Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна
Есүс Христ бол бидний энэ амьдрал дээр авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой.
Хайрт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын ням гарагт та бүхэнд хандан ярих боломж олдсонд би баяртай байна.1 Есүс Христийн цагаатгагч золиос ба Амилалт бидний амьдралыг мөнхөд өөрчилсөн билээ. Бид Түүнд хайртай бөгөөд Түүнийг мөн Тэнгэрлэг Эцэгээ баяртайгаар хүндэтгэн биширдэг.
Сүүлийн зургаан сарын туршид бид дэлхий дахиныг хамарсан цар тахалтай тэмцлээ. Өвчин, хагацал, тусгаарлалттай нүүр тулсан та бүгдийн тэсвэр хатуужил, сүнслэг хүч чадлыг би бахдаж байна. Энэ бүхнийг даван туулахдаа та нарыг Их Эзэний мятаршгүй хайрыг мэдрээсэй гэж би байнга залбирдаг. Хэрвээ та тохиолдсон сорилтуудаа илүү сайн дагалдагч байж давсан бол өнгөрсөн жил таны хувьд үр дүнгүй өнгөрөөгүй гэсэн үг.
Өнөө өглөө бид хүмүүсийн оршин суудаг тив бүрээс ирсэн Сүмийн удирдагчдын үгийг сонслоо. Сайн мэдээний адислалууд үнэхээр бүх үндэстэн, хэлтэн, хүмүүст зориулагдсан юм. Есүс Христийн Сүм бол дэлхий дахины сүм билээ. Есүс Христ бол бидний удирдагч.
Цар тахал хүртэл Түүний үнэн урагшлах явцыг удаашруулаагүйд би талархдаг. Энэхүү будилаан, зөрчилдөөнтэй, ядарч туйлдсан дэлхийд Есүс Христийн сайн мэдээ хамгийн их хэрэгтэй байна.
Бурханы хүүхэд бүр хүмүүсийг эдгээж, гэтэлгэдэг Есүс Христийн захиасыг сонсож, хүлээн авах эрхтэй. Бидний аз жаргалд өөр ямар ч захиас одоо ч мөн ирээдүйд ч ийм чухал байж чадахгүй.2 Өөр ямар ч захиас үүнээс илүү найдвар төрүүлэхгүй. Манай нийгмийн зөрчилдөөнийг өөр ямар ч захиас үлдэн хөөж чадахгүй.
Есүс Христэд итгэх итгэл бүх итгэлийн суурь бөгөөд бурханлаг хүчийг хүлээн авах зам болдог. Төлөөлөгч Паулын хэлсэнчлэн, “Итгэлгүйгээр [Бурханд] таалагдана гэдэг боломжгүй юм. Учир нь Бурханд ойртон буй нь Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой.”3
Амьдрал дахь сайн сайхан бүх зүйл мөн мөнхийн үр дүнг авчрах аливаа адислал итгэлээс эхэлдэг. Бурханыг амьдралдаа ялуулна гэдэг нь Тэр биднийг удирдахыг хүсдэг гэдэгт итгэхээс эхэлдэг. Есүс Христ биднийг цэвэршүүлж, эдгээн, хүчирхэгжүүлэх хүчтэй гэсэн итгэлээр жинхэнэ наманчлал эхэлдэг.4
“Бурханы хүчийг та нар үгүйсгэхгүй байхыг та нарт ухуулъя, учир нь тэрбээр хүмүүний үрсийн итгэлийн дагуу хүчээр үйлддэг” хэмээн бошиглогч Моронай айлдсан билээ.5 Бид итгэлээрээ дамжуулан Бурханы хүчийг амьдралдаа нээдэг.
Итгэлээ хөгжүүлэх нь хэцүү санагдаж болно. Заримдаа бид үнэхээр их хэрэгтэй байгаа адислалаа авах хэмжээний итгэлийг үзүүлж чадах эсэхэд өөрсдөдөө эргэлзэж болно. Гэвч Их Эзэн Мормоны Номын бошиглогч Алмагийн үгсээр энэхүү айдсыг үргээсэн юм.
Алма бидэнд “итгэлийн жижиг хэсгийг ч гэсэн бодит болго, … бүр та нарт итгэх хүслээс илүү нь байхгүй ч гэсэн”(6) ердөө л үгсийг турш гэсэн байдаг. “Итгэлийн жижиг хэсэг” гэсэн хэллэг нь Их Эзэний Библи дээрх “гичийн үр төдийхөн итгэл” та нарт байвал энэ ууланд “Эндээс тийшээ нүү гэж хэлбэл тэр нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж үгүй болно”7 хэмээх амлалтыг сануулдаг.
Их Эзэн бидний мөнх бус амьдрал дахь сул дорой байдлыг ойлгодог. Бид зарим үед бууж өгдөг. Гэвч Тэр бидний хэн болох агуу боломжийг мэддэг. Гичийн үр жижиг боловч ургаж томорсоор мөчир дээр нь шувууд үүрээ засахуйц өндөр мод болдог. Гичийн үр жижиг боловч өсөж буй итгэлийг дүрсэлдэг.8
Их Эзэн биднээс Түүний төгс хүчинд хүрэхийн тулд төгс итгэлтэй байхыг шаарддаггүй ч итгэхийг хүсдэг.
