Бид Христийн тухай ярьж байна
Харанхуйгаас гэрэл рүү
Бидний амьдрал харанхуй болсон үед бид чин сэтгэлээсээ залбирвал Есүс Христ тэрхүү харанхуйг гэрэл болгон хувиргаж чадна гэдгийг баттай мэдэж болно.
Аз жаргалтай амьдарч, Тэнгэр дэх Эцэгтээ эргэж очих найдвар үгүй болсон юм шиг санагдаж байсан үе миний амьдралд нэг бус удаа тохиолдож байсан. Хэдэн жилийн өмнө намайг сүмийн гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн юм. Би бардамнал болон нүгэлт амьдралаар амьдарч, үйлдлүүдээсээ болж их зовдог байлаа. Хайртай бүсгүйтэйгээ сүй тавьсан ч бүтсэнгүй. Бусад хүмүүстэй харилцах нь надад хэцүү юм шиг санагддаг байснаас би аз жаргалгүй байв.
Би бүр дээр үед даруу байх сонголт хийхийг хүссэн ч албаар даруусгагдаж, Их Эзэний хүслийг биелүүлэхээр эрэлхийлсэн билээ. Ингээд би судруудыг байнга уншиж, үргэлж залбиран, бусдад үйлчлэхийг хичээдэг боллоо. Удаан хугацаанд үл тоомсорлодог байсан харилцаагаа, түүний дотор Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаагаа сэргээхийг хичээдэг болов. Би зүрх сэтгэлийн өөрчлөлтийг үнэхээр хүсч байлаа.
Нэг өдөр намайг өглөө эрт сургууль руугаа явах үед нар мандаагүй байв. Тэнгэрийн зүүн хаяа гэгээрч, харанхуй байсан тэнгэрийн баруун хаяанд тэргэл саран жаргаж байлаа. Би машин барьж явахдаа ч Тэнгэрлэг Эцэгтэйгээ ярилцах хэвшлийг өөртөө хөгжүүлж байсан юм. Энэ удаад машинаар явж байхдаа залбирч байтал оюун ухаан минь гэгээрч, зүрх сэтгэлд минь шинэ найдвар төрсөн.
Миний амьдрал гэрэл гэгээтэй болж, тэнгэрийн зүүн хаяан дахь гэгээ шиг улам тодорч байгааг би ухаарсан юм. Жаргаж буй бүтэн сар шиг үлэмж их байсан миний нүглүүд мөн харанхуй сарнин, алга болж байлаа. Нүглүүд маань бүрэн арилаагүй ч хэрэв чин сэтгэлийн наманчлалаа үргэлжлүүлбэл удахгүй арилж, үгүй болно гэдгийг би мэдэж байлаа. Хэзээ нэгэн цагт миний амьдрал үд дундын нар мэт гэрэлтэй болно гэсэн найдвар надад байв.
Цаг хугацаа өнгөрөх тусам Тэнгэрлэг Эцэгийг болон бусдыг хайрлах хайрын төлөө залбирах үедээ би улам даруу болж байсан юм. Ийнхүү улам даруу болсон нь намайг Бурханд болон бусдад амин хувиа үл хайхран, үйлчлэхэд хөтөлсөн бөгөөд мөнх амьдрал болон илүү сайхан ирээдүйн төлөөх итгэл найдвар минь шинэчлэгдсэн билээ. Тэрхүү найдвар өсөхийн хэрээр миний Аврагч, Есүс Христ намайг аварч, Тэрээр бүхий л шударга бус зүйлээс ариусгах хүчтэй гэсэн итгэл минь бас өссөн юм. “Та нар Христийн Цагаатгал, мөн түүний амилалтын хүчээр, мөнх амьдралд босгогдохын тулд найдах [болно]” (Moронай 7:41) гэсэн Мормоны үгс үнэнийг би мэднэ.