Есүст өгөх миний бэлэг
“Бурханы бүх хүүхдүүд ээ, хайрын бэлгийг үүрд бишрэн гайхахаар авчир” (“The Shepherd’s Carol,” Children’s Songbook, 40).
Гэр бүлийн үдшийн цаг боллоо!” гэж аав дуудав.
Би зочны өрөө рүү яаран ухасхийв. Бид арванхоёрдугаар сарын эхний гэр бүлийн үдшээр үргэлж сонин зүйлсийг хийдэг байлаа.
Миний эмэгтэй дүү Мишель надаас түрүүлж өрөөнд гүйж ороод зөөлөн цэнхэр буйдан дээр харайн гарлаа.
“Шударга биш байна шүү!” гэж би дуу алдлаа. “Чи өнгөрсөн долоо хоног энд суусан ш дээ. Одоо миний ээлж.”
“Би хамгийн түрүүнд ирсэн юм чинь энд суухгүй яах юм” гэж тэр мөчөөгөө өгсөнгүй. “Чи диван дээр сууж болно ш дээ.”
“Диван дээр суухыг хүсэхгүй байна” гэж би намжирдав.
Би Мишель рүү харахгүйн тулд эргэдэг сандал дээр буруу харж суулаа. Тэр заримдаа намайг бүр галзуурахад хүргэдэг юм! Мишель юу хүснэ түүнд хүрч чадна гэж боддог байлаа. Түүний талаар ээжид гомдол мэдүүлэхэд ээж намайг битгий амин хувиа хичээж бай гэнэ.
Манайхан дуулал дуулж, залбирсны дараа аав, “Христийн Мэндэлсний Баяр бол сэтгэл догдлом сайхан цаг. Тиймээс бид энэ баярын жинхэнэ утга учрыг санах хэрэгтэй. Өнөө орой бид Есүст бэлгээ өгөх болно” гэлээ.
Есүст өгсөн бидний бэлэг. Би энэ тухай таг мартчихсан байлаа!
Христ төрсөн учраас бид Христийн Мэндэлсний Баярыг тэмдэглэдэг юм шүү дээ. Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт үүрд мөнх амьдрах хамгийн агуу бэлгийг хүлээн авах боломжоор Тэр биднийг хангасан юм” гэж аав цааш нь ярив.
Тэр үүний хариуд юу хийхийг биднээс хүсдэг вэ?” гэж ээж асуулаа.
“Түүнийг дагаж, зарлигуудыг нь сахихыг” гэж манай ах хариулав.
Ээж бидэнд бүгдэд нь карт, үзэг өглөө. Бид Есүсийг хайрладгаа Түүнд хэрхэн харуулах тухай бичих хэрэгтэй байлаа. Есүстэй илүү адилхан болохын тулд юу хийхээ сонгох нь Түүнд өгөх бидний бэлэг байлаа.
Миний бэлэг юу байх ёстойг би тэр даруй ухаарлаа. Бусад хүмүүс биднийг гомдоолоо ч гэсэн тэднийг хайрлаж бай гэж Есүс бидэнд заасан шүү дээ. Есүс надаас дүүгээ хайрлахыг хүсдэгийг би мэдэж байлаа. Тиймээс би, “Би Мишельдээ сайн байх болно” гэж бичлээ.
Бид картаа алтлаг цаасанд боосон хайрцганд хийж, Христийн Мэндэлсний Баярын сүлд модны дор тавилаа. Бид хайрцгийг харах болгондоо Аврагчаас бидэнд өгсөн бэлгийг бас Түүнд өгсөн өөрсдийн бэлгийг санадаг байлаа.
Хэд хоногийн дараа Мишель миний хайртай цамцыг надаас асуулгүйгээр авчихсаныг би харав. Дүүгээ уурлан загнамаар байсан ч, Алтан хайрцгийг хараад би Есүст хэчнээн их хайртайгаа саналаа. Би дүүдээ сайхан сэтгэл гаргаснаараа Түүнд хайртайгаа харуулж чадна. Тиймээс би, “Мишель чи өнөөдөр үнэхээр гоё харагдаж байна шүү” гэж билээ.
Тэр инээмсэглээд, “Цамцыг чинь асуулгүй авсанд намайг уучлаарай. Намайг хувцаслахад чи байгаагүй. Өнөөдөр Христийн Мэндэлсний Баярын үдэшлэг дээр би ангийхандаа улам гоё харагдахыг хүссэн юм” гэж Мишель хэллээ.
Миний дотор нэг их сайхан болоод явчихлаа. Би Мишельд уурлахын оронд түүнд эелдэг уриалгахан хандсандаа баяртай байв.
Би арванхоёрдугаар сарын үлдсэн хугацаанд үргэлж сайхан зантай байхыг болон Есүстэй улам адилхан байхыг зорилгоо болгохыг хичээж билээ. Тэвчээртэй байж, бусдыг хайрлах талаараа би ахиц дэвшил гаргаж чадсан юм.
Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдэш аав Есүсийн төрөлтийн түүхийг уншиж, өгөхөд гэр бүлийн бусад гишүүд энэ түүхийг жүжигчлэн тоглож билээ. Би Мариагийн дүрд тоглох болсон Мишельтэй маргахгүйн тулд тэнгэр элчийн дүрд тоглохоор шийдсэн.
Жүжигчилсэн тоглолтын дараа бид алтан хайрцгийг нээж, Есүст өгсөн бэлгээ чанга уншиж билээ. Намайг өөрийнхөө бэлгийг уншихад ээж, “Чамайг Мишельд өмнөхөөсөө улам сайн болсныг би харсан. Би охиноороо бахархаж байна!” гэж билээ.
Би ч бас нүүр бардам байлаа. Би ямар ч бэлэг задлаагүй ч гэсэн, ямар нэг онцгой зүйлийг хүлээж авсан билээ. Энэ нь намайг зөвийг хийлээ гэж шивнэсэн Ариун Сүнснээс ирсэн мэдрэмж байлаа.