Ерөнхий чуулган
Амин чухал яриа
2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Амин чухал яриа

Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. Тохиолдлын хөрвүүлэг бол Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм.

Яагаад бид Хүүхдийн хэсгийг “Primary” буюу “Анхдагч” гэж нэрлэх болсон юм бол гэж та бодож байсан уу? Хэдийгээр энэ нэр бага насандаа хүүхдүүдийн олж авдаг сүнслэг боловсролыг хэлж байгаа ч миний хувьд хүчирхэг үнэнийг бас сануулдаг. Тэнгэрлэг Эцэгийн маань хувьд хүүхдүүд хэзээ ч хоёрдогч байгаагүй бөгөөд үргэлж “анхдагч” нь байсан.1

Бурхан Өөрийнх нь хүүхдүүдийн хувьд тэднийг эрхэмлэн дээдэлж, хүндлэн, хамгаална хэмээн бидэнд итгэл хүлээлгэн өгсөн. Энэ нь байдал хурцдаж, дарамт шахалтад орсон ч бид хэзээ ч тэднийг ямар нэгэн байдлаар бие махбод, үг хэл, сэтгэл санаагаар гэмтээхгүй, харин ч тэднийг эрхэмлэн дээдэлж, хүчирхийлэл гэх хилэнцийн эсрэг тэмцэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэсэн үг. Тэднийг асарч халамжлах нь бидэнд болон Түүний хувьд “анхдагч” асуудал юм.2

Нэг залуухан ээж, аав хоёр гал тогооны ширээнийхээ ард тухайн өдөр болж өнгөрсөн зүйлээ ярьж суув. Цаад талын өрөөнөөс нэг чимээ сонсогдлоо. Ээж нь “Энэ юу байсан бэ?” гэж асуужээ.

Тэд даруй 4 настай хүүгийнх нь өрөөнөөс шуухитнан уйлах дуу гарахыг сонслоо. Тэд коридороор тэвдэн гүйв. Хүү нь орныхоо хажууд, шалан дээр хэвтэж байлаа. Ээж нь хүүгээ өргөж тэврээд, юу болсныг асуухад

хүү “Орноосоо уначихлаа” гэв.

Ээж нь “Яагаад орноосоо уначихав аа?” гэж хэлэхэд

тэр мөрөө өргөн, “Мэдэхгүй. Би орондоо бүрэн лав орж хэвтээгүй бололтой” гэлээ.

Энэ өглөө би “бүрэн лав орох” талаар ярих гэсэн юм. Хүүхдүүдэд Есүс Христийн сайн мэдээнд “бүрэн лав ороход” туслах нь бидэнд олгогдсон давуу эрх, үүрэг хариуцлага билээ. Үүнийг хийхэд хэзээ ч эртдэхгүй.

Хүүхдүүдэд Сатаны нөлөөллөөс хамгаалуулсан ховор нандин, онцгой цаг үе бий. Энэ бол тэдний гэнэн цагаахан, нүгэлгүй байдаг цаг үе юм.3 Энэ бол эцэг эх, хүүхдүүдэд зориулан өгсөн ариун нандин цаг мөч. Хүүхдүүдэд “Бурханы өмнө хариуцлагын насанд хүр[эх]”4 хүртэл нь болон дараа нь үгээр мөн үлгэр жишээгээр заах ёстой.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Залуу хүмүүстэй ажиллах хамгийн агуу боломж бидэнд бий. Хүүхдүүдэд заналт дайснаасаа дархлагдсан байгаа бага балчир үед нь, түүнчлэн амьдралын зовлон бэрхшээлээс болж үнэний үгсийг сонсох нь тэдэнд хэцүү байж болох тэр үеэс бүр өмнө заах нь хамгийн тохиромжтой”5 гэж заасан. Ийн зааж сургах нь тэдэнд бурханлаг мөн чанарыг болон өөрсдийн зорилгыг олоход мөн гэрээний зам дагуу ариун нандин гэрээг байгуулж, ёслолуудыг хүлээн авснаар ирэх баялаг адислалуудаа ухамсарлан ойлгоход тусална.

