2014
Ирээдүйд тохиолдох зүйлүүдэд итгэл, найдвартайгаар бэлтгэх нь
2014 оны нэгдүгээр сар


Ирээдүйд тохиолдох зүйлүүдэд итгэл, найдвартайгаар бэлтгэх нь

2012 оны 4-р сарын 6-нд Айдахо дахь Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн үгээс. Англи хэл дээрх бүрэн эхийг web.byui.edu/devotionalsandspeeches/speeches.aspx-аас үзнэ үү.

Ахлагч М.Рассэлл Баллард

Ертөнцийн Бүтээгч, бидний авралын уран барилгач бөгөөд энэ сүмийн тэргүүн Есүс Христ бүхнийг удирддаг гэдгийг үргэлж санагтун.

Дэлхийн нөхцөл байдал тодорхой биш, аюултай байгаа; эдийн засаг нь тогтворгүй, урьдчилан тааварлах аргагүй байна. Аливааг хийх шинэ бөгөөд сэтгэл догдлом аргуудыг бий болгохын төлөө ур чадвар, авьяас билгээ ашиглахад бидэнд урам, дэм өгөхийн оронд биднийг албадан, бусдаас хамааралтай болгож, бидний сонгох эрхийг хязгаарлахыг хүсдэг хүмүүс амьдралын эрхэмлэх үнэт зүйлс, эрх чөлөө, аз жаргалын төлөөх эрлийг маань дайрч, давшилж байна.

Ёс суртахууны жишгүүд үгүй болж байна. Гэр бүл дайралтад өртөн, задарч байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн зүрх сэтгэл дэх хайр хөрч, байгалиас заяагдсан биш болж байна (Maтай 24:12; Ром 1:31-р шүлгүүдийг үзнэ үү). Улс төр, бизнесийн болон бусад удирдагчдын зарчимч, зөв шударга байдал доройтсоор байна. Улс үндэстнүүдийн дунд дайн ба түүний тухай сураг чимээ тасрахаа болилоо. Сайн ба муугийн хоорондох эсвээс Бурханы хүүхдүүдийн бодгалийн төлөөх Аврагч болон Түүний гэрлийн арми, Сатан болон харанхуйг эрхэмлэгч түүний хилэнцэт дагалдагчдын хоорондох дайн нь аливаа зэвсэгт мөргөлдөөнөөс илүү сүйрүүлэгч үр дагавартай юм.

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) өнөө үеийн залуучуудын амьдарч буй дэлхийг дүрслэхдээ “Хүний мөс чанараа алдсан хүмүүс аймшигтай, жигшүүрт зүйлсийг хийж байгаа энэ үед бид аж төрж байна. Бид дайн дажны үед амьдарч байна. Бид мөн харанхуй бүдүүлэг үед аж төрж байна. Бид бусармаг явдал, порнограф болон ёс суртахуунгүй үед амьдарч байна. Содом болон Гоморрагийн бүх нүглүүд манай нийгэмд бугшин, оршиж байна. Манай залуучууд ийм ноцтой сорилттой хэзээ ч тулгарч байгаагүй билээ. Бид чөтгөрийн шалиг завхай нүүрийг ийм тодорхойгоор харж байгаагүй юм” гэжээ.1

Хэрэв хүмүүс Бурханаас нүүр буруулбал өнөө үед дэлхийд юу тохиолдохыг судрууд болон бошиглолууд гэрчилсэн учраас бид өөрсдийнхөө цаг үеийн ийм нөхцөл байдалд гайхах хэрэггүй юм. Бидэнд үүнээс ч илүү таагүй явдал тохиолдох болно, учир нь чөтгөр хилэнцэт төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн төлөө улайран тэмүүлсээр байна. Үүний сацуу, өнөө үе болон өнөөдрийн залуу үеийнхнийг харсан эртний бошиглогчид энэ цаг үе бол дэлхийд өмнө нь хэзээ ч тохиогоогүй, гэрэл хийгээд гайхамшгийн эрин үе байх болно гэдгийг мэдэж байжээ.

