Биднийг дахин уулзтал
Тэр намайг харах болов уу?
Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.
Даниэл хашаанд гүйн орж ирээд “Хэрэв би тэнгэр өөд хараад инээмсэглэвэл Бурхан надад хариу инээмсэглэх болов уу?” гэж надаас асуулаа.
Энэ бол манай хүү Даниэл хүүхдийн цэцэрлэгтээ явахын өмнө, анхны өдрийнх нь өглөө бөгөөд цэцэрлэгтээ явахаар гэрээс гарахдаа асуух хэдэн зүйл түүнд байжээ. “Бодит дэлхий” дэх сорилтуудтай тулгарахаар тэр өөрийгөө бэлтгэгдсэн гэж бодож байгааг нь би мэдэхийг хүслээ. Даниэлийг эзгүйд түүнийг маш их санана даа гэж би түүнд хэллээ. Би хэдийгээр түүнтэй хамт сургуульд явж чадахгүй ч гэсэн тэнгэр дэх Эцэг түүнийг үргэлж харж хандах учраас хэзээ ч айж, ганцаардахгүй гэдгийг мөн хэлэв. Бурхан түүнийг үргэлж сонсож байдаг учир тэр хэзээ ч, хаана ч залбирч болно гэдгийг би түүнд сануулсан юм.
Дөнгөж тавхан настай Даниэл миний үгийг маш анхааралтай сонсож байлаа. Тэр хэсэг бодсоноо “Гэртээ байхад маань ч бас Тэр намайг харж чадах юм уу?” гэж асуув.
“Тийм ээ, чадна” гэж би хэллээ.
“Тэр намайг гадаа байхад харах болов уу? гэж тэр асуулаа.
“Тийм ээ, Тэр чамайг үргэлж харж байдаг” гэж би хариулсан.
Даниел сэтгэл нь догдолж, намайг харснаа арын хашаа руу гүйгээд явчихав. Би түүний араас ойрхон дагаж явлаа. Даниэл дээшээ, үүлгүй цэнхэр тэнгэрийг хараад, “Хэрэв би тэнгэр өөд хараад инээмсэглэвэл Бурхан над руу мөн инээмсэглэх болов уу?” гэж асуув.
Түүний үг миний сэтгэлийг ихэд догдлуулсан учир би үг ч дуугарч чадсангүй, “Тийм ээ” хэмээн толгой дохилоо.
Даниэл хүүхдийн гэнэн цагаан итгэл, сониучхан харцаар тэнгэр өөд ширтсэн хэвээрээ гүн бодлогошрон, “Би Түүнийг харж чадах болов уу?” гэсэн юм.
“Чи Түүнийг харж чадахгүй байж болно, гэвч чи Түүний инээмсэглэхийг зүрх сэтгэлээрээ мэдрэх учраас Бурхан тэнд байдгийг мэдэх болно” гэж би хариулсан билээ.
Даниэл инээмсэглэн, тэнгэр ширтсээр зогслоо. Тэрхүү гэгээн инээмсэглэлийг зүрх сэтгэлийнхээ гүнд мэдэрч байгааг нь тэнгэр элч мэт түүний амар амгалан нүүрнээс би харж байлаа.
Бид бяцхан хүүхдийн үгээс цэвэр итгэл—тэдний үүрд үнэнч байна хэмээн бидний найдах тэрхүү итгэлийг сурдаг. Амьдрал сайхан ч заримдаа хэцүү байдгийг тэд гарцаагүй ойлгох болно. Итгэл нь хүнд хэцүү үеийг даван туулахад нь тэдэнд туслахын төлөө бид залбирдаг билээ.
Миний амьдралд хүнд үе тохиолдоход би Даниэлын жишээг санаж, насанд хүрсэн хүний зөвхөн дотоод сэтгэлд байж болох хүүхдийн гэнэн цагаан итгэлээр тэнгэр өөд ширтэн, “Тэр намайг харах болов уу?” гэж асуудаг. Тэгээд би Даниэл шиг “Би Түүнийг харж чадах болов уу?” хэмээн чимээгүйхэн тунгаан боддог. Би өөрийнхөө амьдрал дахь Тэнгэрлэг Эцэгийн үй олон нигүүлслийг санах үедээ Түүний хайрыг үнэхээрийн их мэдэрснийг Ариун Сүнс надад баталдаг билээ. Итгэл минь шинэчлэгдэж, найдвараар хөтлөгдөхөд миний бие Тэнгэрлэг Эцэгийн хайрыг байнга мэдэрч чадна хэмээн Ариун Сүнс надад баталж байдаг юм.