Ерөнхий чуулган
Нээлтийн захиас
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


4:27

Нээлтийн захиас

Ерөнхий чуулганд мөн Их Эзэний дуу хоолойг сонсох онцгой боломжид тавтай морил.

Дэлхий даяарх хайрт ах, эгч нар болон найзууд аа, би та бүхнийг энэхүү Ерөнхий чуулганд тавтай морилохыг урьж байна. Бид Их Эзэн, Аврагч, Есүс Христийг шүтэн бишрэх хүсэл зоригоороо дэлхий дахинаа нэгэн агуу гэр бүл болон цуглаад байна. Бидэнтэй нэгдэн оролцож байгаад тань баярлалаа!

Өнгөрсөн жил дээд амжилтын номд бүртгэгдэхүйц жил болж өнгөрлөө. Хүн бүр өмнө нь мэддэггүй байсан зүйлсээ сурч мэдсэн нь лавтай. Миний өмнө нь мэддэг байсан зарим зүйл шинэ, сургамжтай арга замаар зүрх сэтгэлд минь хүрсэн.

Жишээ нь: Их Эзэн Өөрийн Сүмийн ажил хэргийг удирдан явуулдаг гэдгийг би баттай мэднэ. Тэрээр “өөрийн ажлыг би өөрөө хийж чадна гэдгийг би [чамд] үзүүлэх болно”1 хэмээн хэлсэн.

Ихэнх тохиолдолд намайг зөвлөхүүдтэйгээ чадах бүхнээ хийсний дараа Тэрээр туйлын хүнд бэрх нөхцөл байдалд асуудлыг зохицуулахыг бид нулимстай нүдээр хардаг. Бид үнэхээр гайхширдаг.

Одоо би Түүний “Болгоогтун, бибээр өөрийн ажлыг зохих цагт нь яаравчлуулах болно”2 хэмээн хэлсэн нь ямар утгатай болохыг илүү сайн ойлгож байна. Тэрээр дэлхий дахиныг хамарсан цар тахлын үеэр хүртэл ажлаа удирдан, яаравчлуулж байсанд би дахин дахин баярладаг.

Хайрт ах, эгч нар аа, Сүмийн бат бөх байдал гишүүдийнхээ хичээл зүтгэл, өсөн нэмэгдсээр байдаг гэрчлэл дээр тогтдог. Гэрчлэл гэр оронд хамгийн сайн хөгждөг. Өнгөрсөн оны турш та бүхнээс олон нь гэр орондоо сайн мэдээнээс суралцахаа эрс нэмэгдүүлсэн. Би та бүхэнд талархаж байна. Мөн хүүхдүүд тань та бүхэнд талархах болно.

Солт Лэйк ариун сүмийн засварын асар том ажил үргэлжилсээр байна. Би ажлынхаа өрөөнөөс ариун сүмийн талбай дээр болж байгаа ажлыг хамгийн ойроос харах боломжтой байдаг.

Ариун сүмийн талбай дээрх барилгын ажил

Ажилчид хөгширсөн модны үндэс, хуучирсан усны хоолой, цахилгааны утас, ус шүүрдэг усан оргилуур зэргийг ухан гаргаж байгааг харахдаа би хүн бүр Аврагчийн тусламжтайгаар өөрсдийн амьдрал дахь тээглэх чулууг авч хаях хэрэгтэй талаар бодож байсан.

Есүс Христийн сайн мэдээ бол наманчлалын сайн мэдээ юм.3 Аврагчийн Цагаатгалын улмаас Түүний сайн мэдээ биднийг үргэлжлүүлэн өөрчлөгдөж, өсөж хөгжин, илүү цэвэр ариун болоход урьдаг. Энэ бол найдвар, эдгэрэл, өсөлт хөгжлийн сайн мэдээ юм. Тиймээс сайн мэдээ нь баяр баяслын захиас билээ. Бидний сүнс урагшлах жижиг алхам бүрд баярлаж байдаг.

Израилын цугларалтын маш чухал нэг хэсэг бол дэлхийг Их Эзэний Хоёр дахь ирэлтэд бэлтгэх үйлсэд туслахад зохистой бөгөөд бэлэн бай хэмээх бидэнд өгсөн зарлиг юм.

Ариун Сүнсний удирдлаган доор удирдагчдынхаа анхааралтай бэлдсэн захиасыг сонсож байхдаа улам зөв зохистой болохын тулд, амьдралаасаа авч хаях хэрэгтэй тээглэх чулууг олж тогтоохын төлөө залбирахад би та нарыг урьж байна.

Ах, эгч нар аа, би та нартаа хайртай. Тэнгэрлэг Эцэг мөн Түүний хайртай Хүү Есүс Христ та нарыг нэг бүрчлэн мэдэж, хайрладаг гэдгийг би гэрчилж байна. Тэд урагш гишгэх алхам бүрд тань туслахад бэлэн байгаа. Ерөнхий чуулганд мөн Их Эзэний дуу хоолойг сонсох онцгой боломжид тавтай морил. Есүс Христийн нэрээр, амен.