Ерөнхий чуулган
Патриархын адислалаа хэзээ авах вэ
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


10:47

Патриархын адислалаа хэзээ авах вэ

Та адислалаа авахдаа, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр таныг хэрхэн хайрлаж, хувьчлан анхаарал хандуулдгийг ойлгох болно.

Миний эрхэм найз, ахлагч Рандалл К.Бэннэтт өчигдөр патриархын адислалын талаар үг хэлсэн билээ. Энэ нь бид бүгдэд сүнсээр нөлөөлсөн гайхалтай захиас байсан. Хайрт ах эгч нар аа, би ч мөн патриархын адислалын талаар ярихыг хүсэж байна. Патриархууд аа, патриархын адислал авах хүсэлт нэмэгдэхийн хэрээр дуудлагадаа хичээнгүйлэн үйлчлэх үед та бүхнийг Их Эзэн адислах болтугай хэмээн би залбирч байна.

Би гадасны чуулганд оролцох бүрдээ гадасны патриарх болон түүний эхнэртэй уулзаж ярилцдаг. Патриархууд бол эелдэг зөөлөн, дуулгавартай, Бурханаар дуудагдсан гайхалтай удирдагчид юм. Тэд надтай олон гайхалтай сүнслэг тохиолдлуудаа хуваалцдаг. Би тэднээс адислал өгч байсан хамгийн залуу мөн ахмад хүмүүсийнх нь насыг асуудаг. Одоогоор хамгийн залуу нь 11 настай, хамгийн ахмад нь 93 настай байна.

Би баптисм хүртээд хоёр жил болсныхоо дараа, 19 настай Сүмийн шинэ гишүүн байхдаа патриархын адислалаа авч байсан. Манай патриарх маш өндөр настай хүн байсан. Тэрээр 1916 онд Сүмд нэгдсэн бөгөөд Япон дахь Сүмийн анхдагч байв. Миний хувьд Их Эзэний тэрхүү онцгой шавиас патриархын адислалаа авах нь үнэхээр хүндэтгэлтэй хэрэг байсан юм. Надад түүний япон хэлийг ойлгоход жаахан хэцүү байсан ч хүчтэй сэтгэгдэл төрсөн.

Миний уулзсан патриархууд олон хүн патриархын адислалаа номлолд үйлчлэхийнхээ өмнөхөн авдаг гэж хэлдэг. Хүндэт залуу эрэгтэй, залуу эмэгтэй, эцэг эх болон бишоп нар аа, патриархын адислал нь зөвхөн номлолд үйлчлэхээр бэлтгэхэд зориулагдаагүй юм шүү. Баптисм хүртсэн, зохистой гишүүд өөрсдийн зөв цаг хугацаандаа патриархын адислалаа авч болно.1

Хүндэт насанд хүрсэн гишүүд ээ, та нарын зарим нь патриархын адислалаа хараахан аваагүй байгаа. Үүнд насны хязгаар байхгүй гэдгийг санаарай.

Миний хадам ээж Сүмийн маш идэвхтэй гишүүн байсан ба 91 насандаа нас барахдаа Халамжийн нийгэмлэгийн багшаар үйлчилж байсан юм. Би түүнийг патриархын адислал аваагүй гэдгийг мэдээд гунигтай байсан. Тэр амьдралдаа олон хэцүү зүйлийг туулсан бөгөөд түүний гэрт санваартан байгаагүйн улмаас санваарын адислал олон авч байгаагүй. Патриархын адислал түүнд хэрэгтэй үед нь тайтгарлыг өгч болох байсан.

Насанд хүрсэн гишүүдийн хувьд та бүхэн патриархын адислалаа хараахан аваагүй байгаа бол бүү санаа зовоорой. Хүн бүрийн сүнслэг цаг хугацаа өөр өөр байдаг. Хэрэв та 35 эсвэл 85-тай байсан ч танд хүсэл байвал патриархын адислал авах талаар бишоптойгоо ярилцаарай.

