2012
Гэрэл ба гэрчлэлийн уламжлал
2012 оны Арванхоёрдугаар сар


Гэрэл ба гэрчлэлийн уламжлал

Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр 2012 оны 1-р сарын 24-нд онцгой цугларалт дээр хэлсэн үгнээс. Англи хэлээрх бүрэн эхийг web.byui.edu/devotionalsandspeeches-ээс үзнэ үү.

Ахлагч Л.Том Перри

Жилийн энэ үеийг танай гэр бүл үүрд мөнхийн өнөр бүлийн хувьд хамтдаа цуглан, сүнслэг байдлын арвин баялаг туршлага хуримлуулдаг уламжлалт үе болгон хүлээдэг бай.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол үнэхээр дэлхий дахины Сүм мөн. Гэвч агуу үндэстэн, Америкийн Нэгдсэн Улс бий болоогүй бол Сүм хэзээ ч өнөөдрийнх шигээ болж чадахгүй байсныг хүлээн зөвшөөрөх нь чухал. Эрх чөлөө ба шүтэн бишрэх эрхийг эрэлхийлдэг хүмүүсийн анхаарлыг татах шинэ нутгийг Их Эзэн бэлтгэсэн юм. Хувь хүмүүст ухамсрынхаа дагуу шүтэн бишрэх эрх чөлөөг нь хангаж өгөх төр засгийг байгуулах явдлыг үүргээ гэж үзсэн хүчтэй удирдагчдаар энэ нутаг адислагдсан билээ.

Нэгдсэн Улсыг үндэслэгч Эцгүүд, шүтлэг бишрэл бол хүчтэй төр засгийг төвхнүүлэх үндэс суурь мөн гэдэгт итгэж байжээ. Гэвч дэлхий дэх олон хүмүүс шүтлэг бишрэл бол улс төрийн бодлого, хууль тогтоомж, засаглалын системд чухал ач холбогдолтойг мартдаг. Жишээ нь, Нэгдсэн Улсыг үндэслэгчид шүтлэг бишрэл чухал үүрэгтэйд итгэж байсны адилаар энэ нь өнөөдөр ч гэсэн чухал үүрэгтэй байгааг олон америкчууд ойлгодоггүй. Үндэслэгч эцгүүд шүтлэг бишрэл ба ёс суртахууныг оюун ухааны дасгал гэж үзээгүй, харин сайн засаглалын болон хүн төрөлхтний аз жаргалын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг хэмээн тунхагласан юм.

Нэгдсэн Улсын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон Салах ёслол дээр хэлсэн үгэндээ энэ байр суурийг тайлбарласан юм. Тэрбээр ийн хэлжээ:

“Улс төрийн бодлогыг хөгжил цэцэглэлтэд хүргэдэг бүхий л үзэл баримтлал, хэвшин тогтсон чиг хандлагуудаас шашин, ёс суртахуун хоёр нь зайлшгүй чухал тулгуур багананууд юм. …Ёс суртахуун шашингүйгээр оршин тогтнож чадна гэсэн үзэл бодолд хууртагдахаас болгоомжлогтун. … Учир шалтгаан, туршлага аль аль нь шүтлэг бишрэлийн зарчмыг үгүйсгэвэл үндэсний ёс суртахуун давамгайлах болно гэж хүсэн хүлээхийг бидэнд хориглодог.

Ариун журам буюу ёс суртахуун нь олон түмний төр засгийн зайлшгүй чухал эхлэх цэг гэдэг нь туйлын үнэн юм.”1

Нэгдсэн Улс бол Мормоны Номонд зөгнөн хэлэгдсэн амлагдсан нутаг бөгөөд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтэнд шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд сүнслэг хүмүүст бурханлаг удирдамж өгөгдсөн газар юм. Америкийн Нэгдсэн Улс бий болсон нь бошиглогчид болон илчлэгдсэн мэдлэг байхгүйгээс дэлхий харанхуй байсан Их Урвалтад төгсгөлийн цэг тавьсан юм. Анхны Үзэгдлийн тэрхүү сайхан өглөө Нэгдсэн Улс үндэслэн байгуулагдсанаас хойш хэдхэн арван жилийн дараа тохиосон нь тохиолдлын хэрэг байгаагүй юм.

