2012
Христийн Мэндэлсний Баярын Сүнсийг дахин нээсэн нь
2012 оны Арванхоёрдугаар сар


Тэргүүн Зөвлөлийн Захиас бичиг

Христийн Мэндэлсний Баярын Сүнсийг дахин нээсэн нь

Ерөнхийлөгч Томас С.Монсон

Олон жилийн тэртээ би залуу ахлагч байхдаа Солт Лейк хотын эмнэлэг дээр өвчтэй хүүхдүүдэд адислал өгөхөөр бусад санваартнуудын хамт дуудагдаж билээ. Бид эмнэлгийн хаалгаар ормогц гэрлэн чимэглэлээр чимсэн Христийн Мэндэлсний Баярын сүлд мод болон саглагар мөчрүүдийн нь дор нямбайлан боосон боодолтой юмс байхыг харав. Биднийг эмнэлгийн коридоруудаар явж өнгөрөхөд гар юм уу хөлөө боолгосон, зарим нь нүүрэндээ зовиуртай бяцхан хөвгүүд, охид эмчилгээний цаг нь болоогүй бололтой биднийг хараад инээмсэглэж, бидэнтэй мэндлэн зогсож байлаа.

Амаргүй өвчин туссан бололтой нэг бяцхан хөвгүүн “Таны нэр хэн бэ?”гэж надаас асуулаа.

Намайг түүнд нэрээ хэлэхэд тэр, “Та надад адислал өгөх үү?” гэж асуув.

Адислал өгөхөд жаал хүү өрөө рүүгээ эргэж явахдаа “Танд их баярлалаа” гэв.

Биднийг хэд алхтал “Монсон Ах аа, Танд Христийн Мэндэлсний Баярын мэнд хүргэе” хэмээн нөгөөх хөвгүүн чанга хэлэхийг би сонслоо. Хөвгүүний нүүрэнд ялдамхан мишээсэн инээмсэглэл тодорлоо.

Тэр хөвгүүн үнэхээр Христийн Мэндэлсний Баярын сүнсээр амьсгалж байлаа. Христийн Мэндэлсний Баярын сүнс бол зөвхөн энэ баярыг тэмдэглэж байгаа үед төдийгүй жилийн турш бид бүгдийн зүрх сэтгэл, амьдрал ахуйд байх ёстой зүйл гэдэгт би итгэдэг.

Христийн Мэндэлсний Баярын сүнс бидэнд байгаа цагт, бид жилийн энэ үед Түүний төрөлтийг тэмдэглэхдээ: “Өнөөдөр Давидын хотод Аврагч, Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:11) гэсэн судрын үгсийг санадаг билээ.

Өнөө үед Христийн Мэндэлсний Баяраар бэлэг өгч тэмдэглэх нь чухал. Жилийн энэхүү онцгой үед Их Эзэн Өөртөө болон өрөөл бусдад намайг ямар бэлэг өгөөсэй гэж хүсэх бол? гэсэн асуултыг бид өөрөөсөө асуух нь ашигтай байж болох юм гэж би боддог.

Бидний Тэнгэрлэг Эцэг Өөртөө болон Хүүдээ дуулгавартай байдлын бэлэг барихыг бид бүгдээс хүсэн хүлээдэг гэж би боддог. Тэрээр мөн нөөц боломж, авьяас чадвараа ашиглан бусдад тусалдаг, амин хувиа хичээдэггүй, шунахай сувдаг биш, хэрүүл тэмцэл хийдэггүй байхыг биднээс хүсэх болно гэж би боддог. Түүний хайртай Хүү энэ тухай Мормоны Номонд:“Учир нь үнэнээр,

үнэнээр би та нарт хэлнэ, зөрчилдөөний сүнстэй тэр нь надаас бус, харин… хүмүүний зүрх сэтгэлийг нэг нэгэндээ уурлан зөрчилдөхөд өдөөн хатгадаг.

“Болгоогтун, хүмүүний зүрх сэтгэлийг нэг нь нөгөөгийнхөө эсрэг уураар өдөөн хатгах нь миний сургаал бус; харин иймэрхүү зүйлүүд зайлуулагдах ёстой нь миний сургаал бөлгөө” (3 Нифай 11:29–30) хэмээн бидэнд сургасан билээ.

