2012
Эрдэнэ шиш, анхдагчид ба амар амгалан
2012 оны Арванхоёрдугаар сар


Эрдэнэ шиш, анхдагчид ба амар амгалан

Шөрли Хөрст Шийлдс, Юта, АНУ

Бид халаагчгүй машинаар явах учир бидний хөлийг дулаацуулахын тулд пийшин дээр хэдэн тоосго тавьж халаагаад хөнжилд ороолоо. Энэ бол 1935 он байсан бөгөөд бид арванхоёрдугаар сарын эхээр өвөө, эмээ хоёр дээрээ айлчилж очихоор Солт Лейк хотоос Ютагийн Песон руу 96 км явах хэрэгтэй байв. Цас зөөлхөн бударч, бидний өмнөх зам дээр цас хуйлран жижигхэн хуй үүсгэнэ. Манай том ах Фред бид хоёр зузаан хүрэм, хөл загатнуулам бүдүүн ноосон оймс өмсөж, ноосон ороолтоор хүзүүгээ ороосон байлаа. Долоон настай балчир хөвгүүн надад энэ аялал эцэс төгсөлгүй урт юм шиг санагдаж билээ.

Бид жил бүр арванхоёрдугаар сард ийм аянд гардаг байв. Манай эмээ өвөө хоёр Таннерын эрдэнэ шишийн бин хийдэг дулаахан гал тогооны өрөөнд орсон үедээ л бид Христийн Мэндэлсний Баярын уур амьсгалыг жинхэнэ ёсоор мэдэрдэг байлаа. Өвөө галаа түлэхэд эмээ төмөр утсан сагсаа эрдэнэ шишээр дүүргэж, гал дээр хэд хүчтэй сэгсрэхэд эрдэнэ шиш хөөсрөн цагаан болно. Эмээ том ширмэн данхан доторх эрдэнэ шишин дээр зөгийн халуун бал, цөцгийн тос дусааж, газрын самартай хольж хутгана. Холимгийг хөргөхөд бид тостой гараар барин ёстой л амаа олохгүй, үмхэлж гарна. Дараа нь гэр бүл, найз нартайгаа хуваалцахаар бөмбөлгүүд хийнэ.

Гэвч энэ удаагийн Христийн Мэндэлсний Баяр өөр байлаа. Фред бид хоёр ихэвчлэн арын суудал дээр суудаг байсан бол энэ жил бид хоёр өмнө талын вандан суудал дээр аав, ээж хоёрын хооронд чихцэлдэн явна. Нэг настай миний эрэгтэй дүү Герольдын минь цогцостой жижигхэн цагаан авсыг авч явлаа. Улаан бурхан уушигны хатгалгаа болон хүндэрч, нялх дүүгийн минь аминд хүрсэн юм. Бид өглөө эрт цогцос хадгалах газарт очиж жижигхэн модон авс авсан юм.

Хоёр цаг явсны дараа аав биднийг удирдан Христийн Мэндэлсний Баяр дуунууд дууллаа. Аав, ээж хоёрын хоолой нийлэн дуулахад бяцхан хөвгүүнээ алдаад гашуудаж явсан биднийг тэр сайхан дуу тайтгаруулж билээ.

Биднийг өвөөгийн байшинд хүрч ирэхэд, садан төрлийн баахан улс биднийг хүлээж байлаа. Авсыг хойд талын суудлаас авч өвөөгийн сэрүүн лавринд оруулав. Өвөөгийн бишоп товчхон үг хэлсний дараа бид буцаж машиндаа суугаад оршуулгын газар руу явлаа. Бид тэнд очоод хөөрхөн хөвгүүнийг хөлдүү газарт нутаглуулах болсондоо бүгд мэгшин уйлж байлаа.

Христийн Мэндэлсний Баяр болов. Гал түлж, эрдэнэ шишээр бин хайраад өвөөгийн морин чарган дээр эрдэнэ шишээр хийсэн баярын бөмбөлгүүдийг хүмүүст тарааж өгөв. Тэр өдөр гунигтай байсан ч, итгэл бишрэл ихтэй өвөө, эмээ хоёрын уншсан Христийн төрөлтийн түүхийг сонсоход ер бусын хүчтэй мэдрэмж төрж байж билээ.

Манай өвөө эмээ хоёр бол анхдагч эцэг эхийн хүүхдүүд юм. Анхдагчид олон хүүхдээ хээр талд оршуулсан гэдэг. Манай гэр бүл бяцхан хөвгүүнээ алдсанд гашуудаж байх үеэрээ бидний өвөг дээдэс Бурханы Хүүд хандан Түүний үгийг сонсож байсан газарт очиж үзлээ. Тэр жил бидний сонссон Христийн Мэндэлсний Баярын түүх ердийнхөөс өөр байсныг би санадаг. Учир нь тэжээлийн тэвш өлгий нь байсан бяцхан хөвгүүн амилсан шиг хөлдүү газарт оршуулсан бидний бяцхан хөвгүүн дахин амьдрах болно гэдэгт бид итгэлтэй байлаа.

Тэр өдрөөс хойш олон арван жил өнгөрсөн ч би Христийн Мэндэлсний Баяр болгоноор эрдэнэ шишийн бин дээр зөгийн балтай цөцгийн тос түрхэж, самартай хутган, холимгийг бөмбөлөг хэлбэртэй болгодог хэвээр байгаа мөн ингэдэг байснаа эргэн санадаг.