2011
Сэргээн босгоход оролцсоны баяр
2011 оны дөрөвдүгээр сар


Сэргээн босгоход оролцсоны баяр

Газар хөдлөлтөөс үлдсэн балгасуудыг хараад миний сэтгэл өвдлөө. Гэвч Бурхан эндсэн хүмүүсийг ч эсэн мэнд үлдэгсдийг ч адилхан хайрладгийг би ойлгосон.

Би Хятадын Шанхайд амьдардаг учраас хэдэн жилийн өмнө Хятадын баруун өмнөд хэсэгт оршдог Сычуан мужид болсон газар хөдлөлтийн золиос болсон хүмүүст орон гэрээ барихад нь туслах сургуулийн бүлэгтэй хамт явах боломж надад олдсон юм. Бид тоосго өрж, шавар зууран, тоосго зөөдөг тэрэг түрэн, “цуваа болон” зогссон хүмүүст тоосго дамжуулан шаргуу ажилладаг байлаа. Хоёр дахь өдөр нь миний нуруу өвдөж, бээлий цоорчихлоо. Гэсэн ч, туслахаар тэнд очсон нь миний хувьд мартагдашгүй туршлага болж, миний гэрчлэлийг болон Залуу Эмэгтэйчүүдийн эрхэмлэх зүйлсийн нэг–хувь хүний үнэ цэнийг бэхжүүлсэн юм.

Би өдөр бүр шаргуу ажилласнаар өөрийнхөө үнэ цэнэд итгэх итгэл өсөн нэмэгдэж байгааг ажиглав. Хувь заяа нь минийхээс доогуур байгаа хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байсан учраас би өөрийнхөө талаар сэтгэл өөдрөг байлаа.

Бас тэндхийн нэг сургууль дээр очих боломж олдсон юм. Биднийг очиход олон хөөрхөн бяцхан хүүхэд бидний өөдөөс тосон гүйж ирлээ. Би тэдгээр хөөрхөн хүүхдүүдийг хараад тэд ч бас үнэ цэнэтэй хувь хүмүүс болохыг ухаарч билээ. Тэд бол бүгдээрээ Бурханы сайхан хүүхдүүд. Тэр тэднийг бүгдийг нь нэг бүрчлэн таньдаг бас бүгдэд нь хайртай гэсэн бодол намайг эзэмдэв.

Аяллын төгсгөлд бид нэг амралтын газарт үдийн хоол идэхээр очлоо. Гэвч биднийг тэнд очиход тэр амралтын газар газар хөдлөлтөөр нурж, балгас болсон байв. Ингэтлээ сүйрсэн барилгыг би өмнө нь огт хараагүй. Бүр уйлмаар санагдсан гээд бод л доо. Барилгын хана, таазанд том том цоорхой гарч, ойролцоох модод булга татагдаж унаснаас гадна газар сайгүй нэл нуранги болжээ. Уулнаас өнхөрч ирсэн том үхэр чулуу барилгын хажуу талыг цөм цохиж, тааз, ханыг нураажээ. Довжоон дээр нь өрөөсөн гутал байж байх юм.

Би энэ тухай бас байгалийн гамшгаар хүмүүс эрсдэснийг бодоод ийм гамшиг болохыг Тэнгэрлэг Эцэг хэрхэн зөвшөөрдгийг ойлгох гэж толгойгоо гашилгав. Тэр эдгээр хүмүүст хайргүй байсан юм гэж үү? Тэгээд би Залуу Эмэгтэйчүүдийн хичээл дээр ярилцсан зүйлээ эргэн санаад, тийм ээ, Тэр тэдэнд хайртай байсан шүү дээ хэмээн бодлоо. Тэнгэрлэг Эцэг тэднийг нэг бүрчлэн таньдаг бас хайрладаг байсан. Гамшиг болдог өдөр эрсэдсэн хүмүүс бүгдээрээ Бурханы хүүхдүүд шүү дээ. Эхлээд энэ тухай бодоход надад гуниг төрлөө. Гэвч дараа нь, амь эрсэдсэн хүмүүс одоо сүнсний дэлхийд байгаа, тэд Тэнгэрлэг Эцэгтээ дахин эргэн очих болно гэдгийг санаж билээ. Энэ бодол намайг тайтгаруулж, амар амгалангийн мэдрэмж төрлөө.

Би Бурханы агуу үнэ цэнэтэй хүүхэд гэдгээ мэднэ. Бид бүгдээрээ Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд. Тэр биднийг нэг бүрчлэн таньдаг. Бидний хэн нь ч төсөөлж чадахааргүй тийм агуу, гүнзгий хайраар Тэр биднийг хайрладаг билээ. Сычуан дахь газар хөдлөлтөд ийнхүү аймшигтайгаар нэрвэгдсэн хүмүүстэй хамт ажиллаж, тэдэнд үйлчилж байх үед ийм бодол зүрх сэтгэлд минь гүнзгий шингэсэн юм.

Ашли Дайер (баруун талд) Хятадын Сычуанд 2008 онд болсон газар хөдлөлтийн дараа орон нутгийн иргэдэд гэр орноо сэргээн барихад тусалжээ.

Ашли Дайерын зөвшөөрлөөр гэрэл зургийг нийтлэв