Хайрт ах, эгч нар аа, Христийн амилсны баярын өглөө би та бүгдийг өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг уриалж байна. Таны хувийн асуудлууд Эверест уул шиг том байсан ч итгэлээр тань дамжуулан Есүс Христ амьдрал дахь уулсаа нүүлгэх чадварыг тань хүчирхэгжүүлнэ.9
Таны уулс ганцаардал, эргэлзээ, өвчин болон бусад хувийн асуудал байж болно. Та нарын уул хоорондоо адилгүй ч хүн нэг бүрийн асуудлуудын хариулт итгэлийг тань нэмэгдүүлэх болно. Ийн үйлдэхэд зүтгэл хэрэгтэй. Залхуу суралцагч, хойрго дагалдагчдад итгэлийн жижиг хэлтэрхийг ч болов бий болгоход үргэлж хэцүү байх болно.
Аливаа зүйлийг сайн хийж сурахад зүтгэл хэрэгтэй байдаг. Есүс Христийн үнэн дагалдагч болоход ч мөн адил юм. Түүнд итгэх итгэл, найдвараа нэмэгдүүлэхэд зүтгэл хэрэгтэй. Энэхүү итгэл найдварыг хөгжүүлэхэд туслах таван зөвлөмжийг би та нарт санал болгоё.
Нэгдүгээрт, судал. Суралцахад гар бие оролц. Христийн номлол, тохинууллыг сайтар ойлгохын тулд сударт өөрсдийгөө умбуул. Амьдралд тань үзүүлэх хүч нөлөөг нь ойлгохын тулд Христийн сургаалыг мэдэж ав. Есүс Христийн Цагаатгал танд хамааралтай хэмээх үнэнтэй эвлэр. Тэрээр таны зовлонг болон таны алдааг мөн таны сул тал болон нүглийг Өөр дээрээ авсан. Тэрээр таны өмнөөс төлөөсийг төлсөн бөгөөд танд тулгарах бүх уулыг нүүлгэх хүчийг өгсөн. Энэхүү хүчийг та Түүнийг дагах итгэл, найдвар, хүслээс олж авдаг.
Өөрийн уулыг нүүлгэхэд гайхамшиг хэрэг болж магад. Гайхамшгуудын талаар судал. Их Эзэнд итгэх итгэлийн тань дагуу гайхамшгууд тохиодог. Энэхүү итгэлийн гол цөм нь Түүний хүсэл, цаг хугацаанд найдах буюу таны хүсэн хүлээж байгаа гайхамшгаар Тэр таныг хэзээ, хэрхэн адислахад итгэх явдал юм. Гагцхүү таны итгэлгүй байдал л Бурхан таныг амьдралынхаа уулсыг нүүлгэх гайхамшгаар адислахад саад болно.10
Аврагчийн талаар илүү ихийг сурах тусам Түүний нигүүлсэл, хэмжээлшгүй хайранд мөн хүчирхэгжүүлж, эдгээж, гэтэлгэдэг хүчинд итгэж найдахад хялбар болно. Таныг уул руу эгцлэн харах буюу итгэлээр өөдөө мацах үед Аврагч танд хамгийн ойр байдаг.
Хоёрдугаарт, Есүс Христэд итгэхийг сонго. Хэрэв танд Бурхан Эцэг болон Түүний Хайрт Хүү эсвэл Сэргээлт үнэн эсэх эсвэл Иосеф Смитийн бошиглогчийн бурханлаг дуудлагын талаар эргэлзээ төрдөг бол итгэхийг сонгож,11 итгэлтэй бай. Асуултуудаа Их Эзэнээс болон бусад найдвартай эх сурвалжаас асуу. Бошиглогчийн амьдралаас ямар нэг өө сэв олох эсвэл судраас ямар нэг алдаа хайх зорилгоор бус, харин итгэх хүслээр суралц. Өөрийн эргэлзээг бусад эргэлзэгчтэй хуваалцан, улам лавшруулах хэрэггүй. Сүнслэг зүйлсээс суралцахдаа Их Эзэнээр удирдуулахыг зөвшөөр.
Гуравдугаарт, итгэлээр үйлд. Хэрэв танд илүү их итгэл байсан бол та яах байсан бэ? Энэ талаар бодоод үз. Энэ талаар бич. Тэгээд илүү их итгэл шаардсан зүйлийг хийснээр илүү их итгэлтэй бол.
Дөрөвдүгээрт, зохистой байж ариун нандин ёслолуудад оролц. Ёслолууд таны амьдралд Бурханы хүчийг нээж өгдөг.12
Тавдугаарт, Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж гуй.
Итгэлд зүтгэл хэрэгтэй. Илчлэлт авахад зүтгэл хэрэгтэй. “Гуйдаг бүр авна; эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ.”13 Таны итгэлийг юу нэмэгдүүлэх вэ гэдгийг Бурхан мэддэг. Гуй, бас дахин гуй.