Би энэхүү захиасыг бэлтгэж байх үедээ Тэнгэрлэг Эцэг маань намайг юу хуваалцаасай хэмээн хүсэх бол гэдгийг мэдэхийн тулд Түүнээс удирдамж хүссэн билээ. Бошиглогч Иосеф Смитэд хандан Их Эзэний хэлсэн дараах найдвар төрүүлэм, тайтгаруулагч үгс санаанд минь орж ирлээ: “Зоригтой бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой … , мөн үүрд мөнхийн баялагууд та нарынх бөлгөө” (С ба Г 78:18).

Айдсыг итгэлээр орлуул

Их Эзэн надаар хэлүүлэхийг хүссэн зүйл бол бид айдсыг итгэлээр—Бурхан болон Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын хүчинд итгэх итгэлээр орлуулах ёстой гэсэн захиас юм гэдэгт би итгэдэг.

Би 13 настай байхдаа 1941 оны 12-р сарын 7-ны ням гарагт болсон санваарын хурлаас гэртээ эргэж ирэн, дөнгөж өмнөхөн нь Япон улс Сувдан эрэг боомтыг бөмбөгдсөнийг эцэг эхээсээ мэдсэнээ санаж байна. Энэ нь Европт дэгдээд хоёр жил болж байсан дэлхийн дайнд Нэгдсэн Улсыг татан оруулсан юм. Бидний мэддэг амьдрал ингээд төгсөх нь энэ үү гэсэн бодол төрж билээ. Залуу эрэгтэйчүүдийг үй олноор нь цэргийн албанд дайчлан татсан тэр үе үнэхээр тодорхой бус цаг үе байлаа. Тэр үед дэлхий дээр одоогийнх шиг бүх төрлийн сөргөлдөөн, зөрчил тэмцэл, хилэнцэт нөлөө байсан ч гэсэн тэнд сайн зүйл байсаар байсан юм.

Бид ирээдүйн тухай бодохдоо итгэл, найдвараар дүүрэн байх ёстой. Ертөнцийн Бүтээгч, бидний авралын уран барилгач бөгөөд энэ сүмийн тэргүүн Есүс Христ бүхнийг удирддаг гэдгийг үргэлж санагтун. Тэрбээр Өөрийнх нь ажил бүтэлгүйтэхийг зөвшөөрөхгүй. Тэрбээр бүхий л харанхуй болон нүгэл хилэнцийг ялах болно. Тэрбээр Өөрийн сүмийн гишүүд болон зүрх сэтгэлдээ шударга бусад бүх хүмүүс, бид бүгдийг Бурханы хүүхдүүдийн бодгалийн төлөөх тулалдаанд нэгдэхэд урьдаг билээ. Бид амьдралдаа хийдэг бүх зүйлийнхээ хажуугаар зүрх сэтгэл, чадвар, оюун ухаан хийгээд бүх хүч чадлаа Түүний үйлсэд зориулж; итгэл, үнэмшлээрээ амьдарч, ажиллах ёстой.

Ирээдүйг өөдрөгөөр угтагтун. Бид өсөлт дэвшил, цэцэглэн хөгжилт, элбэг хангалуун байдлын үед аж төрж байгаа гэдэгт би итгэдэг. Хэрэв байгалийн аюулт гамшиг болон олон улсын чанартай гэнэтийн хямрал болохгүй л бол ойрын хэдэн жилд мэдээлэл холбоо, анагаах ухаан, эрчим хүч, тээвэр, физикийн шинжлэх ухаан, компьютерийн технологи болон бусад салбаруудад шинэ нээлтүүд хийгдэн, дэлхийн эдийн засагт сэргэлт гарна гэж би боддог.

Өнгөрсөн үед болсонтой адил, эдгээр нээлтүүдийн ихэнх нь үнэнийг эрж хайдаг хүмүүсийн оюун ухааныг Сүнс гэгээрүүлж, шинэ мэдлэгийг тэдэнд шивнэсний үр дүн байх болно. Эдгээр нээлтүүд хийгээд улам боловсронгуй болсон шинэ технологийн ачаар шаргуу ажилладаг бөгөөд ялангуяа Бурханы зарлигуудыг сахихыг хичээдэг хүмүүст ажил эрхлэлтийн шинэ шинэ боломжууд нээгдэх болно. Энэ бол үндэсний болон олон улсын эдийн засгийн өсөлт хөгжилтийн түүхэн дэх гайхамшигтай үе юм.

