Сайн мэдээний сонгомол бүтээлүүд
Тэнгэрлэг Бурхан Тэргүүтэн
Сүмийн 15 дахь ерөнхийлөгч Гордон Б.Хинкли 1910 оны 6-р сарын 23-нд төржээ. Тэрээр 51 насандаа 1961 оны 10-р сарын 5-нд төлөөлөгчөөр томилогдсон бол 1995 оны 3-р сарын 12-нд сүмийн ерөнхийлөгчөөр дэмжигдэн, батлагджээ.
“The Father, Son, and Holy Ghost (Эцэг, Хүү мөн Ариун Сүнс)” өгүүллээс авав, Ensign, 1986 оны 11-р сар, 49–51-р хуудсууд; том үсгээр бичих дүрэм болон цэг тэмдгийг стандартын дагуу болгосон.
Бурхан Мөнхийн Эцэг; Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэх бидний итгэл бол манай шашны хамгийн чухал итгэл юм.
Бошиглогч Иосеф манай сургаалын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг бий болгохдоо дараах сургаалыг эн тэргүүнд тавьсан юм:
“Бид Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1).
[Бошиглогч түүнчлэн]: “Бурханы мөн чанарыг баттай мэдэх нь сайн мэдээний анхдагч зарчим мөн” (History of the Church, 6:305) хэмээн заажээ.
Энэхүү агуу ач холбогдолтой, бүх талыг хамарсан тунхаглал нь “Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн” гэсэн Их Эзэний үгстэй нийцдэг билээ (Иохан 17:3). …
Мөнхийн Эцэг Бурхан
Би Мөнхийн Эцэг Бурханд өчүүхэн ч эргэлзээгүйгээр, бүрэн итгэдэг.Тэр бол миний мөн сүнсний минь Эцэг бөгөөд бүх хүмүүний сүнсний Эцэг билээ. Тэр бол агуу Бүтээгч, ертөнцийн Захирагч.… Хүмүүн Түүний дүр төрхөөр бүтээгдсэн юм. Тэр бол бие хүн. Тэрээр бодитойгоор оршдог билээ. Тэр бол хувь хүн. Тэрбээр “хүмүүнийхтэй адил мэдрэгдэх мах хийгээд ясан биетэй болой” (С ба Г 130:22).
Дэлхийн бүтээлтийн тухай бичигдсэн цэдэгт “Бурхан -Бид Өөрсдийнхөө дүр төрхийн дагуу Өөрсөдтэйгөө адилхан хүнийг бүтээцгээе” (Эхлэл 1:26) гэсэн байдаг.
Хүмүүний хэлээр үүнээс илүү тодорхой дүрсэлж болно гэж үү? Бурхан хүмүүнийг Өөрийн онцгой дүр төрхөөр бүтээснээрээ Өөрийгөө доош нь оруулсан юм биш үү? хэмээн зарим хүмүүс бидэнд итгүүлэхийг хичээж мэднэ. Харин ч энэ нь эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн зүрх сэтгэлд өөрийгөө Бурханы хүү буюу охин гэж үзэх агуу бахархлыг бий болгодог. …
… Номлогчийн хувиар намайг зааж байтал [Английн Лондонд нэгэн танхай хүн] “Иоханы хэлснээр (Иохан 4:24) ‘Бурхан бол Сүнс’ гэсэн Библийн сургаалыг та яагаад дагадаггүй юм бэ?” гэж хашгиран, миний үгийг тасалж байж билээ.
Би Библээ нээж, түүний эш татсан шүлгэн дээр нэмэн, “Бурхан бол сүнс. Түүнд мөргөгчид сүнсээрээ, үнэнээр мөргөх ёстой” хэмээн түүнд бүрнээр нь уншиж өглөө.
Тэгээд би “Мэдээж хэрэг Бурхан бол сүнс, та ч гэсэн адил. Сүнс, бие хоёр нэгдсэнээр та амьд хүн байгаа юм. Би ч гэсэн мөн адил” хэмээн хэлж билээ.
Бидний хүн нэг бүр сүнсний матери, биеийн матери хоёрын нэгдлээс бүтсэн хүмүүн юм. Үхэл гэгч үнэн бодитойг бүгд мэднэ … мөн сүнс нь бие даасан матери болон оршдог бөгөөд Бурханы Хүүгийн золиослолоор боломжтой болсон тэнгэрлэг төлөвлөгөөний дагуу хэзээ нэгэн цагт сүнс, бие хоёр дахин нэгдэх болно гэдгийг бид мэддэг. Бурхан бол сүнс мөн гэсэн Есүсийн тунхаглал нь Бурханы биетэйг үгүйсгэж чадахгүй. Учир нь, би бол сүнс гэдэг үзэл бодол миний биеийг үгүйсгэхгүй шүү дээ.