Бид хүүхдүүдээ жам ёсоороо хөрвөгдөг гээд орхиж болохгүй. Тохиолдлоор хөрвөгдөхийг хүлээж суух нь Есүс Христийн сайн мэдээний зарчим биш юм. Зүгээр л байж байгаад Аврагчтай адилхан болох боломжгүй. Хайрлаж, зааж сурган, гэрчлэхийг туйлын зорилгоо болгох нь балчир наснаасаа эхлэн Ариун Сүнсний нөлөөг мэдрэхэд хүүхдүүдэд тусална. Ариун Сүнс хүүхдүүдийн маань Есүс Христийн тухай гэрчлэл, хөрвөлтөд амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бид “тэд түүний Сүнсийг өөрсөдтэйгөө хамт байлгаж болохын тулд, тэд үргэлж түүнийг сана[асай]”6 хэмээн хүсдэг.

Зураг
Гэр бүлийн яриа

Сүнсийг урин авчрах амин чухал ярианы буюу гэр бүлээрээ Есүс Христийн сайн мэдээний талаар өрнүүлэх ярианы үнэ цэнийг эргэцүүлэн бодоорой. Бид хүүхдүүдтэйгээ ийм яриа өрнүүлснээр “бат бөх суурь дээр, үүний дээр баривал унах аргагүй суурь болох хад[ан]”7 дээр сууриа барихад тэдэнд тусалдаг. Хүүхдүүдээ хүчирхэгжүүлснээр бид гэр бүлээ хүчирхэгжүүлдэг.

Эдгээр амин чухал яриа нь дараах зүйлс рүү хүүхдүүдийг хөтөлнө. Үүнд:

  • Наманчлалын сургаалыг ойлгох

  • Христэд, амьд Бурханы Хүүд итгэлтэй болох

  • Найман нас хүрээд баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах сонголт хийх8

  • Тэрчлэн залбирах, “Их Эзэний өмнө цэх шулуун алхахад хөтөлнө.”9

Аврагч “Тиймийн тул, эдгээр зүйлүүдийг хүүхдүүддээ чөлөөтэй заах зарлигийг би чамд өгч байна”10 хэмээн шавдуулсан. Тэр биднээс юуг чөлөөтэй заа хэмээн хүссэн бэ?

  1. Адамын уналт

  2. Есүс Христийн Цагаатгал

  3. Дахин төрөхийн ач холбогдол11

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон “Эцэг эхчүүдийг хүүхдүүддээ Христэд итгэлтэй байх мөн сүнслэг байдлаар дахин төрөх талаар заах үүргээ үл ойшоох үед чөтгөр баярладаг нь тодорхой”12 гэж хэлсэн.

Эсрэгээрээ, Аврагч биднийг хүүхдүүддээ “сайныг үйлдэхэд хөтөлдөг тэр Сүнсэнд итгэлээ тави[хад]”13 туслаасай хэмээдэг. Ингэхийн тулд бид хүүхдүүдэд хэзээ Сүнсийг мэдэрч байгаагаа таньж мэдэн, ямар үйлдэл Сүнсийг орхин явахад хүргэдгийг ялган таньж сурахад тусалж болно. Ийм учраас тэд наманчилж сурч, Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан гэрэл рүү эргэн ирдэг. Энэ нь сүнслэг байдлын хувьд гуйвшгүй байхад тусалдаг.

Бид үр хүүхдүүдээ аль ч насанд нь, сүнслэг байдлын хувьд гуйвшгүй байхад хөгжилтэй арга замаар тусалж болно. Энэ нь хэт төвөгтэй мөн үүнд хэтэрхий их цаг зарцуулдаг байх шаардлагагүй. Энгийнээр, санаа тавин харилцан ярилцах нь юунд итгэдэг яагаад итгэдгээ олж мэдэхэд хүүхдүүдийг хөтлөх болно. Аяндаа, тогтмол санаа тавин, харилцан ярилцах нь илүү сайн ойлголцож, хариултаа олоход хүргэнэ. Хүүхдүүддээ заах, сонсох мөн нүд рүү нь харж харилцах боломжийг гарын доор байдаг цахим хэрэгслүүдээр орлуулахгүй байцгаая.

