Дэн буудлын өрөө
Христийн амилсны баярын энэ цаг үеэр Есүс Христ биднийг Өөртэй нь адил сайн самари хүн болж, дэн буудлыг нь (Түүний Сүмийг) бүх хүнд хоргодох газар болгоход уриалдаг.
Ах, эгч нар аа, хэдийгээр 20 жилийн өмнө нас барсан ч аавыгаа санах үе надад байдаг. Аавтайгаа дахин уулзах болно гэсэн амлалтыг Христийн амилсны баярын өдөр надад өгдөг.
Намайг Англид магистрантурт сурч байхад аав минь намайг эргэхээр ирсэн юм. Эцэг хүний хувьд гэрээ санаж байгааг маань тэр зүрх сэтгэлээрээ мэдэрсэн байлаа.
Аав маань хоолноос бусад бүх зүйл дээр адал явдалд дуртай хүн байв. Хоолоороо алдартай Францад байхдаа ч гэсэн тэр “Хятад хоолоо идье” гэдэг байж билээ. Сүмийн патриархаар олон жил үйлчилсэн аав минь сүнслэг бөгөөд тун өрөвч сэтгэлтэй нэгэн байсан юм. Нэгэн шөнө түргэний тэрэгний дохиолол Парисаар нэг хангинахад тэр “Гэррит, энэ чинь энэ хотын шархнаас болж буй хашхираан юм шүү дээ” гэж билээ.
Тэр аяллын үеэр би өөр олон шарх харж, хашхирах дууг сонссон юм. Залуухан эмэгтэй жижигхэн түрдэг тэргээр мөхөөлдөс зарж байв. Нэг мөхөөлдөсний торх нь ганцхан халбага мөхөөлдөс орох хэмжээтэй байлаа. Юунаас болсныг би мэдээгүй ч нэг залуу тэр бүсгүйтэй ам зөрөв. Тэр залуу хашхирч, түлхэж, түрдэг тэргийг нь хөмрөн унагааж, мөхөөлдөсний торхнуудыг талаар нэг тараав. Мөхөөлдөсний торхнуудыг нь гутлаараа дэвслэн хагалж байхад би юу ч хийж чадаагүй юм. Бүсгүйн нулимс хацрыг нь даган урсах зуур тэрээр гудамжинд өвдөглөн сууж, мөхөөлдөсний хагарсан торхнуудаа хямгадан түүж байсан нь одоо ч миний нүдэнд харагддаг. Түүний дүр төрх миний санаанаас гардаггүй бөгөөд бид бие биедээ ямар эелдэг бус хандаж, хүйтэн хөндий харьцан, буруу ташаа ойлгож явдгийг сануулдаг.
Бас нэгэн өдөр аав бид хоёр Парисаас холгүй орших Шартрес сүмд очиж билээ. Дэлхийд алдартай сүм хийдийн барилгын мэргэжилтэн Малком Миллэр1 Шартресын өнгөт шилэн гурван цонхыг онцлон заагаад, тэдгээр нь өөр өөрийн гэсэн түүхийг өгүүлдэг гэж хэлж билээ.
Эхний цонх нь Еденийн цэцэрлэгийг орхин явж буй Адам, Ева хоёрыг,
хоёр дахь нь сайн самари хүний сургаалт зүйрлэлийг,
гурав дахь нь Их Эзэний Хоёр дахь ирэлтийг тус тус дүрслэн үзүүлсэн байв.
Хамтад нь харвал тэрхүү өнгөт шилэн цонхнууд бидний мөнхийн аян замыг үзүүлдэг. Тэдгээр нь Түүний дэн буудлын өрөөнд тавтай морилоход бид бүхнийг урьдаг.2
Адам, Ева хоёрын адил бид ч гэсэн Еденийн цэцэрлэгийг орхин; өргөс, халгайд баригдсан дэлхий рүү явж ордог.3
Шороо тоосонд дарагдсан Иерихо хүрэх замд бид зодуулж, шархдаж, өвчин зовлонд нэрвэгддэг.4
Хэдийгээр бид бие биедээ туслах ёстой ч ихэвчлэн ямар нэгэн шалтгаанаар замын нөгөө талд гарч, дэргэдүүр нь явж өнгөрдөг.
