Амжилтаа ахиулсан нь
Энэ өгүүллийн зохиогч Бразилын Сан Паулод амьдардаг.
Намайг 14-тэй байхад физикийн багш маань намайг математикт авьяастайг мэдээд Бразилын математикийн олимпиадад оруулсан юм. Олимпиад гурван ангилалтай байлаа. Нэг, хоёр дахь ангилал нь бямба гарагт болох байв. Би гурав дахь ангилалд орсон бөгөөд олимпиад хоёр өдөр дараалан бямба, ням гарагуудад болох байлаа.
Тиймээс би олимпиадын багш, захирал хоёрт ням гараг бол Их Эзэний өдөр учраас би энэ өдөр оролцож чадахгүй гэдгээ хэллээ. Захирал надад сүмийн удирдагчдадаа хэлж, ням гарагт чөлөө аваад тэмцээнд оролцож болно шүү дээ, хэрэв тэмцээнд оролцохгүй бол чи хасагдана гэлээ. Би бүх зүйлээс татгалзаж чадна, харин Бурханаас л чадахгүй гэж хэллээ.
Бурхан Өөрийг нь хүндэлдэг хүмүүст хүндэтгэлтэй ханддаг гэдэгт би найддаг байсан учир гунигласангүй. Maтай 6:33-т: “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” гэсэн байдгийг би саналаа.
Хэдэн долоо хоногийн дараа бид олимпиадын нарийн бичигтэй холбоо барихад тэрээр намайг өөр ямар ч өдөр тэмцээнд оролцох боломж байхгүй, хэрэв заасан өдрүүдэд оролцохгүй бол хасагдах болно гэв. Нэлээд удаан ярилцсаны дараа тэр намайг нөхцөл байдлаа тайлбарласан имэйл ирүүлэхийг зөвлөв. Би имэйл явуулсныхаа дараа Тэнгэрлэг Эцэгт хандан залбирч, Түүний хүслийг биелүүлэх болно гэж хэллээ.
Маргааш орой нь би олимпиадын зохицуулагчаас имэйл хүлээн авлаа. Тэр намайг ням гарагийн шалгалтыг даваа гарагт хамгийн тохиромжтой цагтаа өгч болно гээд миний өглөөний хичээлийг таслуулахгүйн тулд шалгалтыг манай хотод явуулахыг зохион байгуулагчид санал болгосон тухайгаа бичсэн байв.
Би энэхүү баярт мэдээг хүлээн авсныхаа дараа надад тусалсанд нь Их Эзэнд талархал илэрхийлж, залбирсан юм. Аав, ээж маань талархлаа илэрхийлэхээр ариун сүм рүү явж билээ.
Олимпиадын дүн гарахад би алтан медаль авсан байв. Их Эзэн Өөрийг нь хүндэлдэг хүмүүст хүндэтгэлтэй ханддаг.