихэнх гэр бүл аль хэдийн ирсэн байв. Сүмийн ханан дээр проектороор Христийн мэндэлсний баярын видео бичлэг үзүүлж байлаа. Иосеф Мариаг Бетлехэм дундуур илжиг унуулаад хөтлөн явахыг Жүдит үзэв. Хөл хөдөлгөөн ихтэй, шороо бужигнасан гудамжууд Жүдитэд Малиг санагдуулжээ.

Видео бичлэг дууссаны дараа нэг такси ирж зогслоо. Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Валэри эгч бууж ирэв.

“Би хоол авчирлаа!” гэж тэр чанга хэлэв.

Хоолыг тагт руу зөөхөд хүн бүр тусаллаа. Найр болох нь тэр! Төмсний салат, лууван, ногоон шош, шаргал будаа, шарсан тахиа … бүгд маш амттай байв!

“Валэри эгч ээ, маш их баярлалаа” гэж Жүдит хэлэв.

Дараа нь хамгийн жаахан хүүхдүүд нь бөмбөг, хүүхэлдэй, тоглоомон машин авав. Жүдитэд хүрэлцэх хангалттай бэлэг байгаагүй ч тэр үүнийг тоосонгүй. Жаахан хүүхдүүд инээж байхыг харах түүнд сайхан байлаа.

Church members in Mali eating dinner together

Үдэшлэг дуугаар өндөрлөлөө. Хүмүүсийг “Тэнгэр элч нарын дуу”-г дуулахад Жүдит инээмсэглэж байлаа.

Салбарынхан бүгд хамтдаа дуулав. Дуу маш гоё байлаа. Есүс тэр олон жилийн өмнө үнэхээр мэндэлсэн! Дэзирэ, Эстэр хоёртой хамт Түүний талаар мэдэж авсандаа Жүдит ихэд талархаж байлаа. Мөн тэр Түүний мэндэлснийг тэмдэглэсэндээ маш их баяртай байв.

three siblings standing together in beautiful patterned clothes

Эстэр, Жүдит, Дэзирэ нар сүмийнхээ барилгын урд зогсож байгаа нь.

Friend, November 2021 Tier 2

Зургийг Стэф Маршал