Анхны Үзэгдэл үнэний олон илчлэлтэд үүд хаалгыг нээсэн билээ. Бурхан тэргүүтний мөн чанарын тухай мэдлэг сэргээгдсэн юм. Шинээр орчуулагдсан энэхүү судар нь Есүс Христийн хоёрдахь гэрчлэл бөгөөд гэрээ юм. Санваарын сэргээлт нь дэлхий дээр дахин байгуулагдсан Есүс Христийн Сүмд санваарын ёслолуудыг Бурханы нэрээр Түүний хүч хийгээд эрх мэдлээр гүйцэтгэх онцгой боломжоор хүн төрөлхтнийг дахин адисалсан билээ. Бид бол сэргээгдсэн Сүмийн гишүүд байхаар адислагдсан хүмүүс.

Сүнсний аюулгүй байдлын төлөвлөгөө

Сэргээгдсэн Сүмийн үй олон адислалын нэг нь амьд бошиглогчид юм. Ерөнхийлөгч Харольд Б.Лий (1899–1973) эн тэргүүнд анхаарах зүйлсийн талаар тод томруун ойлголтыг бидэнд өгсөн юм. “Туслах бүлгүүдэд бидний хийдэг ажлын ихээхэн хэсэг нь хувь хүмүүсийг төлөвшүүлэх ажлын үндэс суурийг тавих явдал байдаг. Бид ингэхдээ сүнсийг төлөвшүүлэх ёстойгоо мартах ёсгүй” хэмээн тэрээр сургажээ.2

Ерөнхийлөгч Лий эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, гэр бүлүүдийн авралд Сүмийн гүйцэтгэх үүргийг бууруулаагүй юм. Харин ч тэрээр, Есүс Христийн сайн мэдээний амин судас нь хувь хүмүүс, гэр бүл, гэр орон бөгөөд Сүмийн үйл ажиллагаа нь эдгээрийг дэмжихэд чиглэдэг гэдгийг тэрээр яруу тодоор заасан юм.3 Тиймээс Сүм бол бидний хувьд мөнхийн гэр бүлүүдийг төлөвшүүлэх гол түшиц газар мөн.

Би бол Вингийнхний гэр бүлийн удмын хүн. Вингийн гэр бүлийн гишүүд өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн Нью-Ингланд дахь хуучин байшингаа одоо хүртэл эзэмшсээр байна. Энэ байшинг Эртний Цайз Байшин гэдэг. Энэ байшин Стефен Винг гэр бүлийнхээ хамт 1635 онд Америкт ирсний дараа тэдний гэр орон болжээ.

Байшингийн төв хэсгийг хамгаалалтанд зориулж барьсан гэдэг. Байшингийн хана 0.6 метр зузаан, царс модны голыг цавчиж, газар ухан суулгаж, Нью-Ингланд цайзын маягаар тусгаар хоёр ханатай барьсан ажээ. Хоёр хананы хоорондох зайг нум сум, бууны сумнаас хамгаалахын тулд элсэн чулуугаар дүүргэсэн байжээ. Цайз нь гол төв болдог байв. Вингийнхний ам бүл өсч олшрохын хэрээр анхны цайзын байшингийн хоёр талд өргөтгөл барьсан ажээ. Гэвч цайз нь хамгаалалт, толгой хоргодох найдвартай оромж хэвээр үлдсэн юм.

