2012
Та нарын дундах Христийн Мэндэлсний Баяр
2012 оны Арванхоёрдугаар сар


Тэд бидэнд хандан ярив

Та нарын дундах Христийн Мэндэлсний Баяр

“A Mission Christmas”-ээс авч нийтлэв, Church News, 2011 оны 12-р сарын 17, 10.

Ахлагч Жеффри Р.Холланд

Итгэлдээ тууштай бай. Өөрийнхөө нөхцөл байдлаас сайн бүхнийг эрж хай. Хэн нэгэнд ямар нэг сайн зүйлийг хий. Христийг элдэв эрээн мяраан, чамин зүйлсгүйгээр эрж хай.

Гэр орноосоо хол байх үед тэмдэглэсэн анхны Христийн Мэндэлсний Баярыг хүн бүр санадаг гэж би боддог. Бид номлолд буюу цэрэгт явах, оюутан болох буюу ажилд орсноор гэр орноосоо хол амьдрах шаардлагатай болж болно. Ямар ч шалтгаанаар байсан, гэрээсээ хол тэмдэглэсэн анхны Христийн Мэндэлсний Баяр бид бүгдэд гунигтай дурсамж үлдээдэг. Христийн Мэндэлсний Баяраар гэрээсээ хол байгаа эсвэл энэ жил гэрээсээ хол байгаа хүмүүст би өөрийн дурсамжийг зориулж байна.

Тэгэхэд би номлолд үйлчилж байлаа. Би үүнээс өмнө 19 жил Христийн Мэндэлсний Баярыг гэр бүл, найз нөхөдтэйгөө хөгжилдөн тэмдэглэсэн юм. Би бага залуудаа Христийн Мэндэлсний Баярыг үүнээс өөр байдлаар өнгөрүүлэх юм гэж огт боддоггүй байснаа санадаг.

Гэтэл 1960 оны Христийн Мэндэлсний Баяр ойртож байсан үед би гэр бүл, найз нөхдөөсөө алс хол дэлхийн нөгөө хагаст байлаа. Тэр үед би Англид ирээд гурван сар орчим болж байсан бөгөөд би Канадын Альбертаггийн Чампионоос шинээр ирсэн, өөрийн анхны бага хамтрагч Ахлагч Элдон Смитийг угтаж авахаар номлолын оффист анх удаа арванхоёрдугаар сард дуудагдсан юм. Биднийг урьд өмнө нь Хожмын Үеийн Гэгээнтэн номлогчид хэзээ ч очиж байгаагүй нутаг Сөрри гүнлэг дэх Гильдфорд хэмээх хуучныг баримтлагч хотод номлолын ажлыг эхлүүлэхээр явуулав. Бидний мэдэхээр тэндхийн цорын ганц гишүүн тэр нутагт хаа нэгтээ нуугдаж байгаа ажээ. Бид нас залуу, туршлагагүй, сэтгэл бага зэрэг зовж байсан ч, бидний зориг мохож, зүрх үхээгүй юм.

Бид хоёр цагдаагийн газарт бүртгүүлж, орон байр олж төвхнөөд, юуны өмнө цорын ганц Сүмийн гишүүнээ хайсан ч олж чадсангүй, тэгээд өөрсдийн мэддэг цорын ганц зүйлийг хийж эхлэв. Энэ бол айлуудаар явж хаалга тогших ажил байлаа. Бид хоёр өглөө, өдөр, үдээс хойш, бас орой үдшийн цагаар хаалга тогшин явна. Британий түүхэнд хамгийн их бороотой сар байсан болов уу хэмээн бидний бодсон тэр нэгэн арванхоёрдугаар сард бид хоёр унадаг дугуйгаар хотын гудамжуудаар хэрэн явдаг байлаа. Бид хоёр өглөө, өдөр, үдээс хойш, орой уулздаг байсан ч хаалга тогшихоо үргэлжлүүлсээр байлаа. Тэгсээр бидний захиасыг сонсох ердөө ганц хоёрхон хүн л олдов.

