Бошиглогчид Христийн Мэндэлсний Баяраар
Хожмын үеийн 16 бошиглогчийн амьдрал Христийн Мэндэлсний Баярын сүнсний үлгэр загвар болж, 20 зууны тэртээ Бетлехемд малын хашаанд болсон, юутай ч зүйрлүүлшгүй тэр нэгэн үйл явдал: бидний Аврагч Есүс Христийн төрөлтийг бидэнд сануулдаг билээ. Бид ялангуяа Христийн Мэндэлсний Баяраар тэдний үлгэр жишээг дагавал үргэлж зөв зүйлийг хийх болно.
Хайрын бэлэг
Тусламж хэрэгтэй хүмүүст хайр, үйлчлэлийн бэлэг өгдөг нь Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг бошиглогчдын ялгарах онцлог юм. Эдийн засгийн Их Уналтын үе 1931 онд Ерөнхийлөгч Харольд Б.Лий Ютагийн Солт Лейк хотод нэг том гадасны ерөнхийлөгч байв. Ерөнхийлөгч Лий гадасны гишүүдийнхээ хэрэгцээг судалж, тэдний хэрэгцээг шийдвэрлэхийн тулд чадах бүхнээ хийхээр шийджээ. Судалгааны дүнд гадасных нь хагасаас илүү нь буюу бараг 5000 хүмүүс, түүний дотор 10-аас доош насны бараг 1000 шахам хүүхэд бусдын тусламжаас хараат байдалтай амьдардгийг мэдсэн ажээ. Тэрээр нэг ч хүүхэд Христийн Мэндэлсний Баярын бэлэггүй үлдэхгүйн тулд гишүүдийг тоглоом цуглуулахаар явуулж, хуучин тоглоомуудыг засч янзлах, будах болон цэвэрлэх сургалт зохион байгуулав. Мөн гадасны бүх гэр бүл Христийн Мэндэлсний Баярын зоог бэлтгэсэн байхын тулд хүнсээр хандив өргөхийг тэрээр хүссэн ажээ.1 Хожим нь Төлөөлөгч болсон Ахлагч Лийгээс, үйлчлэл, золиослол, ажил хөдөлмөрийн зарчим дээр үндэслэсэн Сүмийн халамжийн хөтөлбөрийг зохион байгуулахыг хүсчээ.
Ерөнхийлөгч Томас С.Монсоныг хөвгүүн байх үед Христийн Мэндэлсний Баярын үеэр нэг найз нь “Цацагт хяруулын мах ямар амттай байдаг вэ?” гэсэн сонин асуулт асуусан гэдэг. Цацагт хяруулын мах тахианы мах шиг амттай байдаг гэж тэр хариулсан ч, хөөрхий нөгөөх найз нь цацагт хяруулын болон тахианы мах алиныг нь ч идэж үзээгүйг мэджээ. Зөвхөн үүгээр ч зогсохгүй, найзынх нь гэрт Христийн Мэндэлсний Баярын зоог бэлтгэх юу ч байхгүй байсан гэнэ. “Ингээд би яаж тэдэнд туслах вэ? гэж толгойгоо гашилгаж эхэллээ” хэмээн Ерөнхийлөгч Монсон хэлэв. “Надад цацагт хяруул ч, тахиа ч, мөнгө ч байсангүй. Тэгтэл би хоёр молтогчин туулайтайгаа санав. Би тэр дороо найзынхаа гараас хөтөлж, туулайн тор руу хүрч очоод хоёр туулайгаа хайрцагт хийж, найздаа өгөхдөө, ‘Май, энэ хоёр туулайг ав. Яг л тахианы мах шиг амттай байдаг’ гэжээ.…Туулайныхаа хоосон торны хаалгыг хаах үед миний нүднээс нулимс аяндаа урсаж байлаа. Гэвч би гунигтай байсангүй. Дүрслэн өгүүлэхийн аргагүй дулаан бүлээхэн мэдрэмж зүрх сэтгэлийг минь дүүргэж билээ. Энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр сэтгэлд хоногшин үлдсэн юм.”2
Гэр бүлээрээ баяртайгаар уулзсан нь
