Үнэнч бөгөөд итгэлтэй
Жозеф Фийлдинг Смитийн амьдрал ба сургаалуудын сүнслэг нөлөө
Тэмдэглэл: Зохиогчийн эх Наоми Смит Брюстэр Жозеф Фийлдинг Смитийг Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдсан жил Этэл Жоржина Смитийн хоёр дахь хүүхэд болон төрсөн ажээ. Ерөнхийлөгч Смит анхныхаа эхнэрийг нас барсны дараа түүнтэй гэрлэжээ.
“Их Эзэний зарлигуудыг сахиж, Түүнийг хүндэтгэн, Түүнтэй хийсэн гэрээнүүдээ санах хүсэлтэйгээр үргэлж үнэнч бөгөөд итгэлтэй байцгаая.”
33 настай Жозеф Фийлдинг Смитийг 1910 оны 4-р сарын 6-нд Ерөнхий чуулганд оролцохоор Солт Лэйкийн табэрнэклд орж ирэхэд хаалганы сахиул түүнд “За, Жозеф, шинээр хэн төлөөлөгч болох ёстой вэ?” гэхэд,
“Би мэдэхгүй юм байна” гээд “Та ч, би ч төлөөлөгч болохгүй!” гэж Жозеф хариулжээ.1
Дэмжүүлэн батлуулах арванхоёр төлөөлөгчийн нэрсийг уншиж байтал дараагийн нэр нь Жозефынх байх юм шиг гэнэт түүнд санагджээ. Үнэхээр түүний нэрийг дуудаж, тэрээр энэхүү хүндэт чуулгын 12 дахь гишүүнээр дэмжин батлагдав.
Түүнийг шинэ дуудлагынхаа талаар гэр бүлдээ мэдэгдэхээр чуулганаас гэртээ ирэх үед түүний даруу зан болоод хошин шогийн мэдрэмж харагдсан ажээ. Тэрээр эхнэртэйгээ мэндлээд “Бид үнээгээ зарах хэрэгтэй болох нь дээ” хэмээн учир битүүлгээр хэлэхэд эхнэр нь гайхаж, цааш нь юу гэж хэлэхийг нь хүлээсэн гэдэг. Гэтэл тэр ердөө л “Одоо үнээгээ маллах цаг надад байхгүй боллоо!” гэжээ.2 Тийнхүү жар гаруй жил үргэлжилсэн түүний төлөөлөгчийн үйлчлэл эхэлсэн юм.
Хайрум Смитийн ач хүү Жозеф Фийлдинг Смит Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн 10 дахь ерөнхийлөгч болсон юм. Тэрбээр сүмийн ерөнхийлөгч болохоосоо өмнө Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр сүмийн бусад аль ч ерөнхийлөгчөөс илүү удаан хугацаагаар үйлчилжээ. Тэрбээр онцгой гэрчүүдийн чуулгын гишүүнээр үйлчилсэн 60 жилийн турш гэгээнтнүүдэд заахын тулд морь, морин тэрэг сүүлдээ машин болон тийрэлтэт онгоцоор хүртэл аялан явдаг байв. Түүний үйлчилсэн номлолууд болон бичсэн үй олон зохиол нь сүмийг болон түүний сүнслэг нөлөө бүхий захиасуудыг сонсох хүн бүрийг адисалсан юм.
Би ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийг өвөөгөө хэмээн хайрладаг бөгөөд түүнтэй ураг төрлийн холбоотой учраас энэ өгүүллийг бичиж өгөөч гэж намайг урьсан юм. Би төрсөн цагаасаа эхлэн түүний амьдралаар нөлөөлөгдсөн хүн. Тэрээр надад нэр өгсөн ба нас барах хүртлээ адислалын ёслолуудыг гүйцэтгэдэг байлаа. Би түүний оршуулгын ёслол дээр бусад ач нарынх нь хамт авсыг нь өргөн, авч явсан билээ.