Гэхдээ сайн самари хүн биднийг өрөвдөн саатаж, шархыг маань тос, дарсаар боодог. Дарс, тос зэрэг ариун ёслол болон бусад ёслолын бэлгэдэл нь Есүс Христэд сүнслэгээр эдгэрэхэд чиглүүлдэг.5 Сайн самари хүн биднийг илжгэн дээрээ тэгнэн, зарим зурагт дүрсэлсэнчлэн нуруун дээрээ үүрэн явдаг. Тэр биднийг дэн буудалд буюу Түүний Сүмд авчирч өгдөг. Дэн буудалд ирээд, сайн самари хүн “Түүнийг асарч байгаарай. … би буцахдаа танд дахин төлье”6 хэмээн хэлдэг. Аврагчийн маань бэлгэдэл болох сайн самари хүн энэ удаа эргэж ирэхдээ сүр жавхлан, алдар суутай ирнэ.
Христийн амилсны баярын энэ цаг үеэр Есүс Христ биднийг Өөртэй нь адил сайн самари хүн болж, дэн буудлыг нь (Түүний Сүмийг) бүх хүнд амьдралын шарх, шуурганаас хоргодох газар болгоход уриалдаг.7 Бид өдөр бүр “дорд нэгэнд”8 хандахдаа, Түүнд ханддагийн адил хандсанаар амласан Хоёр дахь ирэлтэд нь өөрсдийгөө бэлддэг. “Дорд нэгэн” гэдэг нь бидний хүн нэг бүрийг хэлж байгаа юм.
Бид сайн самари хүнтэй хамт дэн буудалд ирснээр, Есүс Христийн болон өөрсдийн талаар таван зүйлийг сурч мэддэг.
Нэгдүгээрт, бид алдаа дутагдал, төгс бус байдалтайгаа хамт дэн буудалд өөрсдийн үнэн дүр төрхөөрөө ирдэг. Гэвч бид бүгдэд хувь нэмэр оруулах зүйл байдаг. Бурхан руу хүрч очих аян замдаа бид ихэвчлэн хамтдаа гардаг. Бид цар тахал, салхи шуурга, гал түймэр, ган гачгийн эсрэг тулалдахдаа, аль эсвэл өдөр тутмын хэрэгцээг үг дуугүй хангахдаа нэгдмэл нэг бие болж оролцдог. Бид эгч нарыг оролцуулан хамтдаа зөвлөлдөж, нэг нэгнийхээ болон Сүнсний дуу хоолойг сонссоноор сүнслэг өдөөлтийг хүлээн авдаг.
Зүрх сэтгэл маань өөрчлөгдөж, Түүний дүр төрхийг өөр дээрээ хүлээн авахын9 хэрээр бид Түүнийг болон өөрсдийгөө Түүний Сүмд байгаагаар хардаг. Түүн дотор байснаар бид үл ойлголцлыг бус, харин тодорхой байдлыг олдог. Түүн дотор байснаар бид сайныг үйлдэх, сайн хүн байх учир шалтгааныг олж, илүү сайн болох чадавхаа өсгөн нэмэгдүүлдэг. Түүн дотор байснаар бид гуйвшгүй итгэлийг олж нээн, амин хувиа хичээхээ больж, бусдад санаа тавьж, Түүнд итгэн найдаж сурдаг. Түүний дэн буудалд бид өөрсдийн Эцэг Бурхантай мөн Есүс Христтэй хувийн харилцаа тогтоож, гүнзгийрүүлдэг.
Тэрээр биднийг дэн буудлыг Түүний хүссэн газар болгоход тусална гэж найддаг. Өөрсдийн авьяас чадвар, бүхий л хүч чадлыг өргөл болгоход Түүний сүнслэг бэлгүүд10 биднийг мөн адил хүчирхэгжүүлэн адислах болно.
Испани хэлний хэлмэрч нэгэн итгэлтэй ах надад “Ахлагч Гонг, таны юу хэлэх гэж байгааг би Сүнсээр мэдэж байсан тул хэлний бэлгээр дамжуулан орчуулж чадсан” гэж хэлж билээ.
