Есүс Христ: Бодгалиудын маань Халамжлагч
Бид нүглээ чин сэтгэлээсээ наманчилснаар Христийн цагаатгах золиосыг өөрсдийн амьдралд бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг олгодог.
Хүндэт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын энэ гэрэл цацарсан өглөө хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гайхамшигт, сүрлэг, хэмжээлшгүй том үйл хэрэг болох бидний Их Эзэн Есүс Христийн цагаатгах золиосыг дурсан санаж байгаадаа зүрх сэтгэл минь баяртай байна. Бошиглогч Исаиагийн хэлсэн гайхалтай үгс Аврагчийн амиа үл бодсон агуу хүлцэнгүй байдлыг болон Бурханы бүх хүүхдийн өмнөөс гаргасан золиосыг өргөмжилдөг.
“Үнэхээр Тэр бидний сул дорой байдлыг тээж, өвчин зовлонг маань үүрчээ. Гэтэл бид Түүнийг Бурханд зодуулж, цохиулж, зовсон гэж л тооцжээ.
Гэвч гэмт үйлдлийн маань улмаас Тэр хатгагдан хилэнцийн маань улмаас Тэр бяцарч авай. Амар тайвны маань төлөө Түүн дээр гэсгээл байж, шархаар нь бид эдгэр[сэн].”1
Сайн дураараа бүх хүн төрөлхтний гэм нүглийг үүрч, хэрцгийгээр загалмай дээр хадуулж мөн гурав дахь өдрөө үхлийг ялан дийлснээр2 Есүс Израилд эртнээс бий болсон Алгасал баярын ёслолыг илүү нандин утга учиртай болгосон.3 Бошиглолыг гүйцэлдүүлэн, Их Эзэн Өөрийн бие мөн үнэт цусыг агуу бөгөөд сүүлчийн золиос болгон өргөснөөр4 Алгасал баярыг тэмдэглэхэд ашигладаг байсан уламжлалт бэлгэдлүүд биеллээ олжээ.5 Ингэхдээ Христ хүний оюун ухаан ойлгохын аргагүй бие махбодын болон оюун санааны зовлонг амссан билээ. Аврагч Өөрөө ийнхүү хэлсэн юм.
“Учрыг болгоогтун, … Бурхан бибээр бүхний төлөө эдгээр зүйлүүдийг амссан билээ;
Бүр бүхнээс хамгийн агуу Бурхан намайг өвдөхийн улмаас дагжин чичрэх, мөн сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн тэрхүү зовлон нь—мөн намайг тэрхүү гашуун аяганаас уухгүй, мөн айснаас эргэн буцахад хүргэж болохоор байсан билээ—
Гэсэн хэдий ч, алдар суу нь Эцэгт байх болтугай, мөн бибээр хүртэж мөн хүмүүний үрсийн төлөө өөрийн бэлтгэлүүдийг дуусгасан билээ.”6
Христ Өөрийн хязгааргүй бөгөөд нигүүлсэнгүй золиосоор дамжуулан Эцэгийн хүслийг7 ач ивээлээр гүйцэлдүүлсэн. Тэрээр Уналтаар дамжуулан дэлхийд ирж,9 бие махбодын болон сүнслэг үхлийн хатгалтыг даван туулснаар8 мөнхийн авралын алдар суут боломжийг бидэнд санал болгосон юм.10
Есүс бол бидний төлөө энэ мөнхийн бөгөөд төгс золиосыг ухамсарлаж чадах цорын ганц Хүн байсан.11 Тэр дэлхий байгуулагдахаас ч өмнө Тэнгэр дэх Их Зөвлөлд сонгогдож, урьдчилан томилогдсон.12 Мөн Тэрээр мөнх бус эмэгтэйгээс төрснөөр бие махбодын үхлийг өвлөж авсан боловч Эцэгийн Төрсөн Ганцын хувьд Бурханаас Өөрийн амийг өгч, буцааж авах хүчийг өвлөсөн юм.13 Нэмж дурдахад, Христ ямар ч өөгүй төгс амьдралаар амьдарсан бөгөөд бурханлаг шударга ёсны шаардлагаас ангид байсан.14 Бошиглогч Иосеф Смит:
“Есүс Христийн зуучлалгүйгээр дэлхий аврагдах боломжгүй.
