Очиж, түүний хөгжмийг зас
АНУ, Флорида, Кэнт А.Рассэлл
Манай хажуугийн хаалганд суудаг хөрш орон нутгийн сүмд өсвөр үеийнхэнд үйлчилдэг байсан бөгөөд сүмийнх нь өсвөр насныхан тэднийд байнга ирдэг байлаа. Өдөр ч шөнө ч түүний байшингийн өмнө нэлээд хэдэн машин зогсож байх нь ердийн зүйл байв.
Эдгээр өсвөр насныхны зарим нь машиныхаа хөгжмийг чангаар тоглуулдаг байв. Тэдний чанга хөгжим орон сууцны хэдэн байшингийн цаанаас ч сонсогддог байсан бөгөөд тэднийг ойртоход цонхнууд маань чичирхийлдэг байлаа. Чанга хөгжим намайг шөнө олон удаа сэрээдэг байв. Миний дургүйцэл улам ихсэж, эдгээр өсвөр насныхныг дайснаа гэж үзэх болов.
Нэг өдөр би гадаа унасан навчсыг тармуураар хамж байтал хэдэн байрны цаанаас машины хөгжим маш чанга дуугарах нь сонсогдлоо. Удалгүй хөгжим бүр ойртон, улам чанга болж эхлэв. Нөгөөх машины жолооч булангаар тойрч, манай хөршийн гэрийг чиглэхэд миний уур хүрч, Тэнгэрлэг Эцэгт хандан, хөгжмийг нь эвдэж өгөхийг гуйн залбирлаа.
Тэрээр хөгжмөө суга татан авсан юм шиг гэнэт чимээгүй болоход цөхрөнгөө барж хэлсэн миний залбирал талархал, магтаалын залбирал болов. Би өмнө нь машины хөгжим дээр ажиллаж байсан болохоор дууг нь нам болгоогүй харин бүр эвдэрснийг нь мэдсэн юм.
Хөгжим нь ажиллахаа больсонд нөгөөх залуу уруу царайлан, найз нар нь түүнийг тайтгаруулахаар цуглав. Харин би эсрэгээр нь, Бурханы мутар чанга дуутай хөгжмийн амыг нь барилаа даа гэж бодсондоо баярлан, их л маадгар байлаа.
Гэвч болсон явдлыг цааш үргэлжлүүлэн бодоод би өөрөө олон жилийн өмнөх шигээ ааш гаргаснаа ухаарлаа. Зүрх сэтгэл минь зөөлөрч, тэр хөвгүүн миний дайсан огт биш байсан шүү дээ хэмээн бодож эхэллээ. Тэгтэл Сүнс “Очиж, түүний хөгжмийг зас” хэмээн шивнэх нь тэр.
Би энэхүү өдөөлтөд цочирдон, үүнээс ангижрах гэж оролдов. Миний тайван амьдралд саад учруулж байсан тэр хөгжмийг би яагаад засч өгөх ёстой юм бэ? Гэвч нөгөөх сануулга дахин ирсэн учраас би үүнийг дагалаа.
Би хөгжмийг чинь засч өгөх үү гээд юу эвдэрснийг нь дорхноо оллоо. Тиймээс маш хурдан засав. Удалгүй хөгжим урьдынх шигээ маш чанга дуугарч эхэллээ.
Залуу эрэгтэй талархлаа илэрхийлээд миний төлөө ямар нэгэн хийж чадах зүйл байна уу? гэж асуув. Би түүнд ажилдаа явахын тулд өглөө эрт босдог хүн, тэгэхээр оройдоо хөгжмөө унтрааж байвал тун их баярлахсан гэж хэллээ. Тэр инээмсэглээд тэгнэ ээ гэж надад хэлж билээ.
Тэр хөгжмөө зөвхөн үдэш оройн цагаар нам дуугаар тоглуулдаг болсон төдийгүй миний төлөө бүр найз нараасаа хөгжмөө унтраахыг хүсдэг болсон юм. Тэр цагаас хойш харанхуй болсон хойно чанга хөгжим сонсогдох нь огт үгүй болсон билээ.
Тэнгэрлэг Эцэг үнэхээр миний залбирлыг сонсож, хариулсан юм. Түүний шийдэл надад амар амгалан, нам гүм байдлыг авчирч, Сүнсийг дагах үнэ цэнэтэй сургамж, “дайснуудаа хайрлах” (Лук 6:27) гэгч нь чухам юу болохыг илүү сайн ойлгоход тусалсан юм.