Зураг
Ээж охин хоёрын яриа

Жүжигчлэн үзүүлэх нь амин чухал харилцан яриаг өрнүүлэх өөр нэгэн боломж юм. Гэр бүлийн гишүүд буруу сонголт хийхэд уруу татагдаж, шахалтад орж байгаа байдлыг үзүүлж болно. Ийм дасгал хийх нь хүүхдүүдийг хүнд байдалд ороход бэлтгэлтэй, хатуужилтай болгоно. Бид эхлээд дараах нөхцөл байдлуудыг жүжигчилж үзүүлээд, юу хийхийг нь хүүхдүүдээс асууж болно. Тухайлбал:

  • Мэргэн ухааны үгийг зөрчихөд уруу татагдвал

  • Порнографтай тулгарвал

  • Худал хэлж, хулгай хийж, хууран мэхлэхэд уруу татагдвал

  • Итгэл үнэмшил, үнэт зүйлсийг нь үгүйсгэсэн аливаа зүйлийг найзаасаа эсвэл сургуулийн багшаасаа сонссон бол гэх мэт.

Юу хийхээ жүжигчлэн үзүүлж, түүнийгээ ярилцах юм бол хүүхдүүд орчин тойрныхоо дарамтад орох үедээ юу хийхээ мэдэхгүй, бэлтгэлгүй байхын оронд “ёсон бусчуудын бүхий л галт сумнуудыг унтраах боломжтой байх итгэлийн тэрхүү бамбайг гартаа ав[сан]”14 байх болно.

Миний нэг дотнын найз 18 насандаа энэ чухал сургамжийг авсан юм. Америкийн Нэгдсэн Улс, Вьетнам хоёрын хооронд болсон сөргөлдөөний үеэр тэр Нэгдсэн Улсын цэргийн албанд татагджээ. Тэр явган цэрэг болох бэлтгэл ангид хуваарилагдав. Бэлтгэл сургуулилт маш хүнд хүчир байсныг тэр тайлбарлаад, бэлтгэл ангийнхаа ахлах түрүүчийг зэрлэг хэрцгий, араатан шиг авирлаж байсныг дүрслэн ярьсан юм.

Нэгэн өдөр тэр тэдний суманг хар халуунд байлдааны иж бүрэн тоноглолтойгоор уул өөд авируулжээ. Гэнэт ахлах түрүүч нь газар хэвтэж, хөдлөхгүй байхыг тушаав. Тэр ялимгүй хөдлөхийг нь хүртэл ажиглаж байжээ. Хөдлөх л юм бол дараа нь ноцтой шийтгэл хүлээж байв. Сумангийнхан нь аагим халуунд хоёр цаг гаруй тарчилж, даргадаа уурлаж, дургүйцэж байсан ажээ.

Олон сарын дараа найз маань сумангаа удирдан, Вьетнамын ширэнгэн ойгоор ахлан явж байв. Энэ нь бэлтгэл сургуулилт биш, бодит амьдрал дээрх үйл явдал байлаа. Хүрээлэн буй моддын дээрээс буудаж эхлэх нь тэр. Сумангийнхан нь бүгдээрээ үг дуугүй газарт хэвтэв.

Дайсан юуг харж байсан бол? Хөдлөхийг нь л хүлээж байсан. Үл ялиг л хөдлөх юм бол бүгд бууны суманд өртөхөөр байлаа. Найз маань ширэнгэн ойн хөрсөн дээр харанхуй болохыг хүлээн хэдэн цаг хөлсөндөө хутгалдан хөдөлгөөнгүй хэвтэхдээ, бэлтгэл ангид байсан үеэ эргэн бодсоноо хэлсэн юм. Бэлтгэл ангийнхаа ахлах түрүүчийн дасгал сургуулилтад ямар их дургүйцэж байснаа тэр санажээ. Харин яг тэр мөчид тэрээр түүний зааж сургасан зүйлд, энэ ноцтой нөхцөлд хэрхэн бэлдсэнд нь хязгааргүй их баярласан гэдэг. Бэлтгэл ангийн ухаалаг ахлах түрүүч нь найзад маань болон түүний сумангийнханд ид тулааны үед юу хийхээ мэдэх чадварыг суулгаж өгсөн байв. Үнэн хэрэгтээ тэр найзын минь амийг аварсан байлаа.