Сүмийн шинэ гишүүд ээ, та нар патриархын адислалын талаар сонсож байсан уу? Би Сүмд нэгдэх үедээ, патриархын адислалаа авах боломжтой талаар мэдэхгүй байсан ч хайрт бишоп маань надад үүний талаар хэлж, намайг баптисм хүртсэнийхээ дараа адислалаа авахаар бэлдэхэд урамшуулсан юм. Хүндэт шинэ гишүүд ээ, та нар ч мөн патриархын адислал авч болно. Их Эзэн энэхүү ариун боломжид бэлдэхэд тань туслах болно.

Патриархын адислалын хоёр зорилгыг бодож үзэцгээе:

  1. Патриархын адислал нь Их Эзэнээс танд өгөх хувийн зөвлөгөөг агуулдаг.2

  2. Патриархын адислал нь Израилын угсаа дахь таны удмын овгийг тунхагладаг.

Таны патриархын адислал Тэнгэрлэг Эцэгийн тань захиас ба амьдралын тань турш таныг чиглүүлэх амлалтуудыг, мөн сүнсээр нөлөөлсөн зөвлөгөөг багтаасан байдаг. Патриархын адислал нь таны амьдралыг зураглан харуулах юм уу бүх асуултад тань хариулахгүй. Хэрэв үүнд амьдралын чухал үйл явдлын талаар дурдаагүй бол танд тэр боломж нь олдохгүй гэсэн утгатай гэж бүү бодоорой. Үүний адил, таны адислал дахь бүх зүйл энэ амьдралд тохионо гэсэн баталгаа байхгүй. Патриархын адислал нь үүрдийнх бөгөөд хэрэв та зөв зохистой амьдарвал энэ амьдралд биелээгүй адислалууд нь ирэх амьдралд өгөгдөх болно.3

Та удмын овгийн тунхаглалаа хүлээн авахдаа Израилын угсаанд харьяалагддаг мөн Абрахамын үр удам гэдгээ мэдэх болно.4 Үүний ач холбогдлыг ойлгохын тулд Их Эзэн Абрахамаар дамжуулж Израилын угсаанд өгсөн амлалтууд дээр анхаарлаа төвлөрүүл.

Эдгээр амлалтад:

  • “Түүний үр удам тоолшгүй олон болно (Эхлэл 17:5–6; Абрахам 2:9; 3:14-ийг үзнэ үү).

  • “Түүний үр удам, хойч үеийнхэн сайн мэдээг хүлээн авч, санваар хүртэнэ (Абрахам 2:9-ийг үзнэ үү).

  • “Түүний үр удмын тохинууллаар дамжуулан ‘дэлхийн бүх гэр бүл авралын адислалууд, бүр мөнх амьдралын адислалууд болох Сайн мэдээний адислалуудаар адислагдах болно’ (Абрахам 2:11).”5

Сүмийн гишүүдийн хувьд бид гэрээний хүүхдүүд юм.6 Бид сайн мэдээний ёслол, хуулиудыг дагаснаар Абрахамын гэрээний адислалуудыг хүлээн авдаг.

Патриархын адислалдаа бэлдэх нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэлээ нэмэгдүүлэхэд тусалдаг. Та патриархын адислалаа авч, үүнийг уншиж, тунгаан бодох үедээ Тэдэнд илүү их анхаарлаа төвлөрүүлж чадна.

Ерөнхийлөгч Томас С.Монсон тайлбарлахдаа, “Лихайг Лиахонагаар хангасан Их Эзэн өнөөдөр таныг бас намайг амьдралд маань залуурдаж, учирч болзошгүй аюулаас сэрэмжлүүлэн, амлагдсан нутаг руу биш харин тэнгэр дэх бидний гэр орон руу аюулгүй замаар удирдах үнэлж баршгүй ховор бэлгээр хангасан юм”7 гэжээ.