Бид бүгд дэлхийн нөлөөнөөс хамгаалах сүнсний аюулгүй байдлын найдвартай газруудыг бий болгох ёстой. Ийм газруудад бид гэр бүлийн гишүүдээ хамгаалан, сайн мэдээний үндсэн гол үнэт зүйлсэд аль хэдийн заналхийлж эхэлсэн дэлхийн сорилт бэрхшээлүүдийг хэрхэн даван туулахыг тэдэнд заадаг байх ёстой. Би өөдрөг үзлийг эрхэмлэдэг хүн. Иймээс дэлхийд нааштай өөрчлөлт гарна гэдэгт үргэлж итгэлтэй байдаг. Гэвч би бас аливаад бодитой ханддаг хүн. Тиймээс нааштай өөрчлөлт гарахгүй тохиолдолд баримтлах хувилбар төлөвлөгөө надад бий. Миний сүнсний аюулгүй байдлын төлөвлөгөөнд сайн ба муу зүйл аль алиныг нь янз бүрийн арга замаар хэрэгжүүлэхээр тусгасан юм. Гэр бүлийнхээ сүнсний аюулгүй байдлын ийм хувилбар төлөвлөгөө гаргахад мэдэх ёстой зүйлийг би хаанаас олж болох вэ? Би Сүмийг мөнхийн гэр бүлээ төлөвшүүлэх түшиц газар гэж үздэг.

Ерөнхийлөгч Лий Сүмийг манай мөнхийн гэр бүлүүдийг төлөвшүүлэх түшиц газар гэж хэлснийг би хоёр үндсэн шалтгаанаар өндөр үнэлдэг. Нэгдүгээрт, энэ нь Сүм гэж юу болохыг ойлгоход надад тусалсан юм. Хоёрдугаарт, үүнтэй эн чацуу чухал зүйл бол Сүм биш болохыг би ойлгосон явдал юм.

Бошиглогч Жозеф Смит удирдагчийн үүргээ Сүмийн түшиц газар юм гэж тайлбарласан.4 Мөнхийн зарчмууд нь Бурханы хаант улсын тухай сургаалуудад байдаг бөгөөд Түүний мөнхийн аз жаргалын төлөвлөгөөнд тусгалаа олсон юм. Энэхүү түшиц газар нь Сүмийн гишүүд бидний хувьд мөнхийн гэр бүлээ төлөвшүүлэхийн төлөө шударга ёсны зарчмуудыг бие биедээ зааж, бие биенээсээ суралцах болон авралын ёслолуудыг хүлээн авахын тулд цугладаг, аюулгүй газар юм.

Сүм эцэг эхчүүдийн ажлыг хийдэггүй, харин эцэг эхчүүдийн ажлыг удирддаг гэдгийг анхаарагтун. Сүм мөнхийн загварыг санал болгодог. Мөнхийн гэр бүлийг төлөвшүүлэгч бид хэрэв энэхүү мөнхийн загварын дагуу гэр бүлээ төвхнүүлбэл, хамгийн хайртай хүмүүсийнхээ төлөөх бидний хүч чармайлт тэдний аюулгүй байдал, хамгаалалтыг хангана.

Бидэнд тулгардаг сорилт бол сүнслэг байдлын хувьд хүчтэй, эсвээс бие бялдрын хувьд Эртний Цайз Байшингаас илүү хүчирхэг гэр бүлийг төлөвшүүлэхэд Сүмийг түшиц газар болгон ашиглах явдал юм. Бид үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Уламжлалын ач холбогдол