Бурхан … Их Эзэний оршихуйд эргэн очих үүд хаалгыг нээхийн тулд … цаг нь болоход Хүүгээ илгээж бэлэг барих золиослолыг бэлтгэсэн билээ”15 гэж зарим нөхцөл байдалд зааж байсан.
Аврагч Өөрийн золиосоор дамжуулан бие махбодын үхлийн үр дагаврыг ямар ч болзолгүйгээр арилгасан ч16 үйлдсэн нүглээ наманчлах хувийн үүрэг хариуцлагыг маань аваагүй юм.17 Харин Тэрээр Мөнхийн Эцэгтэйгээ эвлэрэх, хайраар дүүрэн урилгыг бидэнд санал болгосон. Есүс Христээр болон Түүний цагаатгах золиосоор дамжуулан бид шинэ хандлага төлөвшүүлснээр Бурханд болон амьдралд ерөнхийд нь хандах оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг бий болгож чадна.18 Бид гэм нүглээ чин сэтгэлээсээ наманчилж, зүрх сэтгэл, хүсэл зоригоо Бурханд болон Түүний зарлигуудад хандуулсан үед Түүний өршөөлийг хүлээн авч, Ариун Сүнсний нөлөөг илүү ихээр мэдрэх болно. Аз болоход, бид Аврагчийн амссан зовлонг туулахгүй байж болно.19
Наманчлалын бэлэг бол Бурханы хүүхдүүддээ хандаж буй сайхан сэтгэлийн илэрхийлэл бөгөөд бидэнд гэм нүглээ даван туулахад туслах Түүний зүйрлэшгүй хүч чадлын илрэл. Энэ нь мөн хайраар дүүрэн Эцэг маань бидний мөнх бус амьдрал дахь сул дорой байдалд тэвчээртэй, хүлээцтэй ханддагийн нотолгоо юм. Бидний хайрт бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон энэ бэлэг бол “сэтгэл санааны хувьд аз жаргал, амар амгаланг мэдрэх гол түлхүүр билээ”20 гэж хэлсэн.
Хайрт найзууд аа, бид нүглээ чин сэтгэлээсээ наманчилснаар,21 Христийн цагаатгах золиосыг өөрсдийн амьдралд бүрэн дүүрэн хэрэгжих боломжийг олгодог22 гэдгийг би та нарт гэрчилж байна. Бид нүглийн боолчлолоос чөлөөлөгдөж, дэлхийн аялалдаа баяр баясгаланг олж, Есүс Христэд итгэн, Түүнд ирэх бүх хүнд дэлхийн үүслээс бэлтгэгдсэн мөнхийн авралыг хүлээн авах боломжтой болно.23
Аврагч авралын гайхалтай бэлгээс гадна мөнх бус амьдралын зовлон зүдүүр, уруу таталт, сул талтай нүүр тулахад, тухайлбал одоогийн цар тахлаас болж бидэнд үүсээд байгаа нөхцөл байдлуудыг даван туулахад биднийг тайтгаруулж мөн тайвшруулдаг. Христ мөнх бус амьдралд бидэнд тулгардаг саад бэрхшээлийг үргэлж мэддэг гэдгийг би баталж чадна. Тэрээр бүх гашуун зовлон, шаналал, бие махбодын өвдөлт, бидэнд тулгардаг сэтгэл санааны болон сүнслэг саад бэрхшээлийг ойлгодог. Аврагчийн сэтгэл нигүүлслээр дүүрэн бөгөөд Тэр бидэнд туслахад үргэлж бэлэн байдаг. Тэр бидний сул дорой байдлын зовиур шаналгааг биечлэн мэдэрч, Өөрийн махан бие дээр авсан тул энэ нь боломжтой болсон.24
Тэр номхон даруу зан, зүрх сэтгэлийн даруу байдалд бүхнээс доош бууж мөн бидний гэм буруу, ёс бусын улмаас шархдан, хүмүүст дорд үзэгдэж, гологдон, доромжлуулахыг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр дэлхийн нүглүүдийг үүрч, бүх хүн төрөлхтний төлөө энэ бүхнийг тэвчсэн25 мөн Тэр эцсийн эцэст бидний сүнслэг халамжлагч болсон билээ.