Ерөнхийлөгч Эзра Тафт Бенсонгийн хувьд хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяр 1923 онд Англид хийсэн хоёр жил хагасын номлолоосоо АНУ-ын Айдахогийн Витни дахь гэр бүлийн ферм дээрээ Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш гэртээ эргэж ирэхэд болсон ажээ. Тийнхүү тэрээр эцэг эх, 10 ах, эгч, дүү нартайгаа Христийн Мэндэлсний Баяраар эргэн уулзсан нь урам хайрласан, сэтгэл догдлом, мартагдашгүй үйл явдал болжээ. Бусад хүүхдүүд нь унтсаны дараа Христийн Мэндэлсний Баярын бэлтгэл ажилд туслалцуулахаар түүнийг үлдээсэн нь эцэг эхээс түүнд үзүүлсэн онцгой анхаарал байлаа. Тэрээр аав, ээж хоёртойгоо хамт ажиллаж байхдаа номлолынхоо туршлагаас чимээгүйхэн хуваалцсан ажээ. Тэрээр хүүхэд ахуй үеийнхээ энэхүү “онцгой үдэш” нулимсаа барьж чадаагүй гэдэг.3
Бошиглогчдын амьдрал Христийн Мэндэлсний Баяраар гэр бүлтэйгээ хамт байхад биднийг хөхүүлэн дэмждэг. Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит залуухан эцэг байхдаа Христийн Мэндэлсний нэгэн Баяраар мөнгөгүй, бүр хүүхдүүддээ ч тоглоом авах задгай мөнгөгүй байсан тухайгаа дурссан байдаг. Христийн Мэндэлсний Баярын өмнөхөн тэр гэрээсээ гарч, дэлгүүрүүдийн цонхоор харагдах сайхан юмсаар нүд хужирлан, гудамж уруудан алхаж явахдаа, тэдгээр зүйлсээс алийг нь ч худалдаж авч чадахгүйгээ мэдэж байлаа. Тэр цөхрөнгөө барах дөхөөд байсан үедээ сэтгэлийн эмзэглэлээ хөнгөвчлөхийн тулд нэгэн нууцгайхан газар олж, “хүүхэд шиг мэгшин уйлжээ.” Гэвч тэр нулимсаа арчаад гэртээ ирж, хүүхдүүдтэйгээ өдөржингөө тоглохдоо “зөвхөн тэднийхээ төлөө л баяр баясгалантай, талархалтай байжээ”.4 Христийн Мэндэлсний Баяраар хүүхдүүддээ бэлэг сэлт өгч, хоол ундаар хангаж чадааагүй ч гэсэн тэрээр аль ч аавын өгч чадах хамгийн агуу бэлэг болох хайр болон үнэт цаг заваа тэдэнд зориулсан ажээ.
Бошиглогч Иосеф Смит 1838 оны Христийн Мэндэлсний Баярыг Миссури дэх Либерти шоронд өнгөрүүлжээ. Тэрбээр хэдэн хамтран зүтгэгчийнхээ хамт задгай галын утаа уугисан, бохир, хүйтэн, газар доорх жижигхэн гянданд хоригдож байв. Тааз нь хүн босоогоороо явах боломжгүй намхан ажээ. Гэвч Христийн Мэндэлсний Баярын гэрэл гэгээт агшин түүнд тохиосон юм. Бошиглогчийн эхнэр Христийн Мэндэлсний Баярын өмнөхөн Иосефыг эргэн ирж, хэд хоножээ. Өөр нэг бэлэг гэвэл тэрээр хүү Жозеф Смит III-ыг дагуулж ирсэн явдал юм. Гэр бүлийнхээ хайрыг мэдэрсэн Иосеф Гэгээнтнүүдэд урам хайрласан дараах үгсийг гяндангаас бичсэн юм: “Бид зовлон зүдгүүр үзсэнээрээ алдар хүндийг олно. Учир нь Бурхан бидэнтэй хамт байгааг бид мэдэж байна.”5
1937 онд Ерөнхийлөгч Жозеф Фиелдинг Смит хайрт гэргий Этел нь өөд болоход түүнгүйгээр амьдралдаа дасан зохицохыг хичээж байлаа. Этел өөрийнхөө оршуулга дээр дуулж өгөхийг уянгалаг сайхан хоолойтой, ганц бие эмэгтэй Жесси Эвансаас гуйсан ажээ. Энэхүү үйл явдлаар Жесси Эванс, Жозеф Фиелдинг Смит хоёр бүр дотно танилцаж, улмаар энэ нь хайр сэтгэл болон хувирсан гэдэг. Эванс гэрлэх тухай түүний саналыг Христийн Мэндэлсний Баярын өмнөхөн хүлээн зөвшөөрчээ. Ерөнхийлөгч Смит 1937 онд Христийн Мэндэлсний Баярын бэлэг хүлээн авсан тухайгаа, “Би [Жессийг] Христийн Мэндэлсний Баярын бэлэг болгон хүлээн аваад үүнийхээ төлөө баяртай байна” хэмээн бичжээ.6 Тэд дараагийн оны дөрөвдүгээр сард гэрлэжээ.