Гэр бүлийн уламжлал нь царс модны голыг цавчиж, газар ухан суулгаж барьсан Эртний Цайз Байшинтай адил юм гэдэгт би итгэдэг. Гэр бүлийн уламжлалууд, баяр, төрсөн өдөр тэмдэглэдэг уламжлал, ням гарагийн болон хоолны цагийн уламжлалд хүндэтгэлтэй хандахын сацуу амьдралын явцад шинээр бий болсон нэн чухал уламжлалуудыг хөгжүүл. Эдгээр уламжлалд хүндэтгэлтэй хандаж, тэмдэглэл хөтлөн, тогтмол баримтлахыг анхаар. Залуу хүмүүс бүлгүүдэд нэгддэгийн шалтгаан нь хүн үргэлж бусад руу буюу хамт олон руу тэмүүлдэг уламжлалт сэтгэлгээтэй холбоотой болохыг судалгаа харуулж байна. Гэр бүл ч мөн л ийм юм. Жилийн энэ үеийг танай гэр бүл үүрд мөнхийн өнөр бүлийн хувьд хамтдаа цуглан, сүнслэг байдлын арвин баялаг туршлага хуримтлуулдаг уламжлалт үе болгон хүлээдэг бай.

Энэ бол энгийн хийгээд амар хялбар шийдэл юм. Ром хот ганцхан өдөр баригдаагүй шиг, гэр бүлийн уламжлалууд гэнэт бий болдоггүй. Урт удаан хугацаанд үргэлжилдэг, үндсэн уламжлалуудын сацуу тэдгээрээс салбарлан олон уламжлал гэр бүлд хэвшин тогтдог. Гэр бүлд тогтсон уламжлал нь гэр бүлийн гишүүн бүр үүрэг хариуцлага хүлээж, энэхүү үүрэг хариуцлагаа биелүүлэхийн тулд хүч чармайлтаа нэгтгэсэн үед л гагцхүү зохих ёсоор ажилладаг. Энэ нь гэр бүлийн гишүүд цагийг хамт өнгөрүүлж, хэрхэн хамтран ажиллахад суралцах хэрэгтэй гэсэн үг юм. Гэр бүлд ийм уламжлал тогтоход гэр бүлийн гишүүд цагийг үр ашиггүй өнгөрүүлэх явдал байхгүй болно.

Жишээ нь, ажил эрхлэлтийн тухайд гэхэд, уг ажил өдөр бүр өөрөөс тань хэчнээн цаг шаардах вэ? гэдгийг бодож үзэх ёстой. Хэрэв уг ажил өдөр 14 цаг ажиллаж, хүүхдүүдээ унтсан хойно гэртээ ирэхийг танаас шаардвал яах вэ? Ийм ажилд орохгүй байхыг би танд зөвлөж байна. Хэрэв ийм ажилд орохоор сонговол та гэр бүлтэй хамт байх арга замыг бүтээлчээр сүвэгчлэх хэрэгтэй болно. Сүмийг түшиц газраа болгох нь үүрд мөнхийн зорилгоо энэ тэргүүнд тавихыг танд сануулах болно.

Би жижиглэнгийн худалдааны бизнесийг ажил мэргэжлээ болгон сонгож авсан. Манай дэлгүүрүүд долоо хоногт зургаан өдөр өглөөний 10:00-аас оройн 10:00 хүртэл ажилладаг байлаа. Миний ердийн ажлын өдөр хамгийн багаар 10 цаг, заримдаа 12-15 цаг үргэлжилдэг байлаа. Гэвч хүүхдүүдтэйгээ хамт өнгөрүүлэх цаг гаргахыг үргэлж анхаарч, Сүмийг түшиц газраа болгодог байсан нь үүрд мөнхийн зорилгуудаа эн тэргүүнд тавихыг надад байнга сануулдаг байлаа.

Жишээ нь, би хүүхдүүдээ дэлгүүрт бүрэн бус цагаар ажиллуулдаг байлаа. Манай ууган охин дэлгүүрүүдэд ирж, худалдааны тайлан мэдээ, баримтуудыг шалгаж, шинэчилдэг байсан манай тайлангууд үргэлж үнэн зөв байхад, жил тутам харьцуулсан тайлан мэдээ гаргахад надад тусалдаг байв. Би хүүгээ зун худалдааны бүртгэл тайлан хөтлүүлж, цалин өгдөг байв. Би отгон охиноо бүрэн бус цагийн кассчнаар ажиллуулахын тулд кассын машиныг хэрхэн ажиллуулахыг түүнд зааж өгсөн. Энэ бүхэн нь нэг нэгнийгээ өдөржин харж байх, долоо хоногийн нэлээд хэдэн өдөр үдийн хоолыг хамт идэх, үнэ цэнэтэй цагийг байнга хамт өнгөрүүлэх боломжийг бидэнд олгодог байв. Бидний хамт байдаг хамгийн сайхан цаг бол өдөр тутмын ажлаасаа амардаг цаг байлаа.

