“Чи үргэлж мэддэг байсан,” Лиахона, 2023 оны 2-р сар.
Итгэлийн хөрөг
Чи үргэлж мэддэг байсан
Би сэргээгдсэн сайн мэдээний талаар гэрчлэл хүлээн авсан ч өөр сүмийн тохинуулагчаар ажиллах гэрээ маань дуусахад 10 сар үлдсэн байлаа.
Намайг найман настай байхад миний шүд хүчтэй өвдөж билээ. Тэсэхийн аргагүй өвдөж байсан ч бидэнд шүдний эмнэлэгт үйлчлүүлэх мөнгө байсангүй. Би тэр үед тэнгэр элч болох эмээтэйгээ Мексикт амьдардаг байв.
Түүнийг нүдэндээ нулимстайгаар надаас “Чи Есүс Христэд мөн Тэр чамд тусална гэдэгт итгэдэг үү?” гэж асуухад
би тийм гэж хариулсан юм. Тэр намайг хажуугийн өрөө рүү орон, өвдөг сөхрөөд, гайхамшгийн төлөө залбир гэж гуйв. Би залбирч, зүрх сэтгэлээ юүлсэн хэдий ч юу ч болсонгүй. Цөхөрсөн би шүдээ хамаг чадлаараа зуун, дахин нэг удаа залбирав. Удалгүй өвдөхөө больсон байлаа. Намайг эмээдээ хэлэхээр гүйн очиход тэр сөхрөн суугаад, бяцхан ач хүүд нь туслахыг Бурханаас гуйн залбирч байв. Би тэр дүр зургийг хэзээ ч мартаагүй бөгөөд эмээдээ талархаж явдаг.
Өөр нэг сүнслэг туршлага дараа нь тохиов.
Би 14 нас хүрээд, АНУ-ын Тэксас муж руу нүүж, ээж аав, ах дүү нар луугаа очив. Би орон нутгийн нэгэн сүмийг олоод, тогтмол явж эхэллээ. Бурханлаг туршлагынхаа улмаас би Түүний алдрыг болон сайн мэдээг намайг сонсох хүн бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Мөн би 15 нас хүрээд, тохинуулагч болохоор тохинуулагчийн сургуульд элслээ. Би хоёр жилийн турш хичээлийнхээ өмнө, дараа мөн амралтын өдрүүдээр Библийн сургуульд явж байв.
Ахлах сургуульд байхдаа би нэгэн өглөө хөвгүүдийн хувцас солих өрөөнөөс чимээ гарахыг сонслоо. “Хөөе, Мормон оо!” гэж нэг хүн хашхирав. Би хэзээ ч тийм нэр өмнө нь сонсож байгаагүй ба энэ нь доромжлол мэт сонсогдлоо.
Дараа нь би тэгж дуудуулсан хүн нь миний найз Дэрик болохыг мэдсэн.
“Чиний өөдөөс Мормон гэж хашхирсанд харамсаж байна” гэж би хэллээ.
Тэр инээгээд, “Чи Мормон гэж юу болохыг мэдэхгүй байх, тийм үү?” гэж асуув.
Тэр надад энэ нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийг дууддаг хоч гэдгийг хэлсэн.
“Тэгэхээр чи Христийн шашинтан байх нь ээ?” гэж би асуулаа.
Түүнийг тийм гэж хариулахад бид хоёул Есүс Христэд итгэдэгтээ баяртай байв.
“Чи Бурханаас асууж байсан уу?”
“Мормончууд гэж хэн юм бэ? Тэд юунд итгэдэг юм бол оо?” гэх асуултууд миний толгойд хөвөрлөө.
Би интернэтээр хайж эхлэв. Хэдэн хормын дараа би найзыгаа Христийн шашинтан биш төдийгүй там руу явах юм байна гэдэгт итгэлээ. Тэгээд би түүнийг аврах даалгавартаа мордов.
Дараагийн хоёр жилийн хугацаанд би Сүмийн тухай олж мэдэж болох бүх номыг, тэр дундаа Мормоны Номыг бүхэлд нь хоёр удаа уншсан. Би бас Дэриктэй болон бүрэн цагийн номлогчидтой уулзаж, тэдэнд туслахыг оролдлоо.
