2014
Яг л судрууд шиг!
2014 оны нэгдүгээр сар


Яг л судрууд шиг!

Энэхүү өгүүллийн зохиогч АНУ-ын Ютад амьдардаг.

Бид замын тэмдэг олж харах хүртэл явган аялал маань маш сайхан болж байна гэж бодож байлаа.

“Та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг … би түүнчлэн хөнгөлнө” (Moзая 24:14).

Арван настай хүүхдүүд яггүй ухаалаг сэргэлэн байдаг. Бид юмсыг өөрийнхөөрөө бодох дуртай.

Аав минь надад судруудыг өөртэйгээ адилтга гэж байнга хэлдэг. Адилтгах гэдэг нь судраас сурч мэдсэн зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх гэсэн утгатай юм. Иймээс бид гэр бүлээрээ хамт уншиж байгаа үед аав бидэнд ямар нэг зүйлийг тайлбарлахаас нь өмнө би заримдаа тэсэлгүй хэлчихдэг байж билээ. Жишээ нь: Нэг удаа би “Аав аа, бид судруудад өгүүлдэг шиг мацаг барьж, залбирах хэрэгтэйг би мэднэ” гэлээ.

Би зөв захиасыг нь байнга ойлгочихдог байсан учраас аав инээмсэглэдэг байв.

Гэвч би нэгэн удаа судрууд олон талаараа миний амьдралтай үнэхээр адилхан болохыг мэдсэн. Бид гэр бүлийнхнийхээ уулзалтаар явган аялалд явж байхад энэ явдал болсон юм.

Би өөрийнхөө том үүргэвчийг аяны хөнжилтэй хамт үүрч явахдаа гомдоллосонгүй. Эцэстээ нуур хүртэл ердөө 6.5 км үлдлээ хэмээн бид бодож байв. Би энэ замыг ямар ч асуудалгүйгээр туулж чадах байлаа.

Явган аялал надад хэцүү байгаагүй ч 3 км явсны дараа амрахаар түр буудалласанд би баяртай байв. Бид тэр үед л замын тэмдгийг анх харсан юм. Гэтэл тэр замын тэмдэгт нуур хүртэл 9.5 км гэж заасан байв. Явган аялалд бидний анх бодож байснаас хоёр дахин хол газрыг туулах ёстой болсныг аав надад хэлэх шаардлага байсангүй. Би үүнийг аль хэдийн бодоод олчихсон байлаа. Харин аав бидэнд усаа хэмнэж уух хэрэгтэй гэж хэлэв.

Аавын зөвлөгөө чухал байсан ч дагахад хэцүү байлаа. Үдээс хойш нар халуу шатаж, аяны замд бид сүүдэрт нь орчих юу ч байсангүй. Бид нууранд хэзээ ч хүрч чадахгүй юм шиг санагдах болов.

Том хүмүүс хүүхдүүдийн ард хоцорч, бусад үеэл ах, эгч нар цувааны өмнө түрүүлэн явж байлаа. Би өөрийн үе тэнгийн гурван үеэлийнхээ хамт цувааны дунд явж байгаад зогсож, хартал

бидний өмнө ч, ард ч хэн ч харагдсангүй тул бид сандарч эхэллээ. Үүргэвчүүд маань хүнд санагдаж, усны лонхнууд хоосорчээ. Бид цаашаа хэр хол явах хэрэгтэй бол?

Эцэстээ ихэд ядарч, сандарч байсан болохоор бид зогсож, залбирахаар шийдэв.

Бид залбирсныхаа дараа үүргэвчээ үүрч, цааш алхлаа.

Тэгтэл удсан ч үгүй зам дээр морин төвөргөөн ойртон ирэхийг бид сонслоо. Нэг морьтой хүн биднийг чиглэн давхиж байх нь харагдав.

Тэр хүн зогсож, бидэнд ус өглөө. Манай үеэл ах, эгч нар нууранд түрүүлэн очиж, ус шүүгчээр ус аваад бидэнд явуулсныг тэр тайлбарлав. Тэр хүн бидэнд ус хэчнээн их хэрэгтэйг сонсоод туслахаар зөвшөөрсөн гэнэ. “Үүргэвчээ надаар дайлгах хүн байна уу?” гэж тэр асуув.

Намайг үеэлүүд рүүгээ харахад тэд над руу харж, инээмсэглэв.Бидэнд үнэхээр сайхан байлаа!

Бид тэр хүнд “Та цааш явж, бусад хүмүүст тусал даа,” “Бид дажгүй ээ” гэж хэллээ.

Үнэхээр тийм байсан шүү! Нуур хүртэлх үлдсэн замд чухамдаа бидний үүрсэн ачааг тэнгэр элчүүд өргөж, бидний араас түрэх шиг санагдаж билээ. Хожим нь намайг энэ тухай аав, ээж хоёрт ярихад аав баяртай нь аргагүй инээмсэглэсэн бол ээжийн нүдэнд нулимс цийлэгнэчихсэн байж билээ.

Долоо хоногийн дараа манай гэрийнхэн Moзая 24-р бүлгийг уншив. “Мөн та нарын мөрөн дээр тавигдах ачаануудыг, бүр тэдгээрийг нуруун дээрээ байгааг ч мэдрэхгүй болтол … би түүнчлэн хөнгөлнө” (14-р шүлэг) гэсэн үгсийг бид унших үед би нүдээ бүлтийтэл гайхаж билээ.

“Явган аялалын замд ийм явдал болсон юм даа” хэмээн би дуу алдсан юм. Энэ судрыг амьдралдаа хэрхэн ашиглах талаар бодох хэрэг надад байсангүй. Энэ судар миний амьдралыг аль хэдийн дүрсэлсэн байсан юм! Энэ нь үнэхээр гайхалтай байсан шүү! Миний амьдралыг ийнхүү дүрсэлсэн өөр судруудыг олохоор би тэсэж ядан. байлаа.

Тийнхүү би судруудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэхийг сурсан төдийгүй, өөрийн амьдралыг судраас уншсан зүйлтэйгээ харьцуулж чаддаг болсон юм!

Зураг чимэглэлийг Скотт Пэк