“Таны нас ахисан ч энэрэл хэзээ ч дуусдаггүй,” Лиахона, 2023 оны 3-р сар.
Нас ахисан ч итгэлтэй хэвээр
Таны нас ахисан ч энэрэл хэзээ ч дуусдаггүй
Нас ахисан хойноо Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд ажиллахаар дуудагдсан эдгээр эмэгтэй үйлчлэлдээ туршлага, ойлголт авчирдаг.
“Бид Сүмийн хамгийн настай хүмүүсээс бүрдсэн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл байж магад” гэж саяхан 89 нас хүрсэн Шэрон Алэксандр хэлэв. Түүний зөвлөх Марлийн Питэрсон, Дороти Арнолд хоёр 90 болон 91 настай.
“Бидний дундаж нас 90” гэж хэлээд, Дороти инээлээ.
Энэхүү Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл АНУ-ын Юта мужийн Огдэн хотод байдаг ахмад настны амьдрах газарт байрлах салбарт үйлчилдэг. Тус газар нь Сүмийн олон ахмад гишүүний гэр орон бөгөөд ерөнхийлөгчийн зөвлөл хаалганаас хаалганы хооронд явж, хүмүүстэй мэндчилж, хүн бүр сайн байгаа эсэхийг шалгаж байхдаа хөтлөгчөө тулан явахыг нь харж болно.
Нэг удаа орон нутгийн тойргоос ирсэн хүмүүс ийм тохинуулал хийжээ. Дараа нь гадасны ерөнхийлөгч чухам ямар оршин суугч ямар дуудлагад үйлчилж болох талаар Их Эзэнээс асууснаар салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийг урамшуулан дэмжих сүнслэг өдөөлтийг хүлээн авсан байна.
Үгүй гэж хэлж чадахааргүй болтлоо адислалаар бялхсан
“Салбарын ерөнхийлөгч намайг Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр дуудах үед дотроо “Би үгүй гэж хэлж чадахааргүй болтлоо их олон адислал хүлээн авсан шүү дээ гэж бодсон” гэдгээ Шарон хуваалцав. Хариуд нь тэрээр түүний хоёр зөвлөх хэн байж болох талаар илчлэлт хүлээн авчээ. “Марлийн миний толгойд хамгийн түрүүнд орж ирсэн. Бид хамтдаа ариун сүмд нэрс бэлтгэн, гадасны түвшинд ажиллаж байсан. Нөхөр нь саяхан өнгөрсөн учир түүнд хэцүү байгаа ч түүнийг итгэлтэй хүн гэж би мэддэг” гэж тэрээр хэлэв.
Дараа нь ариун ёслолын цуглааны дараа Шарон өрөөг тойруулан илчлэлт эрэлхийлэн харжээ. “Би Доротиг харсан. Тэр над руу инээсэн ба тэр үед би нөгөө зөвлөх маань гэж мэдсэн. Их Эзэн тэр хоёрын аль алиныг над руу чиглүүлсэн бөгөөд Тэр зөв сонголт хийсэн” гэж Шарон хэллээ.
Өнөр өтгөн гэр бүл мэт
Мөн Шарон тус газрын хүмүүс бусдадаа үйлчилдгээрээ давуу талтай гэж хэлжээ. “Бид нөхцөл байдлаа мэддэг. Бид заримдаа аливааг хийх чадамжгүй, зарим үед их мартамхай, заримдаа зүгээр л бие тавгүйрхэх өдрүүд байдгийг ойлгодог. Мөн бидэнд тулгарч байгаа асуудлуудыг хараад, хэрхэн хамтдаа инээхээ мэддэг” гэж Шарон хэллээ.
Марлийн “Энд амьдардаг хүмүүс аль хэдийн нэгэн өнөр гэр бүл мэт болсон байдаг. Бид хамтдаа хооллодог учраас өдөр гурван удаа нэгнээ хардаг. Заримдаа өөр өөр үйл ажиллагаанд хамт оролцдог. Тиймээс гадасны ерөнхийлөгч энд бие биедээ үйлчилж чадах хүмүүс байгааг мэдрэхдээ сүнслэг өдөөлт хүлээн авсан гэж би бодож байна” гэв.
“Бид өдөр тутам юу болдгийг мэднэ. Мөн бид хэнд тусламж хэрэгтэй байгааг эсвэл хэн нэгэн өвдсөнийг мэддэг” гэж Дороти хэллээ.
Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд тохинуулж, бусдад үйлчилж туслахаас гадна Халамжийн нийгэмлэгийн хичээлийг зохион байгуулдаг. Тэд багшлахаар дуудагдах магадлалтай тэндхийн суугчдыг санал болгож, багш нарын хувийн хэрэгцээнд нийцүүлэн томилгоо, хуваарийг тохируулдаг.
Аврагч танд хайртайг санаарай.
Марлийн “Гэвч бидний гол ажил бол бусад оршин суугчид Их Эзэн тэднийг хайрладаг гэдгийг сануулах юм. Бид үүнийг хийх үедээ Түүний хайрыг мөн мэдэрдэг” хэмээв.
“Бид бүгд бэрхшээлтэй тулгардаг. Таван сарын өмнө байхгүй байсан асуудал одоо надад тулгарсан байна. Гэхдээ би өөрийгөө өрөвдөх үед ‘Юу ч Аврагчийн туулсантай харьцуулшгүй шүү’ гэж боддог. Бид энэ дэлхий дээр өсөж, хөгжих гэж ирсэн. Нас ахиснаас үл хамааран хэрэв тухайн туршлага чамд заах боломж олговол чи насан туршдаа суралцсаар л байх болно” гэж Шарон өгүүлэв.
Тэд бүгд дотнын хүмүүсээ алдсан учраас ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд ч мөн энэрэн нигүүлсэх талаар их зүйл сурчээ. Тэд хэрхэн тайтгарал хэрэгтэй хүмүүсийг халамжлахаа мэддэг. Жишээлбэл: Марлийн нэг жилд дөрвөн гэр бүлийн гишүүн, нэг сайн найзаа алдаж байсан.
“Бид хүнд хэцүү зүйлийг туулж гарсан тул бусдад үүнийг давахад тусалж чадна. Хэрэв чамд ямар нэг зүйл хэцүү санагдаж байвал бусдад үйлчлэхэд өөрийгөө зориул. Энэ дуудлага надад үүнийг хийхэд тусалсан” гэж Марлийн хуваалцав.
Ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд дуудлагадаа арвин туршлага, ойлголтыг авчирдаг. Тэд Калифорниа, Охайо, Вайоминг, Юта зэрэг олон газарт ажиллаж, амьдарч байжээ. Тэд ариун сүм, тойрог, гадасны дуудлага, Хүүхдийн хэсэг, Залуу эмэгтэйчүүд, хүмүүнлэгийн үйлчлэлд үйлчилсэн. Гэвч Дороти өнөөг хүртэл Халамжийн нийгэмлэгийн ямар ч дуудлагад үйлчилж байгаагүй.
“Халамжийн нийгэмлэгийн уриа юу билээ? Энэрэл хэзээ ч дуусдаггүй. Залуу байхад энэ уриа үнэн. Гэсэн ч нас ахисан хүнд ч энэ уриа адил үйлчилдэг. Ерөнхийлөгчийн зөвлөлийн хувиар бид өдөр бүр суралцдаг” гэж тэр хэллээ.
Шарон нүдээ ирмэн, “Дундаж нас нь 90-тэй ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн бид хамтдаа гар нийлэн ажилладаг” гэж хэлэв.