Гэртээ харих замаа сана
Бидэнд дагах Есүс Христийн төгс үлгэр жишээ байгаа бөгөөд тэнгэрлэг гэр лүү минь хөтлөх аялал зөвхөн Түүний сургаал, Түүний амьдрал, Түүний цагаатгагч золиосын ачаар боломжтой болдог.
1946 онд залуу судлаач Артур Хаслэр хүүхэд байхдаа амьдардаг байсан байшингийнхаа ойролцоох уулын горхийг даган алхаж явахдаа, загас хэрхэн төрөлх горхи руугаа буцах замаа олдог талаар чухал нээлт хийхэд хүргэсэн туршлага олж авчээ.
Хаслэр хүүхэд ахуй цагийн дуртай хүрхрээндээ арай хүрэлгүй уул өөд алхаж байхдаа нэгэн мартагдсан дурсамжаа гэнэт санав. Тэрээр “хөвд, удвал цэцгийн анхилуун үнэртэй сэрүүн сэвшээ салхи чулуурхаг бэлийг тойрон сэвэлзэхэд, хүрхрээний нарийн бүтэц, уулын налууд тогтсон тогтоц нь гэнэт түүнд нэгэн санааг төрүүлсэн”1 гэж хэлсэн байдаг.
Эдгээр үнэр түүнд хүүхэд насных нь дурсамжийг сэргээж, гэрийг нь санагдуулжээ.
Хэрэв үнэр түүнд ийм дурсамжуудыг сэргээж чадсан юм бол, олон жилийн турш задгай далайд байсныхаа дараа түрсээ шахахаар төрөлх горхи руугаа буцах гэж буй яргай загасанд үнэр тус болдог байж магадгүй гэж тэр бодов.
Хаслэр энэхүү туршлага дээрээ үндэслэн, бусад судлаачийн хамт яргай загас далайгаас гэртээ харих замаа олохын тулд хэдэн мянган километрийн турш зүг чигээ олоход туслах үнэр бүрийг санадаг гэдгийг нотлохоор явсан байна.
Энэ түүх надад бидний энэ амьдралдаа хийж болох хамгийн чухал зүйлсийн нэг бол Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очих замаа таньж, санан мөн аяллын туршид итгэл, баяр баясгалантайгаар тууштай байх явдал хэмээн бодоход хүргэсэн юм.
Амьдралдаа тогтмол ашиглаж, хэрэгжүүлж чадсан тохиолдолд тэнгэрлэг гэрийнхээ талаарх мэдрэмжүүдийг сэргээж чадах дөрвөн сануулгын талаар би бодсон.
Нэгдүгээрт, бид Бурханы хүүхдүүд гэдгээ санаж чадна
Бидэнд тэнгэрлэг өв бий. Бид Бурханы хүүхдүүд бөгөөд Тэрээр биднийг Өөрийнхөө оршихуйд эргэн ирээсэй хэмээн хүсдэг гэдгийг мэдэх нь тэнгэрлэг гэртээ буцах аяллын эхний алхмуудын нэг юм.
Өөртөө энэхүү өвийг сануулаарай. Их Эзэнээс хүлээн авсан адислалаа санаж, сүнслэг дархлааны тогтолцоогоо нэмэгдүүлэхэд тогтмол цаг гарга. Өөрийн үнэ цэнийг хэмжиж, замаа олохын тулд зөвхөн дэлхийд найдахаас илүүтэй Түүнээс хүлээн авсан удирдамждаа итгээрэй.
Саяхан би эмнэлэгт хэвтсэн хайртай нэгэн дээрээ очсон юм. Тэрээр эмнэлгийн орон дээр хэвтэж байхдаа, хэн нэгэн өөрт нь “Би Бурханы хүүхэд” дууллыг дуулж өгөөсэй гэж хамгаас их хүсэж байсан тухайгаа сэтгэл нь хөдөлсөн байдалтай надад хэлсэн. Өвдөж шаналах мөчид хэрэгтэй байсан тайтгарлыг тэр бодол дангаараа өгч байсан гэж тэр хэлж билээ.
Хэн гэдгээ мэдэх нь таны юу мэдэрч, юу хийдгийг өөрчилж чадна.
Чухам хэн болохоо ойлгох нь тэнгэрлэг гэртээ харих замаа таньж, санахад мөн тэнд байхыг хүсэж тэмүүлэхэд таныг илүү сайн бэлтгэж чадна.
Хоёрдугаарт, бид биднийг хамгаалж байдаг суурийг санаж чадна
Бусад хүн зарлигууд, авралын зарчмуудыг2 үл тоомсорлож байсан ч зөв шударга байж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт үнэнч, итгэлтэй хэвээр үлдэх үед бидэнд хүч чадал ирдэг.
Мормоны Номд Хиламан дайсны уруу таталтуудыг тэсвэрлэх хүч чадалтай байж болохын тулд Есүс Христ дээр сууриа тавих ёстойг санахыг хөвгүүддээ заасан. Сатаны хүчит салхи, шуурга биднийг нүдсэн ч, хэрэв бид аюулгүй газар болох Гэтэлгэгчдээ итгэж найдах аваас тэдгээр нь биднийг доош чирч дийлэх хүчгүй байх болно.3
Дуу хоолойг нь сонсож, Түүнийг дагахыг сонгосноор бид Түүний тусламжийг хүлээн авах болно гэдгийг би хувийн туршлагаасаа мэднэ. Бид нөхцөл байдлаа илүү өргөн цар хүрээгээр харж, амьдралын зорилгын талаар илүү гүн гүнзгий ойлголтыг олж авах болно. Тэнгэрлэг гэр лүү маань хөтлөх сүнслэг өдөөлтүүдийг бид мэдрэх болно.
