2023
Итгэл, найдвараар тохинуулах
2023 оны 3-р сар


“Итгэл, найдвараар тохинуулах,” Лиахона, 2023 оны 3-р сар.

Тохинууллын зарчим

Итгэл, найдвараар тохинуулах

Бид гэрээнүүдээ итгэлтэй сахиснаар бусдыг итгэл найдварын эх сурвалж руу хөтлөхөд тусалж чадна.

Аврагчийн хувцсанд хүрч буй эмэгтэй

Итгэл, найдварын үлгэр жишээ

Маркийн сайн мэдээнээс бид “арван хоёр жилийн турш цус алддаг өвчтэй байсан нэгэн эмэгтэй[н]” талаарх сэтгэл хөдлөм түүхийг уншдаг. Бид тэр эмэгтэйг “олон эмчийн гарт шаналж, өөрт байсан бүхнээ зарцуулсан боловч юу ч тус болсонгүй, харин ч улам мууд[сан]” (Марк 5:25–26) талаар уншдаг.

Арван хоёр жил бол зовж шаналахад урт хугацаа. Бүх зүйлээ өгөх нь маш их зүйлээ зарцуулж буй хэрэг. Харин тэр улам л дордож байсан. Хэрэв хэн нэгэнд найдвараа алдах эрх байсан бол тэр нь энэ эмэгтэй байсан.

Гэвч “тэрээр Есүсийн тухай сонсоод, хурсан олны дундуур [Түүний] ард нь очоод хувцсанд нь хүрэв.” Учир нь тэр “би ядаж Түүний хувцсанд нь хүрчихвэл эдгэрнэ” гэж итгэсэн байсан.

Тэр итгэлтэй байсан учраас “тэр даруй цус гоожих нь зогссонд өвчнөөсөө салснаа биедээ мэдрэв” (Марк 5:27–29) гэж Марк тэмдэглэжээ.

Эмэгтэйн Есүст итгэх итгэл, найдварыг адислалаар хариулсан юм. “Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван явж, зовлонгоосоо ангижрагтун гэв” (Марк 5:34).

Хэмжээ болон цаг хугацааны уртаас үл хамааран аливаа сорилтод итгэл найдвар тун их хэрэгтэй байдаг. Айдас, цөхрөл биднийг хөдөлгөөнгүй болгож чадна. Гэвч Есүс Христэд итгэх итгэл, найдвар нь Түүний хүч чадал, адислалыг бидний амьдралд урьдаг.

Тохинуулалд итгэл, найдварыг ашиглах

Тохинуулагч ах, эгч бидний хувьд дээр дурдсантай адил итгэл, найдварыг дуудах хэрэгтэй болдог. Тохинуулах нь урамших, бэрхшээх зэрэг мэдрэмжүүдийг хоёуланг нь төрүүлж болно. Бидний туслахыг хүссэн хэн нэгэн үүнийг хүсэхгүй байгаа мэт харагдах үед итгэл найдвараа алдах амархан. Та гэр бүлийн гишүүн болон найзтайгаа эсвэл туслахаар томилогдсон хэн нэгэнтэй яг одоо ийм нөхцөл байдалтай байж ч магадгүй. Цусны өвчтэй эмэгтэйн адил, тус болох ямар нэг зүйлийг олохын тулд хэчнээн их цаг, хүчин чармайлт гаргасныг тань зөвхөн Их Эзэн мэднэ. Гэхдээ тэр эмэгтэйн адил бид итгэлээрээ үргэлжлүүлэн тэмүүлэх найдварыг олж авбал Аврагчийн хүч өөрчлөлт гаргаж чадна.

Заримдаа итгэлээ ашиглах хангалттай найдварыг мэдрэхийн тулд тэмцэж буй хүмүүст тохинуулахад бэрхшээлтэй байж болно. Марк дахь эмэгтэй шиг архаг өвчин, санхүүгийн хямрал эсвэл асар их сорилттой тулгарч буй хүмүүс байдаг. Өөрсдийн асуудал бэрхшээлд ганцаараа биш гэдгээ мэдэх нь тэдэнд найдварын хүчирхэг эх сурвалж болдог. Тэдний ачаа буулгыг хөнгөвчилж, тэдэнтэй хамт гашуудаж, тэднийг тайтгаруулж, Бурханы гэрч болж зогсох үедээ бид тэдэнд энэхүү найдварыг олоход тусалж чадна (Мозая 18:9–10-ыг үзнэ үү).1

Нэгэн охинтой хамт сэтгүүл уншиж буй хоёр эмэгтэй

Итгэл, найдвараа хөгжүүлэх

Бид Христийнхтэй адил итгэл, найдварын зан чанарыг хэрхэн хөгжүүлж болох вэ? Санаа авч болох зарим нэг жишээг өгөв.

  1. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф найдвар гэдэг нь Есүс Христ танд амласан амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж найдах гэдгийг заасан.2 Учир нь “найдвар бол сүнсний бэлэг [Моронай 8:26-г үзнэ үү]”3 ба энэ нь бидний залбиран гуйх хэрэгтэй зүйл юм (Сургаал ба Гэрээ 46:7–9-ийг үзнэ үү).

  2. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон итгэлээ өсгөх нь хүчин чармайлт шаарддаг гэдгийг заасан. Тэрээр суралцах, итгэхийг сонгох, итгэлээр үйлдэх, ариун ёслолуудаас зохистойгоор хүртэх, Тэнгэрлэг Эцэгээс тусламж гуйх замаар итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар хуваалцсан.4