Цаг хугацааны бүрэн байдлын энэхүү гайхалтай эрин үед бие сэтгэл юугаа бусдад үйлчлэхэд зориулах хязгааргүй боломж бидэнд бий. Гэвч боломж дандаа бэлэн байдаггүй. Өнөөдөр баярлуулах ёстой зүрх сэтгэл, хэлэх ёстой эелдэг үг, хийх ёстой ажил үйлс, аврах ёстой хүмүүс өдий төдий байна.

Христийн Мэндэлсний Баярын сүнсийг зүрх сэтгэлдээ шингэтэл ойлгосон нэг хүн ийн бичжээ:

Би өөрөө Христийн Мэндэлсний Баярын Сүнс—

Би ядуусын гэр оронд зочлон, цонхигор нүүртэй хүүхдүүдийг нүдээ бүлтийлгэн гайхахад хүргэж баярлуулдаг.

Би харамчийн гарыг тэнийлгэж, бодгальд нь гэгээ оруулахаар болгодог.

Би настайчуудыг залуу насаа эргэн харж, залуу зандан үеийнх шигээ баяртай байхаар болгодог.

Би хүүхэд ахуй үеийн оргилуун сэтгэлийг хэвээр хадгалж, сайхан зүүдэнд гэрэл тусган амьдруулдаг.

Би тусламж хэрэгтэй хүмүүст туслах ажлыг хөхүүлэн дэмжиж, дэлхийн нинжин сэтгэлд хүмүүсийн зүрх сэтгэлийг бишрүүлэхийг хичээдэг.

Би үрэлгэн нэгнийг хайхрамжгүй, үрэлгэн байдлаа хормын төдийд ч атугай эргэцүүлэн бодож, зовлон зүдгүүр тохиолдсон хайртай нэгэндээ юухан хээхнийг ч гэсэн илгээж, уй гашуугийн нулимсыг нь арчихаар болгодог.

Би шоронгийн харанхуй өмгөр өрөөнд орж, сэтгэл нь шархалсан хүмүүст ирэх сайхан өдрүүдийн тухай сануулж сэтгэлийг нь засдаг.

Би өвчтэй хүнтэй, нам гүмхэн цагаан байшинд зөөлхөн орж, ярьж чадахгүй, зөвхөн уруул нь чичрэх төдий болтлоо доройтсон хүнд ерөөлийн үг хэлдэг.

Миний бие мянга мянган арга замаар ядарч туйлдсан дэлхийн хүмүүсийг өчүүхэн жижиг, ач холбогдолгүй зүйлсээ түр зуур ч гэсэн мартаж, Бурханы нүүр өөд харахаар болгодог.

Би өөрөө Христийн Мэндэлсний Баярын Сүнс.1

Христийн Мэндэлсний Баяр бол Христийн Сүнс гэдгийг бид бүгд дахин нээх болтугай.

Эшлэл

  1. Э.К. Бейрд, “Christmas Spirit,” Жеймс С.Хьювитт, ed.,Illustrations Unlimited (1988), 81.

Энэ захиасаас заах нь

Та Ерөнхийлөгч Монсонгийн захиасыг айлчлан очих гэр бүлтэй хуваалцахдаа Христийн Мэндэлсний Баярын үеэр Их Эзэн Өөрт нь болон өрөөл бусдад биднийг өгөөсэй гэж хүсдэг бэлгүүдийн талаарх түүний асуултанд онцгой анхаарал хандуулна уу. “Христийн Мэндэлсний Баяр бол Христийн Сүнс гэдгийг хэрхэн дахин нээх” тухай (бага насны хүүхдүүдээр энэ тухай зураг зуруул) санаа бодлоо тэмдэглэхэд нь гэр бүлийн гишүүдийг дэмж.

Христ, Баян залуу захирагч, нарийвчлал, Хейнрих Хофманн, К.Харрисон Конрой Компанийн зөвшөөрлөөр нийтлэв.