Айлчлагч багшийн захиас бичиг
Есүс Христийн тэнгэрлэг зорилго: Үлгэр жишээ үзүүлэгч
Энэ материалыг залбирч судлан, хуваалцах зүйлээ мэдэхээр эрэлхийл. Аврагчийн амьдрал ба зорилгыг ойлгох нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн өсгөж, айлчлагч багшлалтаар дамжуулан харж ханддаг хүмүүсийн тань амьдралыг мөн хэрхэн адислах вэ? Дэлгэрэнгүй мэдээллийг reliefsociety.lds.org-ээс үзнэ үү.
Есүс Христ бол бүх зүйлд бидний үлгэр жишээ мөн гэдгийг ойлгосноор бид Түүнийг дагах илүү их хүсэлтэй болж чадна. Христийн зам мөрийг дагахад судрууд бидэнд агуу зориг өгдөг билээ. Аврагч нифайчуудад хандан: “Учир нь миний хийхийг та нарын харсан тэр ажлуудыг та нар түүнчлэн хийх болно” (3 Нифай 27:21) гэж хэлжээ. Есүс Томаст хандан: “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) гэж хэлсэн юм.
Өнөөдөр удирдагчид маань Аврагчийг өөрсдийн үлгэр жишээгээ болгохыг бидэнд сануулдаг. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Линда К.Бөртон “Бидний хүн нэг бүр Цагаатгалын сургаалыг зүрх сэтгэлдээ гүнзгий ойлгосон үед Их Эзэн биднийг ямархуу маягийн хүмүүс болохыг хүсдэг билээ, бид тийм хүмүүс болж төлөвших болно” гэж хэлжээ.1
Ерөнхийлөгч Томас С.Монсон “Бидний Их Эзэн бөгөөд Аврагч Есүс Христ бол бидэнд үлгэр жишээ үзүүлэгч бас бидний хүч чадал мөн” гэж хэлсэн билээ.2
Есүс Христэд улам ойртож, Түүний зарлигуудыг даган, Тэнгэрлэг Эцэгтээ эргэж очихын төлөө хичээцгээе.
Судруудаас
Бидний түүхээс
Халамжийн Нийгэмлэгийн хоёр дахь ерөнхий ерөнхийлөгч Элиза Р.Снөү Есүс Христийн мөнх бус амьдрал дахь үйлчлэлийн тухай “Тэрбээр замыг зааж, тэр замаар удирдсан юм” хэмээн бичжээ.3 Тэр хүмүүст нэг бүрчлэн үйлчилдэг байлаа. Бид ерэн есөн хонио орхиод алдагдсан нэг хонийг аврахаар явах ёстой гэж Тэр заасан билээ (Лук 15:3–7-г үзнэ үү). Тэрээр цугласан 2500 хүний хүн нэг бүрд цаг гаргаж, тэднийг эдгээж, тэдэнд заасан юм (3 Нифай 11:13–15; 17:25-ыг үзнэ үү).
Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн тухай хэлэхдээ “Гайхамшигтай эгч нар та бүхэн бусдад үйлчлэхийг хувийн эрх ашгаасаа дээгүүрт тавин, өрөвч нинжин сэтгэлийн үйлчлэлийг тэдэнд үзүүлдэг билээ. Та нар үүгээрээ Аврагчийн үлгэр жишээг даган дуурайдаг. … Тэрбээр бусдад хэрхэн үйлчилж болох талаар үргэлж боддог байсан” гэжээ.4