Ариун сүмд ороход бэлэн
Энэ түүх Ямайкад болсон юм.
“Би яаж ариун сүмийн эрхийн бичигтэй болох вэ?” гэж Ажан асуулаа.
“Бүх зүйлийг зохистойгоор хийхээ мэд” (Мормон 9:29).
Ажан хаалга тогшихыг сонсоод, нүүр дүүрэн инээмсэглэв. Мадда (ээж) өөрсдийн тохинуулагч ахыг гэр бүлийн онцгой үдэшт бэлтгэхэд туслуулахаар урьсан байв.
Тэр хаалгаа онгойлголоо. “Уаг гуаан, Виллиамс ах аа!” (“Сонин сайхан юу байна даа?”)
“Бүх зүйл ирие!” гэж Виллиамс ах хэлэв. (“Бүх зүйл сайн!”) Тэр өөрийнхөө модноос түүсэн нэг уут манго жимсийг Ажанд өгчээ.
Виллиамс ах буйдан дээр суулаа. Мадда Ажаны охин дүү Данагаас залбирал хэлэхийг хүслээ.
Түүнийг залбирал хэлж дууссаны дараа Виллиамс ах “Энэ жил Ажан 12 нас хүрнэ. Энэ жил яагаад түүний хувьд онцгой жил болж байгааг мэдэх хүн байна уу?” гэв.
Ажаны эрэгтэй дүү Тэхан сэтгэл нь хөдөлсөн аятай найгалаа. “Учир нь тэр санваар авч, ариун ёслол түгээж болно!”
“Яг зөв! Гэхдээ бас нэг шалтгаан бий” гэж Виллиамс ах хэлэв.
Тэр түрийвчээ нээгээд, жижиг цаас гаргаж ирэв. “Энэ бол ариун сүмийн эрхийн бичиг” гэж тэр хэлээд,
Ажанд өгөв.
“Ямар гоё юм бэ!” Ажан картан дээрх алтан ариун сүмийн дээгүүр хуруугаа гүйлгэж үзээд, “Та үүгээр юу хийдэг вэ?” гэж асуулаа.
“Би үүнийг ариун сүмийн хүлээн авагчийн ширээний ард суудаг хүнд үзүүлдэг. Энэ нь намайг ариун сүмд орох зохистой гэдгийг тэдэнд харуулдаг юм.”
“Би хармаар байна!” гээд Дана бичгийг Ажанаас аван, ойртуулж харлаа.
“Хэрэв чи өөрийн гэсэн ариун сүмийн эрхийн бичигтэй байсан бол чамд ямар мэдрэмж төрнө гэж чи бодож байна вэ?” гэж Виллиамс ах асуув.
“Надад онцгой мэдрэмж төрөх байсан!” Ажан картаас нүдээ салган, Виллиамс ах руу харснаа, “Гэхдээ би ариун сүм рүү явж чадах эсэхээ мэдэхгүй байна. Тийшээ явах онгоцны билет худалдаж авахад үнэтэй шүү дээ” гэж хэлэв.
“Би ч гэсэн ариун сүм рүү ойр ойрхон яваад байж чадахгүй. Гэвч миний эрхийн бичиг намайг ариун сүмд ороход үргэлж бэлэн байхыг сануулдаг” гэж Виллиамс ах хэллээ.
Ажан минут хэртэй бодлоо. “Би ч гэсэн бэлэн баймаар байна. Би яаж ариун сүмийн эрхийн бичигтэй болох вэ?” гэж Ажан асуув.
“Чи бишоптой уулзах хэрэгтэй. Тэр бэлэн байгаа эсэхийг чинь мэдэхийн тулд чамаас хэдэн зүйл асуух болно” гэж Виллиамс ах хэлэв.
“Энэ яг шалгалт шиг юм уу?” гэж Ажан сандарсан өнгөөр асуулаа.
“Энгийн харилцан яриа шиг л байх болно. Бишоп бол чиний найз. Тийм болохоор тэр чамайг бэлэн байхад чинь туслахыг хүсдэг” гэж Виллиамс ах хэллээ.
Ажан толгой дохив. Бишоп нь түүнд таалагддаг байв.
“Чи асуултуудыг нь хармаар байна уу?” гээд Виллиамс ах Ажанд хэдэн асуулт бичсэн жижигхэн цаас өгөв. Дана, Тэхан хоёр асуултуудыг мөн харахаар тойрон суув.
Ажан “Дугаар нэг” гээд, “Та Бурхан Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг үү, мөн тэдний талаар гэрчлэлтэй юү?” гэж уншлаа.
Түүний царай гэрэлтэв. Амархан байна шүү. “Тийм!”
Тэр асуултуудыг нэг нэгээр нь үргэлжлүүлэн уншлаа. Мадда, Виллиамс ах хоёр цөөн хэдэн зүйлийн утгыг тайлбарлаж өгөв.
Дараа нь Ажан өөр нэг асуулт уншлаа. “Чи мэргэн ухааны үгийг ойлгож, дагадаг уу?” Тэр хөмсгөө зангидсанаа, “Нэг удаа Д’андрэ намайг гэрт нь байхад дарсны холимог ундаа өгсөн. Гэхдээ би түүнийг нь дахин уумааргүй байна. Энэ нь би ариун сүмийн эрхийн бичиг авч болохгүй гэсэн үг үү?” гэж асуув.
“Мэргэн ухааны үгийг дагана гэдэг нь согтууруулах ундаа уухгүй байна гэсэн үг. Дарсны холимог ундаа дотроо согтууруулах бодис агуулдаг” гэж Виллиамс ах хэлэв. “Гэвч Есүсийн ачаар
чи үргэлж наманчлан, ариун сүмд орохуйц зохистой болж чадна!” гэж Тэхан хэллээ.
“Яг зөв! Дараа нь ариун сүмийн эрхийн бичиг чамд мэргэн ухааны үгийг үргэлжлүүлэн дагахыг мөн ариун сүмд ороход үргэлж бэлэн байхыг сануулна” гэж Виллиамс ах хэлсэн.
Ажан инээмсэглэв. Түүнд хамаагүй илүү сайхан мэдрэмж төрөв.
“Магадгүй би удахгүй нэг л өдөр ариун сүм рүү явах байх. Тэр үе ирэхэд би бэлэн байх болно оо!” гэж Ажан хэллээ.