Сүнслэг байдлын хувьд бид хэрхэн үр хүүхдүүдийнхээ төлөө ийн хийж чадах вэ? Амьдралын тулаанд ханцуй шамлан орохоос нь бүр өмнө бид хэрхэн тэдэнд зааж сургаж, хатуужилтай болгож, бэлтгэхэд өөрсдийгөө бүрэн дайчилж болох вэ?15 Бид хэрхэн тэднийг “бүрэн лав ороход” урьж болох вэ? Бид тэднийг амьдрал гэгч тулааны талбарт цусаа асгаруулахыг нь харахын оронд гэр орныхоо дөрвөн хананы дотор, аюулгүй орчинд сурч, “хөлсөө дуслуулахыг” нь харахыг хүсэхгүй гэж үү?

Эргэн харахад, нөхөр бид хоёр заримдаа Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахад нь хүүхдүүддээ туслахын тулд тэдэнтэй бэлтгэл ангийн ахлах түрүүч шиг л үздэг байжээ. Бошиглогч Иаков “Би та нарын сүнснүүдийн зол жаргалыг хүснэ. Тийм ээ, та нарын төлөө миний зовнил асар их байна; мөн үргэлж ийм байсныг та нар өөрсдөө мэднэ”16 гэж хэлэхдээ, яг энэ мэдрэмжийг илэрхийлсэн бололтой.

Сурч боловсрон, өсөж хөгжихийн хэрээр хүүхдүүдийн итгэл үнэмшил соригдоно. Харин тэд зөв зэр зэмсгээр тоноглогдсон байх юм бол хамгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан байсан ч тэдний итгэл, эр зориг, өөртөө итгэх итгэл өсөн нэмэгдэх болно.

Алма бидэнд “хүүхдүүдийнхээ оюуныг бэлтгэ”17 хэмээн заасан. Бид өсөж буй үеийнхнийгээ ирээдүйн итгэлийг хамгаалагч болгож, “[тэдэнд] өөрсдөдөө үйлдэх эрх чөлөөтэй гэдг[ийг нь сануулж]—үүрдийн үхлийн зам, эс бөгөөс мөнх амьдралын замыг сонгох”18 эрхтэй гэдгийг ойлгоход нь бэлдэж байна. Мөнх амьдралын талаар буруу ташаа ойлгох нь өөрөө буруу зүйл юм гэдгийг хүүхдүүд мэдэх эрхтэй.

Хүүхдүүдтэйгээ өрнүүлэх энгийн боловч амин чухал яриа маань тэдэнд “бүр үхэшгүй байдлын алдар сууд мөнх амьдралыг” хүлээн авахын тулд одооноос “мөнх амьдралын үгсийг эд[лэхэд]”19 тусална.

Хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж, бэлдэхдээ бид тэдэнд сонгох эрхийг нь өгч, бүх зүрх сэтгэлээсээ хайрлаж, Бурханы зарлиг, наманчлалын бэлгийн талаар зааж, ямар ч нөхцөлд, хэзээ ч тэднийг орхидоггүй. Эцсийн эцэст Их Эзэн биднийг ийн хайрладаггүй гэж үү?

Бүгдээрээ хайрт Аврагчаараа дамжуулан “найдварын төгс гэрэлтэй” байж чадна гэдгээ мэдэн, “Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүл[цгээе].”20

Тэр бол үргэлж үүний хариулт нь байх юм гэдгийг би гэрчилж байна. Есүс Христийн ариун нэрээр, амен.

Эх сурвалж

  1. 3 Нифай 17:23–24-ийг үзнэ үү.

  2. Michaelene Grassli, “Behold Your Little Ones,” Ensign, Nov. 1992, 93-ыг үзнэ үү. “Миний хувьд болгоогтун гэдэг нь маш чухал үг юм. Энэ нь зүгээр нэг үзэж хар гэж байгаа юм биш. Их Эзэн нифайчуудад бяцхан үрсээ ‘болгоогтун’ хэмээн зааварлахдаа, хүүхдүүдэд анхаарал тавьж, тэдний талаар бодож, өнөөдрөөс илүү маргаашийг, тэдний мөнхийн боломжийг олж хар хэмээн хэлсэн гэдэгт би итгэдэг.”

    Рассэлл М.Нэлсон, “Listen to Learn,” Ensign, May 1991, 22-ыг үзнэ үү. “Хүүхдүүдийг хүчлэн захирах нь Аврагчийн биш Сатаны арга барил юм. Үгүй ээ, бид хүүхдүүдээ өмчилдөггүй. Эцэг эхийн хувьд эдлэх бидний онцгой эрх бол тэднийг хайрлаж, удирдан чиглүүлж мөн тэднийг жигүүрээ дэлгэн нисэхийг зөвшөөрөх явдал юм.”

