2012
Хөөрхөн хүүхэлдэйд минь шинэ эзэн нь хайртай байх болно гэдэгт би итгэлтэй байна
2012 оны Арванхоёрдугаар сар


Хөөрхөн хүүхэлдэйд минь шинэ эзэн нь хайртай байх болно гэдэгт би итгэлтэй байна

Бриттни Пайн, Юта, АНУ

Хүү минь гуравтай, охин минь дөрөвтэй байх үед тэр хоёр манай гэрийн ойролцоох сургуулийн өмнөх насны хүүхдийн бүлэгт явдаг байлаа. Тэр өвөл манай хоёр хүүхэд Христийн Мэндэлсний Баярын төсөл хэрэгжүүлэх бүлэгт оролцож, тусламж хэрэгтэй нэг айлд хүүхэд бүр нэг тоглоом хандивлах үүрэг хүлээсэн юм.

Өмнөх долоо хоногуудад бид талархал болон бусадтай хуваалцах нь биднийг хэрхэн аз жаргалтай болгодог тухай олон хичээлийг хүүхдүүддээ заасан байлаа. Тэд ямар тоглоом өгөхийг хүсч байгаа болон тоглоом сонгохдоо юуг анхаарвал зохихыг би хүүхдүүддээ хэллээ. Манай гэр бүлийн санхүүгийн боломж хязгаарлагдмал байсан учраас би чухам ямар тоглоомууд өгөх хүсэлтэй байгааг нь сонирхлоо.

Нэг хагас сайн өдрийн өглөө, хандивлах тоглоомоо сонгох цаг болсныг би хүүхдүүддээ сануулав. Би Хантерт сонгож авсан ачааны машиныг нь бооход туслаад Микелл ямар тоглоом өгөхөөр болсныг харахаар явлаа. Охиныхоо өрөөнд ороод харсан зүйл, нүднээс нулимс аяндаа урсахад хүргэв.

Микелл, Мелла нэртэй хайртай хүүхэлдэйгээ хамгийн гоё хувцсаар нь хувцаслаад, хүүхэлдэйдээ дуу дуулж өгч байлаа. Тэгээд тэр жижигхэн хөнжлийг бэлгийн цүнхний ёроолд хийв. Микелл хүүхэлдэйгээ харж инээмсэглээд, түүнийг тэвэрч үнссэнээ, цүнхэнд дуртай нь аргагүй хийлээ. Тэр намайг хараад, “Мелла бэлэн болсон шүү, ээж ээ” гэв. Хөөрхөн хүүхэлдэйд минь шинэ эзэн нь хайртай байх болно гэдэгт би итгэлтэй байна.

Охин минь энэ хүүхэлдэйдээ хэчнээн хайртайг би мэдэх учраас түүнийгээ өөр хүүхдэд өгч байгааг хараад би мэл гайхав. Хайртай хүүхэлдэйгээ бусдад өгч хэрэггүй гэж би охиндоо хэлэх гэснээ больж, амаа хамхив.

“Өгөх гэж юу болохыг, тэгэхдээ бүр хамгийн сайн юмаа бусдад өгөх хэрэгтэйг охин минь ойлгож дээ” гэж би бодлоо.

Бусдад өгөх, хуваалцах сэтгэл надад ямар нэг хэмжээгээр байгаа ч, тэр нь их хэмжээний золиослол байж чадахгүйг би гэнэт ойлголоо. Надад энэрэл багаахан байгааг бас өөрчлөгдөх хэрэгтэйгээ мэдэрлээ.

Тэнгэрлэг Эцэг хэрхэн цорын ганц төгс Хүүгээ өгч, Түүнийг миний төлөө зовлон эдэлж, амиа өргөхөөр болгосныг би бодлоо. Хайраар дүүрэн Тэнгэр дэх Эцэг минь Хайртай Хүүгээ дэлхийд илгээхдээ Түүнийг бяцхан хөвгүүн лүгээ адил үнсэн, бид түүнийг хайрлаж, түүнийг дагах болно гэдэгт итгэлтэй байсан даа хэмээн би төсөөлөн бодлоо.

Аврагч юугаа ч харамлалгүй Өөртөө байсан бүхнийг өгсөн билээ.

Микелл тоглоом хандивлах бодлоо Христийн Мэндэлсний Баярын өмнө өөрчилсөн бол яах байсан бол гэж би бодлоо. Гэвч тэр тэгээгүй юм. Бас буруу сонголт хийснийхээ төлөө хожим нь харамсвал яана гэж би бодсон. Гэвч тэр тэгээгүй.

Охиныхоо Христийнхтэй адил үлгэр жишээг хараад, бусадтай хуваалцах боломж олдсон үед ихийг ч өгсөн, багыг ч өгсөн ялгаагүй, хамгийн сайн юмаа үргэлж баяртайгаар өгч байх юм шүү хэмээн би дотроо шийдэж билээ.