Итгэл, баталгааны бэлэг өөр өөр нөхцөл байдалд өөр өөрөөр ирдэг. Нөхөр нь КОВИД-19-өөр нас барахад нэгэн сайхан эгч сүнслэг тайтгарлыг хүлээн авсан. Тэр “Би хайртай нөхөртэйгөө дахин хамт байх болно гэдгээ мэднэ” гэж хэлсэн юм. КОВИД-ын ондоо нөхцөл байдалд өөр нэгэн эгч “Надад нөхрийнхөө амьд явах насыг бага ч гэсэн уртасгаж өгөхийг Их Эзэнээс болон эмч нараас гуйх бодол орж ирсэн” гэж хэлж билээ.
Хоёрдугаарт, Тэрээр дэн буудлыг нь ач ивээлээр бялхсан, бүгд хамтдаа цуглардаг, хүн бүрийг багтаах орон зайтай газар болгоосой хэмээн биднээс хүсдэг. Есүс Христийн шавь нарын хувьд бид тэгш эрхтэй бөгөөд хоёрдугаар зэрэглэлийн бүлэг гэж үгүй билээ.
Бид ариун ёслолын болон ням гаргийн бусад цуглаанд, мөн олон нийтийн арга хэмжээнд чөлөөтэй оролцож болно.11 Бид Аврагчаа шүтэн биширч, бие биенээ бодож, анхаарал халамж тавьж, хүн нэг бүрийг хэн болохыг нь олж харж, байгаагаар нь хүлээн авдаг. Бид инээмсэглэж; шинэ хөрвөгч, Сүмдээ эргэж ирсэн ах, эгч, залуу эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хэсгийн хонгорхон хүүхэд гээд ганцаараа сууж байгаа хүмүүсийн дэргэд сууж, нэрийг нь мэдэж авдаг.
Бид найз нөхөд, зочид, шинээр нүүж ирсэн хүмүүс, ажил үүрэгтээ дарагдсан завгүй хүмүүсийн оронд өөрсдийгөө тавьж, тэднийг халуун дотноор угтан авдаг. Бид бие биенийхээ төлөө уйлж гашуудан, баярлан хөөрч, дэргэд нь хамт байдаг. Бид туйлын зорилгодоо хүрч чадахгүй түргэдэж, мэдлэг дутаж, бусдыг шүүж, гадуурхах юм бол бие биенээсээ уучлалт гуйж, алдаагаа засдаг.
Одоо Нэгдсэн Улсад амьдардаг Африкаас ирсэн нэгэн гэр бүл “Анх орж ирсэн мөчөөс эхлэн Сүмийн гишүүд биднийг нөхөрсөг, халуун дулаанаар угтан авсан. Хүн бүр бидэнд гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрүүлсэн. Хэн ч биднийг доорд үзээгүй” гэж хэлж билээ. Аав нь “Ариун Библид сайн мэдээний үр жимс сайн мэдээний үндэснээс ургадаг гэж заадаг. Номлогчид мөн үүнийг заадаг” гэхэд, “Хүү, охин хоёр маань тэр номлогчид шиг болж өсөөсэй гэж бид хүсдэг” гэж ээж, аав хоёр нь хоёулаа хэлсэн юм. Ах, эгч нар аа, бид бүх хүнийг Түүний дэн буудалд халуун дулаанаар угтан авах болтугай.
Гуравдугаарт, Түүний дэн буудалд бид төгс байдал бол дэлхийнхний тавьдаг өндөр шаардлагад бус, харин Есүс Христэд оршдог гэдгийг мэдэж авдаг. Худал хуурмаг, бодит бус, дэлхийн шүүлтүүр бүхий “инстаграмын төгс байдал” биднийг шаардлагад нийцэхгүй хэмээн бодогдуулж, хэн нэгэн лайк дарах нь уу үгүй юү гэж хүлээж суухад хүргэдэг. Харин эсрэгээрээ, Аврагч Есүс Христ бусдад дэлгэхийг хүсдэггүй бүх нууцыг маань мэддэг ч гэсэн биднийг хайрласаар байдаг. Түүний сайн мэдээ бол Түүний гэтэлгэгч золиосоор боломжтой болсон хоёр дахь, гурав дахь боломж оршдог талаарх сайн мэдээ юм.12 Бид Түүний зарлигуудыг илүү бүрэн дүүрнээр сахихыг хичээх үедээ Тэр хүн нэг бүрийг сайн самари хүн байж, өөрийгөө болон бусдыг арай бага шүүмжилдэг, илүү их уучилдаг байгаасай хэмээн хүсдэг.