Би 17 нас хүрэхдээ тохинуулагчийн сургуулийг төгсөж, тохинуулагчаар томилогдсон бөгөөд Тэксас дахь жижиг цуглааны пастор болов. Томилогдоод, хоёр сарын дараа би дахин номлогчидтой ярилцлаа.
Тэдний нэг нь “Та Мормоны Номыг уншиж, бидний санал болгож болох бүх хичээлийг үзсэн байна. Гэхдээ бидний захиас үнэн эсэхийг Бурханаас асуусан уу? Та Түүнээс ирэх хариултыг танина, тийм үү?” гэхэд нь
“Тэгэлгүй яах вэ” гэж би бахархалтайгаар хариулж билээ.
“Миний харж байгаагаар, энэ бол аль алинд маань ашигтай нөхцөл байдал байна” гэж тэр номлогч хариулав. “Хэрэв та найзынхаа итгэдэг зүйл үнэн эсэхийг Бурханаас асууж, Бурхан үгүй гэж хариулсан бол энэ аяллаа эхлүүлсэн эрхэм зорилгоо биелүүлсэн гэсэн үг. Гэвч хэрэв Тэр бидний захиасыг үнэн гэж хэлбэл та хэр ихийг олж авах талаар бодож үзээрэй” гэж мөнөөх номлогч хэллээ.
Би хэзээ ч энэ талаар бодож байсангүй. Тэр шөнө би Моронай 10:3–5-ыг уншсаныхаа дараа өрөөндөө өвдөглөн суув. Бурханаас ирсэн миний хариулт энгийн бөгөөд хүчирхэг байлаа. Намуун зөөлөн дуугаар Тэр надад “Чи үргэлж мэддэг байсан” гэж хэлэв.
Миний шавь байх амьдралын шинэ бүлэг
Одоо би сэргээгдсэн сайн мэдээний тухай гэрчлэлтэй болсон бол миний үйлчлэл яах вэ? Миний тохинуулагчаар үйлчлэх гэрээ дуусахад 10 сар үлдсэн. Би Бурханд маш их залбирч, Түүнтэй зөвлөлдсөний эцэст хугацаагаа дуустал үйлчлэхээр шийдлээ. Дараагийн 10 сарын хугацаанд би уламжлалт Библийн үнэнийг үргэлжлүүлэн хуваалцсан ч боломж гарах үед сэргээгдсэн сайн мэдээний харах өнцгийг нэмж заасан юм. Хүмүүст эдгээр үнэн цуурайтан сонстож, миний бяцхан сүрэг 20-оос бараг 150 болж өсөв.
Гэрээгээ дуусгасны дараа надад байнгын ажлын байр санал болгосон ч Сүмд баптисм хүртэх цаг болсныг би мэдэж байсан. Шавь болох аян замынхаа шинэ бүлгийг эхлүүлэх цаг маань болсон байлаа.
Намайг гэр бүлийнхэндээ хэлэхэд тэд эхэндээ баярласангүй. Гэхдээ би Сүмд нэгдсэнээсээ хойш гурван сарын дараа ээждээ болон хоёр дүүдээ баптисм хүртээсэн юм. Оклахомагийн Оклахома Сити номлолд бүрэн цагийн номлолд үйлчилснийхээ дараа би эмэгтэй дүүдээ баптисм хүртээсэн.
Хэн нэгнийг надаас яагаад шашнаа сольсон юм бэ гэж асуухад, “Би шашнаа өөрчлөөгүй. Би одоо хүртэл Христийн шашинтан. Харин би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд баптисм хүртсэн гишүүн болсноор Аврагчтай харилцах харилцаагаа бэхжүүлсэн. Сайн мэдээний Сэргээлт, Мормоны Ном, орчин үеийн бошиглогчид, ариун сүмд байдаг аврал, өргөмжлөлийн ариун нандин ёслолуудын ачаар би Түүнийг одоо өмнөхөөсөө илүү хувьчлан, илүү дотно мэддэг болсон” гэж хариулдаг.
Өдгөө надад семинарын бүтэн цагийн багшаар ажиллах завшаан тохиогоод байна. Би Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд амьдралаа зориулсаар байгаа. Би “үлэмж баярлуулах сайхан мэдээг” (Лук 2:10) сонсох хүмүүст үүнийг одоо ч тунхагласаар явна.