Христийн Мэндэлсний Баярын залбирал хариулагдсан нь
“Мөн түүнчлэн Их Эзэн тэдний төлөө түүнд өргөгдсөн зөв шударгыг үйлдэгчдийн залбирлуудыг санах болно.” (Mормон 5:21).
Пегги Христийн Мэндэлсний Баярын өглөө эрт сэрэв. Тэр охин гоё шинэ тоглоом бэлгэнд авч, Христийн Мэндэлсний Баярын хоол идэхийг сэтгэл догдлон хүлээж байв. Гэвч эргэн тойрноо ажиглавал, энэ жил нэг л өөр байх шиг санагдав. Аав нь шаргуу ажилладаг ч гэр бүлд нь мөнгө байнга дутагддаг байв.
Христийн Мэндэлсний Баяр ойртож байгаагийн шинж тэмдэг ер харагдахгүй байлаа. Хүнсний ногоон тавиурууд хоосон, хөргөгчид хүнсний зүйл юу ч байсангүй.
Пегги эрэгтэй дүү Малкольмынхаа хамт аав, ээж хоёрынхоо унтлагын өрөөний хаалган дээр очтол, аав ээж хоёр нь орныхоо дэргэд өвдөг сөгдөн залбирч байх нь харагдав. Аав, ээж хоёр нь Тэнгэрлэг Эцэгт хандан хоол хүнстэй болоход нь гэр бүлдээ туслахыг гуйн залбирч байхыг чимээгүйхэн сонслоо.
“Нааш ир. Хоёулаа гадаа гаръя” гэж Пегги Малкольмд хэлэв.
Пегги, Малкольм хоёр гадаа гарч, ногооны газрынхаа ойролцоо ургадаг зэрлэг тагнай өвснөөс хэсгийг түүв. Энэ жил ямар ч тоглоом байхгүй нь бололтой. Гэвч тэд гэр орондоо Христийн Мэндэлсний Баярын уур амьсгалыг бий болгож чадна шүү дээ.
Тэд гэрээ ногоон тагнай өвсөөр чимсэн нь аятайхан харагдаж байсан ч хоол ундтай болох шинж тэмдэг огт харагдахгүй байлаа.
“Их Эзэн хангана даа. Одоо ширээгээ засацгаая” гэж ээж хэлэв.
Аавыг ширээн дээр тавагнууд өрөхөд ээж халбага сэрээнүүд тавилаа.
Хүүхдүүд учрыг олохгүй гайхан бие бие өөдөө харна. Ширээ бэлэн болсон ч, хоол байхгүй л байлаа. Удсан ч үгүй өглөөний хоолны цаг өнгөрч, үдийн хоолны цаг ойртож байлаа. Пегги өлссөнөөс ходоод нь нэг хоёр удаа сүрхий өвдөхийг мэдрэв. Гэр бүл нь яаж хоол ундтай болох юм бол доо гэж тэр гайхаж байлаа.
Цаг 12:00, дараа 12:30, тэгээд 12:45 боллоо. Таг чиг хэвээрээ. Тэгтэл Пегги хаалга тогшихыг сонсов.
Тэр хаалга руу хар хурдаараа гүйж очтол Көркийнхөн тэнд зогсож байхыг хараад мэл гайхав. Тэд гахайн мах, талх, тахианы мах, салад, чихэрлэг амттан зэргийг барьсан байв. Пегги нүдэндээ итгэж ядан байлаа.
“Бид та нарын тухай бодсон үед Христийн Мэндэлсний Баярын зоогоо идэхээр ширээнд дөнгөж суугаад байлаа. Та нар энэ хоолыг ид л дээ” гэж Көрк ах хэлэв.
Аав нь Көрк ахын гарыг барихад ээж нь хоол хүнсийг гарган, гал тогооны өрөөний ширээн дээр өрж эхэллээ. Пегги мэл гайхсан хэвээрээ байв. Тэр аав, ээж хоёр руугаа нүдээ том болгон хартал тэд үүнийг мэдэж, хүлээж байсан юм шиг харагдав.
Тэр өглөө өөрт нь төрсөн мэдрэмж зөв байсныг Пегги ойлголоо. Энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр онцгой сайхан болов. Тэнгэрлэг Эцэг бидний залбирлыг сонсож, хариулдгийг тэр Христийн Мэндэлсний энэ Баяраар мэдсэн ажээ. Энэ бол түүний хүлээн авсан хамгийн сайхан бэлэг байлаа.