Бид нэг нэгэндээ тусалснаар өөртөө тусалдаг. Миний таних нэгэн гэр бүл хөл хөдөлгөөн ихтэй замд ойр амьдардаг байлаа. Аялж яваа хүмүүс ихэвчлэн тэднийд очиж тусламж хүсдэг байв. Нэгэн шөнө хаалгыг нь балбах чимээг тэд гэр бүлээрээ сонсжээ. Ядарч, санаа зовсон тэд шөнийн 2 цагт хэн ирдэг билээ, ганц удаа ч гэсэн өөр хүн тусалчихдаггүй юм байх даа гэж бодов. Хаалга тасралтгүй тогшсоор, “Гал гарлаа. Байшингийн чинь ард гал гарч байна” гэхийг тэд сонсжээ. Сайн самари хүмүүс бие биедээ тусалдаг.
Дөрөвдүгээрт, Түүний дэн буудалд бид Есүс Христэд төвлөрсөн, түүнчлэн сэргээгдсэн үнэнд болон амьд бошиглогч, төлөөлөгчдөд мөн Есүс Христийн бас нэгэн гэрч болох Мормоны Номд зангуугаа тавьсан, сайн мэдээг дагадаг нэгэн хамт олны хэсэг болдог. Тэрээр биднийг Өөрийн дэн буудалд мөн Өөрийн өргөө болох ариун сүмд авчирдаг. Их Эзэний өргөө бол Иерихо орох замд зодуулсан хүнд хандсантай нэгэн адил самари хүн бидний шархыг цэвэрлэж, хувцаслан, Бурханы оршихуйд эргэн очиход бэлдэж, Бурханы гэр бүлд мөнхөд нэгтгэдэг газар юм. Түүний ариун сүмийн үүд хаалга сайн мэдээг нь итгэлтэй бөгөөд дуулгавартай дагаж амьдардаг бүх хүнд нээлттэй.
Ариун сүмийн баяр баясгаланд олон янзын өв уламжлал, соёл иргэншил, хэл яриа болон олон үе удмын хүмүүс сайн мэдээнд эвлэлдэн нэгдэх явдал ордог. Ютагийн Тэйлорсвилл ариун сүмийн шав тавих ёслолд 17 настай Макс Харкэр элэнц өвөг эцэг Жөүсэф Харкэр, түүний эхнэр Сюзанна Снийт хоёроор эхэлж, зургаан үе дамжсан гэр бүлийнхээ итгэлийн өвөөс хуваалцсан юм. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд бидний хүн нэг бүр гэр бүлээ хойч үетэйгээ холбодог бат бөх холбоос нь болж чадна.
Эцэст нь буюу тавдугаарт, Бурхан янз бүрийн үндэстэн, ястан, хэлтэн, өөр өөр гарал үүсэлтэй, өөр өөр нөхцөл байдалд амьдардаг хүүхдүүдээ хайрладаг бөгөөд Өөрийн дэн буудалд өрөө гаргадагт бид баясдаг.
Сүүлийн 40 жилийн хугацаанд, Сүмийн гишүүдийн тоо олон улсад асар ихээр өсөн нэмэгдсэн. Олон улсад амьдардаг Сүмийн гишүүдийн тоо 1998 оноос хойш АНУ болон Канадад амьдардаг гишүүдийн тооноос давсан. 2025 он гэхэд, Латин Америкт амьдардаг гишүүдийн тоо АНУ болон Канадад амьдардаг гишүүдийн тоотой тэнцэнэ гэж бид тооцоолж байна. Эцэг Лихайн итгэлтэй үр удмынхны цугларалт бол бошиглолын биелэл юм. Итгэлтэй гэгээнтнүүд, ялангуяа анхдагчдын өлгий нутгийн гишүүд дэлхий даяарх Сүмийн итгэл, үйлчлэлийн ундарга хэвээрээ.