Урьдчилан томилогдсон бошиглогч
Жозеф Фийлдинг Смит Бурханы бүх бошиглогчдын нэгэн адил Их Эзэний тэнгэрлэг цаг хугацааны дагуу дэлхийд ирэхээр урьдчилан томилогдсон юм (Үйлс 17:26-г үзнэ үү). Жозеф нь Жюлина Ламсон Смитийн дөрөв дэх хүүхэд гэхдээ ууган хүү нь байв. Хэрвээ Их Эзэн түүнд хүү заяавал “тэр хөвгүүнийг амьдралынх нь бүх үеийн туршид Их Эзэн болон эцэгт нь туслуулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн Жюлина Хуучин Гэрээний итгэлт эх Ханнагийн даруухан сүнсээр тангараглажээ (1 Самуел 1:11-ийг үзнэ үү).3 Их Эзэн түүний гуйлтад хариулсан төдийгүй хүүг нь төрөхөөс өмнө тэр хүүхэд хэзээ нэгэн цагт Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад Түүний онцгой гэрчээр дуудагдах болно гэдгийг түүнд бас харуулжээ.4
Жозеф 1876 оны 7-р сарын 19-нд Жозеф Ф.Смит, Жюлина Ламсон Смит нарын гэр бүлд мэндэлжээ. Жозефыг төрөх үед эцэг нь төлөөлөгч бөгөөд ерөнхийлөгч Бригам Янгийн зөвлөх байв. Жозефыг есөн настай байхад эцэг эх нь түүнийг Ютагийн Сэйнт Жоржийн ариун сүмийн онцгойлон адислалтад дагуулан очжээ. Тэрээр хожим нь “Сүм дэх миний анхны ажил үүрэг бол Сэйнт Жоржийн ариун сүмийг онцгойлон адислахад Бригам Янгийг дагалдан явах байв” хэмээн хошигнон дурссан байдаг.5
Жозефыг 19-тэйдөө патриархын адислал авах үед сүнсээр удирдагдсан патриарх Жозефын толгой дээр гараа тавин, “Их өндөр нас зооглох онцгой боломж танд тохиох болно. Та Израйл дахь хүчирхэг нэгэн болох нь Их Эзэний хүсэл мөн. … Та хүмүүсийн дунд бошиглогч, илчлэгч болон зогсоно, учир нь Их Эзэн таныг адисалж, энэ дуудлагад томилсон билээ” гэж хэлжээ.6
Гэр бүлийн амьдрал: Хайр болон сорилтууд хамт байдаг
Жозеф Фийлдинг Смитийн хувьд “гэр бүл бол энэ амьдрал мөн үүрд мөнхийн хамгийн чухал байгууллага” юм.7 Тэр хайр энэрэл, итгэл бишрэл, ёс суртахууны өндөр жишгүүд болон ажлын өндөр ёс зүй ноёрхсон гэр бүлд өссөн бөгөөд эдгээр зарчмуудыг гэр бүлдээ төлөвшүүлэхийг байнга хичээдэг байв. (Teachings of Presidents of the Church: Joseph Fielding Smith, 4, 15, 16-р бүлгүүдийг үзнэ үү.)
Тэрээр Лүи Эмили Шөртлифтэй 1898 онд Солт Лэйкийн ариун сүмд гэрлэжээ. Нэг жилийн дараа тэр Их Британид хоёр жилийн хугацаагаар номлолд үйлчилсэн бөгөөд эхнэр нь түүнийг үнэнч итгэлээрээ дэмждэг байлаа. Түүнийг номлолоос эргэж ирсний дараа тэд дахин хамтдаа амьдарч, тэдэнд адислал болж хоёр охин нь мэндэлсэн юм. Харамсалтай нь, Лүи гурав дахь жирэмслэлтийнхээ үед хүндрэлийн улмаас нас барсан ажээ.