Үл итгэгч нь итгэл бол дорой хүмүүсийн шинж гэж хэлж болно. Энэ мэдэгдэл нь итгэлийн хүчийг үгүйсгэж буй хэрэг юм. Аврагчийн төлөөлөгчид Түүнд эргэлздэг байсан бол Түүнийг нас барсны дараа амь насаа үл хайхран сургаалыг нь үргэлжлүүлэн заах байсан уу?14 Иосеф, Хайрум Смит хоёр Их Эзэний Сүмийн Сэргээлт үнэн гэсэн гарцаагүй гэрчлэлтэй биш байсан бол үүнийг хамгаалж алагдах байсан уу? Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн гэдэг итгэлгүй байсан бол анхдагчдын гаргасан жимээр 2000 гаруй гэгээнтэн амиа алдах байсан болов уу?15 Үнэндээ итгэл бол боломжгүй зүйлийг боломжтой болгогч хүч юм.
Өөрт буй итгэлээ бүү бууруул. Сүмд нэгдэж, идэвхтэй байхын тулд итгэл шаардлагатай. Мэргэжлийн тайлбарлагчид, олон нийтийн санаа бодлыг бус, бошиглогчийг дагахад итгэл шаардагддаг. Цар тахлын үед номлолд үйлчлэхэд итгэл шаардагддаг. Дэлхий нийтээрээ Бурханы ариун явдлын хууль одоо хуучирсан гэж үзэж байгаа цагт ариун явдлаар амьдрахад итгэл шаардагддаг. Шашингүйн үзэл дэлгэрсэн дэлхийд хүүхдүүддээ сайн мэдээг заахад итгэл шаардагддаг. Хайртай хүнийхээ амь насыг аврахаар залбиран гуйхад итгэл шаардагддаг ба сэтгэлээр унамаар хариуг хүлээн зөвшөөрөхөд бүр ч их итгэл шаардагддаг.
Хоёр жилийн өмнө, Нэлсон эгч бид хоёр Самоа, Тонга, Фижи, Тахити арлуудаар зочилсон. Эдгээр арал дээр олон өдөр аадар бороо үргэлжлэн орсон байв. Гадаа болох уулзалтын үеэр бороо орохгүй байхын төлөө гишүүд мацаг барьж залбирцгаасан юм.
Самоа, Фижи, Тахити арлууд дээр уулзалт эхэлмэгц бороо намдаж билээ. Гэтэл Тонгад бороо зогсоогүй. 13000 итгэлтэй гишүүн аадар бороон дунд хэдэн цагийн өмнөөс суудлаа эзэлж, уулзалт эхэлтэл тэвчээртэй хүлээн, хоёр цагийн уулзалтыг норон, сууж өнгөрүүлсэн.
Бороог зогсоох итгэл болон аадар бороог тэвчих итгэлийг эдгээр арлын ард түмнээс бид олж харсан юм.
Бидний амьдрал дахь уулс бидний хүссэн янзаар эсвэл хүссэн үед тэр бүр хөдлөөд байдаггүй. Гэвч итгэл минь биднийг үргэлж урагш түлхэж байдаг. Итгэл нь үргэлж бурханлаг хүчинд хүрэх боломжийг нэмэгдүүлдэг.
Дэлхий дээрх таны итгэж найддаг бүх зүйл мөн бүх хүн итгэлийг тань хөсөрдүүлсэн ч Есүс Христ болон Түүний Сүм таны итгэлийг хэзээ ч хөсөрдүүлэхгүй гэдгийг сана. Их Эзэн үүрэглэх ч үгүй, унтах ч үгүй.16 Тэр “өчигдөр, өнөөдөр мөн [маргааш] адил.”17 Тэр Өөрийн гэрээнүүд, 18 Өөрийн амлалтууд, Өөрийн хүмүүсийг гэх хайрыг орхихгүй. Тэрээр өнөөдөр гайхамшгууд үйлддэг бөгөөд маргааш ч гайхамшгуудыг үйлдэнэ.19
Есүс Христэд итгэх итгэл бол бидний энэ амьдрал дээр авч болох хамгийн агуу хүч юм. Итгэдэг тэдэнд бүх юм боломжтой.20
Өсөн нэмэгдэж буй Түүнд итгэх итгэл тань уулсыг нүүлгэх болно. Дэлхийг чимдэг хад чулуун уулс биш, харин амьдралын тань зовлонгийн уулсыг нүүлгэх болно. Таны цэцэглэн хөгжих итгэл сорилтуудыг тань хэзээ ч харж байгаагүй өсөлт болон боломж болгох болно.
Христийн амилсны баярын энэ ням гарагт би та бүхэндээ хандан, хайр талархлаар дүүрэн сэтгэлээр Есүс Христ амилсан хэмээн тунхаглая. Есүс Сүмээ удирдахын тулд амилсан. Тэр газар бүрд амьдардаг Бурханы бүх хүүхдийг адислахаар амилсан. Түүнд итгэх итгэлээр бид амьдралынхаа уулсыг нүүлгэж чадна. Би үүнийг Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.