Түүнчлэн, насанд хүрсэн Сүмийн гишүүдийн дийлэнх нь гэрлээгүй, бэлэвсэрсэн, эсвэл салсан байна. Энэ бол маш том, нөлөө бүхий өөрчлөлт юм. Үүнд халамжийн нийгэмлэгийн эгч нарын маань талаас илүү нь, мөн насанд хүрсэн санваартан ах нарын маань талаас илүү нь тус тус багтаж байна. Хүн ам зүйн энэхүү дүр зураг дэлхий даяарх Сүмд 1992 оноос хойш, харин Нэгдсэн Улс, Канад хоёрт 2019 оноос хойш ажиглагдах болсон.
Их Эзэний өмнө болон Түүний Сүмд эзлэх бидний байр суурь гэрлэлттэй биш, харин шавь байхтай буюу Есүс Христийн талаарх гэрчлэлдээ үнэнч байхтай холбоотой.13 Насанд хүрэгчид өөрсдөд нь насанд хүрсэн хүмүүс шиг хандахыг хүсэж, өөрсдөө ч насанд хүрсэн мэт хариуцлагатай байж, хувь нэмэр оруулахыг хүсдэг. Есүс Христийн шавь нар дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг, янз бүрийн хэлбэр, хэмжээ, арьсны өнгө, настай, бүгд итгэлтэй, зөв хүсэл эрмэлзэл, авьяас чадвартай бөгөөд адисалж, үйлчлэх хэмжээлшгүй чадавхтай хүмүүсээс бүрддэг. Бид наманчлалд хүргэх итгэлтэйгээр 14 Есүс Христийг дагахыг өдөр бүр эрэлхийлдэг.
Энэ амьдралын туршид заримдаа бид Их Эзэнийг хүлээдэг. Бид ирээдүйд хүрнэ гэж найдаж, хүсэж байгаа газартаа хараахан очоогүй байж болох юм. Нэгэн итгэлтэй гишүүн “Их Эзэний адислалыг итгэлтэйгээр хүлээн суух нь ариун нандин хэрэг юм. Үүнийг өрөвдмөөр, доорд зүйл гэж үзэн, шүүмжлэхийн оронд ариун явдал гэж үзэн эрхэмлэн дээдлэх ёстой” гэжээ. Тэр хооронд бид амьдрал эхлэхийг хүлээж суухын оронд өнөөдрөөрөө амьдрах хэрэгтэй.
Исаиа “Эзэнд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана, алхлаа эс цуцна”16 хэмээн амласан.
Бидний сайн Самари хүн эргэж ирэхээ амласан. Түүний адилаар бид нэг нэгнээ халамжлах үед гайхамшгууд тохиодог. Биднийг гэмшсэн сэтгэл харууссан зүрхтэйгээр ирэхэд17 бид Есүс Христэд дуу хоолойг олж, Түүний аюулгүй мутраар хүрээлэгдэнэ.18 Ариун нандин ёслолууд нь гэрээнд хамааралтай байхыг мөн дотоод хүсэл зориг, гаднах үйлдлийг ариусгах “бурханлиг чанарын хүч[ийг]”19 санал болгодог. Түүний хайраар дүүрэн нинжин сэтгэл, тэвчээрийн ачаар Түүний Сүм бидний дэн буудал болдог.
Түүний дэн буудалд өөрийн гэсэн өрөөтэй болоход сайн самари хүн маань шороо тоостой мөнх бус амьдралын замд биднийг эдгээж чадна. Бидний Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр төгс хайраар “энэ дэлхийд амар амгаланг хийгээд ирэх дэлхийд мөнх амьдралыг” амласан бөгөөд 20 миний байдаг тэнд та нар тэрчлэн байж болохын тулд21 хэмээсэн. Би үүнийг Есүс Христийн ариун нандин нэрээр талархалтайгаар гэрчилж байна, амен.