Гуравдугаарт, бид залбирдаг байх тухай санаж чадна
Бид хуруугаараа ганцхан хүрээд эсвэл дуут заавраар компьютерын өргөн цар хүрээтэй, цогц сүлжээнд хадгалагдаж, зохион байгуулагдсан асар их мэдээллээс ямар ч сэдвээр хариулт хайж авч болох цаг үед амьдарч байна.
Нөгөө талаар, бидэнд тэнгэрээс хариултаа эрэлхийлж эхлэх энгийн урилга бий. “Ямагт залбирагтун, мөн бибээр Сүнсээ чиний дээр цутгах болно.” “Тийм ээ, чиний олж авч болох, … дэлхийн баялгууд[аас] чинь бүр илүү агуу байх болно”4 хэмээн Их Эзэн амласан.
Бурхан бидний хүн нэг бүрийг бүрэн дүүрэн мэддэг бөгөөд бидний залбирлыг сонсоход бэлэн байдаг. Бид залбирахаа санах үедээ Түүний дэмжлэг бүхий хайрыг олж авдаг. Тэнгэр дэх Эцэгтээ Христийн нэрээр залбирах тусам бид Аврагчийг амьдралдаа авчирч, тэнгэрлэг гэрт хүргэх Түүний тэмдэглэсэн замыг илүү сайн таньж мэдэх болно.
Дөрөвдүгээрт, бид бусдад үйлчлэхээ санаж чадна
Бид бусдад үйлчилж, сайхан сэтгэлээ харуулан, Есүс Христийг дагахаар хичээх үедээ дэлхийг илүү дээр газар болгодог.
Бидний үйлдэл эргэн тойрны маань хүмүүсийн амьдралыг адислаад зогсохгүй өөрсдийн маань амьдралыг ч мөн адислах болно. Хайраар үйлчлэх нь үйлчилж байгаа, хүлээн авч байгаа хүмүүсийн аль алиных нь амьдралд утга учир нэмдэг.
Үйлчлэлийн үйлдэл, үлгэр жишээгээр бусдад сайн нөлөө үзүүлэх чадамжаа бүү дутуу үнэл.
Бусдад хайраар үйлчлэх нь биднийг тэнгэрлэг гэртээ харих замаар буюу Аврагчтай илүү адилхан болох замаар хөтөлдөг.
Иргэний дайны уршгаар 1975 онд Арналдо болон Южиниа Тэлэс Грило нар хүүхдүүдийнхээ хамт гэр орноо төдийгүй хэдэн арван жилийн шаргуу хөдөлмөрөөр барьж босгосон бүхнээ орхин явах хэрэгтэй болсон юм. Тэлэс Грило ах, эгч хоёр төрөлх нутаг Португал улсдаа бүхнийг дахин эхлүүлэх сорилт бэрхшээлтэй тулгарсан. Олон жилийн дараа, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэнийхээ дараа тэд “Бид байсан бүхнээ алдсан, гэхдээ энэ нь сайн зүйл байсан бөгөөд энэ нь биднийг мөнхийн адислалуудын ач холбогдлыг тунгаан бодоход тусалсан юм”5 гэж хэлсэн байдаг.
Тэд дэлхийн гэр орноо алдсан ч тэнгэрлэг гэртээ харих замаа олсон.
Гэртээ харих замаа дагахын тулд орхих ёстой юмс нэг л өдөр огтхон ч золиос биш мэт санагдахаа болино.
Бидэнд дагах Есүс Христийн төгс үлгэр жишээ байгаа бөгөөд тэнгэрлэг гэр лүү минь хөтлөх аялал зөвхөн Түүний сургаал, амьдрал, үхэл, Амилалтыг багтаасан Түүний цагаатгагч золиосын ачаар боломжтой болдог.
Би та бүхнийг Бурханы хүүхэд гэдгээ мөн Тэр ертөнцийг үнэхээр хайрласан учраас явах замыг маань бидэнд харуулахаар Хүүгээ6 илгээсэн гэдгийг санаснаар ирдэг баяр баясгаланг мэдрэхэд урьж байна. Би та бүхнийг итгэлтэй байж, амьдралаа Аврагч руу чиглүүлэн, Түүн дээр сууриа тавихаа санаасай гэж урьж байна. Аялахдаа залбирахаа, замдаа явж байхдаа бусдад үйлчлэхээ санаарай.
Хүндэт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын энэ өдөр Есүс Христ бол энэ дэлхийн Аврагч, Гэтэлгэгч гэдгийг би гэрчилж байна. Тэр бол биднийг баяр баясгалантай амьдрал өөд хөтөлж, аялалд маань удирдаж чадах Нэгэн мөн. Бид Түүнийг санан дурсаж, гэртээ харихаар Түүнийг дагаж явах болтугай. Есүс Христийн нэрээр, амен.