Бидний мэргэжлийн амьдралын түшиц газар

Сүм бидний мэргэжлийн амьдралд түшиц газраар хангаж чадна гэдэгт би бас итгэдэг. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүд бид Аврагчийг болон Түүний Сүмийг төлөөлдөг билээ. Бид өөр сүмийн хэн нэгэнтэй адил хэмжээнд сайн байх нь хангалтгүй юм. Ерөнхийлөгч Жорж Альберт Смит (1870–1951) дараах үгийг хэлж, ийн сургамж өгчээ:

“Сүүлийн нэг жилийн дотор энэ нутагт [Солт Лейк хот] амьдардаг, Сүмийн гишүүн биш хэд хэдэн хүнтэй танилцаж, сайн мэдээний талаар тэдэнтэй ярилцах завшаан надад тохиосон билээ. Тэдний дунд энд хорин жил амьдарсан нэг хүн, амьдрал нь ээдрээтэй болсон нэг хүн, нэг сайн иргэн, нэг гарамгай бизнесмен, бусад хүмүүст эелдэг уриалгахан ханддаг нэг хүн байлаа. Тэр хүн биднийг бусад сүмийн гишүүд шиг л сайн хүмүүс гэж боддог бөгөөд бидний хооронд ямар нэг ялгаа байдаггүй … хэмээн надад ярьж билээ.

Ах, эгч нар аа, энэ бол миний хувьд магтаал үг биш гэдгийг би та нарт хэлэхийг хүсч байна. Хэрэв Есүс Христийн сайн мэдээ намайг илүү сайн хүн болгоогүй бол би одоо ийм байхгүй байсан нь лавтай. Хэрэв энэ Сүм дэх манай хөршүүд Бурханы зарлигуудыг сахьснаас амьдралд нь ирсэн ашиг тусыг хараагүй бол Израилд шинэтгэл хийх хэрэгтэй байгаа нь тэр.5

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшихүйц зохистой Сүмийн гишүүн ямар ч мэргэжилтэй байлаа гэсэн бусдаас үргэлж ялгарч харагддаг байх ёстой. Бусдаас өөр байхыг хичээ. Сүмийн жишгүүдээр амьдарснаараа бусдыг гомдоохвий гэж хэзээ ч бүү санаа зов. Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг эзэмшихээр зохистой амьдрах нь та нарыг үргэлж адислах бөгөөд таныг ямар ч нөхцөл байдалд, хэзээ ч гомдоход хүргэхгүй гэдгийг би та нарт амлаж байна.

Аврагчийн Гэрлийн тухай тунгаан бодохуй

Би өдөр бүр сонин харж, уншихдаа бид өөрөө өөрсдөдөө бий болгодог хүндрэлүүдийг хараад дотор бачимдах шиг болдог. Цаг хугацаа, нөхцөл байдал өөрчлөгдөж, ээдрээ төвөгтэй болохын хэрээр, удирдах үүрэг хариуцлагын хүндийг мөрөн дээрээ амжилттай авч явах хувь хүмүүс улам цөөхөн болж байна. Дэлхий хурдан өөрчлөгдөж байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатайг би өнөөгийн болон ирээдүйн удирдагч та бүхэнд сануулж байна. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа ярвигтай сорилтуудыг шийдвэрлэх чадвартай, хангалттай зоригтой удирдагчид бидэнд тулгамдсан хэрэгцээ болоод байна.

