Бид ийм олон хүүхдийг яаж хооллох юм бэ?
Марта Фернандез-Реболлос, Испани
Миний бие Нийгмийн Халамжийн Бүлгийн ерөнхийлөгчийн хувьд манай жижигхэн салбарын зарим гэр бүлийн хэрэгцээ, тэдэнд тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдэд санаа их зовдог. Эдийн засгийн байдал хүнд байлаа. Нэлээд хэдэн гишүүн ажилгүй болов.
Гэр бүлээ тэжээх нь олон хүний хувьд толгой гашилгасан асуудал болж, урам хугаралт, цөхрөл газар авч, итгэл найдвар алдрах нь Сүмийн гадна талд ердийн зүйл болоод байв. Бүр хүүхэд залуучуудын дотор дэг журамгүй, ирээдүйдээ үл итгэсэн байдал бий болоод байв.
Итгэл найдвар, энэрэл хайр, тусламж дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа хүмүүст юуны өмнө туслах хэрэгцээг салбарын удирдагчид мэдэрч, Тэнгэрлэг Эцэг тэдэнд тохиолдсон сорилт бэрхшээлийг мэдэж байгаа, тэднийг дээрээс харж тусалж дэмжих болно гэдгийг мэдрэхэд нь манай нийгэм дэх хүмүүст туслахыг хичээж байлаа.
Христийн Мэндэлсний Баяр ойртсон үед бид оршин суугаа газрынхаа хамгийн ядуу хүүхдүүдийг зоогт урих санал гаргав. Салбарын гишүүд янз бүрийн аргаар мөнгө цуглуулж, түргэн хоолны газраас хоол, хүнс худалдан авч, цуглааны байруудаа зочид (хүүхдүүд) хүлээн авахад бэлтгэв. Энэ ажилд хүн бүр түүний дотор Хүүхдийн Хэсгийн хүүхдүүд, залуу эмэгтэйчүүд, залуу эрэгтэйчүүд оролцов.
Бид түргэн хоолоор үйлчлэх ажлыг зохион байгуулахдаа хамгийн ядуу гэр бүлүүдийг олохын тулд нийгмийн ажилтнуудтай холбоо барив. Нийгмийн ажилтнууд бидэнд 100 орчим хүүхдийн нэрсийн жагсаалт өгсөн нь бидний бодож байснаас илүү олон байлаа. Ийм олон хүүхдэд зориулж хоол хүнс худалдан авах мөнгө цуглуулна гэдэг боломжгүй юм шиг санагдаж байсан ч бид зорилгоосоо ухарсангүй.
Хүүхдүүдийг хооллох өдөр болоход салбарын ерөнхийлөгч хэдэн диконтой хамт ирж, бидний цуглуулсан мөнгийг аваад зоогийн газар руу явахад, бидний цуглуулсан цөөхөн мөнгөөр ийм олон хүүхдийг яаж хооллох юм бол доо хэмээн бид гайхаж билээ. Тэд зоогийн газар явах үедээ, зөвхөн бага насны хүүхдүүдийг урьж, хоолыг таллан өгөх юм уу эсвэл энэ үйл ажиллагааг хойшлуулах хэрэгтэй гэж бодон залбирчээ.
Тэд зоогийн газарт хүрч ирэхэд салбарын ерөнхийлөгч мөнгөө гаргаж, лангуун дээр тавихад тэдний залбирал хариулагдсан ажээ.
Зоогийн газрын менежер тэднийг хараад инээмсэглэснээ, тэдэнд хэчнээн хоол хэрэгтэй байгаа юм, тэр бүгдийг зоогийн газар үнэгүй өгөхдөө баяртай байх болно хэмээн хэлсэн гэнэ! Тусламж хэрэгтэй өдий олон хүүхдийг ийнхүү өгөөмөр сэтгэл гарган, элбэг дэлбэг хоолоор дайлсныг мэдээд бид бүгд баярлан ура хашгирахад хүргэсэн тэрхүү баяр хөөрийг би үгээр илэрхийлж чадахгүй байлаа.
Тэрхүү өглөгч зоогийн газрын ачаар, хоол авахаар цуглуулсан мөнгөөр бид хамгийн ядуу айлуудад олон сагс дүүрэн хүнсний зүйл худалдан авч хүргүүлсэн билээ.
Бид авьяас чадвар, сайн санааны хүслээ бусдад үйлчлэхэд зориулбал бидний хүч чармайлт талаар өнгөрдөггүйг бид энэ туршлагаас мэдсэн юм. Бид чадах бүхнээ хийсний эцэст Их Эзэн боломжууд хийгээд шийдлээр хангахад бидний гэрчлэл илүү бат бөх болдог билээ.