Уй гашуу дунд Жозеф “би түүнтэйгээ үүрд мөнхийн алдар сууд учран золгож, түүнтэйгээ дахин хэзээ ч салахгүйгээр нэгдэн нийлэхээр зохистой амьдрахад минь надад тусална уу хэмээн Танд хандан залбирч байна. …Хонгорхон хоёр үр минь насан туршдаа цэвэр ариун, толбогүй байхын тулд тэднийг гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэхэд минь надад тусална уу” хэмээн залбирчээ.8
Уй гашууд автсан, хоёр хүүхдийн аав тэрээр эцгийнхээ шаргуу гуйлтаар өөртөө хань, хоёр бяцхан үрдээ эх болох хүнийг залбиран хайжээ. Түүний зөв шударга хүсэл Этэл Жоржина Рэйнольдсыг амьдралд нь авчирсан юм. Тэд 1908 оны 11-р сард Солт Лэйкийн ариун сүмд гэрлэсэн ажээ. Жозефын хоёр хүүхдийн эх болсон энэ гайхамшигт эмэгтэй дараа нь дахиад есөн хүүхэд төрүүлсэн юм.
Нэг удаа түүнийг нэгэн гадасны чуулганд явж байтал эхнэрийнх нь нөр их ачаалал төлөөлөгчийн оюун ухаанд хүчтэй нөлөөлжээ. Тэрээр эхнэртээ бичсэн захидалдаа “Би чамайгаа бодон, дараагийн хэдэн долоо хоногт чамтайгаа байнга хамт байж, хүүхдүүддээ анхаарал тавихад чинь туслахсан гэж үнэхээр их хүсч байна. Би чамдаа чадах бүхнээрээ туслах болно, ингэснээр чи минь минийхээ нөлөөг мэдрэх болно гэдэгт найдаж байна. Ээждээ болон өөр хоорондоо эелдэг бай гэж хүүхдүүддээ хэлээрэй” хэмээн өгүүлжээ.9 Тэгээд тэрээр зүрх сэтгэлийнхээ бодлыг шүлэг хэлбэрээр хайрт гэргийтэйгээ хуваалцсан нь хожим “Аялал хол санагдаж байна уу?” гэсэн нэртэй манай дууллуудын нэг болсон билээ. (дугаар 127).
Харамсалтай нь, Этэл 1937 онд нас баржээ. Түүнийг өөд болоход гэрт нь гэрлээгүй таван хүүхэд байв. Ахлагч Смит өөр эхнэр буюу хамтрагч хайх хэрэгтэйгээ Ариун Сүнсээр мэдэрсэн ажээ. 1938 онд тэр Жэсси Эванс Смиттэй Солт Лэйкийн ариун сүмд гэрлэв.
Тэднийг сайн мэддэг хүмүүсийн нэг нь “Жозеф Фийлдинг Смит, Жэсси Эванс Смит нар хорин зургаан насаар зөрөөтэй; зан ааш, боловсрол мэдлэгээрээ ялгаатай ч гэсэн гайхамшигтай сайхан гэр бүл болж чадсан юм. …Хоорондоо тэс ялгаатай бөгөөд олон насны зөрөөтэй энэ хоёр хүнийг хооронд нь гүүр болж холбосон зүйл нь тэдний бие биеэ жинхэнэ халуун хайраар хайрлаж, хүндэтгэдэг байсан явдал юм” гэж бичжээ.10 (Гарын авлагын 6–23-р хуудсуудыг үзнэ үү.)
Судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцахыг эрэлхийлэгч
Жозеф Фийлдинг Смит бол судар судлаач бөгөөд сайн мэдээний эрдэмтэн гэдгээрээ сүмд нэрд гарсан хүн. Тэрээр өсвөр наснаасаа эхлэн “судлахаар мөн тэрчлэн итгэлээр суралцах” (С ба Г 88:118) гандан бууршгүй хүсэлтэй байлаа. Тэр 10 нас хүрэхээсээ өмнө Мормоны Номыг хоёр удаа уншжээ. Найз нар нь түүнтэй уулзахыг хүссэн үедээ түүнийг ихэвчлэн өвсний саравчинд судар уншиж байхад нь олдог байжээ.11
Тэрээр хэдэн жилийн дараа цугларагсдад хандан “Би анх уншиж сурсан тэр цагаас хойш бүх дэлхийн өөр юунаас ч хүлээн авдаггүй… тийм их баяр баясал, сэтгэл ханамжийг судар судлахдаа олж авдаг болсон” гэж ярьжээ.12 (10, 18-р бүлгүүдийг үзнэ үү.)
Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856–1945) нэг удаа ерөнхийлөгч Смитийн эрдэм мэдлэгийг магтан, “Манай сүмийн ерөнхий эрх мэдэлтнүүд дотроос судрын хамгийн гарамгай мэдлэгтэй хүн нь та юм гэж би боддог” гэжээ.13
Түүний сурч мэдэх агуу их хүсэлтэй байсан нь хөвгүүн байхдаа ч, насанд хүрсэн хойноо ч спорт болон бусад тоглоомоор тоглодоггүй байсан гэсэн үг биш юм. Тэр бэйсбол болон хөдөө амьдардаг өсвөр үеийнхний тоглодог байсан олон тоглоомоор тоглох дуртай байжээ. Тэр насанд хүрсэн хойноо гар бөмбөг тоглох хорхойтой байсан ба хүүхдүүдийнхээ спортын үйл ажиллагаануудад байнга оролцдог байлаа. Тэр бас гэр бүлийн цугларалтаар зохиогддог байсан спорт тоглоомуудад оролцдог байв. Өвөө минь нэг удаа софтбол тоглож байгаад бөмбөгөө талбайн шугам давуулан шидэж, талбайн зүүн талаас зураг авч байсан авга ахынхаа зургийн аппаратыг онож, цохиж байсныг би санадаг.
Итгэлээ хамгаалагч нинжин сэтгэлтэн
Жозеф Фийлдинг Смит төлөөлөгчөөр дуудагдахаасаа өмнө итгэлээ хамгаалагч хэмээн нэрд гарсан нь зарим хүмүүс түүнийг хатуу чанга хүн хэмээн буруугаар бодоход хүргэдэг байжээ. Тэрбээр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авахад нь бүх хүмүүсийг урамшуулан дэмжих мөн гэрээнүүддээ чин үнэнч байх гандан бууршгүй хүсэлтэй байсан хэдий ч гэр бүл, найз нөхөд нь түүнийг сайхан зантай, зөөлөн хүн гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрдөг байлаа. Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) түүний тухай дурсахдаа “Арванхоёр нь Израйлын шүүгчид байх болно хэмээн бид олонтоо хэлж байсан бөгөөд бидний хэн нь ч Смитээр шүүгдэхдээ баяртай байх болно, учир нь түүний шүүлт эелдэг, найрсаг, нигүүлсэнгүй бөгөөд ариун байх болно” гэж хэлжээ.14
Сүмийн эзэмшдэг нэг автомашин осолд орсон тухай асуудлыг хэлэлцсэн хурал дээр ерөнхийлөгч Смит үнэхээр сайхан сэтгэлийн үлгэр жишээг харуулжээ. Хүнсний ногоо ачдаг, даатгалгүй машин барьж явсан настай жолооч осол гаргачихжээ. Хэсэг ярилцсаны дараа сүм уг асуудлыг шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Гэвч ерөнхийлөгч Смит ам нээж, “Тийм ээ, бид ингэж болно л доо. Хэрэв бид хүч түрэн, тэр ядуу эрээс ачааны машиныг нь салгаад авчихвал хөөрхий тэр яаж амь зуух юм бэ?” гэжээ. Тийнхүү хороо зөвлөмжөө өөрчилж, асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй болсон аж.15
Ерөнхийлөгч Смитийн булшийг онцгойлон адисалсны дараа би Солт Лэйкийн оршуулгын газарт ерөнхийлөгч Харолд Б.Лий (1899–1973) рүү дөхөж очихдоо бусад хүмүүс өвөөг минь хэрхэн хайрладаг байсныг мэдэрч, “Ерөнхийлөгч Лий, таныг манай өвөөд үнэхээр сайхан сэтгэлээр ханддаг байсанд тань намайг ямар их талархдагийг минь мэдээсэй гэж хүсч байна” хэмээн хэлж билээ. Тэр миний нүд рүү эгцлэн харснаа тун ялдамхнаар “Би түүнийг үнэхээр их хайрладаг байсан юм шүү!” гэж хариулав.