  3. Сургаал ба Гэрээ 29:46–47-г үзнэ үү.

  4. Сургаал ба Гэрээ 20:71

  5. Henry B. Eyring, “The Power of Teaching Doctrine,” Liahona, July 1999, 87.

  6. Сургаал ба Гэрээ 20:79

  7. Хиламан 5:12

  8. Сургаал ба Гэрээ 68:25-ыг мөн Итгэлийн тунхаг 1:4-ийг үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 68:28

  10. Мосе 6:58; тодотгол нэмэгдсэн.

  11. Мозая 6:59-ийг мөн Сургаал ба Гэрээ 20:29–31-ийг үзнэ үү.

  12. Д.Тодд Кристоффэрсон, “Гэрлэж, гэр бүлтэй болох шалтгаан,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.

  13. Сургаал ба Гэрээ 11:12–13-ыг мөн Сургаал ба Гэрээ 93-ыг үзнэ үү.

  14. Сургаал ба Гэрээ 27:17; тодотгол нэмэгдсэн; мөн Marion G. Romney, “Home Teaching and Family Home Evening,” Improvement Era, June 1969, 97-г үзнэ үү. “ Бидний дайсан Сатан зөв шударга байдлын тал бүрээс дайран давшилж байна. Түүний зохион байгуулалт сайтай хүчин бол үнэндээ арми юм. Бидний хүүхэд, өсвөр үеийнхэн түүний гол цохилтын бай болдог. Тэд маань хаана ч явсан ёс бус, эрээ цээргүй тархи угаалтад нүдүүлдэг. Хаашаа ч харсан тэднийг зальхай арга замаар хуурч мэхлэн, ариун нандин гэсэн бүх зүйлийг болон зөв шударга зарчмыг устгаж үгүй хийх зорилго бүхий хилэнцтэй тэд тулгардаг. Хэрэв хүүхдүүдээ Сатаны энэхүү дайралтыг сөрөн зогсох чадалтай болгон хүчирхэгжүүлье гэвэл, тэдэнд Их Эзэний зааварласнаар гэрт нь зааж, сургасан байх ёстой.”

  15. Рассэлл М.Нэлсон, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 32-ыг үзнэ үү:

    “Би олон жилийн өмнө анагаахын оюутан байхдаа одоо урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр шаналж буй олон өвчтөнг хардаг байсан. Одоо, өмнө нь тахир дутуу болгож, бүр амь насанд нь хүрдэг байсан өвчний эсрэг хүмүүсийг дархлаажуулах боломжтой болжээ. Дархлаа тогтоох эмнэл зүйн нэг арга бол тарилга юм. Тарилга гэх нэр томьёо маш сонирхолтой. Энэ нь ин буюу ‘дотор’ мөн окюлус буюу ‘нүд’ гэсэн утгатай хоёр латин үгээс гаралтай. Тиймээс инокюлэйт гэсэн үйл үг нь ‘нүдээ дотогшоо оруулах’ буюу хор хөнөөлийг хянах гэсэн шууд утгатай.

    Полиомиелит гэх өвчин нь бие махбодыг тахир дутуу болгож эсвэл бүр хөнөөж болдог. Харин нүгэл гэх өвчин нь сүнсийг тахир дутуу болгож эсвэл хөнөөж ч болдог байх нь. Одоо дархлаажуулах аргаар полиомиелит өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой бол нүглийн хор уршгаас өөр аргаар урьдчилан сэргийлэх шаардлагатай. Эмч нар нүгэл хилэнцийн эсрэг дархлаажуулж чадахгүй. Сүнслэг хамгаалалт зөвхөн Их Эзэнээс, Түүний арга замаар ирдэг. Есүс дархлаажуулахын оронд итгэн үнэмшүүлдэг. Түүний арга замд вакцин хэрэггүй. Энд хүүхдүүдийнх нь мөнхийн сүнсийг хамгаалахын тулд бурханлаг сургаалыг буюу удирдан захирагч ‘доторх нүдийг’ ашигладаг юм.

  16. 2 Нифай 6:3

  17. Aлмa 39:16

  18. 2 Нифай 10:23

  19. Мосе 6:59; тодотгол нэмэгдсэн.

  20. 2 Нифай 31:20