Сайн уу, бяцхан хурга минь
Канад, Онтарио, Коллин Соломон
Нөхөр бид хоёр нисэх онгоцны буудал дээр охин болон хоёр зээдээ гэр рүүгээ буцахаар бэлтгэхэд нь тусалж байлаа. Бид охиныхоо тээшийг зөөн, тийз авч, паспортуудыг нь бүртгүүлэх, хөдөлгөөн ихтэй гурван настай хүүхдийг нь харж өгөн, тусалж байлаа. Манай нэг настай зээ хүү Томми тэргэн дотроо бөх гэгч унтаж байснаа гэнэт сэрэв. Тэр цочин сэрж, их дуу шуугиан, хурц гэрэл, эмх замбараагүй орчинд дасах гэж ядан байв.
Би түүний нүүр хувирлыг хараад юу болох гэж байгааг нь ойлгон, охиноо дуудлаа. Охин маань хурдхан бөхийж, Томмигийн нүүрийг хоёр гараараа тойруулан барьж, анхаарлыг нь татаад “Сайн уу, бяцхан хурга минь” гэж энхрийлэн хэлэв.
Бяцхан хүүгийн хөмсөг гэнэт тэнийж, ам нь хөдлөөд, санаа нь амарч, бүх бие нь тайвшран, гүнзгий амьсгаа авлаа. Тэр нүдээ дахин анин, унтахаасаа өмнө инээмсэглэв. Түүний айдас нь, түүнийг бүчин авах мэт амар амгалан ба тайвшралаар солигдов. Энэ бол бяцхан Томми ээждээ итгэн найдсаны багахан атлаа хүчтэй илэрхийлэл байсан юм. Ээж нь түүнд зөөлхөн хүрч, эелдэгхэнээр дуугаран, дэргэд нь байсан болохоор хүү тайвширчээ.
Бид бүгд Томмитой адилхан айдас, тодорхойгүй байдал болон санаа сэтгэлийн түгшүүрийг мэдэрдэг билээ. Сайн Хоньчин Есүс Христ биднийг дууддаг гэдгийг мэдэх нь бидэнд тайтгарлыг өгдөг. Тэрбээр хонин сүргээ таньдаг бөгөөд бид Түүнд бүрэн итгэж болно. Тэрээр “Би Өөрийн амар амгалангаа та нарт өгнө. … Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” (Иoхан 14:27) хэмээн хайраар өгүүлжээ.
Бид тодорхой бус цаг үе тохиолдоход Сайн Хоньчинд итгэл найдвараар хандсан үед тайтгарал ба өөртөө итгэх итгэлийг хүлээж авна гэдгийг би мэднэ. Би сэтгэл санаа тавгүй үедээ тайтгарлаар адислагдахдаа охин, хоёр зээтэйгээ нисэх онгоцны буудал дээр байсан тэр хормыг эргэн санах дуртай. Ачаа дарамт мөрөн дээрээс минь авагдсан үед би бяцхан Томми шиг санаа алдан, тайвширдаг билээ. Тэр үед миний Хоньчин “Сайн уу, бяцхан хурга минь” хэмээн мэндчилдгийг би мэдэрдэг.