Иудейн болон Христийн шашны сургаалууд дээр суурилсан уламжлалт ёс суртахууны үндэс суурь Нэгдсэн Улс болон бусад улс үндэстнүүдэд ганхан доройтож байна. Энэхүү уламжлал нь шударга ёс, нигүүлсэнгүй сэтгэл, хүний нэр төрийг эрхэмлэн дээдлэх явдал дээр тулгуурладаг. Энэ нь хууль, дүрэм журмууд дээр биш, харин зөвт, сайн иргэн хүнд байдаг Христийн Гэрэл дээр үндэслэгддэг.

Эдгээр итгэл болон үнэт зүйлстэй санаа нэгддэг хүмүүсийн тоо буурч байгаа бол та бид үзэл бодолдоо үнэн итгэлтэй хэвээр байгаа билээ. Бид Түүнийг төлөөлнө хэмээн Аврагчтай гэрээ хийсэн хүмүүс. Бид Есүс Христийг төлөөлж, Христийн Гэрлийг амьдралдаа тусгаснаар олон ах, эгч нартаа Иудейн болон Христийн шашны сургаалууд дээр суурилсан өв уламжлалаа санахад нь тусалж чадна.

Бид Есүс Христийн бурханлаг чанарыг тунхаглаж, гэрчлэхдээ зоригтой байх ёстой. Түүнийг бүх хүн төрөлхтний түүхэнд хамгийн чухал Хүн байсан гэдэгт итгэдгээ бусдад мэдүүлэхийг бид хүсдэг билээ. Түүний амьдрал болон сургаалууд нь ариун судрууд хэмээн бидний нэрлэдэг Библи болоод бусад номуудын амин судас нь юм. Хуучин Гэрээ Христийн мөнх бус үйлчлэлийн өмнөх үйл явдлуудыг дүрсэлдэг. Шинэ Гэрээ Түүний мөнх үйлчлэлийг дүрслэн харуулдаг бол Мормоны Ном Түүний мөнх бус үйлчлэлийн хоёр дахь гэрч болон бидэнд өгөгдсөн юм. Тэрбээр Бурханы бүх хүүхэд Түүний тухай, Түүний сургаалуудын тухай мэдэхийн тулд Өөрийн сайн мэдээг бүх хүн төрөлхтөнд тунхаглахаар дэлхийд ирсэн юм. Дараа нь Тэрбээр бидний Аврагч хийгээд Гэтэлгэгч болохын тулд амиа өргөсөн билээ. Аврал зөвхөн Есүс Христээр дамжсан үед боломжтой. Чухам иймээс бид Түүнийг бүх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гол хүн гэдэгт итгэдэг. Бидний мөнхийн хувь тавилан үргэлж Түүний мутарт байдаг. Түүнд итгэж, Түүнийг өөрсдийн Аврагч, Их Эзэн хэмээн хүлээн зөвшөөрөх нь агуу сайхан зүйл.

Сүмийн хийсэн, хийж байгаа болон хийж чадах бүх зүйл танай гэр бүлийн төлөө юм гэдгийг санагтун. Түүнчлэн энэ бол өөр аль нэг сүм биш, энэ бол Есүс Христийн сэргээгдсэн Сүм гэдгийг санагтун.

Эшлэл

  1. Washington’s Farewell Address, хянан тохиолдуулсан Томас Аркл Кларк (1908), 14.

  2. Teachings of Presidents of the Church: Harold B. Lee (2000), 148.

  3. Teachings: Harold B. Lee, 148–49-ийг үзнэ үү.

  4. Сүмийн Ерөнхийлөгчдийн сургаалаас: Иoсеф Смит (2007), 211.

  5. Teachings of Presidents of the Church: George Albert Smith (2011), 7–8.

Гэрэл зургийн чимэглэлийг Жон Лук © IRI

Зураг чимэглэлийг Дан Бөрр

Их Эзэн Есүс Христ, Дел Парсон, © 1983 IRI; photo illustration © IRI