Ийм байдлаар Христийн Мэндэлсний Баярын өмнөх үдшийг үзлээ. Британий “колони нутгаас” ирсэн хос номлогчийг хүмүүс сонсох төдийлөн дургүй байсан юм. Тэр үдэш бид хоёр ядарсан ч гэсэн сэтгэл санаа өөдрөг байж, түрээсийн ганц өрөө байрандаа эргэж ирээд Христийн Мэндэлсний Баярын онцгой цугларалт хийлээ. Бид Христийн Мэндэлсний Баярын дуулал дуулж, нээлтийн залбирал хэлээд, судруудаас уншиж, Христийн Мэндэлсний Баярын үнэн түүхүүд нэртэй магнитофоны бичлэгийг сонсов.Тэгээд бид Христийн Мэндэлсний Баярын сэдэвтэй өөр нэг дуулал дуулж, хаалтын залбирал хийгээд унтав. Бид Христийн Мэндэлсний Баярын сайхан зүйлсийг мөрөөдөхөд хэтэрхий ядарсан байлаа.

Христийн Мэндэлсний Баярын өглөө бид хоёр судар судлах хуваарьт цагаа мөрдсөний дараа биднийг энд шилжиж ирснээс хойш ирсэн хоёр гурван боодлыг задлав. Тэгээд бид хаалга тогшихоор гарлаа. Бид хоёр өглөө, өдөр, үдээс хойш, бас орой үдшийн цагаар хаалга тогшин явлаа. Тэгээд ганц ч хүн олсонгүй.

Ийм нэгэн онцгой сонин бус атлаа түүнээс өмнө ч, дараа нь ч надад тохиолдоогүй Христийн Мэндэлсний Баярын 1960 оны арванхоёрдугаар сарын тэр өдрүүд миний хувьд хамгийн сайхан Христийн Мэндэлсний Баяруудын нэг болон зүрх сэтгэлд минь хоногшин үлдсэн юм (50 гаруй жилийн дараа тэр шүү дээ!). Энэ бол Христийн Мэндэлсний Баярыг би амьдралдаа анх удаа зүгээр л хөгжилтэйгөөр тэмдэглэж өнгөрүүлэх биш харин энэ баярын утга учрыг өөрөө ойлгосных байх гэж боддог. Мөн би амьдралдаа анх удаа ийнхүү чухал арга замаар Христийн төрөлт ба амьдралын тухай захиасыг, Түүний сургаал, Түүний үүрэг зорилго болон бусдын төлөө хийсэн Түүний золиослолын утга учрыг ойлгосон гэж боддог.

Би дээрх зүйлсийн уялдаа холбоог бага насандаа ойлгох ёстой байсан юм. Чухамдаа, багаар бодоход ийм ойлголт надад хангалттай хүчтэй төлөвшөөгүй байлаа. Гэвч, бороонд норж, даарсан, санаа нь зовсон 19 настай номлогч миний бие Англид болсон Христийн Мэндэлсний тэр нэгэн Баярыг “ойлгосон юм.” Тэр явдлаас хойш Христийн Мэндэлсний Баяр нь сайн мэдээний бусад олон талын нэгэн адил надад жил бүр чухал үйл явдал болсныг би баттай хэлж чадна. Энэ нь миний номлолоос үүдэлтэй биз ээ.

Христийн Мэндэлсний энэ удаагийн Баяраар би номлогч бүрд, цэргийн алба хааж буй эрэгтэй, эмэгтэй бүрд, мөн магтуу дуунд өгүүлдгээр, “Христийн Мэндэлсний Баяраар гэртээ байхгүй”1 ажилчин хийгээд аялагч бүрд өөрийн хайрыг илгээж байна. Итгэлдээ тууштай бай. Өөрийнхөө нөхцөл байдлаас сайн зүйлийг эрж хай. Хэн нэгэнд ямар нэг сайн зүйлийг хий. Христийг элдэв эрээн мяраан, чамин зүйлсгүйгээр эрж хай. Та нар гадаад нөхцөл байдлыг эс хайхран, Христийн Мэндэлсний Баяр бол “та нарын дундах” (Лук 17:21) Бурханы хаант улс болохыг олж мэдэх болно.

Эшлэл

  • James “Kim” Gannon, “I’ll Be Home for Christmas” (1943).

Зураг чимэглэлийг Пол Манн