Гэр бүлийнхээ ачаар
Та гэр бүлийн гишүүн байснаараа адислагддаг бүх арга замын талаар бодож үзсэн үү?
Бурхан гэр бүлийг “энэ амьдрал болон үүрд мөнхийн хамгийн чухал нэгж” болгон томилсон ч, хоёр гэр бүл хоорондоо адилхан байдаггүй.1 Та хаана амьдардаг болон гэр бүл тань ямар вэ гэдэг нь хамаагүй, гэр бүлдээ агуу аз жаргал авчрахын тулд гэр бүлийн гишүүдийн хооронд бат бөх харилцаа, сүнслэг хүч чадлыг хөгжүүлэхэд тань сайн мэдээ туслах болно. Гэр бүл нь тэдэнд яагаад ийм чухал болох талаар дэлхийн өөр хэсгийн эдгээр өсвөр насны хүүхдүүдийн ярьсан зүйлийг уншигтун.
Гэр бүл мөнх оршиж чадна
АНУ-ын Хойд Каролины Эрин болон түүний гэр бүл (зүүн талд) мөнхийн гэр бүл болох нэг л зорилгыг байнга санаж явдаг ажээ. Гэвч Эриний аав Сүмийн гишүүн биш гэнэ.
“Ээж, дүү нар маань сайн мэдээний адислалуудыг аав хуваалцаасай гэж хүсдэг нь мэдээж хэрэг. Есүс Христийн сайн мэдээ биднийг аз жаргалтай болгосон юм. Иймээс бид аав маань энэхүү аз жаргалыг хуваалцаасай гэж хүсдэг. Бид бүгд бас гэр бүлээрээ ариун сүмд лацдан холбуулахыг маш их хүсдэг байлаа” гэж Эрин ярилаа.
Мөнхийн гэр бүл болохоор эргэлтгүй шийдсэн Эрин, ээж, дүү нарынхаа хамт зарлигуудыг сахьж, бат бөх итгэлийг хөгжүүлэхийн төлөө чадах бүхнээ хийж, сайн мэдээ аавынх нь зүрх сэтгэлд нөлөөлөхийн төлөө тэд бүгд хамтдаа залбирдаг болжээ.
Эриний аав эцэстээ баптисм хүртэж, гишүүнээр батлагдах хүртэл хэдэн жил өнгөрсөн ажээ. Аав нь баптисм хүртсэнээсээ хойш арав хоногийн дараа Эриний эрэгтэй, эмэгтэй хоёр дүүд баптисм хүртээсэн гэнэ. Тэднийхэн ариун сүмд лацдан холбуулах зорилгодоо удалгүй хүрчээ.
Гэр бүл хүч чадал, дэмжлэгийг авчирдаг
Африкийн Камеруны Элизабет, түүний ах Ино хоёр аавыгаа нас барснаас хойш ээждээ найдахаас аргагүй болсон ажээ. “Аавыг нас барсны дараа ээж минь л бидэнд тусалдаг болсон. Бурхан биднийг адисалж, бидний хийдэг бүх зүйлд биднийг хамгаалсан юм” гэж Элизабет ярилаа.
Аавыгаа нас барсны дараа Элизабетын гэр бүл улам ойр дотно болжээ. Тэд 2010 онд Сүмд нэгдсэнийхээ дараа Элизабет, Ино хоёр гэр бүл үүрд мөнх орших боломжийн тухай мэдсэн ажээ.
“Бидний сурсан хамгийн чухал зүйлсийн нэг бол сайн мэдээнээс гэр бүлийн ач холбогдлыг ойлгосон явдал юм.” гэж Элизабет хэлсэн. “Гэр бүлийнхнийхээ ачаар би өдий зэрэгтэй яваа тул гэр бүл бол миний хувьд маш чухал.”
Гэр бүлийн өсөлт хөгжилт нь амар амгаланг авчирдаг
Гэр бүлүүд хамтран үйл ажиллагаа зохион байгуулахдаа бие биедээ хэрхэн тусалж болох талаар Швейцарь улсын гишүүн Адина мэдсэн ажээ.2 Эднийхэн сард нэг удаа зугаалгаар явахаар төлөвлөдөг бөгөөд энэ үеэр бие биенийхээ сонирхдог зүйлсийн талаар илүү ихийг мэддэг ажээ. “Бидний амьдрал, хүсэл тэмүүллийн талаар дүү нартаа гүнзгий ойлголт өгөх боломж бидэнд олдсон юм” хэмээн тэр хэллээ. Нэг удаа аав нь гэрийнхэндээ нохой хэрхэн сургахыг заасан гэнэ (доорх зураг). “Аавынхаа урам зоригийг бас амьдралынхаа чухал хэсэг болон сонирхдог зүйлээ бидэнтэй хуваалцсандаа хэчнээн сайхан байсныг харахад урамтай байлаа” хэмээн Адина дурслаа.
Адина гэр бүлийнхээ үйл ажиллагаануудаар дамжуулан олон ур чадвартай болжээ. Тэрээр амьдралдаа илүү их амар амгаланг мэдэрдэг болсон гэнэ. “Гэр бүл бол өдөр тутмын амьдралын ядаргаанаас амарч, чөлөөтэйгөөр амсхийж, хүч чадлаа сэлбэдэг газар юм. Бас би энэ амьдралд ганцаараа хийж чадахгүй юмаа гэр бүлдээ мэдэж авдаг хэмээн тэр ярив. Өнөөдрийн дэлхий хэтэрхий чимээ шуугиантай хурдан өөрчлөгдөж байгаа ч амар амгалан гэр бүлтэй байгаадаа талархаж байна. Дахин төрж, сэтгэл санааны амралт эдлэх газартай болсондоо би баярлаж явдаг.”
Эдгээр өсвөр насны залуусын нөхцөл байдал, учир үндэслэл өөр өөр ч гэсэн, амар амгалан, хайр энэрэл, дэмжлэг туслалцааг тэд гэр бүлээсээ олж авдгийг мэджээ.