Түүнээс гадна эдгээр нээлтүүдийн ихэнх нь Бурханы зорилгуудыг гүйцэлдүүлж, Түүний ажлыг яаравчлуулах, ялангуяа номлолын ажлаар дамжуулан өнөө үед дэлхий дээр Түүний хаант улсыг байгуулахад туслахын төлөө хийгдэх болно.

Өөрт оногдсоноо хий

Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө Түүний бурханлаг цаг хугацаан дээр үндэслэн, сайн мэдээ бүх дэлхийг дүүргэх хүртэл бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст хүрэх ёстой. Бошиглогч Иосеф Смит “Ямар ч бохир гар энэ ажлыг зогсоож чадахгүй; хавчлага дарамт гарч ирэн, дээрэмчид нэгдэж, арми цугларч, гүтгэлэг доромжлол ил гарсан ч Бурханы үнэн бүх нутагт айлчлан, бүх оронд нэвтэрч, бүх чихэнд сонсогдож, Бурханы зорилго гүйцэлдэн улмаар Аугаа Иехова ажил дууслаа гэж хэлэх хүртэл зоригтойгоор, эелдэг зөөлнөөр, бие даан урагшлах болно” хэмээн тунхагласан билээ.2

Сүнсээр өлсөж, цангасан хэдэн тэрбум хүнд сайн мэдээг хүргэсэн үед Их Эзэний мутраар гайхамшгууд үйлдэгдэх болно. Олон үндэстний номлогчид дэлхий даяар Их Эзэнд үйлчлэх болно. Мянган жилийн өмнөх сүмийн өсөлт хөгжилтийн талаар бошиглогдсоны дагуу гэгээнтнүүдийг адислахын тулд шинэ шинэ цуглааны байр, улам олон ариун сүм баригдана.

“Ийм их өсөлтийг санхүүгийн ямар эх үүсвэрээр хангах юм бэ?” хэмээн та асууж магад. Санхүүгийн энэхүү эх үүсвэр нь итгэлтэй гишүүдийн аравны нэг болон өргөлүүдээс ирэх болно. Бид өөрт оногдсоноо хийх үед Их Эзэн хөгжил цэцэглэлтээр, амьдралын хамгийн чухал асуудлууд дээр оюун ухаанаа төвлөрүүлэх мэргэн ухаанаар адислах болно. “Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” (Maтай 6:33).

Тодорхой хугацаанд, магадгүй богинохон хугацаанд ч гэсэн “ивээлийг хальтал асгахын” (Maлахи 3:10) тулд тэнгэрийн цонхнууд үнэхээр нээгдсэн юм шиг байх болно.

Хэрэв өнөөгийн залуучуудаас олон нь Их Эзэний зарлигуудыг сахих юм бол тэд материаллаг адислалуудыг идэвхтэйгээр хүртэгчид байх болно гэдэгт би итгэдэг. Хөгжил цэцэглэлттэй хамт хувь хүний сүнслэг байдлыг турших сорилт бэрхшээлүүд ч гарч ирнэ. Та нар хөгжил дэвшлийн энэхүү шинэ ертөнцөд хөл тавин; боловсрол, авьяас чадвараа санхүүгийн талаар амжилт олоход ашиглахдаа хэрэгцээ болон хүслийн хоорондох ялгааг харах хэрэгтэй.

Эхлээд Бурханы хаант улсыг эрэлхийл

Та нар хоёр сонголттой тулгарах болно. Хувийнхаа эрх ашгийн төлөө; хүмүүсийн дундах өөрийн нэр төр, эрх мэдэл болон нөлөөг нэмэгдүүлэхийн төлөө Их Эзэний адислалуудыг эрэлхийлэн, олж авах явдал өөрийн тань эрмэлзэл байх уу? Эсвэл Бурханыг алдаршуулж, Түүний сүмийн өсөлт хөгжилт, өргөжилтөд туслахын төлөө ажиллах явдал өөрийн тань эрмэлзэл байх уу?