Бид Түүний сүнслэг халамжид өөрсдийгөө даатгаж, Түүнд ойртох тусам Түүний амархан буулгыг болон Түүний хөнгөн ачааг өөрсөд дээрээ авч, амлагдсан тайтгарал, амралтыг олох болно. Цаашлаад бид Түүний тусламж, анагаах хүчгүйгээр тэвчихэд туйлын хэцүү байх байсан амьдралын бэрхшээл, сул тал, уй гашууг даван туулахын тулд өөрсдөдөө хэрэгтэй хүч чадлыг хүлээн авах болно.26 “Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг түшин тэтгэнэ”27 хэмээн судрууд бидэнд заадаг. “Мөн тэгээд [Түүний] Хүүгийн баяслаар [бидэнд] үүрэг [маань] хөнгөн байж болохыг Бурхан соёрхох болтугай.”28
Өнгөрсөн оны сүүлээр би Их Эзэнд итгэдэг Марио, Рэжина Эмэрик гэх нэгэн эрхэм хосыг COVID-19-ийн хүндрэлийн улмаас нэг нэгнээсээ дөрвөн хоногийн зайтай нас нөгчсөнийг олж мэдсэн юм.
Одоо Бразилд бишопоор үйлчилж байгаа тэдний хөвгүүдийн нэг нь надад ийн ярьж билээ. “Эцэг эхээ энэ ертөнцөөс ийм байдалтай одохыг харах маш хэцүү байсан ч би өөрийн ойлголтоос давсан хүч чадал, амар амгаланг олж авсан тул тэр эмгэнэлт явдлын дунд Их Эзэний мутрыг амьдралдаа маш тодорхой мэдэрч чадсан. Есүс Христэд болон Түүний Цагаатгалд итгэх итгэлээр дамжуулан гэр бүлийнхнээ болон энэ хүнд үед бидэнд тусалсан хүмүүсийг хүчирхэгжүүлж, тайтгаруулах бурханлаг тусламжийг би хүлээн авсан. Хэдийгээр хүн бүрийн хүсэн хүлээж байсан гайхамшиг тохиогоогүй ч би өөрийн болон гэр бүлийнхнийхээ амьдралд тохиолдсон өөр олон гайхамшгийг хувиасаа гэрчлэх болно. Би Аврагчийн намайг гэсэн хайр, Бурханы хүүхдүүддээ зориулсан аз жаргалын төлөвлөгөөн дэх улам их итгэл, найдвар төрүүлсэн, зүрх сэтгэлийн минь гүнд шингэсэн, тайлбарлахын аргагүй амар амгаланг мэдэрсэн. Хамгийн уй гашуутай өдрүүдэд ч Аврагчийг өөрсдийн зүрх сэтгэл, хүч чадал, оюун ухаан, хүч тэнхээгээр эрэлхийлэх үед Түүний хайраар дүүрэн мутар үргэлж сунгаастай байдгийг би мэдсэн.”
Хүндэт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын энэ өдөр Есүс үхлээс амилсан гэдгийг мөн Тэр амьд гэдгийг би гэрчилж байна. Өөрөөрөө болон Өөрийн хязгааргүй Цагаатгалаар дамжуулан Аврагч бидэнд үхлийг бие махбод, сүнслэг байдлын хувьд даван туулах арга замыг өгсөн гэдгийг би гэрчилж байна. Эдгээр агуу адислалаас гадна, хүнд хэцүү цаг үед Тэрээр бидэнд тайтгарал, баталгааг мөн адил өгөх болно. Бид итгэлээрээ эцсээ хүртэл тэвчиж, Есүс Христэд болон Түүний цагаатгах тэнгэрлэг золиост итгэл найдвараа тавих юм бол нэг л өдөр дэргэд нь эргэж очиход бидэнд туслахын тулд Өөрийн чадах бүхнийг хийхэд бэлэн байгаа хайрт Тэнгэрлэг Эцэгийнхээ амлалтуудад баясах болно. Энэ бол Түүний ажил мөн Түүний алдар суу юм.29 Есүс бол Христ, Дэлхийн Гэтэлгэгч, амлагдсан Мессиа, амилалт бас амь мөн30 гэдгийг би та нарт гэрчилж байна. Би эдгээр үнэнийг Эцэгийн Төрсөн Ганц, бидний Их Эзэн, Есүс Христийн ариун нэрээр та бүхэнтэй хуваалцаж байна, амен.