2012
Есүс Христийн сайн мэдээ Бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм
2012 оны Арванхоёрдугаар сар


Бид юунд итгэдэг вэ?

Есүс Христийн сайн мэдээБошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм

Аврагч цовдлуулж, Түүний Төлөөлөгчид нас эцэслэсний дараа хүмүүс сайн мэдээний зарим сургаал болон ёслолуудыг өөрчилсөн юм. Хэдийгээр олон сайн хүмүүс Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээг ойлгож, заахыг хичээж байсан ч, сайн мэдээний үнэнүүд бүрнээрээ байх боломжгүй болжээ. Үүний уршгаар, амьд үлдсэн Христэд итгэгчдийн дунд урвалт янз бүрийн шатанд явагдсан ажээ. Тэдэнд олон үнэн байсан ч, Христийн сургаал, ёслолууд болон санваар бүрнээрээ хэнд нь ч байсангүй.

Ийнхүү үнэн алгуураар алга болно гэдгийг бидний Тэнгэрлэг Эцэг мэдэж байсан учраас Есүс Христийн бүрэн сайн мэдээг Библитэй зүйрлэхүйц эртний нэгэн сударт хадгалан үлдээсэн юм. 1800-гаад оны эхэн үеэр Моронай хэмээх тэнгэр элч, мөнөөх ариун судар олон зууны туршид булаастай байгаа газрыг Иосеф Смитэд зааж өгчээ. Алтан ялтсууд дээр бичигдсэн энэхүү цэдэг эртний Америк тивийн зарим оршин суугчидтай харилцсан Бурханы үйл хэргийн тухай бошиглогчдын бичээсүүдийг агуулдаг. Бошиглогч Иосеф Смит Бурханы бэлэг хийгээд хүчээр эдгээр ялтсууд дээрх бичээсүүдийг орчуулсан билээ. Энэхүү цэдэг бол Мормоны Ном: Есүс Христийн бас нэгэн гэрээ юм.

Иосеф Смит Бурханы сургаалуудын тухай мэдлэгээр Мормоны Номыг орчуулсан бөгөөд Сүнс түүний багш, Мормоны Ном орчуулах материал нь байлаа. Иосеф Смитэд асуулт гарсан үед тэр Бурханд хандан залбирахад Бурхан асуултын хариуг нь түүнд илчилдэг байв. Боловсролгүй залуу Иосеф Смитэд нэн чухал үнэнүүдийг заасан энэхүү үйл явц нь Сэргээлтийн Бошиглогч болсон түүний дуудлагад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Бошиглогч Иосеф Смит өгүүлсэн нь:

  1. “Үнэндээ би гэрэл харсан бөгөөд тэр гэрлийн дунд хоёр Хүнийг харсан, бас тэд үнэн бодитойгоор надтай ярилцсан билээ; энэ нь үнэн хэдий ч, намайг үзэгдэл харсан хэмээн хэлсний төлөө мөрдөн хавчиж, мөн үзэн ядаж байсан юм; … би үүнийг мэдэх бөгөөд Бурхан ч үүнийг мэднэ гэдгийг мэднэ, би үүнийг үгүйсгэж чадахгүй, мөн үүнийг хийж зүрхлэх нь үгүй.”1

  2. “Би Мормоны Номыг Бурханы хүчээр зурган бичгээс орчуулсан. Энэхүү мэдлэг дэлхийгээс алга болсон бөгөөд боловсролгүй залуу би энэхүү гайхамшгийг эзэмшиж, дэлхийн мэргэн ухаан хийгээд арваннаймдугаар зууны үеийн харанхуй бүдүүлэг байдалтай шинэ илчлэлтээр ганцаар тулалдахад хүрсэн юм.”2

  3. “Би ах нарт хэлсэнчлэн Мормоны Ном бол энэ дэлхий дээрх бусад бүх номноос хамгийн зөв нь, мөн манай шашны тулгуур чулуу, түүнчлэн бусад ямар ч номноос илүүтэйгээр, түүний зааврыг мөрдсөнөөр л хүмүүн Бурханд илүү ойртох болой.”3

  4. “Дэлхийн эхлэлээс хойш бүх ариун бошиглогчдын амаар яригдсан бүх зүйлсийн бүрэн байдлын эрин үе дэх сүүлчийн хаант улсын түлхүүрүүдийг… миний бие Мелкизедек санваарын лацдан холбогч хүчээр атгаж байгаа билээ.”4 (С ба Гэрээ 27:11–12-ыг үзнэ үү.)

  5. “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь шууд илчлэлтээр, … Бурханы таалал болон адислалуудаар, Бурханы үнэн Сүм болж үндэслэгдсэн бөгөөд Сионы зорилгыг урагш ахиулахын тулд, миний бие Түүний мутарт зэмсэг болсон билээ.”5

  6. “Бидний Аврагч Амилалтынхаа дараа энэ тивд [Америк] Өөрөө хүрч ирэн Сайн мэдээг бүрнээр нь, баялаг агуулга хийгээд бүх хүчтэй нь, адислал болгон сэргээснийг [Мормоны Ном] бидэнд өгүүлдэг.6

Эшлэл

  1. Иосеф Смит—Түүх 1:21–25

  2. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 414.

  3. Teachings: Joseph Smith, 64.

  4. Teachings: Joseph Smith, 511.

  5. Teachings: Joseph Smith, 195.

  6. Teachings: Joseph Smith, 64.

Бид Иосеф Смитийг Бурханы бошиглогч гэдэгт итгэхийн хамт Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христийг шүтэн биширдэг.

Зүүн талаас: Тэр хүнийг магтъя, Хон МкНоотон; Иосеф Смитийн Анхны үзэгдэл, Грег Өүлсон, хуулбарлаж болохгүй; Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байгаа нь, Дел Парсон © 1996; Их Эзэний бошиглогч, Давид Линдсли, Хуулбарлаж болохгүй; Мелкизедек санваарыг сэргээсэн нь, Лиз Лемон Свиндл, хуулбарлаж болохгүй; Есүс Христийн Сүм 1830 онд зохион байгуулагдсан нь, Жозеф Брики, хуулбарлаж болохгүй;Хүүхдүүдээ анхаар, Давид Линдсли © 1983.