Өөрийгөө өргөмжлөхийн тулд баялгийг эрэлхийлэгчдийн үнэт зүйлс хэврэг бөгөөд үүнийг ухаалаг бус аргаар зарцуулбал амархан үрэгдэж, үгүй болно (Хиламан 13:31-ийг үзнэ үү). Тэдний сүнсний сайн сайхан байдал агуу эрсдэлд байх болно. Нифайн дуулгавартай дүү Иаков бидэнд анхааруулан,

“Мөн хангагч ариун мутар та нарын дээр ихэд тааламжтайгаар инээмсэглэж байсны учир та нар олон баялгийг эзэмшсэн билээ; мөн та нарын зарим нь ах дүүсээсээ илүү баялгийг эзэмшсэний учир та нар зүрх сэтгэлийн бардамналд өргөгдөж, мөн зөрүүдлэн дээгүүр хардаг учир нь та нарын өмсгөл чимэг үнэтэйн учир болой, мөн та нар өөрсдийгөө тэднээс илүү хэмээн бодох учир ах дүүсээ хавчих бөлгөө.

“… Бурхан та нарыг энэ зүйлд чинь зөвтгөнө хэмээн бодно уу? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй. Харин тэр та нарыг буруушаана, мөн хэрэв та нар эдгээр зүйлүүдэд энэ хэвээрээ үлдэх аваас түүний шүүлтүүд та нар дээр гэнэт ирэх ёстой.

“… Та нарын зүрхний энэ бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөрөөсэй!” гэжээ (Иаков 2:13, 14, 16).

Иаков дараа нь баялаг олж авах бидний учир шалтгааныг амлалттай зохих харьцаанд тавьж,

“Харин та нар баялгуудыг эрэлхийлэхийн өмнө, Бурханы хаант улсыг эрэлхийлэгтүн та нар.

“Мөн та нар Христэд найдах найдварыг олсныхоо дараа хэрэв та нар тэдгээрийг эрэлхийлэх аваас та нар баялгуудыг олох болно, мөн та нар тэдгээрийг сайныг үйлдэх зорилгын төлөө эрэлхийлэх болно—нүцгэнийг хувцаслахад мөн өлссөнийг хооллоход бас боолчлогдсоныг чөлөөлөхөд мөн өвдсөн бас зовсныг халамжлахад буюу” (Иаков 2:18–19) хэмээн хэлсэн.

Биднийг хөгжин дэвжих ёсгүй эсвээс хөгжил цэцэглэлт бол нүгэл хэмээн Их Эзэн бидэнд хэлээгүй. Харин эсрэгээр Их Эзэн дуулгавартай хүүхдүүдээ үргэлж адисалсаар ирсэн юм. Харин Тэрбээр бид Түүнийг эрж хайн, олж, Түүнд үйлчлэхийн төлөө хөгжил цэцэглэлтийг эрэлхийлэх ёстой гэж хэлдэг. Тэгвэл бидний зүрх сэтгэл зөв бөгөөд бид Түүнийг хамгийн түрүүнд бүхнээс илүү хайрладаг учраас бид олсон эд баялгаа Түүний хаант улсыг байгуулахад зориулахаар сонгох болно.

Хэрэв та зөвхөн эд баялаг олж авахын төлөө баялгийг эрэлхийлэх аваас үүнийгээ олж авч чадахгүй. Та хэзээ ч сэтгэл хангалуун байхгүй. Та хоосон, донгио болж, аз жаргал болон өнө удаан үргэлжлэх баяр баясгаланг хэзээ ч олохгүй.

Дараагийн хэдэн жилд таны итгэлийн сорилт дэлхийн эд зүйлсээр дутагдах явдал биш байх болов уу. Харин хүлээн авсан материаллаг адислалуудаа юунд зориулахаар сонгоход итгэл тань соригдоно.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) өнөөдрийн залуу үеийнхний талаар

“Бурхан та нарыг Их Эзэний Хоёр дахь ирэлтийн өмнөх эцсийн өдрүүдэд дэлхийд ирүүлэхээр бараг зургаан мянган жилийн турш нөөцөнд байлгасан юм. …

“… Бурхан хаант улсаа ялгууснаар удирдахад туслах Өөрийн хамгийн хүчирхэг зарим хүүхдүүдийг … эцсийн өдрүүдэд зориулан хадгалжээ” гэж хэлсэн билээ.3