Ерөнхийлөгч Давид О.МкКейн гэр бүлд тогтсон уламжлалуудын нэг нь тэд ач, зээ нараа “жингэнэсэн хонхтой” хос морин хөллөсөн чаргаар жил бүр зугаалуулдаг байв. Ийнхүү чаргаар зугаалах нь тэдний дуртай зүйлүүдийн нэг байлаа. Ерөнхийлөгч МкКей энэ уламжлалаа 80 гаран насалтлаа үргэлжлүүлсэн ажээ. Ерөнхийлөгч МкКей даарахгүйн тулд урт, зузаан зээхэн хүрэм, том бээлий өмсдөг байжээ. Бага насны ач, зээ нар нь морин чарганд суудаг байсан бол ахмад, эгчмэд нар нь моринд хөллөсөн чарганы араас дагаж, өөрсдийнхөө чаргаар гулгадаг байв. Урт удаан хугацаанд сэтгэлд хоногшин үлдсэн, Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг байсан эдгээр уламжлалыг заримдаа төгөлдөр хуурын ард баярын магтуу дуулах буюу “Гэр бүлийн хайр” дууг дуулснаар өндөрлөдөг байжээ.7
Есүс Христийн тухай гэрчлэл
Хамгийн чухал нь, Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг бошиглогчдын туршлага нь Есүс Христийн тухай гэрчлэлээ өсгөн нэмэгдүүлж, энэхүү баярыг тэмдэглэх үйл ажиллагааныхаа гол төвд Түүнийг хэрхэн тавихыг бидэнд заадаг явдал юм. 1876 онд Ютагийн Сейнт Жоржийн Ариун сүм дуусах дөхөж байв. Зоорийн давхар, гол өрөө, лацдан холболтын өрөөг 1877 оны 1-р сарын 1-нд онцгойлон адислахаар төлөвлөсөн байлаа.8 Ариун сүмийг онцгойлон адислахаас ердөө долоохон хоногийн өмнө болсон Христийн Мэндэлсний Баяраар Жорж Сейнтийн олон хүмүүс ариун сүмийг дуусгахад туслахын тулд хоол, нойроо хасан байж ажилласан ажээ.
Тус ариун сүмийн анхны ерөнхийлөгчөөр үйлчилсэн Ерөнхийлөгч Вилфорд Вудрафф, Христийн Мэндэлсний Баярын өдөр хүмүүс зав чөлөөгүй ажиллаж байсныг бас 40 эмэгтэй хивс нэхэж, өдөржингөө ариун сүм дээр байсныг тэмдэглэлдээ бичжээ. Тэд хивсийг эвсэж, хөшиг татжээ.9
Тэд энэ ажлыг хугацаанд нь дуусгаж арай амжаагүй ч, Христийн Мэндэлсний Баярт үнэ цэнэтэй хөдөлмөрөө зориулсан юм. Тэд энэ ажлаар Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэжээ. Ерөнхийлөгч Вудрафф Хожмын Үеийн Гэгээнтнүүд Наувугийн ариун сүмийг орхин явахаар албадуулснаас хойш 30 жилийн дараа нэгдүгээр сарын 1-нд 2000 хүн оролцсон цуглаан дээр ариун сүмийн зарим хэсгийг онцгойлон адислах залбирлыг хэлжээ.
Дэлхийн II Дайны үед Нэгдсэн Улсын олон хот түлш хэмнэхийн тулд шөнийн цагаар гэрлээ унтраадаг байжээ. Солт Лейк хотод Солт Лейкийн Ариун сүмийн гэрэлтүүлэгч прожекторуудыг унтраадаг байв. Энэ ариун сүм харанхуй хотод олон жил харанхуй байлаа. Европт гал зогсоохыг тунхагласны дараа Ерөнхийлөгч Хебер Ж.Грант ариун сүмийн гэрэлтүүлэгч прожекторуудыг буцааж залгахыг тушаажээ.
1945 оны Христийн Мэндэлсний Баяраар Ерөнхийлөгч Жорж Альберт Смит сүнслэг нөлөө бүхий утга учиртай Христийн Мэндэлсний Баярын ил захидал гаргахаар төлөвлөсөн аж. Картны нүүрэн тал дээр, тэнгэр элч Моронайн дүрс бүхий гүн хөх суурин дээр гэрэлтэн харагдах Солт Лейкийн Ариун сүмийн зүүн талын гурван шовх ганжирын гэрэл зураг байжээ. Доод талд нь “Христийн Мэндэлсний Баяр—1945” гэсэн үгс, “Гэрлийг дахин залгав” гэсэн захиас байжээ.10 Өдий олон жил үргэлжилсэн үхэл хагацал, устгал сүйрлийн дараа хүн болгонд баяр баяслыг өөр юу ч ийн өдөөж чадахгүй байсан биз ээ.
Харин Христийн Мэндэлсний Баярын энэхүү гоё ил захидал Есүс Христ болон Сайн мэдээний Сэргээлтийн тухай гэрчлэлээ хэлэх Ерөнхийлөгч Смитийн бас нэгэн арга зам болсон юм. Дайн дууссан нь харанхуй газруудад энх тайван ба гэрлийг авчирсан лугаа адил олон зууны туршид үргэлжилсэн Урвалтын дараах Сайн мэдээний Сэргээлт нь дэлхийн бүх хүмүүст үнэний гэрлийг “дахин” авчирсан билээ.
Хожмын үеийн бошиглогчдын хайр, үйлчлэл, итгэл, золиослолын үлгэр жишээ, Христийн Мэндэлсний Баярын үед жинхэнэ баяр баясгалан нь амьд Христээр дамжин ирдгийг бидэнд гэрчилдэг билээ. Ерөнхийлөгч Ховард В.Хантер, “Христийг амьдралдаа хүч чадал өгөгч, эрчимтэй хөдөлгөгч хүч болгосон хүнд л жинхэнэ Христийн Мэндэлсний Баяр ирдэг. Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ сүнс нь Эзэний амьдрал, үүрэг зорилгод оршино” хэмээн хэлжээ.11