Би өөрийн биеийг Түүний төгс биетэй, тэрхүү биеийнх нь хүч чадал, үзэсгэлэн төгөлдөр хийгээд гэрэл цацруулан туяардагтай адилтгахгүй. Түүний бие мөнхийнх бол минийх зуурдын бие юм. Гэхдээ энэ нь гагцхүү Түүнийг хүндлэн дээдлэх миний хүндэтгэлийг нэмэгдүүлдэг билээ. …Би Түүнийг бүхий л зүрх сэтгэл, хүчин чадал, оюун ухаан хийгээд бүх чадлаараа хайрлахыг хичээдэг. Түүний мэргэн ухаан бүх хүмүүний мэргэн ухаанаас илүү агуу юм. … Түүний хайрыг бүх хүүхдүүд нь мэдэрдэг бөгөөд Өөрийн хөвгүүд болон охидод үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах нь Түүний ажил мөн алдар суу билээ … (Moсе 1:39-ийг үзнэ үү). …
Их Эзэн Есүс Христ
Би мөнхийн амьд Бурханы Хүү, Их Эзэн, Есүс Христэд итгэдэг. Би Түүнийг Эцэгийн Ууган Хүү бөгөөд махан биеэр төрсөн Эцэгийн Төрсөн Ганц Хүүгийн хувьд Түүнд итгэдэг. Би Түүнийг Эцэгээсээ тусдаа бөгөөд ялгаатай хувь хүн гэдэгт итгэдэг. …
Тэрбээр мөнх бус байдалд дэлхий дээр амьдарч байсан цорын ганц төгс хүн гэдэгт би итгэдэг. Би Түүний үгсээс гэрэл ба үнэнийг олж чадна гэдэгт, хэрэв бид энэхүү гэрэл ба үнэнийг дагавал дэлхийг аварч, хүн төрөлхтөнд өргөмжлөлийг авчрах болно гэдэгт итгэдэг. Түүний санваар бол бурханлаг эрх мэдэл—адислах болон эдгээх хүч, дэлхий дээрх Бурханы ажил хэргүүдийг удирдах мөн газар дээр холбосон зүйлийг тэнгэрт холбох хүч мөн гэдэгт би итгэдэг.
Тэрбээр Калварийн толгой дээр амиа өргөн, Өөрийн цагаатгагч золиослолоор дамжуулан хүн төрөлхтний нүглүүдийг цагаатгасан бөгөөд хэрэв бид нүгэл хилэнцээ орхиж, Түүнийг дагавал Тэрбээр биднийг нүглийн дарамтаас чөлөөлөх болно гэдэгт би итгэдэг. Би Түүний амилалтын хүч хийгээд үнэн бодит байдалд итгэдэг. … Бидний хүн нэг бүрд үхлээс амилуулагдах бэлэг … нь Түүний Цагаатгалаар өгөгдсөн гэдэгт би мөн итгэдэг. Бид Түүний зарлигуудыг дуулгавартай дагасан тохиолдолд эрэгтэй, эмэгтэйчүүд мөн Бурханы хөвгүүд, охид хүн нэг бүрд Тэнгэрлэг Эцэгийн хаант улсад үүрд мөнх амьдарч, өргөмжлөгдөх боломж энэхүү золиослолоор өгөгдсөн гэдэгт би итгэдэг.
Ийм агуу ганц ч хүн дэлхий дээр амьдарч байгаагүй. Өөр хэн ч Түүнтэй харьцуулахуйц золиослол хийгээгүй эсвээс Түүнтэй эн зэрэгцэх адислалыг авчраагүй юм. Тэр бол дэлхийн Аврагч бөгөөд Гэтэлгэгч мөн. Би Түүнд итгэдэг. Би Түүний бурханлаг мөн чанарыг тунхаглаж байна… . Би Түүнд хайртай. Би Түүний нэрийг хүндэтгэлтэй бөгөөд гүн бишрэлтэйгээр хэлж байна. …
…Түүний Өөрийгөө үзүүлсэн болон Бурханы амилсан Хүүгийн хувиар ярилцсан хүмүүсийн тухай сударт өгүүлдэг. Энэ эрин үед ийнхүү Тэрээр хүрч ирсэн бөгөөд Түүнийг харсан хүмүүс тунхаглахдаа:
“Мөн эдүгээ түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, энэ бол түүний талаар бидний өгөх хамгийн сүүлчийн гэрчлэл юм: Тэр амьд бөлгөө!