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Та нар бол Тэнгэрлэг Эцэгийн хамгийн хүчирхэг хүүхдүүд бөгөөд Тэрбээр та нарыг ‘үүн шиг ийм цагийн төлөө’ [Eстер 4:14] дэлхийд ирүүлэхээр хадгалан үлдээсэн юм” гэжээ.4

Та нар энэхүү эцсийн өдрүүдийн “ер бусын ажил мөн гайхамшгийн” (2 Нифай 25:17) хамгийн чухал хэсэг нь байхын тулд өөрийн хүслийг Бурханд захируулан, үүнийг Түүний хүсэлд багтаах боломжийг ологтун. Та нар “найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурханыг болон бүх хүмүүсийг хайрлах хайрыг агуулан … Христийн үгэн дээр найрлан,” (2 Нифай 31:20) хичээнгүйлэн судалж, үргэлж залбиран, итгэлтэй байвал Их Эзэн амласны дагуу “та нарын сайн сайхны тулд бүх зүйл хамтдаа ажиллах болно” (С ба Г 90:24).

Бүхнээ зориулж, өргөл болго

Би та бүхнээс Аврагчийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийн төлөө, Есүс Христийн сүмийг байгуулахад амьдралаа зориулж, цаг зав болон авьяас чадвараа өргөл болгон өгөх амлалтыг өөртөө болон Тэнгэрлэг Эцэгтээ өгөхийг хичээнгүйлэн хүсч байна. Бодол санаа, үйлдлүүдийн тань учир шалтгаан нь Бурханыг алдаршуулж, хөршөө адислахын төлөө байг. Энэхүү хүсэл тань шинэ өглөө бүрийг урам зоригтойгоор угтахад танд сүнслэгээр нөлөөлж, өдөр бүрийн бодол санаа болоод үйлдлүүдэд тань хөдөлгөх хүч болж байг.

Хэрэв та үүнийг хийвэл замаа түргэн алдаж байгаа энэ дэлхийд адислагдан, хайртай хүмүүсийнхээ хамт амар амгалан, аз жаргалтай байх болно. Энэ нь та нарт сорилт, бэрхшээлүүд тохиолдохгүй гэсэн хэрэг биш харин Их Эзэнд итгэх итгэлээр сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэх сүнсний хүч чадал та нарт байх болно гэсэн үг юм.

Миний захиасын зорилго бол ирээдүйгээ угтан харахад тань та нарт туслах явдал юм. Гэрэлт ирээдүйгээ угтах итгэл, найдвартай байгтун. Залуу эрэгтэйчүүд та нар ирээдүйн эцэг, залуу эмэгтэйчүүд та нар ирээдүйн эх, халамжлан хүмүүжүүлэгчид билээ. Та нар хамтдаа “сонгогдсон угсаа, хаант тахилч нар, ариун үндэстэн, Бурханы эзэмшлийн ард түмэн” (1 Петр 2:9) юм.

Хэрвээ та гэрлээгүй бол эрэгтэй, эмэгтэйчүүд та нарын аль алиных нь хувьд хамгийн түрүүнд эрхэмлэх зүйлсийн нэг нь мөнхийн ханиа олж авах явдал мөн. Та ариун сүмд гэрлэснээр Тэнгэрлэг Эцэг, Их Эзэн Есүс Христ хоёрын дэргэд буцаж очих зөв зам дээр байхад тань туслах ханьтай болно. Бид Хоёр дахь ирэлтэд цааш бэлтгэхдээ өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой.

Эшлэлүүд

  1. Гордон Б.Хинкли, “Living in the Fulness of Times,” Лиахона, 2002 оны 1-р сар, 6-р хуудас.

  2. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 142-р хуудас.

  3. Эзра Тафт Бэнсон, “Ганцаар зогсох зоригтой бай,” Лиахона, 2011 оны 11-р сар, 62-р хуудас.

  4. Toмас С.Монсон, “Танд урам зориг байг (May You Have Courage),” Лиахона, 2009 оны 5-р сар, 127-р хуудас.

Гэрэл зураг чимэглэлийг Кристина Смит

Тэнгэрлэг Гэтэлгэгч, Саймон Дюви © Altius Fine Arts