Сүмд үйлчилсэн нь
Үйлчлэлээр дамжуулан Түүний хайрыг мэдэрсэн ньМишелл Вейсден
Христийн Мэндэлсний Баяраас хоёр долоо хоногийн өмнө би энэ баяртай холбоотой сэтгэл санааны дарамттай тулгарлаа. Чимэглэх сүлд мод, хүмүүст өгөх өч төчнөөн бэлэг худалдаж авах шаардлагатай болов.
Би тавын таван хүүхдийн эх болохоор хэдэн сарын турш өдөр тутмын ажилдаа дарагдаж, өөр юм бодох сөхөөгүй байлаа. Сүмд ирэхдээ хүртэл ээлжит албаа өнгөрүүлж байгаа юм шиг хайш яйш ханддаг болж, хүүхдүүдээ вандан сандал дээр чимээгүй суулгах гэж үйлээ үзнэ. Би амьдралдаа Сүнсийг болон сүнслэг байдлаа өсгөн нэмэгдүүлэхийг хүсч байлаа.
Энэ үед эгч маань зэргэлдээх мужид шинэ байшин худалдаж аваад Христийн Мэндэлсний Баярын өмнө юм бүхнээ жин тан болгохоор хичээж байлаа. Энэ бол ямар ч айлд мундахгүй их ажил юм. Тэр тусмаа эгчид минь энэ нь бүр ч хэцүү байлаа. Найман сартай жирэмсэн, бага насны хоёр хүүхэдтэй эгч маань бас дөрвөн мөч нь дөрвүүл саажиж мэдээгүй болсон нөхрөө асарч тойлно.
Түүнд тохиолдсон сорилт бэрхшээлийг би ойлгодог болохоор амьдрал ахуй нь ямархуу байгааг мэдэх гэж түүнтэй утсаар ярилаа. Тэр өөдрөг үзэлтэй, шинэ тойргийн гишүүд нь тусалж, дэмжинэ гэдэгт итгэлтэй байлаа. Эгчдээ амжилт хүсээд утсаа өлгөхдөө би түүнд 650 километрийн цаанаас хэрхэн туслахаа мэдэхгүй байлаа.
Эгчдээ туслахын тулд би тийшээ очих хэрэгтэй гэсэн бодол тэр орой миний санаанаас удтал гарсангүй. Тэгээд цагийн хуваариа хартал унтах цаг аль хэдийн өнгөрчихсөн байв.
Маргааш өглөө нь сэрэхэд нөгөөх бодол толгойд эргэлдсэн хэвээр байв. Энэ удаад нөгөөх бодол маш их хүчтэй байсан учир түүнээс татгалзах аргагүй байв. Тиймээс би нөхөр рүүгээ утасдаж, “Би эгчдээ туслахаар явах хэрэгтэй байна” гэлээ. Нөхөр маань өчүүхэн ч эргэлзээгүйгээр, “Би ч бас тэгж бодож байна” гэв.
Тэгээд би эгчтэйгээ утсаар ярьж, очих гэж байгаагаа хэлж, үдээс хойшхи нислэгийн билет захиалав. Авч явах юмаа чемодандаа түргэн хийгээд, хүүхдүүдээ үнсэн, баяртай гэж хэлээд нисэх онгоцны буудал руу яаран хөдөллөө.
Би дараагийн гурван өдрийн турш хайрцгуудыг задалж, өрөөнүүдийг янзлан, Христийн Мэндэлсний Баярын сүлд модыг чимэглэхэд туслав. Ихэнх хайрцгуудыг задалсны дараа би эгч болон тэднийхэнтэй хамт сууж, сүлд модыг сонирхлоо. Таван настай миний зээ дүү, гэрийнхэн нь баярыг тэмдэглэхэд бэлэн болсныг хараад, “энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр тун гоё болох нь ээ!” гэж дуу алдав.
Би гэртээ харихаар нисч явахдаа, түр хугацаанд ч болов энэ сайхан гэр бүлийн хэсэг байхдаа надад нэн чухал хэрэгтэй байсан Сүнсийг мэдэрснээ мэдэж байлаа. Би бусдад үйлчилсэн учраас Сүнсийг мэдэрсэн юм.
Христийн Мэндэлсний Баяраар бусдад үйлчлэх тухай ярих нь амархан л даа. Харин тэрхүү үйлчлэл нь бидний ажлын хуваарь дотор багтсан, их үнэ өртөггүй, бидэнд ая тухтай байдлыг хангаж өгдөг байх нь чухал юм. Гэвч Христийн Мэндэлсний Баярын жинхэнэ Сүнсийг үнэхээр мэдрэхийн тулд бид бусад хүмүүст туслах хэрэгтэй. Бид ийнхүү бусдад тусалснаар бид бүгдийг хайрладаг Аврагчийн хайрыг ойлгож чадна.