Үнэнч бөгөөд итгэлтэй үйлчлэгч
Ерөнхийлөгч Смитийн үйлчлэл нь наманчлалыг номлох судруудын зарлигт дуулгавартай байснаараа онцгойрон ялгардаг билээ (жишээ нь, С ба Г 6:9; 11:9-ийг үзнэ үү).Тэрбээр “Би хүмүүст өнөөдөр бол наманчлалын өдөр гэдгийг хэлж, гэрээнүүдээ санахад нь хожмын үеийн гэгээнтнүүдийг … дуудан, бүх зүйлд үнэнч бөгөөд итгэлтэй байхад тэднийг уриалж, Сионы гадсуудаар аялах үедээ Их Эзэний Сүнсэнд догдолдог байлаа” хэмээн хэлжээ16 (5-р бүлгийг үзнэ үү).
Ерөнхийлөгч Смит амьдралынхаа бараг 96 жилийн турш үнэнч бөгөөд итгэлтэй хэвээр байж, эцсээ хүртэл тэвчинэ хэмээн залбирсан юм. Чухам иймээс Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын одоогийн ерөнхийлөгч Боид К.Пакэр “Тэр ер гарсан байсан ч ‘гэрээнүүд болон үүргүүдээ биелүүлж, эцсээ хүртэл тэвчинэ’ хэмээн залбирдаг байсан юм” хэмээн тэмдэглэжээ.17
Ерөнхийлөгч Смитийн хувьд “үнэнч бөгөөд итгэлтэй” гэдэг үг зүгээр нэг олон удаа давтагддаг холбоо үгээс илүү чухал зүйл байлаа. Энэ бол бүх хүмүүст—гэрээ хийсэн сүмийн гишүүд болон бидний Тэнгэр дэх Эцэгийн бүх хүүхдүүдэд найдах түүний чин сэтгэлийн найдварын илэрхийлэл байсан юм. “Бурханы хаант улс болон Түүний зөв шударга байдлын төлөө … бид хамгийн түрүүнд, бүхний эхэнд байх ёстой. Их Эзэний зарлигуудыг дагах хүсэлтэйгээр, үргэлж үнэнч бөгөөд итгэлтэй байж, Түүнийг дээдлэн хүндэлж, Түүнтэй хийсэн гэрээнүүдээ сахицгаая. Энэ бол бүх Израйлын төлөө миний залбирал юм” хэмээн ерөнхийлөгч Смит хүссэн билээ18 (19–22-р бүлгүүдийг үзнэ үү).
Та бүхэн түүний сүнсээр нөлөөлөгдсөн сургаалуудыг залбирч тунгаан бодсоноор гэрчлэл тань хүчирхэгжиж, Есүс Христийн сайн мэдээний энгийн болон цэвэр үнэнүүдийг ойлгох гүнзгий ойлголтоор адислагдах болно. Энэхүү цуврал хичээл “үнэнч бөгөөд итгэлтэй” амьдрах хүслийг тань нэмэгдүүлэх болно.