Хүндэт бишоп, эцэг эх, Ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл, тойргийн номлолын удирдагч, тохинуулагч ах эгч нар аа, патриархын адислалаа хараахан авч амжаагүй залуу эрэгтэй, эмэгтэйчүүд, насанд хүрсэн болон шинэ гишүүдэд Их Эзэний заавар чиглүүлгийг эрэлхийлэхэд нь урамшуулж, өөрсдийгөө бэлдэхэд нь туслаарай.

Би патриархын адислалаа тогтмол, залбиралтай уншдаг бөгөөд энэ нь надад үргэлж урам зориг өгдөг. Би Их Эзэн надаас юу хүсэн хүлээдгийг ойлгодог бөгөөд энэ нь намайг наманчилж, даруу байхад тусалдаг. Би үүнийг уншиж, тунгаан бодох үедээ үүний амласан адислалуудыг хүлээн авахуйц зөв зохистой амьдрахыг хүсдэг.

Бидний олон удаа уншсан судрууд дараа нь бидэнд шинэ утга агуулга илэрхийлдгийн адил бидний патриархын адислал өөр цаг үеүдэд бидэнд өөр утга агуулгыг илэрхийлж байдаг. Одоо миний адислал намайг 30 настай, 50 настай байх үеийнхээс өөр утга агуулгыг илэрхийлдэг. Үг нь өөрчлөгдсөнөөс биш, харин бид өөрөөр харж байгаагаас юм.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “патриархын адислал нь Ариун Сүнсний нөлөөгөөр өгөгддөг бөгөөд яг адил Сүнсний нөлөөгөөр уншигдаж, мөн хөрвүүлэгдэх ёстой. Патриархын адислалын утга агуулга, ач холбогдол нь үүнд нөлөөлсөн тэрхүү Сүнсний хүчээр амьдралын тань туршид шат шатаар заагдах болно”8 хэмээн тунхагласан.

Ах эгч нар аа, Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайрт, Эцэгийн Төрсөн Ганц Хүү, Их Эзэн Есүс Христ амьд гэсэн гэрчлэлээ би хуваалцаж байна. Тэд бидэнд хайртай. Патриархын адислал нь Тэдний ариун бэлэг юм. Та адислалаа авахдаа, Тэд таныг хэрхэн хайрлаж, хувьчлан анхаарал хандуулдгийг ойлгох болно.

Мормоны Ном бол Есүс Христийн бас нэгэн гэрээ. Би амьд бошиглогч, ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоноор удирдуулж байгаадаа талархаж байна.

Би бидний Аврагч, Есүс Христэд маш их талархдаг. Христийн амилсны баярын энэ ням гарагт би Түүнд болон Түүний Амилалтад анхаарлаа хандуулж, Түүнийг бишрэн шүтэж мөн Түүний золиослолд талархлаа илэрхийлж байна. Тэр бидэнд маш их хайртай учраас маш их зовж шаналсныг би мэднэ. Тэр бидэнд хайртай учраас Тэр амилсан гэдгийг би мэднэ. Тэр бол бодит. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 18.17, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  2. Итгэлдээ үнэнч байх нь [2004], “Патриархын адислал,” 112-ыг үзнэ үү.

  3. Итгэлдээ үнэнч байх ньПатриархын адислал,” 113-ыг үзнэ үү.

  4. Абрахам 2:10-ыг үзнэ үү.

  5. Итгэлдээ үнэнч байх нь-ийн “Абрахамын гэрээ,” 6.

  6. 3 Нифай 20:25–26-г үзнэ үү.

  7. Thomas S. Monson, “Your Patriarchal Blessing: A Liahona of Light”, Ensign, Nov. 1986, 65–66.

  8. Dallin H. Oaks, “Patriarchal Blessings,” Worldwide Leadership Training Meeting: The Patriarch, Jan. 8, 2005, 10.