“Учир нь бид түүнийг бүр Бурханы баруун гар талд харсан билээ; түүнчлэн тэрээр Эцэгийн Төрсөн Ганц болой хэмээн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ—
Ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгдсэн, бас бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд, охид бөлгөө” (С ба Г 76:22–24) гэжээ.
Энэ бол миний итгэдэг бас миний гэрчилдэг Христ.
Ариун Сүнс
Энэ мэдлэг судрын үгсээс ирдэг бол энэхүү гэрчлэл Ариун Сүнсний хүчээр ирдэг билээ. Энэ бол Бурхан Тэргүүтэний гурав дахь гишүүнээс илчлэлтээр ирдэг ариун нандин бөгөөд гайхамшигтай бэлэг. Ариун Сүнс бол Эцэг, Хүү хоёртой хамт оршдог сүнсэн хүн бөгөөд энэ гурав нийлж, тэнгэрлэг Бурхан Тэргүүтэнийг бүрдүүлдэгт би итгэдэг.…
Эрт үед Ариун Сүнсийг Бурхан Тэргүүтэний нэг гишүүн хэмээн хүлээн зөвшөөрдөг байсныг Ананиа худалдсан газрынхаа үнэнээс заримыг нь нуун авч үлдсэн үед Петр, тэр хоёрын хооронд болсон яриа нотолдог.
“Тэгэхэд Петр -Ананиа, чи … Ариун Сүнсэнд худал хэллээ. Чиний зүрх яагаад Сатанд автах болов?
“… Чи хүнд биш харин Бурханд худал хэллээ” (Үйлс 5:3–4) гэжээ.
Ариун Сүнс бол Түүний дагалдагчдад бүх зүйлийг зааж, хэлсэн бүгдийг тэдэнд сануулж байхын тулд Аврагчийн амласан Тайтгаруулагч юм … (Иохан 14:26-г үзнэ үү).
Ариун Сүнс бол хүмүүсийн бие биедээ зааж чадахгүй зүйлсийг тэдэнд зааж чаддаг, үнэний гэрчлэгч мөн.… Мормоны Номын үнэний мэдлэг “Ариун Сүнсний хүчээр” амлагдсан юм. “Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:4–5) хэмээн Моронай тунхаглажээ.
Би энэхүү хүч болоод бэлэг өнөөдөр бидэнд боломжтой гэдэгт итгэдэг.
Үнэн бөгөөд бодитой хувь хүн“
… Би Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христ болон Ариун Сүнсэнд итгэдэг” (Итгэлийн тунхаг 1:1).
Би энэ гурвын нэрээр баптисм хүртэж, энэ гурвын нэрээр гэрлэсэн.Тэдний үнэн бодит байдал болоод тус тусдаа хувь хүмүүс гэдэгт би эргэлздэггүй. Ийнхүү тусдаа хувь хүн болох нь Иохан Есүст Иордан голд баптисм хүртээхэд мэдэгдсэн билээ. Бурханы Хүү усан дотор зогсож байсан шүү дээ. Эцэгийн дуу хоолой Хүүгийнхээ бурханлаг мөн чанарыг тунхаглаж, Ариун Сүнс тагтааны дүрээр харагдсан билээ (Maтай 3:16–17-г үзнэ үү).
Түүнийг харсан хүмүүс Эцэгийг бас харсан хэмээн Есүс хэлснийг би мэднэ [Иохан 14:9-ийг үзнэ үү]. Эцэг, эхээ дуурайсан олон хөвгүүн мөн ингэж хэлэхгүй гэж үү?
Есүс Эцэгт хандан залбирахдаа мэдээж, Өөртөө хандан залбираагүй билээ!
Төгс нэгдмэл
Тэд тус тусдаа хүмүүс ч гэсэн зорилго, хүч чармайлтаараа нэг юм. Тэд Бурханы хүүхдүүдийн аврал болон өргөмжлөлийн төлөөх агуу тэнгэрлэг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нэг хүн мэт нэгдмэл байдаг.
… Христ хайртай төлөөлөгчдийнхөө талаар Эцэгээс гуйж,
“Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна.
“Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгдээрээ нэг байхын тулд юм” гэжээ (Иохан 17:20–21-ийг үзнэ үү).
Эцэг, Хүү, Ариун Сүнсний төгс эв нэгдэл нь энэ гурвыг нэгдмэл нэг тэнгэрлэг Бурхан Тэргүүтэн болгон нягт холбодог билээ.