Онлайн дахь Language Pages (Хэлний хуудсууд)-т Сүмийн материалуудыг 100 гаруй хэлээр тавьсан байгаа
Дэлхий даяар өргөн тархсан 10 хэл—хятад, англи, франц, герман, итали, япон, солонгос, португаль, орос, испани хэлний алинаар нь ч ярьдаггүй, дэлхий даяарх гишүүдэд Сүмийн материалуудыг төрөлх хэлээрээ олж унших нь хэцүү байдаг. Харин LDS.org -ийн хэлний хуудсыг мэддэг хүмүүст Сүмийн гол материалуудыг хэрэглэх нь хэдхэн товчлуурыг дарахад л хангалттай.
LDS.org -ийн нүүр хуудасны дээд талын баруун хэсэгт эсвэл доод талын зүүн хэсэгт дэлхийн зурагтай хэсэг дээр даран LDS.org дахь хэлний хуудсуудын холбоосуудыг олж болно. 2012 оны эцэс гэхэд LDS.org-ийн баг нь 108 хэлээр хуудастай болно гэдэгт найдаж байна. Үүнд Хрватцки (Хорват), Малагаши (Мадакаскарт ярьдаг), мөн Тви (Ганад ярьдаг) хэлүүд багтаж байна.
Хэл бүрээр байгаа материал нь өөр хоорондоо ялгаатай ч, материал бүрийг хэвлэж, татан авч болно.
Энэ жил хэлний хуудсуудад шинэ зүйлсийг нэмэн баяжуулсан. Тухайлбал Лиахонагийн орон нутгийн хуудасны PDF файл нь 40 гаруй хэлээр мөн 2012 оны 4 дүгээр сарын ерөнхий чуулганы PDF файлын энгийн текст 90 гаруй хэлээр гараад байна. Мормоны Номын PDF файл 99 хэлээр байгаа бөгөөд өөр 24 хэлний хуудсыг LDS.org -т өмнө байсан хуудас дээр нэмсэн байна.
Орчуулагдсан төслүүдийг тодорхой хэлүүдээр Сүмийн материалуудыг танилцуулах зорилгоор Сүмээс дэлхий даяар хэрэгжүүлэх төлөвлөгөөний дагуу хэвлэн түгээдэг.
Сүмийн материалуудыг дэс дараатайгаар хэвлэх энэхүү төлөвлөгөөгөөр, гол чухал зүйлүүд нь жишээлбэл, ариун ёслолын залбирлууд, Итгэлийн Тунхаг, Gospel Fundamentals гарын авлага, ерөнхий чуулган дээр хэлсэн үгсээс сонгож авсан үгс, мөн Testimony of the Prophet Joseph Smith товхимол зэрэг гарын авлага, номууд тэргүүн зэргийн ач холбогдолтой учраас хамгийн түрүүнд орчуулагдсан байдаг.
Нэмэлт орчуулагдсан материалууд болох судрууд, дууллууд, “Гэр Бүл: Дэлхий Дахинаа Өргөх Тунхаг,” Тэргүүн Зөвлөлийн болон айлчлагч багшийн захиас бичгүүдийг тухайн хэлээр ярьдаг Сүмийн гишүүдийн тоо нэмэгдсэн үед хэвлэн гаргадаг.
Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр Төлөөлөгчийн Чуулга баталсны дараа Сүмийн материалуудыг орчуулах боломжтой болдог. Бүсийн Ерөнхийлөгчийн Зөвлөлүүд нь Сүмийн материалыг аль нэг хэлээр хэвлэн гаргах шаардлагатай гэж үзвэл энэ тухай хүсэлтээ гаргаж болно.
“Эдгээр хуудсууд нь бүх гишүүдийн хувийн болон ням гарагийн цуглаануудын хэрэгцээнд зориулагдсан юм” хэмээн дижитал сувгуудын уран бүтээлийн ахлах менежер Матт Робинсон ярилаа. “Орон нутгийн удирдагчид энэхүү эх сурвалжийг хувиараа судлах, дуудлагадаа болон гэр бүлдээ хэрхэн ашиглах талаар гишүүдэд заах зэрэгт ашиглаж болно.”
Армяны Ереван дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Саргис Аяавазан хэлэхдээ гишүүд нь армян хэлний хуудсаас дуудлагаа гүйцэтгэхэд нь тэдэнд туслах материалуудыг хэвлэн гаргахад ашиглаж байгаа гэжээ. Мөн Сүмийн талаар мэдээлэл хүлээн авч, уншихдаа хэрэглэдэг ажээ. Тэд төрөлх хэлээрээ ерөнхий чуулганы материалуудыг олж авахад ч үүнийг ашигладаг.