2014
Би тэр номыг чинь уншиж болох уу?
2014 оны нэгдүгээр сар


Би тэр номыг чинь уншиж болох уу?

АНУ, Юта, Нийл Р.Кардон

Бараг 50 жилийн өмнө номлолын маань хамтрагч бид хоёр Аргентины Кордоба их сургуулийн ойролцоо хаалга тогшин явж байтал нэгэн залуу эрэгтэй биднийг гэртээ урьж билээ. Тэр өрөөний найзуудтайгаа хамт бидэнтэй зөвхөн Бурхан байдаг эсэх талаар маргах гэж биднийг урьсан нь тэр даруй тодорхой болов.

Бид маргахыг хүссэнгүй, тиймээс суралцах тохиромжтой орчинд бидний захиасыг ярилцахын тулд дахин уулзахаар тохиролцов. Биднийг эргэж ирэхэд нөгөөх залуу яагаад Бурхан байдаггүй гэдэгт итгэдгээ тайлбарласан юм. Хүн өөрөөсөө илүү агуу, ер бусын ямар нэг зүйлд итгэх хэрэгтэй байсан учир Бурханыг зохион бодсон юм гэж тэр хэллээ.

Бидний ярих ээлж болоход “Та яаж Нэгдсэн Улс байдгийг мэддэг вэ?” гэж би асуув. Би Нэгдсэн Улс оршдогийн бодит баталгааг гэрчлээд энэ улс оршдог тухай үүнээс өөр нотолгоо байна уу? гэж асуув. Нөгөөх залуу Нэгдсэн Улсын тухай ном, сонинуудаас уншсан тухайгаа ярилаа. Тэгэхэд нь би түүнээс миний гэрчлэлд болон уншсан зүйлдээ итгэдэг үү? гэж асуув. Тэр тийм ээ хэмээн маргалгүй хариулав.

“Иймээс л бид Нэгдсэн Улсаас ирсэн над шиг хүмүүсийн гэрчлэлийг үгүйсгэж чадахгүй бас энэ улсын тухай бичсэн хүмүүсийн гэрчлэлийг ч үгүйсгэж чадахгүй шүү дээ” гэж би хэлэв. Нөгөөх залуу зөвшөөрлөө.

Тэгэхэд нь би “бид энэ санаан дээр үндэслээд Бурханыг харсан болон өөрсдийн туршлагын тухай бичсэн тэдгээр хүмүүсийн гэрчлэлийг үгүйсгэж болно гэж үү?” хэмээн асуув. Би түүнд Библи үзүүлж, энэ ном нь Бурхан, Есүс Христ хоёрыг харж, Тэдэнтэй ярилцсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрчлэлийг агуулдаг гэж хэллээ. Бид Библид агуулагдсан гэрчлэлүүдийг үгүйсгэж болох уу? гэж намайг асуухад тэр болохгүй хэмээн сулхан хариулав.

Дараа нь би “Библи дэх хүмүүсээс өөр хүмүүс Библийг бичсэн хүмүүсийн харсан тэрхүү Бурханыг бас харсан тухайгаа бичсэн өөр нэг ном бий. Энэ номын талаар та юу гэж бодож байна вэ?” гэж асуув. Тийм ном байхгүй шүү дээ гэж тэр хариуллаа.

Бид түүнд Мормоны Номыг үзүүлж, зорилгыг нь түүнд сануулан, энэ ном үнэн бөгөөд Бурхан өнөө үед амьд бошиглогчдоор дамжуулан хүмүүнтэй харилцсан хэвээр байгааг гэрчиллээ.

Залуу эр гайхаж, “Надад бусад сүмийн бүх номлогчдыг мухардалд оруулах боломж байлаа. Харин урьд нь миний сонсож байгаагүй ямар нэг зүйл танд байна. Би тэр номыг чинь уншиж болох уу?” гэж асуув. Бид түүнд Мормоны Ном өгөөд хүүхдүүдээ хайрладаг Бурханы хайрын тухай гэрчлэв.

Хичээлийн жил дууссан учраас бид тэр залуутай Боливи дахь гэр рүүгээ явахаас нь өмнө уулзаж чадсангүй. Гэсэн ч би түүнийг Мормоны Номыг уншиж, гэрчлэлтэй болоосой хэмээн залбирч байлаа.

Би 2002 онд Прово дахь Номлогчийг бэлтгэх төвд испани хэлээр ярьдаг салбарын ерөнхийлөгчөөр үйлчлэхээр дуудагдав. Нэг ням гарагт би дээрх түүхийг номлогчдод ярив. Дараа нь Боливоос ирсэн нэгэн номлогч миний ярьсан тэр түүхийг гадасных нь нэг настай хүн хөрвөлтийнхөө талаар ярихад нь сонссоноо надад хэллээ.

Нүдийг минь нулимс бүрхэв. Тийнхүү би Боливоос ирсэн сайхь залуугийн талаарх залбирлынхаа хариуг 40 жилийн дараа хүлээн авсан юм. Тэр Бурхан оршдог талаар болон Түүний аз жаргалын агуу төлөвлөгөөний тухай гэрчлэлтэй болсон ажээ. Нэгэн өдөр бид дахин уулзаж, тэрээр сайн мэдээг хүлээн авсанд нь түүнд баярлан, талархах болно гэдгээ би мэдэж байна.