Ерөнхий чуулган
Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг
2023 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хариулт нь үргэлж Есүс Христ байдаг

Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ.

Хайрт ах эгч нар аа, бид сүүлийн хоёр өдрийн турш сүнслэгээр тэжээгдлээ. Найрал дуучдын маань дуулсан дууллууд үнэхээр гайхалтай байсан бөгөөд бидэнд хандан үг хэлсэн хүмүүс Их Эзэний зэмсгүүд байлаа. Би та бүхнийг энэхүү индрээс заасан үнэнүүдийг эргэцүүлэн судлахдаа Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийлээсэй хэмээн залбирч байна. Эдгээр нь үнэхээр тэнгэрээс илгээгдсэн үнэн юм.

Өнөөдрөөс долоо хоногийн дараа Христийн амилсны баярын ням гараг тохиох бөгөөд энэ нь Есүс Христийн дагагчдын хувьд хамгийн чухал шашны ёс заншил билээ. Христийн амилсны баяр бол Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг гол шалтгаан юм. Ирээд, Намайг дага гарын авлага дээрх энэ долоо хоногийн хичээл та бүхэнд Аврагчийн Иерусалим руу ялгуусан байдалтай орж ирсэн талаар болон ариун сүмийг цэвэрлэсэн тухай, Гетсеманий цэцэрлэг дэх Түүний шаналал, цовдлуулалт, сүр жавхлант амилалт болон хамгийн сүүлийн удаа дагалдагч нартаа үзэгдсэн тухай суралцахыг санал болгож байгаа.1

Эдгээр ариун шүлгийг шимтэн судлаад, Цорын ганц Хүүгээ бидэнд өгсөнд нь2 Тэнгэрлэг Эцэгтээ талархаж болох бүхий л арга замыг эрэлхийлээрэй. Есүс Христийн ачаар бид наманчилж, нүглүүдээсээ өршөөгдөх боломжтой болсон. Түүний ачаар бидний хүн нэг бүр амилуулагдах болно.

Мөн би та бүхнийг 3 Нифай номд цэдэглэгдсэн Аврагчийн нифайчуудад үзэгдсэн тухай түүхийг дахин судлахыг урьж байна. Тэрхүү үйл явдлаас өмнөхөн Түүний дуу хоолой уг хүмүүсийн дунд сонсогдож, тэдэнд дараах үгсийг айлдсан билээ. Тэрээр:

“Та нар бүгд, эдүгээ би та нарыг эдгээж болохын тулд та нар надад эргэн ирж, мөн нүглүүдээ наманчилж, мөн хөрвүүлэгдэхгүй гэж үү?

“… Болгоогтун, миний нигүүлслийн мутар та нарын зүг сунгаастай байна, мөн ирэх хэнийг боловч, түүнийг би хүлээн авах болно”3 хэмээсэн.

Хайрт ах, эгч нар аа, өнөөдөр Есүс Христ та нарт ч мөн энэхүү урилгыг өгч байна. Тэр та нарыг эдгээж болохын тулд Түүнд ирэгтүн! хэмээн би та нараас гуйж байна. Тэр та нарыг наманчлах үед нүглээс тань эдгээх болно. Тэр та бүхний гуниг зовлон, айдас болон энэ дэлхийн шарх сорвийг тань эдгээх болно.

Танд ямар ч асуудал тулгарсан бай хариулт нь үргэлж Есүс Христийн амьдрал болон сургаалаас олддог билээ. Түүний Цагаатгал, хайр, нигүүлсэл, сургаал хийгээд эдгээлт, өсөлт хөгжлийн сэргээгдсэн сайн мэдээнийх нь талаар илүү ихийг сурч мэд. Түүнд ханд! Түүнийг дага!

Есүс Христ бол бидний ариун сүмүүдийг барьдаг шалтгаан бөгөөд тэдгээр нь Түүний ариун өргөө юм. Ариун сүмд гэрээнүүдийг байгуулж, чухал ёслолуудыг хүлээн авч, тэнд байхдаа Түүнд илүү ойртохыг эрэлхийлэх нь өөр ямар ч шүтлэг бишрэлийн адисалж чадахгүй арга замаар таны амьдралыг адислах болно. Энэхүү шалтгааны улмаас бид ариун сүмийн адислалуудыг дэлхий даяарх гишүүддээ илүү ойр дөт болгохын тулд чадах бүхнээ хийж байгаа билээ. Өнөөдөр би дараах байрлал тус бүрд шинэ ариун сүм барих төлөвлөгөөг танилцуулахдаа таатай байна.

  • Гуатэмалагийн Рэталүлэү

  • Перугийн Икитос

  • Бразилын Тэрэсина

  • Бразилын Натал

  • Филиппиний Түгэграу Сити

  • Филиппиний Илойло

  • Индонезийн Жакарта

  • Германы Хамбург

  • Канадын Албэрта Лэтбриж

  • Калифорнийн Сан Хосэ

  • Калифорнийн Бэйкэрсфийлд

  • Миссурийн Спрингфийлд

  • Хойд Каролинагийн Шарлот

  • Виржиниагийн Винчэстэр

  • Пенсилванийн Харрисбург

Хүндэт ах эгч нар аа, Есүс Христ Өөрийн сүмийн ажил хэргийг удирддаг гэдгийг би гэрчилж байна. Түүнийг дагах нь төгсөшгүй аз жаргалд хүргэх цор ганц зам гэдгийг би гэрчилж байна. Түүний хүч “ялгуусан алдар суунд зөв шударга байдал хийгээд Бурханы хүчээр зэвсэглэсэн”4 гэрээгээ сахидаг хүмүүсийнх нь дээр бууж ирдгийг би мэднэ. Би та бүхэнд хайр болон адислалаа үлдээн, эдгээр зүйлийг гэрчиллээ. Есүс Христийн ариун нэрээр, амен.